| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Сонинболор |
| Хэргийн индекс | 125/2021/0013/З |
| Дугаар | 125/ШШ2021/0027 |
| Огноо | 2021-11-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2021 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 125/ШШ2021/0027
ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ БАТАЛЖ
ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор би Ц.Т -ийн Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “...Ховд аймгийн Жаргалант сумын Буянт баг, 10 мянгатын урд талд байрлалтай 400 кв метр газрыг кадастрын зураглалын мэдээллийн санд бүртгэхгүй байгаа Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг газрыг мэдээллийн санд бүртгэхийг Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2021 оны 7 сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Т миний бие Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 104 дүгээр “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын Буянт баг, 10 мянгатын урд байрлалтай 400 кв метр газрыг Газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу хүсэлт гаргаж 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон.
Гэтэл уг газрыг иргэн Ц хашаалан авч хажууд нь 16 айлын орон сууц барьж, тус орон сууцны дулааны ЦТП байгуулан миний газар эзэмших эрхийг зөрчиж эхэлсэн. Энэ талаар 2021 оны 6 дугаар сард Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас тодруулахад таны эзэмшлийн газар нь манай газрын кадастрын мэдээллийн санд байхгүй байна, гэхдээ таны газар эзэмших эрх олгосон сумын Засаг даргын захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй байна гэсэн хариуг амаар өгсөн.
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.1-д “кадастр” гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг хэлнэ гэж, 3.1.7.”кадастрын зураглалын мэдээллийн сан” гэж бүх төрлийн кадастрын зураг, орон зайн өгөгдлүүдийг цэгцлэн иж бүрдэл болгосон мэдээллүүд, тэдгээрийг боловсруулах, удирдах боломж бүхий техник хэрэгсэл ба программ хангамж бүхий мэдээллийн санг хэлэхээр тус тус заасан.
Тухайн үед миний бие дээрх хуульд зааснаар уг газрын кадастрын зургийг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж өгөөч гэсэн боловч манай даргатай уулз, Засаг дарга зөвшөөрөхгүй байна гэх зэргээр аргацайж, сүүлд нь шүүхээр уг асуудлаа шийдвэрлүүлээд ир гэсэн хариуг амаар өгсөн тул миний бие шүүхэд хандаж байна.
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10.1-д газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэнэ, 10.2-т газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ, 10.2.2-д газрын мэдээллийн улсын санг бүрдүүлэх, хөтлөх, нийтэд үйлчлэх үйл ажиллагааг зохицуулах гэж зааснаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь дээрх хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа нь миний газар эзэмших эрхийг зөрчиж байгаа эс үйлдэхүй юм.
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16.3-д Аж ахуйн, нэгж, байгууллага, иргэн хэд хэдэн эдлэн газартай бол эдлэн газар бүрийг газрын улсын бүртгэлд бүртгэнэ. /3.1.3.”эдлэн газар” гэж Газрын тухай хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах зорилгоор олгосон газрыг/ гэж зааснаар миний эзэмшлийн газрыг кадастрын мэдээллийн нэгдсэн сан буюу улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа нь уг газрыг эргэлтэнд оруулах /барьцаалах, худалдах зэрэг/ боломжгүй болж байгаа юм.
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 20.2-д газрын кадастртай холбогдсон маргааныг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэх ба уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана гэж зааснаар уг асуудлыг шийдвэрүүлэхээр гомдлоо шүүхэд гаргаж байна.
Иймд Ховд аймгийн Жаргалант сумын Буянт баг, 10 мянгатын урд талд байрлалтай 400 кв метр газрыг кадастрын зураглалын мэдээллийн санд бүртгэхгүй байгаа Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Э.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт баг, 10 мянгатын урд талд байрлалтай 400 кв метр газрыг кадастрын зураглалын мэдээллийн санд бүртгэх боломжтой гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Т -ийн Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “...Ховд аймгийн Жаргалант сумын Буянт баг, 10 мянгатын урд талд байрлалтай 400 кв метр газрыг кадастрын зураглалын мэдээллийн санд бүртгэхгүй байгаа Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг газрыг мэдээллийн санд бүртгэхийг Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгасан шийдвэр гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт баг, 10 мянгатын урд талд байрлалтай 400 кв метр газрыг кадастрын зураглалын мэдээллийн санд бүртгэхийг хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа бичгээр илэрхийлжээ.
Хариуцагч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурж, маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар Ц.Т-ийн Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “...Ховд аймгийн Жаргалант сумын Буянт баг, 10 мянгатын урд талд байрлалтай 400 кв метр газрыг кадастрын зураглалын мэдээллийн санд бүртгэхгүй байгаа Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг газрыг мэдээллийн санд бүртгэхийг Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Т -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.СОНИНБОЛОР