| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 101/2019/01791/И |
| Дугаар | 101/ШШ2019/01696 |
| Огноо | 2019-06-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2019/01696
2019 оны 06 сарын 06 өдөр Дугаар 101/ШШ2019/01696 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүгч Т.Ганчимэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 хотхон, 0 дүгээр байр, 0 тоотод оршин суух Ж овогт Б.А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, дугаар хороо, 0 хотхон, 0 дүгээр байр, 0 тоотод оршин суух Б овогт Б.Э
Хариуцагч: А аймаг, Эсум, 0 дүгээр баг, Эрчим 0 дүгээр гудамж, 0 тоотод оршин суух, Н овогт Б.М нарт холбогдох,
Гэм хорын хохиролд 2.957.475 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, иргэдийн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А миний бие 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн гэртээ Б.Э, Б.М нарт зодуулж шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 5611 дүгнэлтээр зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, дух зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн бугалга, зүүн шуу, зүүн дал, зүүн сарвуу, зүүн шагай, зүүн шилбэ, зүүн тавхайд цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдсон болно. Тус эрүүгийн хэрэг маргаан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шийдвэрлэгдэж дугаар 261 тоот шүүхийн шийтгэх тогтоол гарч шүүгдэгч Б.М, Б.Э нарыг гэм буруутай болохыг тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Эыг 300 цаг, Б.Мыг 180 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Б.Э, Б.М нараас тус бүр 915.000 төгрөгийг гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн. Дээрх эрүүгийн хэргийн тогтоолд заасан мөнгөн дүнгээс тусдаа гэмтэл авснаас болж 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 7 хоногийн хугацаатай “Э” эмнэлэгт ор хоногийн 45.000 төгрөгөөр нийт 315.000 төгрөгийг төлж хэвтсэн, нарийвчилсан шинжилгээ хийх шаардлагатай болсон тул 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Ц” лабораторид 76.000 төгрөгийн шинжилгээ өгсөн. 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөөс 13 хоног өвчтэй байсан учир 411.475 төгрөгийн цалин дутуу бодогдсон. Эрүүгийн хэрэгт өмгөөлөгчтэй оролцсон тул өмгөөллийн хөлс 500.000 төгрөг төлсөн. Хэрэг гарах үед Б.Э, Б.М нар балмад авирлаж 515.000 төгрөгийн гэрийн эд зүйлс эвдэж сүйтгэсэн бөгөөд эд зүйлийг үнэлгээг тогтоолгоход 40.000 төгрөг болсон мөн миний хувьд саажилттай охиныхоо хамт амьдардаг тул эмнэлэгт байх хугацаандаа 600.000 төгрөгөөр харилцан тохиролцож хүүхэд харуулах гэрээ байгуулж хүүхдээ харуулсан. Гэм хор учруулсан хохирлыг нөхөн барагдуулахаар өмгөөлөгчтэй гэрээ байгуулахад 500.000 төгрөг нийт учирсан хохирол 2.957.475 төгрөг болсон. Иймд 2.957.475 төгрөгийг гаргуулахаар иргэний шүүхэд хандаж байна гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.А нь Б.Э,Б.М нарын учруулсан хөнгөн гэмтлийн улмаас эмнэлэгт хэвтэж гадуур эмчлүүлсэн бол энэ тухай өвчтөний түүх, эмнэлгийн хяналтын дэвтэр дээр тодорхой бичигдэхийн зэрэгцээ ямар, ямар эм тариаг хэрхэн яаж хэрэглэх талаар эмч тодорхой бичсэний дагуу эм тариаг авсан байх ёстой. Гэтэл Б.А нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтын шаардлага хангахгүй энд тэндээс хувиараа цуглуулсан баахан хуурамч мөнгөний баримт бүрдүүлэн өгснийг шүүх хүлээн авч Б.Э, Б.М нараас тус бүр 915.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Б.А нь дээрх нөхцөл байдлыг “шүүхэд ямар ч хамаагүй тамгатай бичиг л аваачаад өгөхөд төл гэсэн шийдвэр гаргадаг юм байна” гэсэн ойлголтоор Иргэний шүүхэд хандаж байна. Нэхэмжлэгч Б.А 2018 оны 05 дугаар сарын 01-нээс 7 хоногийн хугацаатай “Ээлтэй-Отог” эмнэлэгт ор хоногийн 45.000 төгрөгөөр нийт 315.000 төгрөгийг төлж эмнэлэгт хэвтсэн гэдэг боловч чухам ямар өвчний учир хэвтэн эмчлүүлж, хэдэн төгрөгийн ямар ямар эмчилгээ эм тариа хэрэглэсэн юм. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болсон шалтгаан нь Б.Э, Б.М нарын учруулсан хөнгөн гэмтэлтэй холбоотой эсэх нь илтэд эргэлзээтэй байна. Нэхэмжлэгч Б.А нь Б.М, Б.Э нарын учруулсан хөнгөн гэмтлийн улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн бол энэ тухай өвчтөний түүх эмнэлгийн хяналтын дэвтэр дээр тодорхой бичигдсэн байх ёстой. Гэтэл холбогдох нотлох баримт байхгүй байгаа нь таньдаг эмнэлгээс тамгатай бичиг хийлгэж ирээд шүүхэд хандахад гаргаад өгдөг юм байна гэсэн байр суурьнаас хандаж байна. Б.А н ь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Ц” лабораторид 76.000 төгрөгийн шинжилгээ өгсөн гэх боловч Б.Э, Б.М нарын учруулсан хөнгөн зэргийн гэмтлийн улмаас шинжилгээ өгсөн юм уу, эсвэл өөр эд эрхтэний шинжлүүлсэн юм уу гэдэг нь бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл “Центр лаб” лабораторид 76.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримтыг судлан үзэхэд Б.А нь чухам ямар шинжилгээ өгсөн. Тэр шинжилгээ нь Б.Э, Б.М нарын учруулсан хөнгөн гэмтэлтэй холбоотой болох нь илтэд эргэлзээтэй байна. Нэхэмжлэгч Б.А нь 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш 13 хоног өвчтэй байсан учир 411.475 төгрөгийн цалин дутуу бодогдсон нь нийгмийн даатгал төлсөн баримт өвчтэй байх үеийн листийн мөнгө олгох эмнэлгийн дутуу цалин олгосон гэх санхүүгийн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдох ёстой. Гэтэл дээрх нотлох баримтууд хэрэгт байхгүй байгаагаас үзэхэд Б.А цалингаа дутуу авсан болох нь илтэд эргэлзээтэй байна. Гэмт хэрэг гарах үед Б.Э, Б.М нар балмад авирлаж 515.000 төгрөгийн гэрийн эд зүйлс эвдэж сүйтгэсэн бөгөөд тус эд зүйлийн үнэлгээг тогтооход 40.000 төгрөг болсон нь мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Гэмт хэргийн учир эд зүйл нь эвдэрч хэмхэрсэн бол Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байх явцад хэргийн газарт үзлэг хийлгүүлэн, эвдэрч хэмхэрсэн зүйлийг нотлох баримтаар бэхжүүлэн авч хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тогтоолгох байтал Эрүүгийн хэрэг нь шүүхээр шийдэгдсэний дараа иргэний шүүхэд хуурамч үнэлгээ авчирч ямар ч үндэслэлгүй мөнгө нэхэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байх явцад гэрийнхээ эд зүйлсийг эвдэж сүйтгүүлсэн талаар юу ч яриагүй, юу ч шалгуулаагүй байж Иргэний шүүхэд хуурамч үнэлгээ авчир ч үндэслэлгүй мөнгө нэхэж байна. Нэхэмжлэгч Б.А нь саажилттай охиноо эмнэлэгт байх хугацаандаа 600.000 төгрөгөөр харилцан тохиролцож хүүхэд харуулах гэрээ байгуулж хүүхдээ харуулсан гэх боловч хүүхэд асрагчтай байгуулсан гэрээ нь байхгүй байна. Мөн Б.А нь Б.Э, Б.М нарт зодуулан биедээ хөнгөн гэмтэл авсны улмаас эмнэлэгт хэвтэж, хүүхдээ асран хамгаалж чадахгүй болсон зэрэг нь илтэд үндэслэлгүй байна. Иймд Б.Аийн нэхэмжилсэн 2.957.475 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн тухайн үед гэрт байсан эд зүйл гэмтсэн бол эрүүгийн журмаар шалган шийдвэрлэх шатанд тогтоож, энэ талаар хариуцлага ногдуулах байсан гэвч нэхэмжлэгч сүүлд эд зүйл эвдэрсэн гэж нэхэмжлэл гаргаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Цалин 411,475 төгрөг, хүүхэд асрагч хөлсөлсөн 600,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А хариуцагч нараас “Э” эмнэлэгт хэвтсэний төлбөр 315.000 төгрөг, “Ц” лабораторид шинжилгээ өгсөн 76.000 төгрөг, өвчтэй байх хугацааны цалингийн зөрүү 411.475 төгрөг, эрүү, иргэний хэрэгт өмгөөлөгч оролцуулсан өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөг, Х ХХК-нд үнэлгээ хийлгэсэн төлбөр 40.000 төгрөг, эмнэлэгт байх хугацаандаа саажилттай охиноо харуулах гэрээ байгуулж, хүүхдээ харуулсны төлбөр 600.000 төгрөг, гэрийн эвдсэн эд зүйлийн үнэ 515.000 төгрөг, нийт 2.957.475 төгрөг нэхэмжилсэн байна.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас өвчтэй байх хугацааны цалингийн зөрүү 411.475 төгрөг, эмнэлэгт байх хугацаандаа саажилттай охиноо харуулах гэрээ байгуулж, хүүхдээ харуулсны төлбөр 600.000 төгрөг, нийт 1.011.475 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Зохигчдын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр маргаан болсны улмаас нэхэмжлэгч Б.Аийн биед хөнгөн гэмтлийг Б.Э, Б.М нар учруулсан болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.
Уг шийтгэх тогтоолоор Б.Э, Б.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Эыг 300 цаг, Б.Мыг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Б.Э, Б.М нараас тус бүр 915.000 төгрөг гаргуулан Б.Ад олгохоор шийдвэрлэжээ. /хх-ийн 3-6 дугаар тал/
Нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч нар тухайн эд хогшлыг эвдэж гэмтээсний үнэлгээ болох 510.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Х” ХХК-иар үнэлгээ хийлгэж 40.000 төгрөг, нийт 550.000 төгрөгийг нэхэмжилсэн.
Хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас эвдэрсэн гэх эд хогшлын үнийг 2019 онд үнэлгээ хийлгэж, нэхэмжилж байгаа нь эргэлзээтэй байна.
Өөрөөр хэлбэл 2018 оны 04 дүгээр сард учирсан хохирлыг тухайн үед нь нэхэмжлээгүй, шийтгэх тогтоолд тухайн эд хөрөнгөд учирсан хохирлын талаар дурдаагүй нэхэмжлэгч нэхэмжлээгүй байх тул 550.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч “Э” эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд 315.000 төгрөг төлсөн нэхэмжилж байгаа боловч тухайн эмнэлэгт Б.А хэвтэн эмчлүүлсэн талаарх, “Ц” лабораторид 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шинжилгээ хийлгэсэн төлбөр 76.000 төгрөг нэхэмжилсэн боловч хариуцагч нарын үйлдлийн улмаас эмчийн заавраар дахин шинжилгээ хийлгэсэн эсэх нь баримтаар нотлогдохгүй байх тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэний 315.000 төгрөг, шинжилгээ хийлгэсний 76.000 төгрөг нийт 391.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Г.Б өмгөөлөгчтэй хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Э.Н-тэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, тус бүр 500.000 төгрөг буюу 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байх бөгөөд эдгээр төлбөрийг төлсөн баримт авагдаагүй байх тул Б.Аийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.011.475 төгрөгийг хангаж, үлдэх 1.946.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх үүрэгтэй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 28.825 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар хариуцагч Б.Э, Б.М нараас 1.011.475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.946.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 28.825 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО
ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ
Э.ЭНЭБИШ