Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 1100

 

 

 

 

 

  2019          10              31                                          2019/ДШМ/1100                                                             

 

Д.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Зориг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Б.Мөнх-Од,

            яллагдагч Д.Д-ий өмгөөлөгч Д.Даваадорж,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2789 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Батбаярын бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Д.Д-д холбогдох 1902004850196 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ю овгийн Д-гийн Д, Улаанбаатар хотод 2000 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эх, дүүгийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 000-00 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад 6 сар 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 601 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 707 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 601 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон.

Д.Д- нь 2019 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын  агууламжтай 34 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.Д-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Д.Д- урьд нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 707 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлэхээс өмнө мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

Прокурорын яллах дүгнэлтэд тусгасан Д.Д-ий үйлдэл нь өмнөх шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй, түүнийг шүүх мэдэх боломжгүй байсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гарах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн бол шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл болно” гэж заажээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 707 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулж, уг хэргийг сэргээн шалгахаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд прокурор дүгнэлт гаргаж хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан байх боловч тус хуульд ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол хэрхэн ял оногдуулах тухай зохицуулалт тусгагдаагүй байна.

Хэрэв ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон үед яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж ял оногдуулбал шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж болзошгүй, улмаар хүчин төгөлдөр хэрэгжиж буй 2 шийтгэх тогтоолоор тус тусад нь оногдуулсан хорих ялыг хэрхэн тооцож эдлүүлэх нь тодорхой бус болж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хүндрэл бэрхшээл учруулах юм.

Дээрх мөрдөн байцаалтын ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

Прокурор Г.Батбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “... Одоо хүчин төгөлдөр байгаа шүүхийн шийтгэх тогтоолоор Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулсан. Эрүүгийн 1902004850196 дугаартай хэргийн хүрээнд анхан шатны шүүх мансууруулах бодисыг хууль бусаар хадгалсан үйлдлийг хянан  шийдвэрлэнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн тус тусдаа зүйл, хэсэгт хамаарах хэд хэдэн гэмт хэрэгт шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоох” зарчмын дагуу шийдвэрлэх байтал, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн өөр заалтыг баримталж, ял оногдуулах, ялыг нэгтгэх мэтээр хууль зүйн дүгнэлт хийжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2789 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичэв.” гэжээ.

Прокурор Б.Мөнх-Од тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурорын бичсэн эсэргүүцлийг бүрэн дэмжиж байна ...” гэв.

Яллагдагч Д.Д-ий өмгөөлөгч Д.Даваадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан байдаг. Яллагдагч Д.Д- нь дээрмийн гэмт хэрэгтээ ял шийтгүүлээгүй байхдаа мансууруулах бодистой холбоотой хэргээ үйлдсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд “хэргийг нэгтгэж шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Мөн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр болсон давж заалдах шатны шүүх хуралд “хэргийг нэгтгэж шийдвэрлэж өгнө үү” гэхэд анхан шатны шүүхийн шийтэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Иймд хэргийг бүхэлд нь хянаж үзэж яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Яллагдагч Д.Д- нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 707 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, уг ялуудыг нэмж нэгтэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэжээ. Тэрээр энэ тогтоол гарахын өмнө хориглосон мансууруулах бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдсон нь тогтоол гарсны дараа илэрсэн байна.

Анхан шатны шүүх, яллагдагч Д.Д-д холбогдох хэргийг прокурорт буцаахдаа хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэх боломжгүй тул өмнө гарсан шүүхийн 707 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гарах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн бол шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл болно” гэсний дагуу хүчингүй болгож, хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шүүхийн шийдвэр гарах үед мэдэгдээгүй, мэдэх боломжгүй байсан нөхцөл байдал нь тухайн этгээдийн эрх зүйн байдал, хэргийн зүйлчлэлд нөлөөлж улмаар өмнө хэрэглэснээс хөнгөн, эсхүл хүнд ялтай хууль хэрэглэх үндэслэл болдог.

Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд яллагдагч Д.Д-ий ял шийтгүүлсэн болон одоо шалгагдаж байгаа Эрүүгийн хуулийн өөр өөр бүлэгт заасан эрүүгийн хэргүүдийг нэгтгэснээр хэргийн зүйлчлэл, яллагдагчийн эрх зүйн байдал хөнгөрч, эсхүл хүндэрч өөрчлөгдөх үндэслэл тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх өмнөх 707 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэгтгүүлэхээр прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 Яллагдагч Д.Д-ийг хориглосон мансууруулах бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулбал хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх боломжгүй гэсэн шүүхийн дүгнэлт зөв боловч энэ тохиолдолд мөн зүйлийн 2 дахь “... 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар ...” гэж заасны дагуу хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэх асуудлыг шийдвэрлэх боломжтой.

Иймд давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Хэрэг шүүхэд очтол яллагдагч Д.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн болно.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2789 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Д-д холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг яллдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцтэл яллагдагч Д.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ОЧМАНДАХ

 

                                    ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ

 

                                    ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Баянхонгор аймагт дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Д.О-д холбогдох хэргийг хянан хэлэлцэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар түүнийг 2 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Тус хэргийг Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд уг магадлалд оролцогч нараас гомдол гаргаагүй тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Ялтан Д.О  нь дээрх гэмт хэрэгт ял шийтгүүлэхээс өмнө буюу 2017 оны 09 дүгээр сарын 22-ноос 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 2 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйлс хулгайлсан гэмт хэрэгт шалгагдаж, прокуророос энэхүү 2 удаагийн үйлдэл нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрүүдтэй хэргийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, хэргүүдийг нэгтгэх саналтайгаар дүгнэлт бичжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдийг тодорхой заасан бөгөөд Д.О-д холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгох хуульд заасан шинэ нөхцөл байдалд хамаарах үндэслэл прокурорын дүгнэлтэд огт тусгагдаагүй байна.

Прокурор шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгох үндэслэлээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “... хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэж дурдсан боловч уг заалтад хамаарах нөхцөл байдал шүүх хуралдаанаар тогтоогдоогүйн дээр ялтан Д.О ын сүүлд илэрсэн гэх үйлдлүүдэд нь гэм буруутайд тооцож, ял оногдуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар...” хэд хэдэн шийтгэх тогтоолын ялуудыг нэмж нэгтгэх боломжтой юм.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 40 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгуулах тухай Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.