Шүүх | Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсүхийн Болормаа |
Хэргийн индекс | 177/2023/0022/Э |
Дугаар | 2023/ШЦТ/22 |
Огноо | 2023-02-03 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Ганхөлөг,
Шүүгдэгч: Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Г-ын Ад холбогдох эрүүгийн 2335000000012 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 6 дугаар сарын 16-нд Увс аймгийн ........... суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ........... сумын 1 дүгээр багийн ............. тоотод оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт Г-ын А, /регистрийн дугаар: ............................/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.А нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны шөнө Увс аймгийн ........... сумын 1 дүгээр багийн нутагт хохирогч Ц.Дтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний толгой хэсэгт архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Г.А нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ц.Дыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх дүгнэлтийг,
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ганхөлөг шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч Г.А хувиараа нүүрсний тээвэр хийдэг. Иймд торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож өгөхийг шүүхээс хүсэж байна” гэх дүгнэлтийг,
3. Шүүгдэгч Г.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “ Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгийг тус тус гаргав.
Эрүүгийн 2235000000012 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-7 дахь тал);
2. Хохирогч Ц.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие ........... сумын 1 дүгээр баг Өлөнгийн түнг гэх нэртэй газарт эхнэр хүүхдийн хамт хөдөө мал маллаж амьдардаг. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр малаа усалж яваад Ч.Р гэх малчин найзтайгаа худаг дээр таарч бид хоёр манай гэрт ирээд цай унд ууж би гэртээ 0.5 гр Ерөөл нэртэй архи задалж бид хоёр хувааж ууж дуусгаад, бид хоёр сумын төв орж Ирээдүй хүнсний дэлгүүрээс Р 0.75 гр Соёрхол нэртэй архи худалдаж аваад 17 цаг өнгөрч байхад ах Г.Эын гэрт очсон юм. Тэдний гэрт ороход Г.Э ах ганцаараа байсан. Тэгээд бид хоёр авч ирсэн 0.75 гр шилтэй Соёрхол нэртэй архиа задалж бид гурав хувааж уугаад хэсэг сууж байтал гаднаас А түүний эхнэр О.Дын хамт ирсэн юм. Тэгээд мэнд мэдэлцээд цай уугаад сууж байтал нь би А ахад хандаж та бид хоёрт ярих зүйл байгаа, та намайг хүн гэж үзэхгүй юмаа гэж үг хэлсэн чинь шууд учир зүггүй ширээн дээр байсан бид нарын ууж байсан Соёрхол нэртэй 0.75 граммын архины шилээр миний толгой хэсэгт 1 удаа цохиод авсан. Тэгсэн миний толгойноос цус гараад эхлэхээр нь би босож ирээд А ахад хандаж “та намайг цустай хутгачихлаа, та яаж байгаа юм” гээд бариад авсан чинь Э ах дундуур нь орж салгаж А түүний эхнэр О.Д гэрээс аваад гараад явсан юм. Би цусаа арчиж эмнэлэгт мэдэгдэж эмчийн тусламж авч, цагдаад мэдэгдсэн юм" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-18 дахь тал);
3. Гэрч Г.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр намайг гэртээ ганцаараа байхад 17 цаг өнгөрч байхад гаднаас манай гэрт Д, Ч.Р хоёр согтуу 0.75 граммын шилтэй Соёрхол нэртэй архитай орж ирсэн юм. Тэгээд би цай унд хийж өгөхөд Ч.Р архиа задалж бид гурав хувааж уугаад сууж байтал 20 цаг өнгөрч байхад гаднаас манай гэрт А түүний эхнэр Д хоёр орж ирсэн. Би босож цай хийж өгөөд эхнэр Дтай нь юм ярьж Р Аптанхүү хоёр хоорондоо юм яриад сууж байтал хэсэг хугацааны дараа Ц.Д согтуу чи намайг хүн гэж бодсонгүй, чи бид хоёр адилхан архичин байсан гээд Ад хандаж хэлэхэд А босож ирээд ууж байсан 0.75 граммын Соёрхол нэртэй архины шилийг аваад Ц.Дын толгой тус газар нэг удаа цохиод авахад Дын толгойноос цус гарч, чи манайг цустай хутгалаа гээд өөдөөс нь босоод ирэхээр нь би дундуур орж салгаж А түүний эхнэр О.Д хоёрыг гэрээс гаргаж явуулсан юм. Тэгээд Ц.Д цагдаад мэдэгдэж эмнэлэг явсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дэх тал);
4. Гэрч Ч.Рийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ц.Д тугал бяруугаа усалж байхаар би яваад очсон юм. Тэгээд би Ц.Дын гэрт очиж цай унд ууж Ц.Д гэрээсээ Ерөөл нэртэй 0.5 граммын шилтэй архи задалж бид хоёр хувааж уучихаад бид хоёр ганц шил архи авч уух гээд явж сумын төв орж Ирээдүй нэртэй хүнсний дэлгүүр орж 0.75 граммын Соёрхол нэртэй архи худалдаж аваад сумын төвд байдаг Г.Э ахын гэрт 17 цаг өнгөрч байхад очисон юм. Тэдний гэрт ороход Г.Э ах ганцаараа байсан бөгөөд бид хоёр худалдаж авсан 0.75 граммын шилтэй Соёрхол нэртэй архиа задалж бид гурав уугаад сууж байтал гаднаас А буюу Чуукаа гэх хүн эхнэр О.Дын хамтаар орж ирээд мэнд ус мэдэлцээд ширээний дээд талын сандал дээр сууж цай унд ууж Ц.Д, А хоёр юм яриад сууж байгаад ширээн дээр байсан Соёрхол нэртэй 0.75 граммын архины шил аваад Ц.Дын толгой тус газар нэг удаа цохиод авсан чинь Ц.Д намайг архины шилээр цохиод хаячихлаа ш дээ гэж хэлсэн чинь Г.Э ах А түүний эхнэр О.Дыг аваад гэрээс гаргасан юм. Тэгээд Ц.Дын толгойноос цус гоожиж эхлэхээр нь цагдаад мэдэгдэж эмнэлэг рүү явсан. Дахиж А ирээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дэх тал);
5. Гэрч О.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр Г.А хувиараа нүүрс тээвэрт явдаг ажилтай, би өөрөө гэртээ хүүхдээ хараад байдаг байж юм. 2022 оны 12 дугаар сарын 28-ны манай нөхөр гэрээс гарч нүүрсээ түгээлт хийж байгаад орой 18 цагийн үед ирээд бид хоёр хоол ундаа хийж идчихээд Г.Эын /хүргэн ах/ гэрт очоод ирье гээд бид хоёр өөрсдийн машинаараа 19 цаг өнгөрч байхад Г.Э ахын гэрт очиход тэдний гэрт Г.Э, Ч.Р, Ц.Д гурав 0.75 граммын шилтэй Соёрхол нэртэй архи хувааж уугаад сууж байсан. Тэгээд мэнд ус мэдэлцээд сууж байтал Ч.Р манай нөхөр Г.Атэй хоорондоо ярилцаж байтал хажуу талаас Ц.Д манай нөхөр Г.Ад хандаж “чи бид хоёр адилхан архичин байсан биз дээ наад пиздаатай чинь ярих юм байгаа” гээд шүд араагаа зуугаад юм яриад байсан. Тэгсэн манай нөхөр босож ирээд ширээн дээр байсан 0.75 граммын Соёрхол нэртэй шилтэй архийг нь аваад Ц.Дын толгой тус газарт нэг удаа цохиод авсан чинь Ц.Дын толгойноос цус гоожоод эхэлсэн чинь Ц.Д чи муу намайг цустай хутгалаа гэж хэлж байсан, тэгэхээр би нөхөр Г.Аг гэрээс аваад гарч яваад гэртээ харьсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27 дахь тал);
6. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 35 дугаартай “...Үзүүлэгч Ц.Дын биед духны баруун хэсгийн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Духны баруун хэсгийн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дахь тал);
7. Шүүгдэгч Г.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эхнэр О.Дын хамтаар баз Эын гэрт орой 20 цагийн үед очиход Э, Д, Р гурав байсан бөгөөд тэр гурав архи уугаад сууж байсан юм. Тэгээд би Ртэй юм яриад сууж байтал хажуу талаас Ц.Д надад архи хийж өгөхөөр нь уугаагүй юм. Тэгсэн Ц.Д “чи хэзээ ийм болчихсон юм, хогийн архичин байсан биз дээ” гэхээр нь би “чи ахдаа ийм юм ярьж болохгүй, би уухгүй орчинд амьдарч болдоггүй юмуу, би явлаа” гэхэд Ц.Д араагаа зууж над руу салаавч гаргахаар нь миний уур хүрээд ширээн дээр байсан шилтэй архийг аваад Ц.Дын толгой тус газар нэг удаа цохисон чинь Ц.Дын толгойноос цус гараад над руу “та яаж байгаа юм” гэхээр нь би цагдаа дуудах гэсэн чинь гэрт байсан хүмүүс намайг яахын бэ гэхээр нь эхнэрээ дагуулаад гараад яваад өгсөн" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-63 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ганхөлөг, шүүгдэгч Г.А нар нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Г.Ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.
Хууль зүйн дүгнэлт:
1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
2. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
3. Шүүгдэгч Г.А нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогчийн дух, толгойн баруун хэсэгт архины шилээр цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
4. Шүүгдэгч Г.Агийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Дын эрүүл мэндэд духны баруун хэсгийн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан нь хэргийн 39-40 дэх талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
5. Иймд шүүгдэгч Г.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
6. Шүүгдэгч Г.А нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
7. Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Ц.Дын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал, мөн шүүгдэгч Г.Агийн тухайн нөхцөл байдалд биеэ барьж чадаагүй хувийн зан чанар шууд нөлөөлсөн байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
1. Шүүгдэгч Г.Агийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Дын эрүүл мэндэд духны баруун хэсгийн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Г.А нь хохирогч Ц.Дын эмчилгээний зардалд 300.000 төгрөг төлж барагдуулснаар хохирогч Ц.Д нь “надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж, ирүүлсэн (хавтаст хэргийн 92 дахь тал) байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Агээс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Г.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
3. Шүүгдэгч Г.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 67 дахь тал);
4. Шүүгдэгч Г.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөөгүй, тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдэж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 300.000 төгрөг төлж, хор уршгийг арилгасан байна.
5. Иймд шүүгдэгч Г.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ.
6. Шүүгдэгч Г.А нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүйг түүний хувийн байдалд хамааруулж үзэх үндэслэлтэй.
7. Түүнчлэн шүүгдэгч Г.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
8. Прокуророос шүүгдэгч Г.А болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
9. Шүүгдэгч Г.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Г.Ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
10. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад 500 (таван зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга)-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч С.Ганхөлөг нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
11. Иймд шүүгдэгч Г.Агийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
12. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн Соёрхол нэртэй 0.75 граммын архины шил 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Г-ын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад 500 (таван зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга)-н төгрөгөөр торгох ял хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар Г.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хуульд заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Агээс гаргуулах хохирол, хор уршиг байхгүйг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн Соёрхол нэртэй 0.75 граммын архины шил 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгасугай.
6. Шүүгдэгч Г.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА