| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2023/0162/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/174 |
| Огноо | 2023-02-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/174
2023 02 03 2023/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,
прокурор Т.Мөнх-Амгалан,
шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Т-д холбогдох эрүүгийн 2206 05265 0034 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймаг Мандал-Овоо суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Өмнөговь аймагт оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг ................ тоотод түр оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц.Т.
Холбогдсон хэргийн талаар:
Ц.Т нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр .................... тоотод хамтран амьдрагч Н.Таравчамбатай маргалдан, алгадах, чирэх, цохих зэргээр биед нь халдаж, улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
Аюулын зэргийн үнэлгээ хийсэн талаарх баримт /хавтаст хэргийн 11 дэх тал/,
Яллагдагч Ц.Т-ийн “Бид хоёр үснээсээ харилцан зулгаасан, мөн миний санаж байгаагаар би эхнэрийн баруун талын дал хэсэгт 2 удаа цохисон. Би эхнэрээсээ уучлалт гуйж бид хоёр одоо эвлэрсэн. Би өөрийн буруугаас болсон зүйлд гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,
Хохирогч Н.Таравчамбын “2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо ................................ тоотод өөрийн нөхөр Ц.Тийн хамт байхад өглөө 10 цагийн үед нөхөр Ц.Т дээд сургуулийн дипломоо надаас асуугаад би өмнөх өдөр нь түүнд шатаачихсан гээд тоглоод худлаа хэлсэн байсан чинь түүнд уурлаад дипломоо нэхэж эхэлсэн. Тэгээд би мэдэхгүй гэхэд намайг гэрийн зүүн хэсэгт сандал дээр сууж байхад надад уурлаад нөхөр миний хажууд байхдаа газраас баруун гартаа сандал аваад над руу далайгаад уурлаж эхлэхэд нь би ширээн дээр байсан аяга болон бусад зүйлийг өөрийн нөхөр лүү шидсэн боловч оноогүй. ...миний энгэр хэсгээс заамдаж аваад намайг байшингийн үүд хэсэг рүү чирээд явсан, тэгээд намайг байшингийн амбаар хэсэгт чирч оруулаад миний зүүн талын хацар хэсэгт 2 удаа хүчтэй алгадсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14767 дугаартай шинжээчийн “Н.Таравчамбын биед хоёр бугалга, баруун суга, баруун тохой, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
Хохирогч Н.Таравчамбын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хавтаст хэргийн 57 дахь тал/,
Шүүгдэгч Ц.Тийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 56 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар:
Ц.Т-ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Т-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял санал болгосныг Ц.Т нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагджээ.
Ц.Т нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 12 дугаар хэсэг Сэлбэ 6 дугаар гудамжны 56 тоотод хамтран амьдрагч Н.Таравчамбатай маргалдан, алгадах, чирэх, цохих зэргээр биед нь халдаж, улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь яллагдагч Ц.Т, хохирогч Н.Таравчамба нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсон байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаар гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлтээс татгалзаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдаж хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон байна.
Иймд Ц.Т-ийг прокурорын саналыг хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 800 нэгжээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ц.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Т-ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс Ц.Т-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн гэж үзвэл шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ