Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/128

 

 

 

 

 

 

2023         01         24                                2023/ШЦТ/128

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

улсын яллагч М.Оюунбат,

шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ө-д холбогдох эрүүгийн 2206 00000 2528 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 2001 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт ................... тоотод оршин суух хаягтай,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 572 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг баримтлан 2 жил хорих ялыг 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж оногдуулсан, Б.Ө,

           Холбогдсон хэргийн талаар:

Б.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Түшиг төвийн нийтийн байранд айл андууран орж ирсэн хохирогч Ө.Баатарсүхийг салсан найз эмэгтэйтэйгээ хардсаны улмаас биед нь хүч хэрэглэн халдаж эрүүл мэндэд баруун шилбэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Өын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс

"Хөлөндөө хутгалуулчихлаа" гэх цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 6 дахь тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 8-13 дахь тал/,

Хохирогч Ө.Баатарсүхийн “2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Газарчин сургуулийн урд талд байрлах гудамж тоотыг мэдэхгүй нийтийн байранд дүү Энхмөнхийнд очсон. Ганцаараа гараад явж байхад Энхмөнхийн эхнэр Намуунаа доод айл руу орсон юм шиг санагдаад араас нь би ороход байхгүй байсан. Уг айлаас гарахад үл таних залуу намайг дуудахаар нь эргээд ороход танилцъя ахаа гээд намайг сандал дээр суулгахаар нь би айл андуурчихжээ гэхэд шургуулга татаад заазуур гаргаж ирээд миний баруун хөлийн өвдөгний доод шилбэ хэсэгт дараад, хоолой руу заазуураа дараад цагдаа дуудвал адга гээд сүрдүүлсэн. Тэнд байсан бүдүүн эмэгтэй намайг хамгаалсан. Миний баруун хөлний өвдөгний доод шилбэ хэсэгт шарх учирсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 10705 дугаартай “Ө.Баатарсүхийн биед баруун шилбэнд нь шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

Хэргийн хамт ирүүлсэн хар өнгийн иштэй заазуур 1 ширхэг, бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон бинт даавуу 2 ширхэг зэрэг эд зүйл, эдгээрийг эд мөрийн тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 63 дахь тал/,

Шүүгдэгч Б.Өын хувийн байдалтай холбоотой

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 61 дэх тал/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 50 дахь тал/,

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 49 дэх тал/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 572 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 64-90 дахь тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гаргаж өгсөн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/01686 дугаартай “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 572 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэжээ. Ялтан Б.Өын ялын тооцоог 2023 оны 01 дүгээр сарын 23-ы өдрөөр тасалбар болгон тооцоход 02 жилийн ялаас 07 сар 23 хоногийг эдэлж, 01 жил 04 сар 07 хоногийн ялын үлдэгдэлтэй байна” гэсэн албан бичиг зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлтийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

            Шүүгдэгч Б.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Түшиг төвийн нийтийн байранд айл андууран орж ирсэн хохирогч Ө.Баатарсүхийг салсан найз эмэгтэйтэй хардсаны улмаас биед нь хүч хэрэглэн халдаж эрүүл мэндэд баруун шилбэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ө.Баатарсүх, яллагдагч, шүүгдэгч Б.Ө нарын мэдүүлэг, хүний биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

            Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч  Б.Ө нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахад зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Өын хохирогч Ө.Баатарсүх рүү чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Хохирогч Ө.Баатарсүх нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, тус мэдүүлэг нь давхар гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон, Б.Өын үйлдэл нь хохирогчийн биед учирсан эрүүл мэндийн хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул Б.Өыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болжээ.

            Шүүгдэгч Б.Ө нь хохирогч Ө.Баатарсүхийн эрүүл мэндэд учирсан хохиролд 1.510.000 төгрөг төлсөн, хохирогч Ө.Баатарсүх нь цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Ө нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Өод 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх талаар санал гаргасан бол шүүгдэгч Б.Өоос уг саналыг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

            Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирол төлсөн”, 1.6 дахь заалтад заасан “Нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

  Шүүхээс шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгүүлсэн, зорчих эрх хязгаарлах ял эдэлж байгаа гэх хувийн байдал, согтуугаар, ахуйн хүрээнд, хутга хэрэглэн хүний биед халдсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, хор уршиг учирсан гэх шинж чанар, учруулсан хохирол төлсөн, нөхцөл байдлыг андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Б.Өод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад оршин суух газар буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

   Б.Өод Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 572 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг баримтлан 2 жил хорих ялыг 2 жилийн хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, уг ялаа эдэлж дуусаагүй байна.

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Өод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үйлдсэн 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сар 7 /долоо/ хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нийт эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хэмжээг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар 7 /долоо/ хоногийн хугацаагаар тогтоолоо.

            Дээрх зорчих эрх хязгаарлах ял эдлэх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ө нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй эсхүл шүүхээс авсан хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэгт үйлдсэн тохиолдолд зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдвэл зохино.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй заазуур 1 ширхэг, бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон бинт даавуу 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Өод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ө-д эрх бүхий байгууллагын хяналтад оршин суух газраас явахыг хориглох  буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 2 /хоёр/ сарын хугацаагаар хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 хэсэгт зааснаар Б.Ө-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 572 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 4/ дөрөв/ сар 7 /долоо/ хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил 6 /зургаа/ 7 /долоо/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар Б.Ө-д шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял эдлэх хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах  албадлагын арга хэмжээг авсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Ө нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Ө-д нь шүүхээс авсан эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ буюу хязгаарлалтыг зөрчсөн эсхүл эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол албадлагын алга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураасан хар өнгийн иштэй заазуур 1 ширхэг, бор өнгийн иштэй 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон бинт даавуу 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

   7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

  8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ