| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2023/0186/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/195 |
| Огноо | 2023-02-08 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/195
2023 02 08 2023/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж, шүүгч С.Олзод, Э.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч Д.Эрдэнэцогт,
улсын яллагч М.Сансарсайхан,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,
шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн яллагдагч О.Бэд холбогдох эрүүгийн 2206 06142 0041 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймаг Дархан сумын .................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүрэг ....................... тоотод түр оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О.Б .
Холбогдсон хэргийн талаар:
О.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоол дээр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Булгантөгсийн далан тус газарт 2 удаа хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Миний бие хохирогчийн эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг төлсөн. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал болох 3.426.550 төгрөгийг төлж барагдуулна” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Яллагдагч О.Бийн “Би өөрийн гаргасан үйлдэлдээ маш их харамсаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 158 дахь тал/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3-4 дэх тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-12 дахь тал/,
Хүний биед үзлэг хийсэн “Б.Булгантөгсийн зүүн далны доод ар хэсэгт хоорондоо 2 см зайтай хатгагдсан 1.6 см болон 0.2 см хэмжээтэй 2 ширхэг хатгагдсан мэт шархтай” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
Яллагдагч О.Бийн эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 18 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай “Б.Булгантөгсийг хутгалсан гэх шаргал өнгийн бариултай, эвхэгддэг тонгорог хутга 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 19 дэх тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3558 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн футболкны гэмтэл шаргал өнгийн бариултай эвхэгддэг хутгаар үүссэн байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3550 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн юүдэнтэй цамц, фудболканд 15 мм, 17 мм, 15 мм, 20 мм хэмжээтэй гэмтлүүд үүссэн байна. хувцаснуудад үүссэн дээрх гэмтлүүд хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэлтүүд байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
Хохирогч Б.Булгантөгсийн “... О.Бийн гэрээс хувцсаа авахаар очиход О.Б гэртээ ганцаараа архи уугаад сууж байсан ... Би тэднийхээс хувцсаа авч гараад эгчид нь машиныг хүргэж өгөхдөө О.Бийг ганцаараа архи ууж байсан талаар хэлсэн. Түүнээс хойш утсаар яриагүй уулзаагүй байж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр О.Бийн эгч Оюунжаргалтай хамт машиныг нь жолоодоод явж байгаад О.Бтэй Сансарын Баянцээл орчим таарсан. О.Б тэр үед машиныхаа цонхыг онгойлгоод намайг хэл амаар доромжлоод хараагаад байхаар би цонхоо хаагаад түрүүлээд явчихсан ... Дүнжингараваас гарахад О.Б нэг цэгийн үйлчилгээний төвийн үүдний харалдаа зогсож байсан. О.Б нэг гараа өргөж надад дохио өгөхөөр нь яваад очтол намайг баруун гараас барьж аваад 2-3 удаа цохисон. Тэр үедээ хутгалсан гэж мэдээгүй, намайг цохичихлоо гэж ойлгоод хойш түлхтэл О.Б гартаа хутга барьчихсан байсан. Дараа нь намайг хутгалах гээд хөөсөн. Эргэн тойронд байсан хүмүүс боль, цагдаа дуудлаа гэж орилж байж болиулсан. Би цэргийн төв эмнэлэгт 9 хоног хэвтэн эмчлүүлсэн. Тэгэхдээ эхний өдөр зүүн далны доод хэсэгт 2 газарт оёдол тавиулсан ... эхний ээлжид эмчилгээний төлбөрт 200.000 төгрөг гаргаж өгөөд эмчилгээний явцад 300.000 төгрөгийг мөн өгсөн. Эмнэлгээс гарахад 340.000 төгрөг дахиж өгсөн. Ингээд 1 сая төгрөгийг О.Б гаргасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 16546 дугаартай “Б.Булгантөгсөд цээжний зүүн хөндий хатгаж, зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэд хий, цус хуралт, уушгины авчилт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үзүүр ирмэгтэй зүйлийн хоёр удаагийн хатгах буюу зүсэгдэх үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг тогтоов. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон хугацаанд үүссэн байна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 6043 дугаартай “Хохирогчийн өмсөж явсан гэх саарал өнгийн малгайтай цамцнаас, хар өнгийн футболкноос цус илэрсэн. Уг цус нь АВО-ийн системээр В /III/ бүлгийн харьяалалтай байна. Шар эрээн өнгийн иштэй эвхдэг хутга дээр цус илэрсэн. Уг цус нь шинжилгээнд хүрэлцэхгүй тул шинжилгээ хийх боломжгүй байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч А.Маралын “Хохирогч Б.Булгантөгс нь 2022 оны 11 дүгээр сар болон 12 дугаар сард Цэргийн төв эмнэлгээс эмнэлгийн тусламж авч, Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ, үйлчилгээний 3.426.550 төгрөгийн зардал гарсан тул дээрх зардлыг яллагдагч О.Бээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 167 дахь тал/,
Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хавтаст хэргийн 169 дэх тал/,
Шүүгдэгч О.Бийн хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 171 дэх тал/ ,
Хохирогч Б.Булгантөгсийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх шүүгчийн туслахтай утсаар ярьсан тэмдэглэл /хавтаст хэргийн 184 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
О.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг прокурор хангаж шийдвэрлэсэн байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар О.Бэд 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял санал болгосныг О.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагджээ.
Эрүүгийн хариуцлагын асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч С.Энхбат нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл, хэргийн зүйлчлэл, прокуророос оногдуулсан эрүүгийн хариуцлагын санал зэргийг хүлээн зөвшөөрч, эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
О.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоол дээр хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Булгантөгсийн далан тус газарт 2 удаа хутгалж цээжний зүүн хөндий хатгаж, зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэх хий, цус хуралт, уушгины авчилт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.Булгантөгс, яллагдагч О.Б нарын мэдүүлэг, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Иргэдийн төлөөлөгчөөс “Шүүгдэгч О.Б нь гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй болжээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас О.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаар гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлтээс татгалзаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогджээ.
Иймд О.Бийг прокурорын саналыг хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан эвхэгддэг хута 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар О.Б-эд 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Б-эд шүүхээс оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар О.Б-ээс 3.426.550 /гурван сая дөрвөн зуун хорин зургаан мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
5. Хохирогч Б.Булгантөгс нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хохиролтой холбоотой гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар О.Бээс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Б-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзсэн тохиолдолд тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ С.ОЛЗОД
ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ