| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2023/0187/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/197 |
| Огноо | 2023-02-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/197
2023 02 08 2023/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,
прокурор М.Сансарсайхан /томилолт/,
шүүгдэгч С.Снарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Серикболд холбогдох эрүүгийн 2306 00000 0133 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Их Засаг Олон Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцдаг оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүүгийн хамт Баян-Өлгий аймаг Өлгий сумын ............. тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг ............ тоотод түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С.С.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ш.Мустафагийн “2022 оны 12 дугаар сарын 22-ны орой 20 цаг 30 минутын орчимд Их Засаг Олон Улсын Их Сургуулийн баруун талд малчин телевизийн хажууд явган хүний зам дээр С.С тус сургуулийн 1 дүгээр курсийн казах хүүхдүүдийг дээрэлхээд та нар дуугарахгүй их зан гаргалаа гээд зогсож байхад би ганцаараа очоод Серикболыг болиоч эд нарыг зүгээр явуулаач гэж хэлээд араас нь 2 гараараа тэвэрч авахад С.С намайг чи миний өөдөөс дугардаг болсон юм уу гэж хэлээд миний толгой хэсэг рүү мөргөхөөр нь би бултаад цохиулаагүй эргээд Серикболын баруун шанаанд нь нэг удаа цохиод зөрүүлээд намайг бас 2-3 удаа цохисон тэгээд би салаад баруун тийш чиглээд явж байхад С.Сирээд ямар нэгэн үг хэлэлгүй шууд миний хамар хэсэг рүү 2-4 удаа цохиод миний хамраас цас гараад өвдөөд байсан энэ гэмтэл тэр үед үүссэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-10 дахь тал/,
Гэрч И.Бекежаны “Мустафа хэдэн залуучуудтай хамт явж байгаад намайг доромжлоод гэж хэлээд миний нүүр лүү цохичихлоо би зөрүүлээд Мустафагийн хамар хэсэгт нь 1 удаа цохисон чинь цус гарахаар нь би уучлалт гуйгаад салаад ирлээ гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 565 дугаартай “Ш.Мустафагийн биед хамрын ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугуйны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
Хохирогч Ш.Мустафагийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хавтаст хэргийн 54 дэх тал/,
Шүүгдэгч С.С-н хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 55 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар:
С.Серикболын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг прокурор хангаж шийдвэрлэсэн байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.С-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял санал болгосныг С.С нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагджээ.
С.С нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ш.Мустафагийн биед хамрын ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугуйны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ш.Мустафа, гэрч И.Бекежан, шүүгдэгч С.С нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсон байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаар гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлтээс татгалзаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдаж хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон байна.
Иймд С.С-ыг прокурорын саналыг хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 450 нэгжээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.С-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс С.С-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн гэж үзвэл шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ