Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар        2023/ШЦТ/204

 

 

 

 

 

 

 

 

 

  2023         02         09                                     2023/ШЦТ/204

 

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

улсын яллагч Г.Чанцалдулам,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ч овогт *******-аад яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 06126 0232 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Дархан уул аймаг, Дархан хотод төрсөн. 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, чөлөөт бөхийн багш дасгалжуулагч мэргэжилтэй. ...............автобусны жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .............................тоотод оршин суух, Урьд

- 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 1 жилийн хугацаанд засарч хүмүүжүүлэхийг даалгасан, Ч овогт ******* /РД:Т.................../.

Холбогдсон хэргийн талаар:

******* нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Халдвартын эцсийн автобусны буудлын орчим иргэн Ч.Стой үл ялих зүйлээс болж маргалдан улмаар биед халдаж эрүү, бугалга, зулгаралт, бугалга шилбэнд цус хуралт, шүдний эмтрэл баруун чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.С-ийн өгсөн: :"... Өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 11 цагийн үед Халдвартын буудал дээр байдаг ЭМЖЖ чих хамар хоолойн эмнэлэгт хүүхдээ үзүүлээд дараагийн эмнэлэг рүү явах гээд машин дээрээ ирсэн чинь 7959 УНХ дугаартай шугамын автобус миний машиныг таглаад тавьсан болохоор би завсраар нь гарах гэсэн боловч багтахгүй болохоор нь би сигналдаад гараараа жоохон хөдлөөд өгөөч гэсэн чинь намайг хараагаад байгаа юм шиг болохоор нь бууж очоод “чи намайг яагаад пиздаа гээд байгаа юм бэ,  Би чамд зай тавиад өгөөч гэж хэлсэн ш дээ” гэсэн чинь намайг пиздаа гээд хараагаад над руу салаавч гаргаад зайл гээд над руу салаавч гаргахаар нь би нэг удаа түлхсэн чинь намайг заамдаж аваад миний нүүр хэсэг рүү 4-5 удаа цохиж, намайг заамдаж аваад хавирч унагаагаад миний нүүр лүү нэг удаа цохисон. Тэгээд машиндаа суугаад явах гэж байсан болохоор би урд талын хаалган дээр хөлөө оруулсан чинь хаалгаар миний хөлийг хавчуулсан. Тэгээд би явуулахгүй гээд хөлөө авахгүй байсан чинь бууж ирээд намайг заамдаж авсан. Тэгээд би утсаар бичлэг хийх гэсэн чинь миний утсыг шүүрч аваад өгөхгүй байсан болохоор би зууралдаж байгаад утсаа авсан чинь дахин шүүрч авсан болохоор цагдаад дуудлага өгсөн тухайн хүнд арга хэмжээ авч өгнө үү.." гэх мэдүүлэг /хх-ийн 6, 8, 13, 15 дахь тал/.      

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16579 дугаартай:

            "...Ч.Сын биед эрүү, бугалга, зулгаралт, бугалга шилбэнд цус хуралт, шүдний эмтрэл баруун чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дэх тал/.

            Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 24 дэх тал/.

            Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч *******гийн өгсөн: "Эрүү, нүүр хэсэгт 4-5 удаа түлхэх маягаар цохисон. Дараа нь хавирч унагаагаад нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгээд би автобус руугаа ороод нөгөө хүн намайг явуулахгүй гээд араас орж ирээд би автобусны хаалга хаасан чинь тэр хүн хөлөө хавчуулаад татаж авахгүй байхаар нь хаалгаа онгойлгож нөгөө залууг буу гэж түлхэж буулгаад цагдаа иртэл хүлээж байгаад хаалгаа хаасан. " гэх мэдүүлэг /хх-ийн 49 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Халдвартын эцсийн автобусны буудлын орчим иргэн Ч.Стой үл ялих зүйлээс болж маргалдан улмаар биед халдаж эрүү, бугалга, зулгаралт, бугалга шилбэнд цус хуралт, шүдний эмтрэл баруун чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

******* нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Халдвартын эцсийн автобусны буудлын орчим иргэн Ч.Стой үл ялих зүйлээс болж маргалдан улмаар биед хаалдаж эрүү, бугалга, зулгаралт, бугалга шилбэнд цус хуралт, шүдний эмтрэл баруун чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Зөрчлийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн /хохирогч Ч.Сын мэдүүлэг /хх-ийн 6-8, 11-12 дахь тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16579 дугаартай дүгнэлт /хх-ийн 17-18 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Ч.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

             Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Бусдад төлөх төлбөргүй. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэв.

Шүүгдэгч *******д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйд зааснаар хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, мөн түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хх-ийн 54  дэх тал/, хохирогч Ч.Сын хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүйг илэрхийлсэн /хх-ийн 52 дахь тал/ зэргийг харгалзан үзэж улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ааг 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт *******–г эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 550,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА