Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2025/0096

 

 

 

 

 

 

 

 

Б.Д-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Д

Хариуцагч ГААХХҮГ дарга Д.Б

Нэхэмжлэлийн шаардлага: ГААХХҮГ даргын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/** дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 112/ШШ2024/0039 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч ГААХХҮГ дарга Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э

Хэргийн индекс: 112/2024/0028/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Дэлгэрсайхан нь ГААХХҮГ дарга Д.Б-д холбогдуулж “ГААХХҮГ даргын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/** дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 112/ШШ2024/0039 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Д-ны нэхэмжлэлтэй, ГААХХҮГ дарга Д.Б-д холбогдох ГААХХҮГ даргын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/** дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүх дүгнэлт гаргахдаа ажил олгогчийн зүгээс ажилтан нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ажилгүй болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд олгодог аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийг хүний нэр дээр материал бүрдүүлэн авсан гэх зөрчил нь тогтоогдохгүй байна харин хүний биед санаатай хохирол учруулж, эрүүгийн хариуцлага хүлээсэн нь албан тушаалаас халах буюу Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албанаас халах үндэслэлтэй байна гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Үндсэн хуулиар олгогдсон иргэний хөдөлмөрлөх эрхийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэж, ял шийтгэл хүлээсэн төрийн албан хаагчийн хувьд төрд хөдөлмөрлөх эрхийг хуулиар хязгаарласан гэж анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж дүгнэлт шийдвэр гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд төрийн  жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлагыг зааж өгсөн бөгөөд Эрүүгийн хуульд заасан авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогоол хүчин төгөлдөр болсон төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах гэж хуульчилсан. Тэгэхээр төрийн албан хаагчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын хууль зүйн агуулга нь Төрийн албаны тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах ерөнхий шаардлагын хуулийн заалттай хамааралтай буюу төрийн жинхэнэ албан хаагч нь албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр гэм буруу нь тогтоогдсон тохиолдолд ажлаас халах үндэслэл болохоор хуульчилсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэг нь нэхэмжлэгчийн тухайн ажлын байранд ажил хөдөлмөрөө эрхлэхэд нь ямар байдлаар харшилж байгаа эсэх, мөн нэхэмжлэгчийн нийтийн албанд томилох эрхийг хасаагүй гэдгийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

 

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт зөв дүгнэлт өгч, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж, нэхэмжлэгч Б.Д-ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

          2. ГААХХҮГ даргын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/** дугаар “Б.Д-ныг албан тушаалаас халах тухай” тушаалаар[1] “Тус газрын дотоод хяналт шалгалтын нэгжийн дүгнэлтээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ажилгүй болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд олгодог аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийг хүний нэр дээр материал бүрдүүлэн авсан, Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2023/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 2024 оны 2024/ДШМ/** дүгээр магадлалаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний биед санаатай хохирол учруулж эрүүгийн хариуцлага хүлээсэн Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Б.Д-ныг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас халж” шийдвэрлэжээ.

          3. Нэхэмжлэгчээс “...төрийн жинхэнэ албан хаагч нь албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр гэм буруу нь тогтоогдсон тохиолдолд ажлаас халах үндэслэл болохоор хуульчилсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэг нь нэхэмжлэгчийн тухайн ажлын байранд ажил хөдөлмөрөө эрхлэхэд нь ямар байдлаар харшилж байгаа эсэх, мөн нэхэмжлэгчийн нийтийн албанд томилох эрхийг хасаагүй гэдгийг анхан шатны шүүх анхаараагүй” хэмээн маргасан.  

4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ГААХХҮГ даргын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/** дугаар “Дотоод хяналт шалгалт зохион байгуулах нэгж байгуулах тухай” тушаалаар[2] байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, Дотоод хяналт шалгалтаар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгодог эргэн төлөгдөх нөхцөлтэй “Малжуулах хөтөлбөр”-ийн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан Г аймгийн Ж сумын Е сумын Х багийн *** тоотод оршин суугч С.О, Б.Х нартай 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан гэрээний биелэлт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтийн байдалд” дотоод хяналт шалгалтыг[3] зохион байгуулсан байна. 

5. Улмаар ГААХХҮГ-аас С.О, Б.Х нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хариуцагч С.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 4.500.000 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төлсөн болох нь Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдож, Г аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

6. Анхан шатны шүүх “...С.О-ийн эзэмшлийн Хаан банкны ******** тоот данснаас 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр тус 2,750,000 төгрөг төлөгдсөн байдал, хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.Д нь хөдөлмөр эрхлэгч иргэнд олгодог аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийг хүний нэр дээр материал бүрдүүлэн авч, албан тушаалаа урвуулан ашигласан гэх байдал нь хангалттай тогтоогдохгүй байна” гэх дүгнэлт учир дутагдалтай байна.  

7. Учир нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Дотоод хяналт шалгалтын нэгжид С.О 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өөрийн гараар тайлбар[4] бичиж өгсөн байх бөгөөд “...4.500.000 төгрөгийг өөрийн биеэр бэлнээр Б.Д-ны гарт өгсөн...” гэх тайлбар зэргээс үзвэл дээрх зөрчлийг гаргасан болох нь дотоод хяналт шалгалтаар тогтоогджээ  

8. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”  гэж заасан.

9. Г аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолоор Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Г аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ДШМ/** дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

10. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална”, 47.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэж тус тус заасан.

11. Нэхэмжлэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдож байх тул төрийн албанаас чөлөөлөгдөх үндэслэлтэй ба анхан шатны шүүхийн “…гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халахаар тусгайлан заасан зохицуулалт тул Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн болон нийтийн албанд томилох эрхийг хасаагүй тохиолдолд торгох ял /нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ял, хорих ял/ шийтгүүлсэн хүн төрийн жинхэнэ албанаас халагдахгүй байх боломжтой гэж тайлбарлахгүй бөгөөд хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

12. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Д нь Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэг нь нэхэмжлэгчийн тухайн ажлын байранд ажил хөдөлмөрөө эрхлэхэд нь ямар байдлаар харшилж байгаа эсэх, мөн нэхэмжлэгчийн нийтийн албанд томилох эрхийг хасаагүй гэдгийг анхан шатны шүүх анхаараагүй” гэх тайлбар үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актын талаар зөв дүгнэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 112/ШШ2024/0039 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                                    С.МӨНХЖАРГАЛ

 

                        ШҮҮГЧ                                                    Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                    Ц.САЙХАНТУЯА

 

 

 

[1]  Хавтаст хэргийн 99 хуудас

[2] Хавтаст хэргийн 77 хуудас

[3] Хавтаст хэргийн 84 хуудас

[4] Хавтаст хэргийн 34-35 хуудас