Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2019/01401

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 13 өдөр         Дугаар 101/ШШ2019/01401             Улаанбаатар хот

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С дүүрэг, 0 дүгээр хороо, Малчны 0 дугаар гудамж 0 тоотод оршин суух, Ж овогт Л.А-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны гудамж 17 НЭМҮТ-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Эрүүл мэндийн яамны харьяа НЭМҮТд 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр эрдэм шинжилгээний туслах ажилтнаар ажилд орсон. 2000 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Нийслэлийн Нийтийн тээврийн  газар, Автобус-1 ХХК-д 2004 оны 08 дугаар сар хүртэл ажилласан. Зэхэц ажлын төсөл дээр ажиллаж байгаад НЭМҮТд 2005 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эрдэм шинжилгээний ажилтнаар ажилд орсон. Би биологч, вирус судлаач мэргэжилтэй. Улсад 33 жил 2 сар ажилласан. Үүнээс төрийн үйлчилгээний албанд 29 жил 7 сар ажилласан өрх толгойлсон эмэгтэй. Гэтэл НЭМҮТийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/20 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэхүү тушаалын үндэслэлийг Хөдөлмөрийн хууль зөрчсөн гэж үзээд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хандсан. Тус шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ20185/0000 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан 61 хоногийн цалин 2.882.738 төгрөгийг НЭМҮТөөс гаргуулж Л.Ад олгож, нийгмийн даатгалын хурааамжийг нөхөн төлүүлж зохих журмын дагуу дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан. НЭМҮТ заалдасан учир Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 1449 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэгийн 1687 дугаар тогтоолоор анхан шатын шийдвэрийг хэвээр үлдээсэн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 24 дүгээр зүйлийн 24.1, 49 дүгээр зүйлийн 49.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт, 2014 оны 75 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт, НЭМҮТийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 1697 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс НЭМҮТийн биотехнологи инновацийн албанд эрдэм шинжилгээний ажилтнаар авч ажиллуулсан.

Иймд 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны 179 хоногийн цалин 8.459.18/2 төгрөгийг НЭМҮТөөс гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.А нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд би 60 хүртлээ ажиллах хууль ёсны эрхийн дагуу өргөдлөө өгч байхад халсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тэгээд ч 2 төсөл шалгарч гардан оролцож байгаа тул НЭМҮТийн ерөнхий захирлын Б/0 тоот тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргаж байсан ба тус хэргийн талаар 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаж нэхэмжлэгч Л.Аг биотехнологи инновацийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 2.882.738 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч НЭМҮТ нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалах шатны шүүх болон Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

НЭМҮТ нь нэхэмжлэгч Л.Аг ажилд эгүүлэн томилж, Боловсрол соёл шинжлэх ухааны спортын яамны харьяа Шинжлэх ухаан технологийн сан руу 2019 оны 53 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тогтоосон ажилгүй байсан үеийн цалин 2.882.738 төгрөгийг олгуулах тухай хүсэлт явуулсан. Нийгмийн эрүүл мэндийн төв  нь Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолыг биелүүлж холбогдох арга хэмжээг цаг алдалгүй авч тогтоолыг хэрэгжүүлж ажиллаж байсан учраас Л.Агийн нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацаа буюу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол гарч НЭМҮТийн ерөнхий захирлын Б/0 тоот тушаал гарах хүртэлх 179 хоног нь хэрэг хянан шийдвэрлэгдэх шатандаа явж байгаа учир түүнийг олгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Л.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй байх тул тус хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.А ажилгүй байсан буюу 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч НЭМҮТ Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолыг цаг алдалгүй хэрэгжүүлж ажиллаж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

НЭМҮТ 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б0 тоот тушаалаар Л.Агийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлжээ.

 

Л.А НЭМҮТийн Б0 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1565 дугаар шийдвэрээр Л.Аг НЭМҮТийн Биотехнологи, инновацийн албаны “Биотехнологич, инновацийн эрдэм шинжилгээний ажилтан”-ы ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорыг олгожээ. /хх-ийн 5-7-р тал/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаснаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 0 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх-ийн 8-13-р тал/

 

НЭМҮТийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн өдрийн захирлын 0 тоот тушаалаар Л.А-г Биотехнологи инновацын албанд Полиомиелитийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтанаар 2019 оны 01 дүгээр сарын 14-ий өдрөөс эхлэн томилжээ. /хх-ийн 14-р тал/

 

НЭМҮТ 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шүүхийн шийдвэрийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр биелүүлж, Л.А-г ажилд томилжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1565 дугаар шийдвэрээр Л.А-гийн ажилгүй байсан хугацааг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл тооцон түүнд нөхөн олговор олгосон байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж хуульчилсан байна.

 

Иймд Л.А-гийн ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 8 сар ажлын 5 өдрийн нөхөх олговорыг олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Л.А-гийн нэг сарын дундаж цалин хөлсийг 1.016.063 төгрөг байх бөгөөд түүний ажилгүй байсан хугацаа буюу 8 сар ажлын 5 өдрийн цалин хөлсөнд 8.364.794 төгрөгийг НЭМҮТөөс гаргуулж түүнд олгох нь зүйтэй байна. /1.016.063 х 8 сар = 8.128.504 төгрөг, 47.258 х 5 хоног = 236.290 төгрөг, 8.128.504+236.290=8.364.794 төгрөг/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар Л.Агийн Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар НЭМҮТөөс 8.364.794 төгрөг гаргуулж Л.Ад олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар Л.А-гийн нийгмийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, зохих журмын дагуу дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч НЭМҮТ-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150.249 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 148.786 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.А-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119, 119.4, 119, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.СОЛОНГО