Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Галбадрахын Солонго |
Хэргийн индекс | 181/2019/00711/И |
Дугаар | 101/ШШ2019/01643 |
Огноо | 2019-06-03 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2019/01643
2019 оны 06 сарын 03 өдөр Дугаар 101/ШШ2019/01643 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, Ү гудамж, өөрийн байранд байрлах, СХД НДХ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, “С” ХХК-ийн “С”-ын 0 тоотод байрлах “Ц” ХХК-д холбогдох,
67.622.422 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч СХД НДХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц” ХХК нь тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2014 оны 07 дугаар сараас эхлэн бүртгэлтэй болсон бөгөөд 2018 оны 11 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлөлгүй 45.081.615 төгрөгийн өр үүсгээд байна. Дээрх байгууллагын холбогдох албан тушаалтан нартай холбогдож нийгмийн даатгалын шимтгэлээ төлж барагдуулах талаар удаа дараа сануулсан боловч одоог хүртэл шимтгэлийн өрөө төлөлгүй Нийгмийн даатгалын тухай хуулийн 16.1-т “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”, 17.1.1, 17.1.4-т заасан “Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг” зэрэг заалтуудыг тус тус зөрчиж байна.
Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д “Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги оногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасны дагуу 22.540.807 төгрөгийн алдангийг ногдуулаад байна. Төлбөл зохих шимтгэлийн дүн төлөлгүй 45.081.615 төгрөг, алданги 22.540.807 төгрөг нийт 67.622.422 төгрөгийг хуулий дагуу гаргуулж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч СХД НДХ нь хариуцагч “Ц” ХХК-д холбогдох хугацаандаа төлөөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 45.081.615 төгрөг, алданги 22.540.807 төгрөг, нийт 67.622.422 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “Ц” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл 45.081.615 төгрөг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, “Ц” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2018 оны шимтгэлийн болон алдангийн тооцоо, улсын байцаагчийн шаардлага, мэдэгдэл, Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ, нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах талаар хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан ажил олгогч нь даатгуулагчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1.1-д заасан хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ хариуцагч “Ц” ХХК нь биелүүлээгүй буруутай байна.
Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж, эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэлийн талаар тайлбар, нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.
Хариуцагч “Ц” ХХК-ийн хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 12:00 цагт товлосон шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хуульд заасны дагуу шүүх мэдэгдсэн байна. /хх-ийн 74 дүгээр тал/
Хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хариуцагч нь хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүй тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хугацаа хэтрүүлсэн алдангийг төлөх үндэслэлтэй, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т зааснаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбар ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон болно.
Иймд хариуцагч “Ц” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 45.081.615 төгрөг, алданги 22.540.807 төгрөг, нийт 67.622.422 төгрөг гаргуулж СХД НДХ олгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1, 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хариуцагч “Ц” ХХК-иас 67.622.422 төгрөг гаргуулж нэхэмжлэгч СХД НДХт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Ц” ХХК-иас 496.062 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО