Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2025/0130

 

 

 

 

 

 

 

                             “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “А” ХХК

Хариуцагч НЗД

Нэхэмжлэлийн шаардлага: “А” ХХК-ийн эзэмших эрхийн газраас 80 м.кв хэмжээтэй газар эзэмших эрхийг хассаныг хууль бус болохыг тогтоолгох, Б дүүрэг ** дүгээр хороо, * дүгээр хороолол, Д гудамж, **/* хаягт байрлах А зочид буудлын баруун хойно орших 80 м.кв хэмжээтэй газрыг эзэмших эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох, уг газар нь хууль бусаар хасагдсан газар эзэмших эрхийг А ХХК-д нөхөж олгохгүй байгаа НЗД-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, “А” ХХК-ийн газар эзэмших эрхийг урьд нь эзэмшиж байсан хэмжээгээр нь нөхөн олгохыг НЗД-д даалгах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/0856 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г

Хэргийн индекс: 128/2023/0868/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А” ХХК нь НЗД-д холбогдуулж “А ХХК-ийн эзэмших эрхийн газраас 80 м.кв хэмжээтэй газар эзэмших эрхийг хассаныг хууль бус болохыг тогтоолгох, Б дүүрэг ** дүгээр хороо, * дүгээр хороолол, Д гудамж, **/* хаягт байрлах А зочид буудлын баруун хойно орших 80 м.кв хэмжээтэй газрыг эзэмших эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох, уг газар нь хууль бусаар хасагдсан газар эзэмших эрхийг А ХХК-д нөхөж олгохгүй байгаа НЗД-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, “А” ХХК-ийн газар эзэмших эрхийг урьд нь эзэмшиж байсан хэмжээгээр нь нөхөн олгохыг НЗД-д даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/0856 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн НЗД-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “А” ХХК-д Б дүүрэг ** дүгээр хороо, * дүгээр хороолол, Д гудамж, **/* хаягт байрлах “А” зочид буудлын баруун хойно орших 80 м.кв хэмжээтэй газрыг эзэмших эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрч, уг газрыг эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа НЗД-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, НЗД-д өөрийн бүрэн эрхийн хүрээнд “А” ХХК-ийн газар эзэмших хүсэлтийг эцэслэн шийдвэрлэхийг даалгаж”, 2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5* дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан “А” ХХК-ийн НЗД-д холбогдуулан гаргасан А ХХК-ийн эзэмших эрхийн газраас 80 м.кв хэмжээтэй газар эзэмших эрхийг хассаныг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 21-т “Иймд Б дүүрэг ** дүгээр хороо, * дүгээр хороолол, Д гудамж, **/* хаягт байрлах “А” ХХК зочид буудлын баруун хойно орших 80 м.кв хэмжээтэй газар эзэмших “А” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа НЗД-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, НЗД-д өөрийн бүрэн эрхийн хүрээнд эцэслэн шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэв” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан.

Ирсэн бичгийн бүртгэл хяналтын 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн картад “Тус компанийн ******* дугаарын утсаар 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр холбогдож ГЗБГГЗГ-ын 2021 оны 187 дугаар журмын дагуу холбогдох материалын бүрдлийг хангаж НҮНТ-д хүсэлтээ дахин гаргаж зөвлөж дээрх өргөдлийг хааж байна. Хүсэлтийг тус албаны ГЭАЭХШЗ-ийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэх болно”, мөн ирсэн бичгийн бүртгэл хяналтын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн картад “Танай ирүүлсэн хүсэлтийн дагуу тус албаны ГЭАЭХШЗ-ийн 3* дүгээр хурлаар хэлэлцүүлэхээр газрын удирдлагын системд *******-********-** дугаарын өргөдлийг үүсгэж хэлэлцүүлэхээр бэлтгээд байна. Хурлын шийдвэрийг эргэж мэдэгдэх болно” гэх агуулгаар тус тус шийдвэрлэсэн байна. Мөн газар эзэмших ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар 3 удаа оруулж хэлэлцүүлсэн байдаг. Захиргааны байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээж авч, хурлаар хэлэлцүүлж шийдвэр гаргасан байхад үүргээ биелүүлээгүй шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй болгон тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай бөгөөд захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/0856 дугаар шийдвэрийн Б дүүрэг ** дүгээр хороо, * дүгээр хороолол, Д гудамж, **/* хаягт байрлах “А” XXК зочид буудлын баруун хойно орших 80 м.кв хэмжээтэй газрыг эзэмших эрх зүйн, харилцаа байгаа болохыг тогтоолгох, уг газар нь хууль бусаар хасагдсан газар эзэмших эрхийг “А” ХХК-д нөхөж олгохгүй байгаа НЗД-ын эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж   шийдвэрлэлээ.

          2. НЗД-ын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар[1] аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн газар ашиглах, эзэмших эрхийг баталгаажуулж, хавсралтаар “А” ХХК-д Б дүүргийн ** дүгээр хороонд Зочид буудал, үйлчилгээний зориулалтаар 1420 м.кв газрыг 4 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, 2001 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээ”-г[2] байгуулжээ.  

          3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...захиргааны байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээж авч, хурлаар хэлэлцүүлж шийдвэр гаргасан байхад үүргээ биелүүлээгүй шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй болгон тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй” хэмээн маргасан.

          4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “А” ХХК-аас 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/37 дугаар албан бичгээр Нийслэлийн Газрын албанд “...тухайн үед баталгаажуулаагүй үлдсэн 592.25 м.кв талбайн хэсгийг нөхөн баталгаажуулж, шинэчлэн хийлгэсэн кадастрын зургийн дагуу нийт 2012.25 м.кв газрыг үйлдвэрлэл, үйлчилгээ, орон сууцны зориулалтаар эзэмших зөвшөөрлийг олгож өгнө үү” хэмээн хүсэлт[3] гаргажээ.

          5. НЗД-ын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/** дүгээр “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжаар[4] 2001 оны *** дугаар захирамжийг үндэслэн Б дүүрэг, ** дүгээр хороонд үйлчилгээний зориулалттай 1932 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр “А” ХХК-ийн газрын хэмжээг нэмэгдүүлж, мөн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/*** дүгээр захирамжаар[5] үйлчилгээ, орон сууцны зориулалтаар өөрчилж 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/*** дүгээр захирамжаар[6] 1932 м.кв газрыг 15 жилийн хугацаатай тус тус эзэмшүүлсэн байна.

          6. Мөн Б дүүргийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ** дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх, баталгаажуулах, байршил солих, хугацаа сунгах тухай” захирамжаар[7] С.Н-д Б дүүрэг, ** дүгээр хороо, А зочид буудлын баруун хойно худалдаа үйлчилгээний зориулалтаар 72 м.кв газрыг 5 жилийн хугацаатай газар эзэмшүүлж, 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжаар[8] газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/*** дугаар захирамжаар[9] 104 м.кв газар болгон нэмэгдүүлэн эзэмшүүлжээ.

          7. НЗД-ын 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/**** дугаар “Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай” захирамжаар[10] Б дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний зориулалттай 104 м.кв газар эзэмшигч иргэн С.Н-ийн газар нь бусдын газартай давхцаж, хууль ёсны ашиг сонирхолд нь сөргөөр нөлөөлсөн тул 73 м.кв газрыг хасаж шийдвэрлэсэн.

          8. Улмаар С.Н нь НЗД-д холбогдуулан “НЗД-ын 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/**** дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар шийдвэрээр[11] нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

          9. Нэхэмжлэгч “А” ХХК-аас  2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 23/** дугаар албан бичгээр НЗД-д “...манай эзэмшил газраас хууль бусаар хассан 80 м.кв газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлтийг[12] гаргасан.

          10. 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ** дүгээр “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлын тэмдэглэлээр[13] Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэршил өөрчлөх тухай: 1. А ХХК, ** дүгээр хороо, НЗД-ын 2017 оны А/***, Үйлчилгээ, орон сууцны зориулалттай 1930 м.кв газрыг 2024 м.кв болгож нэмэгдүүлэх өөрчлөх, Зөвлөлийн хурлын дүгнэлт: Эс зөвшөөрсөн 100%, Газрын тухай хуульд заасны дагуу талбай нэмэх боломжгүй, шүүхийн маргаан эцэслэгдэх хүртэл хэлэлцэхгүй” гэж шийдвэрлэсэн байна.  

          11. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/** дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах” тухай тушаалаар Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмыг баталж, Журмын 4.9-д “Зөвлөлөөс “Эс зөвшөөрсөн” дүгнэлт гарсан тохиолдолд түүний үндэслэл, тайлбарыг тухайн иргэн, хуулийн этгээдэд 2 хоногийн дотор хариуцсан мэргэжилтэн албан бичгээр хариу өгнө” гэж заажээ.

          12. Анхан шатны шүүхийн “...захиргааны байгууллагаас нэхэмжлэгч “А” ХХК-ийн 80 м.кв газар эзэмших хүсэлтийг эс зөвшөөрсөн талаар дээрх журамд заасны дагуу албан бичгээр мэдэгдээгүй эс үйлдэхүй үзүүлсэн байх бөгөөд шүүхийн маргаан эцэслэгдэх хүртэл хэлэлцэхгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, түүнчлэн газар эзэмшүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлэж шийдвэр гаргаагүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

          13. А” ХХК-ийн эзэмших эрхийн газраас 80 м.кв хэмжээтэй газар эзэмших эрхийг хассаныг хууль бус болохыг тогтоолгох, Б дүүрэг ** дүгээр хороо, * дүгээр хороолол, Д гудамж, **/* хаягт байрлах А зочид буудлын баруун хойно орших 80 м.кв хэмжээтэй газрыг эзэмших эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

          14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5* дүгээр зүйлийн 54.1.1-т “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасан.

          15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасан “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх” гэдгийг эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн тогтоолгохыг шаардаж буй нийтийн эрх зүйн харилцаа байгаа нь, эсхүл байхгүй нь тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэр гарснаар нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, эсхүл дуусгавар болох зэргээр эрх зүйн тодорхой үр дагавар үүсэх буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдах боломжтой тохиолдолд тухайн (нэхэмжлэлээр шаардаж буй) эрх зүйн харилцаа байгааг, эсхүл байхгүйг тогтоосон буюу хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана. Харин нэхэмжлэгчийн тогтоолгохыг шаардаж буй эрх зүйн харилцаа нь байгаа, эсхүл байхгүй гэдэг нь тогтоогдоогүй, тогтоогдсон ч нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсэхээргүй буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдахааргүй бол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

          16. Өөрөөр хэлбэл шүүхээс нэгэнт “...хууль бусаар хасагдсан газар эзэмших эрхийг “А” ХХК-д нөхөж олгохгүй байгаа НЗД-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг “...хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, түүнчлэн газар эзэмшүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлэж шийдвэр гаргаагүй байна” гэж дүгнэлт өгсөн энэ тохиолдолд, А зочид буудлын баруун хойно орших 80 м.кв хэмжээтэй газрыг эзэмших эрх үүссэн болохыг тогтоолгох шаардлага нь хэрэгт авагдсан баримтаар буюу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 1996 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 3/*** дугаар “Гарааш барих газрын зөвшөөрлийн тухай” бичгээр[14] Б дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт А зочид буудлын хэрэгцээнд зориулж хөнгөн тэрэгний 5 машины гарааш барихыг зөвшөөрсөн ба Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн кадастрын зурагт[15] “А” ХХК-ийн эзэмшиж байсан баруун хойно байрлах автомашины гарааш бүхий талбайг хассан нь тогтоогдож байх тул уг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй.

          17. Тиймээс Б дүүрэг ** дүгээр хороо, * дүгээр хороолол, Д гудамж, **/* хаягт байрлах А зочид буудлын баруун хойно орших 80 м.кв хэмжээтэй газрыг эзэмших эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5* дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1** дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 856 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “1.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн НЗД-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 80 м.кв газрыг эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа НЗД-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, НЗД-д өөрийн бүрэн эрхийн хүрээнд “А” ХХК-ийн газар эзэмших хүсэлтийг зохих журмаар шийдвэрлэхийг даалгасугай” гэж өөрчилж, 2 дахь заалтыг “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5* дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “А” ХХК-ийн НЗД-д холбогдуулан гаргасан “А” ХХК-ийн эзэмших эрхийн газраас 80 м.кв хэмжээтэй газар эзэмших эрхийг хассаныг хууль бус болохыг тогтоолгох, Б дүүрэг ** дүгээр хороо, * дүгээр хороолол, Д гудамж, **/* хаягт байрлах А зочид буудлын баруун хойно орших 80 м.кв хэмжээтэй газрыг эзэмших эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1** дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

 

                        ШҮҮГЧ                                               Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

 

 

 

[1] 1 хавтаст хэргийн 20-21 хуудас

[2] 1 хавтаст хэргийн 22-24 хуудас

[3] 1 хавтаст хэргийн 139 хуудас

[4] 1 хавтаст хэргийн 121-122 хуудас

[5] 1 хавтаст хэргийн 140-141 хуудас

[6] 1 хавтаст хэргийн 153-155 хуудас

[7] 2 хавтаст хэргийн 194-195 хуудас

[8] 2 хавтаст хэргийн 193 хуудас

[9] 2 хавтаст хэргийн 189-192 хуудас

[10] 128/2023/0046/З индекстэй хэргийн 24 хуудас

[11] 128/2023/0046/З индекстэй хэрэг

[12] 1 хавтаст хэргийн 6-8 хуудас

[13] 3 хавтаст хэргийн 42-54 хуудас

[14] 1 хавтаст хэргийн 13 хуудас

[15] 1 хавтаст хэргийн 147 хуудас