Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2019/01476

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 20 өдөр         Дугаар 101/ШШ2019/01476             Улаанбаатар хот

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Хужирбулан 0 тоотод оршин суух,  овогт З.П-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, БЗД ЗДТГт холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин 4.585.815 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.П би Нийслэлийн дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0000 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2018/000 дугаар магадлалаар 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын Б/72 дугаар тушаалаар тус дүүргийн тамгын газрын төрийн захиргааны удирдлагын хэлтэст хороо хариуцсан мэргэжилтний албан тушаалдаа томилогдон ажилдаа орсон. Гэвч Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй удсанаас болж ажилдаа эргэж орсон өдөр хүртэлх нийт 7 сарын цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Иймд ажилгүй байсан хугацаан цалин 4.585.815 төгрөг болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч БЗД ЗДТГт даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч БЗД ЗДТГ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: тус шүүхэд хянагдаж байгаа З.Пийн нэхэмжлэлтэй, БЗД ЗДТГт холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд ажилдаа эгүүлэн томилогдсон өдөр хүртэлх нийт 7 сарын цалин буюу 4.585.815 төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагчийн зүгээс дээр нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нийслэлийн дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0000 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2018/0000 дугаар магадлалаар З.П, Н.Т, П.Э, Ц.А нарын нэхэмжлэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох захиргааны хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрээр З.Пийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хороо хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин болох 10.579.383 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн ба 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байдаг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0357 дугаартай З.Пид холбогдох захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай гүйцэтгэх хуудсыг хариуцагчид ирүүлсэн. Үүний дагуу БЗД ЗДТГ-ын даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын Б/72 дугаар тушаалаар тус дүүргийн тамгын газрын төрийн захиргааны удирдлагын хэлтэст хороо хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон ба ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийлгэж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4/9611 дугаартай албан бичгээр З.Пид мэдэгдсэн ба Шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 04 дүгээр сарын 185-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” 4/644 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох 19260252 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичиг явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон. Дээрх хугацаанд хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр холбогдох ажиллагааг гүйцэтгэсээр ирсэн ба дүүргийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг шинэчлэн батлах тухай” А/82 дугаар захирамжаар Хороо хариуцсан мэргэжилтний албан тушаалыг 2 орон тоотой байхаар тусгаж, шүүхийн шийдвэрийн дагуу З.Пийг томилсон. Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2018 оны 08 дугаар сар хүртэлх бүх хугацааны нөхөн бичилтийг хийсэн.

Ийнхүү хариуцагч захиргааны байгууллагаас шүүхийн шийдвэрийг биелүүлж холбогдох ажиллагааг хийж дуусгасан тул дахин 7 сарын цалин буюу 4.585.815 төгрөгийг гаргах үндэслэлгүй, мөн боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.П ажилгүй байсан хугацааны цалин 4.585.815 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч БЗД ЗДТГ Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг цаг алдалгүй хэрэгжүүлж ажиллаж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

БЗД ЗДТГ 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/99 тоот даргын тушаалаар З.Пийг захиргаа, хуулийн хэлтсийн хороо хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлснийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 522 дугаар шийдвэрээр түүнийг эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 10.509.183 төгрөгийг БЗД ЗДТГ-аас гаргуулан шийдвэрлэжээ.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 572 дугаар магадлалаар “нэхэмжлэгч З.Пийг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн хороо хариуцсан ахлах мэргэжилтэн” гэснийг “БЗД ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирлагын хэлтсийн хороо хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд З.П, Ж.Бнарыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3.-т заасан арга, хэлбэрээр шалгаруулан томилохыг  хариуцагчид даалгаж” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч БЗД ЗДТГ 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр З.Пийг тус дүүргийн Засаг даргын тамгын газрын төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн хороо хариуцсан мэргэжилтнээр томилсон байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж хуульчилсан байна.

 

Иймд З.Пийн ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 03 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 6 сар ажлын 12 өдрийн нөхөх олговрыг олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

З.Пийн нэг сарын дундаж цалин хөлсийг 749.329 төгрөг байх бөгөөд түүний ажилгүй байсан хугацаа буюу 6 сар ажлын 12 өдрийн цалин хөлсөнд 4.914.198 төгрөгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын тасгын газраас гаргуулж түүнд олгох нь зүйтэй байна.

/749.329 х 6 сар = 4.495.974 төгрөг, 749.329:21,5=34.852 ажлын нэг өдрийн дундаж цалин, 32.852х12=418.224 төгрөг, 4.495.974+418.224=4.914.198 төгрөг/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар З.Пийн Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

Шүүх хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4.-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар БЗД ЗДТГ-аас 4.914.198 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.Пид олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар З.Пийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, зохих журмын дагуу дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч БЗД ЗДТГт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.523 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 163.777 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.Пид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119, 119.4, 119, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.СОЛОНГО