| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 101/2019/00705/И |
| Дугаар | 101/ШШ2019/01158 |
| Огноо | 2019-04-22 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2019/01158
2019 оны 04 сарын 22 өдөр Дугаар 101/ШШ2019/01158 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Т зам 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоотод оршин суух Т овогт С Н-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо,0 гудамж, Б плаза 0 тоотод байрлах “Г” ХХК-д холбогдох,
Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь оролцов.
ТОДОРОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...С.Н миний бие тус байгууллагад 2018 оны эхээр том тэрэгний жолоочоор ажилд орсон. Ямар нэгэн сахилгын шийтгэл авагдаагүй. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэнэтхэн 45 тоот тушаалаар ажлаасаа халагдсан. Миний бие ямар нэгэн байдлаар өөрөө ажлаасаа гарах гэж өргөдөл гомдол гаргаж байгаагүй байхад ажлаас халсанд гомдолтой байгаа тул тус дүүргийн шүүхэд гомдлоо гаргаж байна.
Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох” Г” ХХК -ийн жолоочийн албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажилд орох өргөдөл өгсөн өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... С.Н нь 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 08 тоот тушаалаар Г ХХК-д жолоочоор ажиллаж эхэлсэн. Тус 08 тоот тушаалыг захирал Г гаргаж ажилд авсан. 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 45 тоот тушаалаар ажлаас халагдсан. Энэ тушаалыг үйл ажиллагаа эрхэлсэн захирал О гаргаж халсан. О нь захирлын зөвлөлийн гишүүн юм байна. Энэ компанийн дүрэм хэрэгт авагдаагүй байна. О нь ерөнхий захирал Гэрч:-ын гаргасан тушаалыг цуцлах эрхтэй эсэхийг тодорхой мэдэх боломжгүй байна. Халах эрхтэй эсэхийг мэдэхгүй байна. Үүнийг шүүх анхаарч өгөөч гэж хүсэж байна. С.Н-тай хамт ажилладаг хүмүүстэй уулзахад С.Н нь зан байдлын хувьд төлөв, ажилдаа идэвхтэй, архи тамхи хэрэглэдэггүй. С.Н нь 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл тойрох хуудсаа зуруулж компани дээрээ байнга байсан. Энэ нь тойрох хуудсанд зурагдсан гарын үсгээр тогтоогдоно. Тойрох хуудсыг дуусахад нь 45 дугаар тушаалыг өгсөн. 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр сүүлийн цалинг олгосон. Энэ хугацаанд 45 дугаар тушаалыг хүчингүй болоод 47 дугаар тушаал гарсан гэдэг нь эргэлзээтэй байна. Хэрэв 47 дугаар тушаалыг С.Н*******т олгох боломж компанид байсан. Миний хардаж байгаагаар 47 дугаар тушаалыг нөхөн гаргасан байх магадлалтай. Тухайн тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна. Хариуцагч тал 45 дугаар тушаалын зүйл заалт нь буруу байсан учир 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 47 дугаар тушаал гарсан. Энэ хүн 47 дугаар тушаалаар шүүхэд хандах байсан гэж хариу тайлбар өгсөн байна. Энэ хугацаанд С.Н тойрох хуудсаа бөглүүлээд компани байж байхад 47 дугаар тушаалыг гардуулж болох байсан. Энэ хүнд 45 дугаар тушаалыг гардуулсан. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр сануулсан, 2018 оны 12 дугаар сарын 12 дугаар тушаалаар цалингийн 20 хувийг хасах шийтгэлийг ногдуулсан гэж байна. Үүнтэй санал нийлэхгүй байна. Байгууллагын дотоод журамд сануулах, цалингийн 20 хувийг хасах шийтгэлийг бичгээр гаргана гэсэн заалт байгаа. Үнэхээр ийм сахилгын шийтгэл ногдуулсан бол бичгээр гаргасан тушаалаа ажилтанд гардуулж өгөөгүй. Тэгэхээр энэ шийтгэл ногдуулсан гэж үзэх үндэслэлгүй. Учир нь 34 дүгээр тушаалаар 2018 оны 12 дугаар сард цалингийн 20 хувиар хассан гэж байна. 2018 оны 11,12 дугаар сар, 2019 оны 1 дүгээр сарын цалингийн суутгалаас харахад цалингийн 20 хувийн суутгасан зүйл байхгүй учир энэ тушаал гарсан гэж үзэхгүй байна. Ажиллаагүй 59 цагаар бодож хассан гэсэн баримт байгаа. Тэгэхээр 34 дүгээр тушаалыг огт гараагүй тушаалыг нөхөн гаргасан байна гэж үзэж байна. Мөн С.Н гэдэг хүн нь ноцтой зөрчил гаргасан учир ажлаас халагдах хүртэл арга хэмжээ авсан гэж байна. Гэтэл ноцтой зөрчил нь тодорхой биш. Ажлаас хоцорч байсан гэсэн шалтгаан байгаа. Ноцтой зөрчил гэдэг нь байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан, архи согтууруулах ундаа хэрэглэсэн, ажлыг цалгардуулсныг хэлэх байх гэж бодож байна. Гэтэл С.Н дээр ийм зүйл байхгүй. 1 дүгээр сард 24 цагийн тасалсан гэдэг үндэслэлийн хувьд бидний өгсөн эмнэлгийн магадалгаа хэрэгт байгаа. С.Ннь 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр гэртээ харьж явах замдаа цасанд халтирч унаад хавиргаа гэмтээгээд 14 хоногийн физик эмчилгээ хийлгэсэн. Энэ хугацаандаа ажилдаа санаа зовоод ажиллаж байсан ба өглөө нь эмчилгээгээ хийлгээд үдээс хойш ажлаа хийж байсан. Энэ талаар хариуцагч байгууллагын ажилтан Н-т биеэр мэдэгдэж байсан. Тэгэхээр 24 цаг тасалсан үндэслэл байхгүй байна. Г ХХК барилгын компани учир улирлын чанартай байдаг. Цагийн хувьд нэлээд шахаж ажилладаг ба өдөрт 10 цаг ажиллуулдаг. Амралтын болон баяр ёслолын өдрүүдэд амраадаггүй нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байгаа юм. Энэ нь хурууны хээний бүртгэлээс харагдана. С.Н-ын хувийн дугаар 203 байгаа. Энд ирэх 9 цаг тарах 9 цаг гэж байгаа нь 10 цаг ажилладаг байгаа. С.Ннь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өглөө 9 цагт ирж, орой 21.14 цагт хурууны хээгээ уншуулсан баримт байгаа. 10 цаг ажилласан байхад ажилласан цаг гэдэг дээр бүртгээгүй байх жишээтэй. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өглөө 09.07 цагт ирээд орой 19.08 цагт явсан байхад мөн ажилласан цаг бүртгээгүй. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 08.50 цагт ирээд орой 18.42 цагт явсан ингээд 10 цаг ажилласан байхад 07.42 минут гэж бөглөсөн байдаг. Энэ мэтээр хүнийг 11 сард өдөрт 10 цагаар бямба, ням гаригт ч ажиллуулдаг мөртлөө илүү цагийн хөлс олгодоггүй байсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийг зөрчсөн. С.Н нь машин техникээ сайн эдэлдэг. Ажилдаа идэвх санаачилгатай байсан. Ус хог, түлшний мөнгөнд өөрөөсөө 113,000 төгрөгийг гаргаж төлж байсан. Үүнийг тухайн тухайн цаг хугацаанд байгууллага төлдөг байсан боловч хамгийн сүүлд төлсөн 113,000 төгрөгийг О захирал одоог хүртэл өгөөгүй байна. Үндсэн баримтуудыг нь хураагаад авсан байдаг. Тэгэхээр энэ хүн ажилдаа сэтгэлгүй хайнга хандсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С.Н-ын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул доорх тайлбарыг гаргаж байна.С.Н нь манай байгууллагад 3 удаа жолоочоор орж 3 удаа халагдаж байна. Үүний 2 удаа нь сахилгын шийтгэлээр, 1 удаа нь өөрийн хүсэлтээр халагдсан болно. С.Н*******ын нэхэмжлэл гаргаж байгаа 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 45 дугаар тушаал нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 47 дугаар тушаалаар өөрөө хүчингүй болсон тушаал юм. Уг тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн байгаа. Гэтэл С.Н нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 4 дэх хэсэгт заасан сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар ноцтой зөрчлүүдийг гаргасан мөн Хөдөлмөрийн гэрээний болон Хөдөлмөрийн дотоод журамд заасан “Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан зөрчлүүдийг гаргасан тул 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 47 дугаар тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл авч 45 дугаар тушаалыг хүчингүй болгосон. Энэ тушаалыг С.Н-т өгөх гээд удаа дараа залгасан боловч утсаа аваагүй. С.Ннь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тушаалаар удаа дараа удирдлагын үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй тул сануулах, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 34 дүгээр тушаалаар хариуцсан ажилдаа хайнга хандаж, удаа дараа ажил таслан хоцорч, тавьсан үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй, удаа дараа аман болон бичгээр сануулга өгсөн боловч засраагүй тул үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус авагдаж байсан. С.Н нь дээрх сахилгын шийтгэл авагдсанаас хойш 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд 40 цагийн буюу 5 өдрийн ажил тасалсан нь ажлаас халах сахилгын шийтгэл авах бүрэн үндэслэлтэй байна. С.Н-ын нэхэмжлэл гаргаж буй 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 45 дугаар тушаал нь байгууллагын дотоод хяналтаар Хөдөлмөрийн хуулийг буруу хэрэглэсэн алдаатай гарсан тушаал гэж үзэн хүчингүй болгосон тул энэ тушаалд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэж байна. Харин С.Н нь энэ тушаалд бус 2019 оны 01 сарын 15-ны өдрийн 47 дугаар тушаалд гомдол гаргасан нь үндэслэл болох байсан. С.Н нь цагийн тооцоогоор удаа дараа ажил тасалсан нь нотлогдож байгаа. Эмчилгээ хийлгэсэн баримтыг өнөөдөр шүүх хуралд дээр биш тухайн үедээ байгууллагадаа гаргаж өгөөд цалингаа хэрхэн бодуулах, чөлөөгөө хэрхэн бодуулах талаарх зохицуулах байсан. С.Н гаргаж өгөхгүй бол байгууллага мэдэхгүй учраас ажил тасалсан гэж үзнэ. Жолоочийн тооцооны хуудсыг тооцоо бодсон нягтлан бодогчоор тооцоогоо бодуулаад нягтлан бодогч гарын үсэг зураад энэ тооцооны хуудас нь баталгаажих ёстой. Гэтэл тооцооны хуудас дээр С.Н-ын өөрийнх нь бичсэн бичвэр байсан. Эрх бүхий хүний гарын үсэг зурагдаагүй учир баримтын шаардлага хангахгүй тооцооны хуудас байна. Өдөрт 10 цаг ажиллуулаад илүү цагийн мөнгө өгдөггүй байсан гэдэгт тайлбар хэлэхгүй. Учир нь нэхэмжлэлийн шаардлагад илүү цагийн хөлс шаардсан зүйл байхгүй.
Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ
Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
С.Н “Г” ХХК-нд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг анхан шатны шүүхийн шийдвэр гаргах хүртэл гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлийн ажлаас халсан тушаалыг хууль бус болохыг тогтоолгох хэсэг нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл болж байх тул шүүх үүнийг бие даасан шаардлага гэж үзээгүй болно.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ямар нэгэн сахилгын шийтгэл аваагүй байхад ажлаас халсан гэж тодорхойлсон бол хариуцагч нь сахилгын зөрчил давтан гаргасан, ажил тасалсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үгүйсгэн маргажээ.
“Г” ХХК С.Н-ыг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс жолоочийн ажилд ажиллах, хариуцагч нь хөдөлмөрийн гэрээгээр тохирсон ажлын хөлс төлөх, ажиллах нөхцлөөр хангах талаар тохиролцон 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ерөнхий захирлын тушаалаар ажилд авчээ. /хх-ийн 45 дугаар тал/
Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй гэж аман сануулга, 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа хайнга хандаж, удаа дараа ажил таслан, хоцорч, үүрэг даалгаврыг цагт нь биелүүлээгүй гэж үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг авсан гэх баримт хэргийн 46, 48 дугаар талд авагджээ.
Ажил олгогч сахилгын шийтгэл оногдуулсан гэх тушаалыг С.Н-т гардуулаагүй бөгөөд энэ талаар ажилтан өөрөө мэдэх боломжгүй бөгөөд ажилтныг ажлаас халах тухай 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 45 тоот тушаал гаргаж, С.Н-ыг жолоочийн ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 2 дугаар тал/
“Г” ХХК 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 45 тоот тушаалыг С.Н-т гардуулсан бөгөөд энэ тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1. дэх заалтуудыг үндэслэн гарсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1.-д зааснаар ажилтан санаачилсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцалж болох бөгөөд мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно. С.Н ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ажил олгогчид өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1.-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлтээ өргөдөл хэлбэрээр ажил олгогчид гаргах ёстой.
Өөрөөр хэлбэл, ажилтны өргөдөл нь ажил олгогчийн шахалт шаардлага зэрэг хөндлөнгийн нөлөөгүй, өөрийн хүсэл зоригийг илэрхийлсэн, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хэлбэртэй хүсэлтийг ойлгоно. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар ажилтан өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцлах талаарх өргөдөл гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд ажил олгогч буюу хариуцагч дээрх шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг баримтаар нотолж чадахгүй байх тул хариуцагчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт нийцээгүй гэж үзнэ.
Хариуцагч 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 45 тоот тушаалыг мөн өдрөө хүчингүй болгож, 47 тоот тушаал гаргасан гэж тайлбарлаж байх боловч 47 тоот тушаалыг С.Н-т гардуулаагүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд шүүх хариуцагчийг хөдөлмөрийн гэрээг цуцалсныг үндэслэлгүй гэж үзсэн тул гэрээнд заасан ажил, албан тушаалд нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтанд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заажээ.”Г” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн захирлын 08 тоот тушаалаар С.Н-ын нэг сарын үндсэн цалинг 900.000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тогтоохдоо сарын дундаж цалин 900.000 төгрөгийг ажилгүй байсан 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс хэргийг хянан шийдвэрлэсэн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны 3 сар ажлын 6 өдрийн цалин, хөлс 2.951.160 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг хариуцагчаас гаргаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговороос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
ТОГТООХ нь:
1 Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар С.Н-ыг “Г” ХХК-ийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар Гэрч: ХХК-иас 2.951.160 төгрөг гаргуулж, С.Н-т олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дэх хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч С.Нулсын тэмдгийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, “Г” ХХК-иас 62.168 төгрөгийг гаргуулж улсын төсвийн дансанд оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО