| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2023/0174/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/182 |
| Огноо | 2023-02-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Билгүүн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/182
2023 02 03 2023/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,
улсын яллагч Г.Билгүүн,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт *******-т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2306 00000 0064 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 3 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, Кристалл топ майнинг ХХК-д механик ажилтай, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт ...................................тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт ******* /РД:............... /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 26 дугаар гудамж, 1582 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Бтай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж улмаар түүний нүүр болон нуруун тус газар хутгаар хатгаж, баруун дал, уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Бгийн өгсөн: "...Хишгээгийнд 13 цагийн үед ороход Улаанаа, Хишгээ, Отгоо нар архи уусан байдалтай сууцгааж байсан. Тэгээд дөнгөж ороод л суухад Мягмар /Улаанаа/ гэх хочтой залуу халамцуу, над руу муухай хараад, “муу бацаан минь гаръя хоёулаа” гээд байхаар нь “би чамаас айхгүй шүү, гаръя” гээд гадаа гарахад намайг цохих гэхээр нь би хавирч унагаагаад цээжин дээр нь дараад “одоо больё, би чамаас айна гэж байхгүй, чи согтсон байна” гэж хэлсэн чинь Мягмар “за за’ гээд бид хоёр эвлэрээд Хишгээгийнд ороод архи тойруулж уугаад, маргалдсан талаараа яриад сууж байхад Мягмар гэнэт куртикнийхээ дотор халааснаас хар иштэй хутга гаргаж ирээд “шаана шүү” гэж хэлэхээр нь би 3 хүүхэдтэй хүн шүү, чи ч гэсэн хүүхэдтэй биз дээ гэж хэлээд үнэхээр гомдоод байгаа бол “уучлаарай” гэж хэлээд бид хоёр гар бариад дахиад эвлэрсэн. Тэгээд сууж байхад Хишгээгийн эхнэр Отгоо 16 цагийн үед “Батзаяа усанд цуг яваад өгөөч” гэж хэлэхээр нь би “тэгье тэгье” гэсэн чинь Отгоо усны савны тагаа хайгаад байсан, тэр үед Мягмар Хишгээгийн хашаанд нь гэртэй байдаг ахынх нь гэрийн үүдэнд зогсож байсан, би айлын эхнэртэй усанд явахаар хардах болов уу гэж бодоод Мягмарыг “хоёулаа хамт яваад ирье” гэж хэлээд цуг усны төмөр тэрэг дээр 20 литрийн 2 сав тавиад би түрээд хашаанаас нь гараад худаг руу чиглээд ойролцоогоор 200м газар явж байгаад “худаг нь ийм хол юм уу” гэж Мягмараас асуухад шууд хажуунаас уруул хэсэг рүү үзүүртэй юмаар цохиход нь би уруулаа дараад тонгойход нуруу хэсэг рүү бас цохих шиг болсон. Тэр үед нь би уруулаас цус нэлээн гарахаар нь зугатаагаад гудамж уруу гүйгээд зугатааж яваад цагдаа дуудсан" гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дэх тал/,
Гэрч Ж.Ариунгэрэлийн өгсөн: “Ц.Б нь надад Энхбат, Батмөнх, дахиад нэг эрэгтэй хүн уугаад явж байна гэж хэлсэн, хаана байгаа талаараа бол хэлээгүй. Тэрнээс хойш холбоогүй байж байгаад 17 цаг 16 минутад над руу Ц.Б нь залгаад би хунд хутгалуулчихлаа, Дарь эхэд байна гэж хэлсэн, тэгээд л дахин дахин над руу залгаад би хутгалуулчихлаа гэж хэлж байсан, сүүлд Цагдаагийн алба хаагч над руу холбогдохоор нь би итгээд гэрээсээ гараад эмнэлэг дээр ирсэн юм" гэх мэдүүлэг /хх-ийн 11 дэх тал/,
Гэрч Г.Хишигжаргалын өгсөн: “Тэгээд бид 5 юм ярьж суугаад эхний нэг шил 0.75л архиа ууж дуусаж байхад Батзаяа, Мягмар хоёр юунаас болсныг сайн мэдэхгүй байна, намайг гадаа гарч бие засчихаад орж ирэхэд маргалдсан сууж байсан. Тэгэхээр нь би тэр хоёрт хандаж “манайд ингэж хэрэлдэхгүй ээ, гар, явцгаа” гэж хэлсэн чинь тэр хоёр надтай зөрөөд гараад явсан, тэгсэн удалгүй Мягмар орж ирээд сая гэрийн гадаа Батзаяа гэх залуу намайг араас хавсраад унагаачихлаа гэж хэлээд ороод ирэхээр нь би “та нар чинь хаашаа юм бэ, манайх нялх нойтон хүүхэдтэй, хэрүүл маргаан битгий хийцгээгээд бай” гэсэн чинь Батзаяа гэх залуу “за хөгшөөн одоо найз нь асуудал гаргахгүй, зүгээр зүгээр” гэж хэлээд сууцгааж байгаад Мягмар, Батзаяа хоёр усанд явлаа гээд цуг гараад явсан. Тэгсэн удалгүй 7 орчим минутын дараа гаднаас Мягмар гартаа хар иштэй хутга барьчихсан, “би сая Батзаяаг нүүрэн тус газар нь хутгалчихлаа” гэж хэлээд орж ирсэн. Тэр хутганы үзүүр хэсэг нь цус болсон мэт өнгөтэй байсан" гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дэх тал/,
Гэрч Ц.Батмөнхийн"...Мягмар, Батзаяа хоёр гадаа гарчихаад орж ирэхдээ хоорондоо маргалдсан байдалтай Мягмар нь Батзаяа намайг хавираад унагаачихлаа гэж орж ирэхэд нь би Батзаяа руу чи аятайхан ууж иднэ гээд ирээ биз дээ гэсэн, бас Хишгээ “та нар больцгоо айлд ирчихээд маргалдаад, хүүхдийн хажууд хэрүүл хийгээд байх юм, явцгаа гэж хэлсэн, тэгэхэд тэр хоёр бид хоёр дахиж асуудал гаргахгүй ээ” гэж хэлээд хэсэг сууж байгаад Мягмар, Батзаяа хоёр гэрт байхгүй гарсан байсан, тэрнээс хойш нээх удаагүй гаднаас Мягмар “би Батзаяагийн нүүр рүү хутгалчихлаа” гэсээр ороод ирсэн, тэгэхээр нь би тоглож байна гэж бодоод цонхоор харахад Батзаяа харагдахгүй байхаар нь “би яаж байгаа юм бэ чи” гэж хэлээд Энхбаттай цуг бид хоёр Батзаяаг хайхаар араас нь гарахад олдохгүй, явсан юм шиг байсан" гэх мэдүүлэг /16-17 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 610 дугаартай "...
1. Ц.Бгийн биед баруун дал уруулд шарх гэмтэл учирчээ.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хенген зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй" гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 611 дугаартай
1.2. *******ын биед зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
6. Еренхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх дүгнэлт /хх-ийн 35-36 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 26 дугаар гудамж, 1582 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Бтай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж улмаар түүний нүүр болон нуруун тус газар хутгаар хатгаж, баруун дал, уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 26 дугаар гудамж, 1582 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Бтай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж улмаар түүний нүүр болон нуруун тус газар хутгаар хатгаж, баруун дал, уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дахь тал/, хохирогч Ц.Бгийн мэдүүлэг /хх-ийн 8-9 дэх тал/, гэрч Ж.Ариунгэрэл, Г.Хишигжаргал Ц.Батмөнх нарын мэдүүлэг. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 610 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-32 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.737.450 төгрөгийг төлсөн /хх-ийн 70 дахь тал/, хохирогч Ц.Бгийн гомдол саналгүй хохиролоо барагдуулж авсан, хэргийн хялбаршуулан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 88-89 дэх тал/ гаргасан байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул хохирол төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хутгыг устгуулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгч ******* ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан ”тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, мөн түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хх-ийн 90 дэх тал/ зэргийг харгалзан үзэж улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 9 см, бариул хэсэг 9 см, нийт 18.5 см урттай хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт *******-ыг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасны дагуу энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 9 см, бариул хэсэг 9 см нийт 18.5 см урттай хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгсугай
5.Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА