Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/175

 

 

 

 

 

 

2023        02         03                                  2023/ШЦТ/175

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

прокурор Ц.Сайнхүү,

шүүгдэгч Э.Э, П.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э, П.Э нарт холбогдох эрүүгийн 2306 00000 0028 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ...................... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, П.Э,

Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ................. тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Э.Э.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Э.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

          Шүүгдэгч П.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

 Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Э.Э-ын "2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн үед хуурай ах Улаанаагийн хамт Сандей худалдааны төвөөс найз Халиунааг найзтай хамт очиж аваад Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Рич нэртэй кароакед очоод сууж байхад Халиун караокегээс гараад буцаж орж ирэхдээ нэг залуутай орж ирсэн. Тэр залуу манай ах руу томроод байхаар нь би гараад тэр залуутай маргалдаад цохилцсон. Би орж ирээд сууж байхад нөгөө залуу араас орж ирээд архинаас нэг татаад миний толгой руу архины шилээр цохисон" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,

Хохирогч Э.Э-ын дахин өгсөн "надад дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй, Дээрх гэмтлийг надад Рич нэртэй караокед 2022 оны 12 дугаар сарын 03-наас 04- нд шилжих шөнө П.Э учруулсан П.Э бид 2 Рич нэртэй караокений гадаа гараад би түрүүлж 2 гараараа куртикний энгэрээс нь барьж байгаад татаж унагаад харилцан зодолдсон, тэр үед П.Эгийн биед энэ гэмтэл үүссэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16537 дугаартай шинжээчийн "Э.Эын биед зүүн зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

Хохирогч П.Эгийн "Надад дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн үед Халиунаатай уулзаж Баянзүрх 21 дүгээр хорооны нутагт байх Рич нэртэй караокед очсон. Тэгэхэд тэнд Халиунаа нь найз гэх 2 залуу, 1 эмэгтэйтэй 4-үүлээ байсан. Намайг ороход тэр хэд 1 шил архи уугаад дуусгасан, бас тоог нь санахгүй байна, нэлээд хэдэн пиво байсан, 1 шил архи аваад дөнгөж задалсан байсан. Бид 5 намайг орсноос хойш 2 шил архи хувааж уусан, тэгээд 23 цагийн үед Э.Э гэх залуу намайг хамт гарч тамхилъя гээд хамт Рич караокены гадаа гарахад тэр залуу шууд миний нүүрэн тус газар баруун гараа атгаж байгаад 2 удаа цохисон, дараа нь би зам хөндлөн гараад Э.Э миний зүүн хөлийн шагай хэсэг рүү баруун хөлөөрөө 2 удаа өшиглөж, цээж рүү нэг удаа цохисон, тэгээд бид 2 харилцан 3 минут орчим зодолдож байгаад салсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 16536 дугаартай шинжээчийн "П.Эгийн биед зүүн дээд соёо эмтэрсэн, марын нуруу, баруун хацар, доод уруулын салст, баруун сарвуунд зулгаралт, зүүн дээд, доод зовхи, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, олон удаагийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна" гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

Гэрч Б.Халиунаагийн “Би П.Этай цуг Рич караокед ороод Э.Э болон ажлын газрын ах гэх хүмүүстэй танилцуулсан чинь Э.Э "энэ юун хүн юм, алив танилцъя" гээд гар барихдаа П.Эгийн гарыг базаад байх шиг байхаар нь би Э.Эыг хойш нь түлхээд "болиоч чи яагаад байгаа юм вэ" гээд сандал дээр суулгасан. Тэгээд сүүлд авсан /0.75л/ архи хувааж уугаад талд орж байхад Э.Э, П.Эг 2-лаа тамхилъя гэж хэлээд цуг гараад явсан орж ирэхгүй удаад 30 гаран минут болохоор нь араас нь гарсан. Тэгсэн Э.Э төв зам дагаад 100м-ийн заанаас куртик үгүй цамцтай алхаад ирж байсан, тэгэхээр нь би очоод "П.Э хайчсан юм" гэж асуусан чинь "мэдэхгүй ээ зугтчихлаа" гэсэн. Би тэгээд уруудаад блокон хашаа хавтан 2-н дунд П.Э Э.Э куртикийг тэвэрсэн зодуулсан байдалтай баруун нүд нь хавдсан, хамар амнаас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд би дагуулаад юу болж байна аа гээд эргээд караокеруу явж байхад урдаас Э.Э "миний утас алга болчихлоо" гээд ирэхээр нь би "чи одоо хаашаа юм бэ хүн амьтан зодоод байхын яргачин чинь" гээд хэлсэн. Тэгээд куртикийг өгсөн чинь тэрний халаасанд нь утас нь байсан, тэгээд П.Э машин руугаа яваад бид хэд эргээд караокедоо ороод үлдсэн архиа хувааж уугаад сууж байхад П.Э 3 гаран минутын дараа орж ирээд Э.Элуу "чи намайг яаж байгаан хөгшөөн" гэж хэлээд 20 гаран минут нэг ширээн дээр тэр 2 маргалдаад суугаад байсан. Нэг мэдсэн чинь П.Э ширээн дээр байсан пивоны шилээр Э.Эыг цохиход би урдуур нь ороод болиулаад шилийг нь газар унагаахад П.Э дахин ширээн дээрээс архины шил аваад Э.Эын толгой руу цохисон, тэгээд би салгаад П.Эг дагуулаад гадаа гаргаад үлдээчхээд эргээд ороод ирэхэд Э.Э буйдан дээр ганцаараа толгойгоо бариад цус гарсан байдалтай байж байхаар нь би сальфиткаар цусыг тогтоох гэж барьж зогсож байгаад зүгээр үү гэж асуусан чинь зүгээрээ зүгээр гэж хэлэхээр нь би гараад Амгалантай цуг гэр гэр лүүгээ явсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч А.Маралын “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар "гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр байгууллагад" нөхөн төлүүлнэ гэж заасан байдаг. Хохирогч Э.Э нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гэмтлийн яаралтай тусламж 161.000 төгрөг, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ойрын дуудлагын 86.000 төгрөгийг тус эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн байдаг. Иймд нийт 247.000 төгрөгийг нэхэмжилж байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлж өгнө үү. Учир нь энэ мөнгө нь Монгол улсын нийт иргэдээс Эрүүл Мэндийн Даатгалын тухай хуулийн дагуу, албан журмаар хуримтлуулсан төрийн мөнгөн хөрөнгө юм" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

Хохирогч, шүүгдэгч Э.Эын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хавтаст хэргийн 103 дахь тал/,

Хохирогч, шүүгдэгч П.Эгийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хавтаст хэргийн 102 дахь тал/,

Шүүгдэгч П.Э нь хохирогч Э.Эын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан төлбөр төлөх 247.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн тухай баримт /хавтаст хэргийн 112 дахь тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар:

Э.Э, П.Э нарын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг прокурор хангаж шийдвэрлэсэн байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э, П.Э нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял санал болгосныг Э.Э, П.Э нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагджээ.

Яллагдагч П.Э нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутагт байх Рич нэртэй кароакед хохирогч Э.Этай үл ялих зүйлээс болж маргалдан, хохирогчийн толгой тус газарт архины шилээр нэг удаа цохиж, хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Яллагдагч Э.Э нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутагт байх Рич нэртэй кароакед хохирогч П.Этай үл ялих зүйлээс болж маргалдан, хохирогчийн нүүр, толгой хэсэгт олон удаа цохиж, хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь яллагдагч Э.Э, П.Э, гэрч Б.Халиун нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсон байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Э, П.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаар гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлтээс татгалзаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдаж хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон байна.

Иймд П.Э, Э.Э нарыг прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд 500 нэгжээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD 2 ширхгийг хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э, П.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Э, П.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. П.Э, Э.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Э, Э.Э нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс П.Э, Э.Э нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э, Э.Э нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD 2 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл П.Э, Э.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн гэж үзвэл шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ