| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 101/2019/00149/И |
| Дугаар | 101/ШШ2019/00947 |
| Огноо | 2019-04-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2019/00947
2019 оны 04 сарын 01 өдөр Дугаар 101/ШШ2019/00947 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байр 0 тоотод оршин суух, Цовогт Б.Ц-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, 0 дугаар байр, 52 тоотод оршин суух, Ш овогт М.П-д холбогдох,
Орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэл 951.283 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие М.Птай Баянзүрх дүүрэг, дугаар хороо, 0 тоот 2 өрөө орон сууцыг 2018.09.05+-ны өдөр байр түрээслэх гэрээний дагуу 1 сарын 650.000 төгрөгөөр тооцож, 36 тоот гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу төлбөрийг 3 сараар, нэг сарын барьцааны хамт авахаар тохирч 2018.9.07-ны өдөр 2.600.000 төгрөг шилжүүлэхээс 1.200.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг удахгүй шилжүүлнэ гэсэн боловч шилжүүлээгүй. Иймд 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байрыг суллахаар тохирсон. Гэтэл тохирсон хугацаанаасаа өмнө бидэнд мэдэгдэлгүйгээр байрнаасаа нүүсэн байсан. Үлдэгдэл төлбөрийг 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төлнө гэж гарын үсэг зурж өгсөн боловч одоо хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Байранд амьдарч байх хугацаандаа СӨХ, цахилгаан, байрны төлбөр төлөөгүй байсан тул би өөрөө төлсөн. Иймд түрээсийн үлдэгдэл төлбөр 533.000 төгрөг, СӨХ 137.955 төгрөг, цахилгаан 74.000 төгрөг, байрны төлбөр 239.328 төгрөг, нийт 951.283 төгрөг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.
Хариуцагч М.Пд нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц хариуцагч М.Пд холбогдуулан түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөр 533.000 төгрөг, СӨХ-ны төлбөр 137.955 төгрөг, цахилгааны төлбөр 74.000 төгрөг, байрны төлбөр 239.328 төгрөг, нийт 951.283 төгрөг гаргуулахаар шаардсан байна.
Шүүх хариуцагчид 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгсөн. М.П Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т зааснаар 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т зааснаар хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр заажээ.
Хариуцагч М.Пд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11:00 цагт товлогдсон шүүх хуралдааны зарыг түүний 0 дугаар утсаар мэдэгдсэн байна. /хх-ийн 34-36 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасны дагуу хариуцагч хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон мөн хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Талуудын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 36 дугаартай орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан, гэрээгээр Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 тоот 2 өрөө орон сууцыг сарын 650.000 төгрөгөөр тохирчээ. /хх-ийн 11 дүгээр тал/
Хариуцагч М.П тухайн орон сууцнаас 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гарсан бөгөөд тэрээр орон сууц хөлслөх гэрээний үлдэгдэл төлбөр 535.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. /хх-ийн 27 дугаар хуудасны ар тал/
М.Пын орон сууц хөлслөх гэрээний дагуу амьдарч байх үеийн орон сууцны төлбөрийг нэхэмжлэгч Б.Ц төлсөн талаарх баримтаа хэрэгт хавсаргажээ. /хх-ийн 5-10 дугаар тал/
Иймд М.Паас 951.283 төгрөг гаргуулан Б.Цд олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1., 147 дугаар зүйлийн 147.1.-д зааснаар М.Паас 951.283 төгрөг гаргуулж, Б.Цд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.381 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Паас 27.381 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО