Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2019/01441

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 16 өдөр         Дугаар 101/ШШ2019/01441             Улаанбаатар хот

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С дүүрэг, 0 дүгээр хороо, 0 байрны 0 тоотод үйл ажиллагаа явуулдаг “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 байр 0 тоотод оршин суух хаягтай, одоо Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 хотхон 0 байр 0 тоотод оршин суух, Б овогт Г.С-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 12.454.630 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “И” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “И” ХХК нь иргэн Г.С-тай 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр №0 тоот зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу манай байгууллага хариуцагч Г.С-д 6.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай олгохоор болсон. Ингээд бидний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.2 дахь хэсэгт заасны дагуу 6.000.000 төгрөгийг шилжүүлсэн билээ. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож бид хариуцагч Г.С-тай 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр №0 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан. Энэ гэрээгээр хариуцагч Г.С 2005 онд үйлдвэрлэгдсэн 0 арлын дугаартай, 0 УНМ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота приус маркийн автомашиныг барьцаалсан. Гэрээний эргэн төлөлтийг хариуцагчийн хүсэлтийг үндэслэж 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн төлүүлэхээр болсон ба гэрээний хугацаа 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дуусах байсан. Хариуцагч Г.С гэрээ байгуулснаас хойш 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1.700.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөг, нийтдээ 4.000.000 төгрөг төлсөн ба үүнээс өөр ямар нэг төлөлтийг өнөөдрийг хүртэл хийгээгүй байна.

Иймд хариуцагч Г.С-аас 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №2017-0411 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 6.000.000 төгрөг, хүү 4.585.183,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 809.446,67 төгрөг нийт 11.394.630 төгрөгөөс түүний зээлийн хугацаанд төлсөн 4.000.000 төгрөгийг хасаад 7.394.630 төгрөгийг нэхэмжилж байна.

2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр № тоот зээлийн гэрээний хувьд:

“И” ХХК нь иргэн Г.С-тай 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр № тоот зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу манай байгууллага хариуцагч Г.С-д 2.500.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай олгохоор болсон. Ингээд бидний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.2 дахь хэсэгт заасны дагуу 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож бид хариуцагч Г.С-тай 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр №0 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан. Энэ гэрээгээр хариуцагч Г.С 2005 онд үйлдвэрлэгдсэн 0 арлын дугаартай, 0 УНМ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота приус маркийн автомашиныг барьцаалсан. Гэрээний дагуу зээлийн эргэн төлөлт 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн төлөгдөж 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дуусах байсан. Хэрэв хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хугацаандаа зээлээ эргэн төлсөн бол үндсэн зээл 2.500.000 төгрөг, 3 сарын хүү 375.000 төгрөг нийт 2.875.000 төгрөгийг бидэнд буцаан төлөх ёстой байв. Гэвч зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч Г.С нь гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлсэн. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №0 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 2.500.000 төгрөг, хүү 2.133.333,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 426.666,67 төгрөг нийт 5.060.000 төгрөг болсон.

 Иймд хариуцагч Г.С-с дээрх зээлийн гэрээнүүдийн нийт 12.454.630 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.С би тус шүүхэд “И” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нь анх 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 2017-0411 тоот зээлийн гэрээний дагуу 6.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатай төлж барагдуулахаар зээл авсан. Үүнээс 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1.700.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөг, нийтдээ 4.000.000 төгрөг төлсөн. Миний бие 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №89 тоот зээлийн гэрээ байгуулан 2.500.000 төгрөгийг авсан. Уг гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу ямар нэгэн төлөлт хийгдээгүй болно.

Дээрх гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ФГ0 тоот, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр №0 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 0 арлын дугаартай, УНМ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота приус маркийн автомашиныг “И” ХХК-д шилжүүлэн өгсөн. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “И” ХХК-д автомашиныг хүлээлгэн өгсөн болно. Г.С би “И” ХХК-ийн нэхэмжилсэн 12.454.630 төгрөгийг төлөх чадваргүй болсон тул 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ФГ0 тоот, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр №89 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээний дагуу 0 арлын дугаартай, УНМ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота приус маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна. А гэж хүн байсан. Захиралд нь би удаа дараа гэрээ сунгах хүсэлт тавьж байсан. Ажил дээрээ байхгүй байна гэж явсаар гэрээг сунгаагүй. Би зээл аваад Хятад улс руу бараа захиалсан боловч бүтэлгүй болсон. Би 4,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Гэтэл надаас арай л их мөнгө нэхэж байна. Би нөхрөөсөө салсан охинтойгоо хоёулаа амьдардаг. Машинаараа хүүхдийн цаас зөөж зарж мөнгө олдог. Өөр орлогогүй ажил хийдэггүй. Нэхэмжлэгч байгууллага дээр очиж уулзаад 6 сарын хугацаа өгөөч эвлэрлийн гэрээ байгуулаач гэж удаа дараа гуйсан. Машиныг чинь авна гэсэн. Эхлээд би машинаа өгөх бодолгүй байсан. Дараа нь машинаа өгөхөөр шийдээд миний машиныг өрөндөө авчих гэхэд авахгүй гээд авахгүй байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“И” ХХК 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2017-0 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 7.394.630 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 89 тоот зээлийн гэрээний дагуу 5.060.000 төгрөг, нийт 12.454.630 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Г.С-д холбогдуулан гаргажээ.

 

Хариуцагч Г.Сзээлийн гэрээнүүдийн дагуу 0 УНМ улсын дугаартай тоёота приус маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй, 12.454.630 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

“И” ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 6.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай Г.С-д 2017-0 тоот зээлийн гэрээгээр олгожээ. /хх-ийн 3-4 дүгээр тал/

 

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдрөө фидуцийн гэрээгээр 0 УНМ улсын дугаартай “Тоёота приус” маркийн автомашиныг өмчлөлдөө шилжүүлэн авсан байна. /хх-ийн 5-6 дугаар тал/

 

Г.С-тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон бөгөөд талууд энэ гэрээг сунгаагүй байж дахин 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 89 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2.500.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай олгож, мөн өдрөө фидуцийн гэрээ байгуулж, “Тоёота приус” маркийн автомашиныг өмчлөлдөө шилжүүлэн авсан байна.

 

2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус тус дууссан байгаа бөгөөд уг гэрээг талууд сунгаагүй байна.

 

2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа дууссан байхад нэхэмжлэгч “И” ХХК нь Г.С-д дахин зээл олгосон, зээлийн гэрээнүүдийн хугацаа дууссанаас хойш үүрэг шаардаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй ба шүүхэд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

 

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийн хугацаа дуусаад 1 жил 4 сар болсон байхад нэхэмжлэгч нь шүүхэд хандсан, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг нэхэмжлэгч нь хариуцагчид мэдэгдсэн эсэх нь эргэлзээтэй байна.

 

“И” ХХК нь үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн байхад зээлдэгчид сануулаагүй, түүний эрх зүйн байдлыг дордуулж шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хүү бодсон нь хуульд нийцээгүй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дууссан байхад түүнд 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дахин зээл олгосон, уг гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дууссан байхад үүргээ гүйцэтгэхийг шаардаагүй, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээгээр шилжүүлж авсан хөрөнгө 2017 оын 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2017/4-10 тоот гэрээний 4.2-т “үүрэг хүлээгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу гэрээний хугацаа дууссанаас хойш 10 хоногийн дотор үндсэн зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй бол байгууллага Иргэний хуулийн 453.2-т заасныг үндэслэн барьцаа болох автомашиныг тэргүүн ээлжинд худалдах, төлбөрөө гарган авах бүрэн эрхтэй” талаар зохицуулсан энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд Г.С-с зээлийн гэрээний үндсэн зээл, гэрээний хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 6.000.000 төгрөг, 4 сарын хүү 480.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 809.446 төгрөг, нийт 7.289.446 төгрөгөөс Г.С-ын төлсөн 4.000.000 төгрөгийг хасаад 3.289.446 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 2.500.000 төгрөг, 3 сарын хүү 150.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 426.666 төгрөг, нийт 3.076.666 төгрөг байна. 

Хариуцагчаас 6.366.112 төгрөг гаргуулж, “И” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.088.518 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар Г.С-аас 6.366.112 төгрөг гаргуулж, И ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.088.518 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 6149 дугаар шүүгчийн захирамж нь хариуцагч Г.С-ыг үүргээ гүйцэтгэж дуусах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214.224 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 116.807 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “И” ХХК-д олгосугай

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.СОЛОНГО