Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономпилын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 125/2021/0017/З |
Дугаар | 125/ШШ2021/0028 |
Огноо | 2021-11-29 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 125/ШШ2021/0028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: З.Б -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дүгээр “З.Б-ийг шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалыг биелүүлж тохирох албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тохирох албан тушаалд томилсон шийдвэр гаргах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргад даалгах”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З. Б-д, хариуцагч Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А , Ц.М , гэрч Д.Т болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.У оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч З.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2018 оноос Мал эмнэлгийн ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын газарт ахлах мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Мал амьтны тухай хуулийг 2018 оны 6 дугаар сарын 01-ны өдрөөс мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор Засгийн газрын 2018 оны 168 дугаар тогтоолоор Мал эмнэлгийн ерөнхий газар нь байгуулагдсан. Ингээд Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдсан цагаас хойш ажиллаж байгаад Мал эмнэлгийн газрын дарга Д.Т санал тавьсны дагуу зөвшилцсөн гэж ойлгоод Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын Төрийн захиргаа, санхүүгийн албаны даргаар ажиллахаар тохиролцож Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дугаартай “Шилжүүлэн ажиллуулах” тушаал гарч 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/1068 дугаартай албан бичгээр Ховд аймгийн Мал эмнэлгийн дарга Д.Б -д ажилд томилохыг үүрэг болгосон. Үүнээс хойш Д.Б даргатай удаа дараа уулзаж холбогдоход “томилно, хүлээж бай” гэдэг байдлаар явж байгаад шийдвэр гарахгүй байсан учраас 2021 оны 4 дүгээр сард бичгээр томилох эсэх талаар өргөдөл гаргасан боловч томилох боломжгүй гэсэн хариу өгсөн учраас би Төрийн албаны зөвлөл болон шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Төрийн жинхэнэ албанд ажиллаж байсан хүний хувьд өнөөдөр хохироод явж байна. Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дугаартай тушаал нь “сэлгэн” ажиллуулах биш Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар “шилжүүлэн” ажиллуулах буюу ажлын зайлшгүй шаардлагаар гэсэн утгатай тушаал гарсан. Тухайн тушаал, шийдвэр дээр ямар нэгэн өөрчлөгдсөн зүйл байхгүй. Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын захиргаа, санхүүгийн албаны даргаар цэргийн тэтгэвэрт гарсан хүн ажиллаж байгаа, удахгүй тэтгэвэрт гараад чөлөөлөгдөнө гэж хэлсэн. Би нэг нутгийн хүмүүс байж хэл ам хийгээд яах вэ, та гарахаар нь намайг томилох байх, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасрахаар яах вэ гэдэг байдлаар ярилцаж байсан.
Мал эмнэлгийн байгууллага нь тогтолцооны хувьд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо нь улсын хэмжээнд мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, лаборатори, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн байгууллага, аймаг, нийслэлд мал эмнэлгийн байгууллага, лаборатори, сум, дүүрэгт мал эмнэлгийн тасаг, лаборатори болон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс бүрдэнэ” гэж заасан. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-т “Хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах” гэж заасан. Аль ч тал Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дугаар тушаалын зөв, буруу гаргасан гэж маргадаггүй. Харин ажилд томилохгүй байгаа асуудал дээр маргадаг. Миний бие Мал эмнэлгийн ерөнхий газарт ажилласнаас хойш 2018, 2019 онуудад ажлын үзүүлэлтээр “сайн” үнэлэгдсэн бөгөөд ямар нэгэн захиргааны зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байгаагүй. Өөрөө сонгон шалгаруулалтад ороод ажилдаа томилогдсон бөгөөд тангарга өргөсөн төрийн албан хаагч хүн. Төрийн албаны тухай хуулийн нэмэлт баталгаа хэсэгт хууль зааснаар бусад үндэслэлээр төрийн албан хаагчийг чөлөөлөх, халах үнлдэслэл байхгүй. Ийм учраас өнөөдрийг хүртэл тодорхой байдалд хүрснээс болоод миний хууль ёсны төрийн албан хаагчийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөөд явж байгаа.
Анх шүүхэд Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дугаартай “З.Б -ийг шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалыг биелүүлэхгүй байгаа буюу Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн албаны даргын албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн албаны даргын албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг Ховд аймгийн мал эмнэлгийн газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дүгээр “З.Б- ийг шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалыг биелүүлж тохирох албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тохирох албан тушаалд томилсон шийдвэр гаргах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргад даалгах гэж өөрчилж байна гэв.
Хариуцагч Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дүгээр “З.Б-ийг шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал, 2020 оны 01/1068 дугаартай албан бичиг манай байгууллагад ирсэн. Гэтэл З.Б нь Захиргаа, санхүүгийн албаны даргын албан тушаалд өөрөө ажиллахаар хүсэлт тавьсан. Тухайн үед манай Захиргаа, санхүүгийн албаны даргын албан тушаалд Ц.Б гэх хүн ажиллаж байсан тул З.Б -ийг уг албан тушаалд томилох боломжгүй байсан.
З.Б -тэй миний бие утсаар болон биеэр уулзаж нийгмийн даатгалын шимтгэл тасрах асуудлыг яаж шийдвэрлэх талаар яриад, ямар нэгэн сул орон тоонд дээр түр томилон ажиллуулахаар тохиролцож, Дуут сумын мал эмнэлгийн байцаагчийн сул орон тоонд 2020 оны 12 сарын 10-ны өдрийн Б/39 тоот тушаал гаргаж шийдвэрлэсэн. Гэтэл 2020 оны 12 сарын сүүлээр манай нягтлан бодогч Л.Э бид нарыг хууль бус ажил хийлээ, З.Батсүлдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй гэх асуудал үүсгэж, Мал эмнэлгийн Ерөнхий газарт мэдэгдсэн учраас цалин хөлс олгох боломжгүй болсон.
Манай газрын Захиргаа, санхүүгийн албаны дарга Ц.Б нь 2021 оны 3 сарын 02-ны өдөр тэтгэвэртээ гарсан. Ингээд З.Б-тэй утсаар холбогдоход Улаанбаатар хотод байна, одоохондоо ажилд орох боломжгүй байна гэсэн. Мөн Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоол гарч тэтгэвэрт гарсан хүний орон тоог царцаах шийдвэр гарч, Захиргаа, санхүүгийн албаны даргаар хүн томилох боломжгүй болсон. Улмаар Захиргаа, санхүүгийн албаны даргын үүрэгт ажлын ачаалал ихсэж зайлшгүй шаардлагаар албаны даргыг түр томилон ажиллуулахаар Мал эмнэлгийн Ерөнхий газартай зөвшилцөж, 2021 оны 5 сар төрийн албаны удирдах ажилтны нөөцөд байсан хүнийг түр томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн.
З.Б-ийг шилжүүлэн ажиллуулахаар гаргасан Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дүгээр тушаалын хуулийн заалт нь буруу. Учир нь мал эмнэлгийн газарт зайлшгүй шаардлага гараагүй, тухайн албан тушаалд хүн ажиллаж байсан. З.Б нь Мал эмнэлгийн Ерөнхий газарт 10 жил ажиллаагүй, 2 жил ажилласан байсан тул Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга бидний хооронд харилцан тохиролцож, шилжүүлэн ажиллах нөхцөл үүсээгүй.
Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дүгээр тушаалд З.Батсүлдийг Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн албаны даргын албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар заагаагүй,зөвхөн ажлын байраар хангаж ажиллахыг үүрэг болгосон. Тийм учраас Дуут сумын Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагчаар ажиллуулахаар тушаал гаргасан.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
З.Б нь Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дугаартай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасан үндэслэлээр Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу З.Б Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт ирж уулзаад тушаалаа өгсөн байдаг. Уг тушаалыг Ховд аймгийн Мал эмнэлгийн газар хүлээж аваад З.Б -ийг ажилд томилно гэж ойлгоод хүлээсэн бөгөөд он гараад томилох тухай хэлж 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хүлээлгэсэн.
Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргын зүгээс З.Б -ийг Захиргаа, санхүүгийн албаны даргын ажилд Ц.Б -ыг тэтгэвэрт гарсны дараа томилно гээд хүлээлгэсэн байдаг. Сүүлдээ хариу өгөхгүй болохоор албан ёсоор бичгээр хандаж, 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хариу авсан байдаг. Уг хариуд “сул байгаа орон тоонд заавал төрийн албаны шалгалтыг зохион байгуулаад тэнцсэн хүнийг ажилд авна, тийм учраас таныг ажилд авах боломжгүй” гэсэн байдаг.
Хариуцагч Д.Б -ийн хувьд Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэргэн ажиллуулах журамд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны үндсэн дээр тухайн ажил, албан тушаал дээр шилжүүлэн ажиллуулдаг бөгөөд шилжин ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалын зэрэг дэвийг бууруулахгүйгээр ажилд томилохоор заасан байдаг.Төрийн жинхэнэ албан хаагчдыг өөр ажил, албан тушаалд шилжүүлэхдээ Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэргэн ажиллуулах журмын 5 дугаар зүйлийн 5.1-т “төрийн жинхэнэ албан хаагчийг өөр ажил, албан тушаалд шилжүүлэхдээ шаардлага хангаж байгаа тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахгүй” гэж заасан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч З.Б нь Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 193 дугаартай тогтоолоор Дэс түшмэлийн ангиллын төрийн албан тушаалд орох иргэний нөөцөд бүртгэгдсэн байдаг. Нэхэмжлэгч нь 2010 оноос хойш төрийн албанд ажиллаж байгаад 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын Б/69 дүгээр тушаалаар Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжүүлэн ажиллуулсан байдаг.
Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын хувьд “эргээд ажилд авна, хүлээж бай” гэсэн атлаа 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Оюунчимэгийг, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Энхтуяаг тухайн албан тушаалд томилж байгаа нь өөрөө Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын тушаалыг биелүүлэхгүй байна. Мөн З.Б -д өгч байгаа хариу тайлбараар төрийн албаны шалгалтад тэнцсэн хүнийг авна гэдэг байдлаар хандаад байгаа боловч Төрийн албан хаагчийн шаардлага, болзлыг хангасан хүний эрх зүйн байдлыг дордуулж хөдөлмөрлөх эрхийг нь хангахгүй байгаа ба дээд албан тушаалын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаа.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь 2021 оны 07 сарын 20-ны өдөр Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Б-д холбогдуулан “Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дүгээр “З.Б- ийг шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалыг биелүүлэхгүй байгаа буюу Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн албаны даргын албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн албаны даргын албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд “Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дүгээр “З.Б-ийг шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалыг биелүүлж тохирох албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тохирох албан тушаалд томилсон шийдвэр гаргах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өөрчилсөн.
Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн хянан хэлэлцэж, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримтыг үнэлж дүгнээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Маргааны үйл баримтын талаар:
1. Нэхэмжлэгч З.Б нь Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар тус газрын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын хууль, эрх зүйн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар[1] тус албан тушаалд томилогдож ажиллаж, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг[2] өргөсөн төрийн захиргааны албан хаагч байна.
2. Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дүгээр тушаалаар[3] З.Б -ийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс ажлаас чөлөөлж, Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжүүлж, тушаалыг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/1068 дугаар албан бичгээр[4] хүргүүлжээ.
3. Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар[5] З.Б -ийг Дуут сум дахь мал эмнэлгийн тасгийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд 6 сарын туршилтын хугацаагаар томилсон.
4. З.Батсүлд Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн албаны даргын албан тушаалд томилох боломжгүй талаар хариуг Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 112 дугаар албан бичгээр[6] өгсөн.
Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг дүгнэвэл:
Нэхэмжлэгч З.Батсүлд нь хариуцагч Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргаас ажилд томилох боломжгүй талаар өргөдлийн хариуг хүлээн авснаас хойш Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд тус шүүхэд хандаагүй ч уг хугацаанд Төрийн албаны зөвлөл, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчээс түүнийг шилжүүлсэн тушаалтай маргаагүй бөгөөд уг тушаалыг биелүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус гэж маргаж, хариуцагчаас нэхэмжлэгчийг шилжүүлсэн нь үндэслэлгүй тул албан тушаалд томилох боломжгүй гэж тайлбарлан маргаж байна.
Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачлагаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.” гэж, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 1.2-д “Төрийн байгууллагын ажлын ачааллыг зохицуулах, төрийн албанд ажиллаж туршлага хуримтлуулсан албан хаагчийн мэдлэг, ур чадварыг үр өгөөжтэй ашиглах, дадлага туршлагыг нь бусдад эзэмшүүлэх, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад энэ журмыг баримтална.” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгчээс шилжин ажиллахаар Мал эмнэлгийн ерөнхий газрын даргатай тохиролцсоноор тушаал гарсан байхад хариуцагчаас дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлэхгүй, зохих ажил албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.
Төрийн албаны тухай хууль болон журамд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах зорилго, зохицуулалтаас үзвэл нэгдүгээрт, ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг өөртэй нь тохиролцсоноор хоёрдугаарт, тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачлагаар гэсэн 2 тохиолдолд шилжүүлэн ажиллуулж болохоор байх аль ч тохиолдолд хоёр байгууллагын удирдлагууд харилцан тохиролцсон байхыг шаардахаар байна.
Ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл байдлыг ойлгоно.
Нэхэмжлэгч З.Б -ийн хувьд тухайн албан тушаалд 10-аас дээш ажиллаагүй байх тул байгууллагын удирдлагын санаачлагаар шилжин ажиллах нөхцөл бүрдээгүй харин ажлын зайлшгүй шаардлагаар 2 байгууллагын удирдлага харилцан тохиролцсон, өөрөө шилжин ажиллахыг зөвшөөрсөнөөр шилжин ажиллах боломжтой байна.
“Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 2.5-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч өөр байгууллагад шилжин ажиллах хүсэлтээ байгууллагын удирдлагад гаргах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч З.Б Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжин ажиллах талаар байгууллагын удирдлагатай тохиролцсон, харин 2 байгууллагын удирдлага харилцан ярилцаж тохиролцоогүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон гэрч Д.Т -ийн “2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр З.Б нь ажлаас 3 сарын чөлөө олгож өгнө үү гэсэн хүсэлтээ өгсөн. Тухайн үед ажлын нөхцөл байдал болон олон сараар чөлөө өгөх асуудал үүссэн учраас Ховд аймаг руу ажиллаж, амьдрахаар явж байгаа учраас Ховд аймгийн Мал эмнэлгийн газар руу ажиллуулахаар чөлөөлж, шилжүүлэхээр шийдвэр гаргасан. Энэ талаар З.Б бид хоёр ярилцаж, тохиролцсон байгаа. Ямар ажлын байраар хангах асуудал нь Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргын бүрэн эрхийн асуудал юм. Энэ талаар хоорондоо ойлголцсон гэж бодсон.” гэх мэдүүлгээр[7] тогтоогдож байна гэж үзлээ.
Төрийн албан жинхэнэ албан хаагч нь өөрийн хүсэлтээр болон удирдлагын хүсэлтээр адил шатны байгууллага болон эсхүл удирдлагын хувьд дээд болон доод шатны байгууллагад өөрийн мэргэжил, мэргэшил таарах, эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэлд хамаарах ажилд шилжин ажиллаж боломжтой хэдий ч 2 байгууллагын удирдлага харилцан тохиролцсоныг бичгээр баталгаажуулсан байх учиртай.
Энэ нь шилжиж ажиллах албан хаагчийн ажлын байр, ажиллах нөхцлийн бүрдүүлэхтэй холбоотой буюу Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.3-д заасан төрийн албан хаагчийн албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцлөөр хангуулах баталгааг хангахад ач холбогдолтой юм.
Дээрх тохиолдолд шилжүүлэн ажиллуулах нөхцөл бүрдээгүй буюу шилжин ажиллах байгууллагын удирдлагатай тохиролцохгүйгээр нэхэмжлэгчийг шилжүүлсэн байх тул хариуцагчийг “дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажилд томилох үүрэгтэй гэж үзэх үндэслэлгүй.
Нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр шилжүүлсэн эсэх талаар маргаагүй ч хариуцагчаас дээд шатны байгууллагын шийдвэрийг хууль бус гэж үзвэл биелүүлэхээс татгалзах эрхтэй.
“Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 1.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй.”, 5.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахгүй. гэж зааснаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан Мал эмнэлгийн ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаал нь ТЗ-7 зэрэглэлийн дэс түшмэлийн ангилалд хамаарч байх ба үүнд дүйцэх ангилал, зэрэглэлийн албан тушаал нь Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт Захиргаа, санхүүгийн удирдлагын албаны дарга байх ба уг албан тушаалд ажиллаж байгаа Ц.Б- ыг өндөр настны тэтгэвэрт гаргаснаар уг албан тушаалд ажиллах боломжтой байсан гэж нэхэмжлэгч маргаж байна.
З.Б -ийг шилжүүлэх тушаал гарах үед Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн удирдлагын албаны даргаар Ц.Б ажиллаж байсан тул хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлын байраар хангах үүднээс 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар Дуут сум дахь мал эмнэлгийн тасгийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчаар томилсон боловч нэхэмжлэгч уг албан тушаалд ажиллаагүй байна.
Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт Захиргаа, санхүүгийн удирдлагын албаны даргаар ажиллаж байсан Ц.Б нь 2021 оны 03 сарын 02-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн тул нэхэмжлэгчээс тус албан тушаалд ажиллахаар өргөдөл гаргасныг хариуцагчаас “Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Төсвийн хэмнэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолын 1.2-т шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүй байж ажиллахыг төрийн байгууллагын дарга, төсвийн захирагч нарт үүрэг болгосныг баримтлан ажилд томилох боломжгүй талаар хариуг өгч, уг албан тушаалыг байгууллага дотроос түр орлон гүйцэтгүүлэхээр шийвэрлэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.8-д зааснаар ажлаас чөлөөлсөн тохиолдолд уг орон тоог хууль, журамд зааснаар нөхөх хүртэл албан үүргийг нь түр орлон гүйцэтгүүлж болохоор заасан ба ба Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор хариуцагчаас байгууллага дотроос зохих албан тушаалтнаар түр орлон гүйцэтгүүлэх шийдвэр гаргасныг буруутгахааргүй байна гэж дүгнэлээ.
Хариуцагчаас нэхэмжлэгчийг ажилд томилох боломжгүй талаар хариуг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 112 дугаар албан бичгээр өгсөн байх ч нэхэмжлэгчээс тушаалыг биелүүлэхгүй байгаа нь эс үйлдэхүй гэж маргаж байгаа хүлээн авах боломжгүй.
Иймд хариуцагчийг нэхэмжлэгч З.Б -ийг шилжүүлсэн тушаалыг биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч З.Батсүлдийн “Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дүгээр “З.Б -ийг шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалыг биелүүлж тохирох албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тохирох албан тушаалд томилсон шийдвэр гаргах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ