| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 101/2018/04387/И |
| Дугаар | 101/ШШ2019/00778 |
| Огноо | 2019-03-14 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2019/00778
2019 оны 03 сарын 14 өдөр Дугаар 101/ШШ2019/00778 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, 02 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байр 0 тоотод оршин суух, В.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 хороолол, 0 дугаар байр, 0 тоотод оршин суух, Д. Мөнхцэцэг /-т холбогдох,
42.400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.В, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч В.Э миний бие Б дүүрэг 0 хороо, 0 хороолол, 12 байр, 30 тоот орон сууцыг 2013 оны 07 сарын 03-ны өдрөөс эхлэн Ү-0 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ авч, хууль ёсны өмчлөгч болсон. Энэхүү өмчлөлийн хөрөнгөө захиран зарцуулах бүх эрхээ хариуцагч Д.Мийн хууль бус үйлдэл үйл ажиллагаанаас болж, хэрэгжүүлж чадахгүй байсан тул цагдаа, прокурор, шүүхийн байгууллагад удаа дараа хандсаны эцэст иргэн Б.Б-аас 10.000.000 төгрөгийн зээл авч, зээлийн төлбөртөө Б.Б тус орон сууцанд амьдарсан, мөн хэсэг оюутнуудыг сарын 800,000 төгрөгөөр түрээслэн ашиг олж байсан болох нь тогтоогдсон билээ. Хариуцагч Д.М нь 2013 оны 07 сарын 01-ний өдөр тухайн орон сууцны өмчлөгч бус болж, миний бие 2013 оны 07 сарын 03-ны өдөр бүртгэлийн байгууллагад албан ёсоор бүртгүүлж хууль ёсны өмчлөгч болсныг мэдсээр байж 2017 оны 12 сарын 11-ний өдөр хүртэл 53 сарын хугацаанд чөлөөлж өгөхгүйгээр түрээслэх бусад мөнгө олох эх үүсвэр болгон ашиглан ихээхэн хэмжээний ашиг орлого олж намайг өөрийн өмч хөрөнгөө ашиглах боломжгүй болгож хохироосон. Иймд хариуцагчаас 42,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.Э хариуцагч Д.М-т холбогдуулан 42.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 53 сарын хугацаанд миний өмчлөлийн орон сууцыг хөлсөлж, мөнгө олох эх үүсвэрээ болгон ашиг олж байсан тул уг хугацааны /1 сарын 800.000 төгрөг 53 сар 42.400.000 төгрөг/-ийг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч Д.Мт шүүх 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүрэг тайлбарлан өгөхөд гарын үсэг зураагүй, мөн тэрээр 80 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан, ганцаараа явж чадахгүй гэх эмчлэгч эмчийн магадлагаа хавсаргажээ. /хх-ийн 27-29, 37-38 дугаар тал/
Д.Мтэй 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүгчийн туслах уулзахад өөрийгөө төлөөлөх хүн шүүх рүү явуулна гэсэн боловч итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилоогүй, түүнд мөн өдрөө нэхэмжлэлийн хувийг гардуулж, 14 хоногийн дотор хариу тайлбар ирүүлэхийг мэдэгдсэн байна. /хх-ийн 28-29 дүгээр тал/
Нэхэмжлэгч В.Э Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр 0 тоот орон сууцны өмчлөгчөөр 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр бүртгүүлсэн, энэ өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл уг орон сууцыг Д.М түрээсэлж ашиг олж байсан талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан нотлох баримтыг өөрөө бүрдүүлж, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Мөн уг орон сууц нь Улаанбаатар хотын аль бүсэд хамаарах, хэдэн төгрөгөөр түрээслэгдэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Бусдын хөрөнгийн зарим хэсэг, өөр этгээдийн эд хөрөнгөнд орох, эсхүл өөр этгээдэд шилжих ёстой эд хөрөнгө хэвээр үлдэх нь хууль зүйн үндэслэлээс үүсэлтэй байдаг.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хууль зүйн үндэслэлтэй харилцаа үүсч үүнээс улбаатай үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн ойлголтыг бий болгоно.
Нэхэмжлэгч нь энэ талаар баримтаар нотлоогүй тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хариуцагч Д.Мт холбогдох 42.400.000 төгрөг гаргуулах тухай В.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар В.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО