Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2019/01090

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 15 өдөр         Дугаар 101/ШШ2019/01090             Улаанбаатар хот

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х дүүрэг, 0 дүгээр хороо, Маршал таун хотхоны 0 тоотод оршин суух, Б овогт С.О-ын нэхэмжлэлтэй,

           

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, Ерөнхий боловсролын 0 дугаар сургууль-д холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, тушаал хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг ажлаас халагдсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаагаар тооцож гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

  ТОДОРОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч С.О миний бие 1996 онд тус сургуулийн захирлын 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 тоот тушаалаар хүмүүжлийн эрхлэгчийн албан тушаалд ажилд орж. ажиллаж байгаад Монгол Улсад сургуулийн нийгмийн ажилтан бэлтгэх анхны мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, 2002 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 50 тоот тушаалаар сургуулийн нийгмийн ажилтны албан тушаалд томилогдон ажилласан. Тус сургуулийн захирал Д.М нь 2017 оны 08 дугаар сард зуурдаар нас барсан тул 2017-2018 оны хичээлийн жилд тус сургуульд захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Э нь томилогдон ирсэн.

Тэр цагаас хойш удирдлагын зүгээс ажлын байрны дарамт шахалтыг байнга үзүүлсээр ирсний нэг нь хүн болгонтой хөдөлмөрийн хугацаатай гэрээ хийнэ гэсэн асуудлыг миний бие хүлээн зөвшөөрөөгүй болно. Учир нь тэрээр нийгмийн ажилтан надтай "6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээг хийнэ" гэж удаа дараа дарамт шахалт үзүүлсээр өнөөг хүрсэн. С.О миний бие уг албан тушаал дээр 2002 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа учраас хөдөлмөрийн хугацаатай биш Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт зааснаар хугацаагүй байгуулах ёстой гэсэн тайлбарыг хэлсээр атал хүлээж авалгүй өнөөдрийг хүрсэн.

“Хүүхэд хөгжлийн танхим”-ыг дур мэдэн засварласан, өрөө тасалгаа эзэмшдэг гэж дарамтлах болсон. Тэрээр намайг “Хүүхэд хөгжлийн танхим”-ыг засварласан асуудлыг /хүүхдийн үзэл бодлоо илэрхийлэх, оролцоогоо нэмэгдүүлж, хамтран хөгжих орчныг засан сайжруулсныг минь гэмт хэрэг мэтээр цагдаад мэдүүлсэн байсан./ намайг цохисон гэх мэтээр гүтгэсэн. С.О  миний бие хүн цохих нь бүү хэл хүнтэй маргаж үзээгүй өнөөг хүртэл мэргэжлийн ёс зүй, үнэт зүйлсээ эрхэмлэн 35 жил ажиллаж ирсэн. Гэтэл миний бие уг танхимыг дур зоргоороо засварлаагүй 2008 онд тус сургууль дээр УМХЕГ-аас шалгалт хийж, дүгнэлт гарган сургуулийн захиргаанд өгөгдсөн “Албан даалгавар’'-ын 11-д “Хүүхэд хөгжлийн танхим”-ыг яаралтай засварлах” шаардлагатай гэснийг үндэслэсэн. Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын идэвхтэн сурагчдын уйл ажиллагаагаа явуулдаг “Хүүхэд хөгжлийн танхим”-ын таазны шохой удаа дараа хүүхдийн толгой дээр унасны улмаас хүүхэд цочих, тархи толгой нь доргих зэрэг эрүүл мэндийн хохирол учирч байсан бодит байдлыг УМХЕГ-ын шалгалтаар “Хүүхэд хөгжлийн танхим”-ыг яаралтай засварласны дараа үйл ажиллагаа явуулах дүгнэлт гарсан тул засварлах хэрэгцээ, шаардлага бий болсон.

Мөн БСШУ-ны Сайдын 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 471 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий Боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 6. 2. дахь заалт “Сургууль нь хичээлийн танхимаас гадна осол аюулгүйн болон эрүүл ахуйн дүрмийн дагуу тоноглосон хичээлийн төрөлжсөн кабинет, лаборатори, номын сан, уншлагын танхим, багш, хуүхэд хегжлийн төв /танхим/ , биеийн тамирын зал, талбай, ногоон байгууламж, эмчийн өрөө, цайны газар, захиргаа аж ахуйн өрөө, тасалгаатай байна.” гэж заасан заалтыг хэрэгжүүлж ажиллахыг МУ-ын мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 28-19-213/ 248 тоот “Зөрчил арилгуулах тухай” Албан шаардлагад дурьдсан”-ыг үндэслэсэн. “Хүүхэд хөгжлийн танхим”-ын засварын ажлын зардлын тайланг хавсаргав./ ЗҮТОГ Д.Э-ийн хэлсэнчлэн “...Ажилтан өөрийн санаачилгаараа хийж бүтээсэн ажлуудыг дураараа авирласан” гэж үздэгийг би ойлгодоггүй юм. Зүй ёс нь жинхэнэ захирал, удирдах ажилтан бол сургуулиас хөрөнгө, мөнгө гаргуулалгүй санаачилж хийсэн ажлуудыг дэмждэг, урамшуулал олгодог гэдгийг би мэднэ. Мөн миний нэр дээр нэр бүхий 3 багш гомдол гаргасан гэсэн. Гэтэл тэдгээр 3 багш нар нийлж бүлэглэн сургуулийн орчинд 12 дугаар ангийн 5 хүүхэд зодсоны улмаас “ хүүхэд бие махбодын хүчирхийлэлд өртөж, сэтгэл зүйн дарамтад орж, эрх нь зөрчигдсөн” тул 5 хүүхдийн эрх чөлөөнд халдсан 3 залуу багшид буруу үйлдэл хийснийг нь хэлж, “хүүхдүүдээс уучлалт гуйх”-ыг шаардсан үүнийг үндэслэн ажлаас халж байгаад гомдолтой байна.

Сургуулийн ЗҮТОГ Д.Э нь СНА С.О надаас тодруулга хийлгүй нэг галын буюу хүүхэд зодсон багш нарын эрхийг хамгаалж, багш нарт зодуулсан сурагчдын эрх ашгийг үл хайхарч, залуу багш нарт үлгэргүй байдал үзүүлж, тэднийг ёс зүйгүй байхыг нь өөгшүүлсэн. Энэ нь “Хүүхдийн эрхийн тухай”, “Хүүхэд хамгааллын тухай” ."Боловсролын тухай “, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” МУ-ын хуулийн хэрэгжилт тухайн байгууллага дээр хангалтгүй байгааг нотолсон гэмт үйлдэл гэж миний бие үзэж байна. 3 багш нийлж хүүхдүүд зодсон гэмт үйлдэл 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр болсон. Гэтэл ЗҮТОГ Д.Э нь энэ хэргийн дараах өдөр маргааш нь буюу 2018 оны 11 сарын 16-ны өдрийн Б/177 тоот тушаалаар ажлаас халсан гэх боловч гарын үсгээ зураагүй тушаал өгсөн.

Иймд намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Э-ийн гарын үсэггүй тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан хугацааны үндсэн цалин ба нэмэгдэл хөлс болох Монгол Улсын Зөвлөх багш мэргэшлийн зэргийн нэмэгдэл хөлс, бусад нэмэгдэл, улирлын үр дүнгийн нэмэгдэл хөлсийг ажлаас халагдсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацаагаар тооцож гаргуулах, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С.Онь 1996 онд анх энэ сургуульд хүмүүжлийн эрхлэгчийн ажил албан тушаалд орж ажиллаж байгаад, МУИС-ийн нийгмийн ажилтан бэлтгэх анхны мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, тус сургуулийн нийгмийн ажилтнаар 2002 оноос эхлэн өнөөг хүртэл ажиллаж байна. 2017 оны 8 сард тус сургуулийн захирал Мөнхбат нь зуурдад нас барсан. Тус сургуулийн захирлын албыг түр орлон гүйцэтгэгчээр Э томилогдон ирсэн. Э нь ирсэн цагаасаа эхлэн захиргааны дарамт үзүүлэх болсон. Үүний нэг жишээ нь ирсэн хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хүмүүсийг нэг нэгээр нь дуудаж дарамтлах болсон. 2002 оноос өнөөг хүртэл ажиллаж байгаа С.О-тай Эрдэнэцог 6 сарын гэрээ байгуулна гэсэн. Үүнээс үүдэлтэй хариуцагч, нэхэмжлэгч нарын хооронд маргаан үүссэн. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёстой ба энэ ажил байнгын ажлын байр бөгөөд би 2002 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж байна гэж хэлсэн. Гэтэл хариуцагч зөвшөөрөөгүй. Нийгмийн ажилтан нь удирдлагын багт байдаг бөгөөд захирлын зөвлөлийн хуралд ордог гэтэл 1 сараас хойш захирлын зөвлөлийн хуралд суулгаагүй. Ажил үүргээ гүйцэтгэх гэхээр өрөөнөөс гар гэх болсон. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй тухай тушаал гаргасан. Энэ тушаал огт ойлгомжгүй. Үүнийг судлаад үзэхээр ажил олгогчийн зөвшөөрөлгүй 2018 оны 05 сард дур мэдэн анги танхимд засвар хийж, өрөө тасалгаа эзэмшин ашиглах, засвар хийхийн дур мэдэн хандив авах гэх мэт зөрчлийг удаа дараа гаргасан. Гэтэл энэ засварыг сургуульдаа л завсар хийсэн. Өөрийнхөө шагналын 200.000 төгрөгийг оруулаад, гаднаас төсөв босгоод сургуулийн хүүхдүүд нь дэмжээд хүүхэд хөгжлийн танхимыг засварласан. Засварлах болсон үндэслэл нь энэ сургуульд 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн мэргэжлийн хяналтын байцаагчийн зөрчил арилгуулах тухай албан шаардлагад “хүүхэд хөгжлийн танхим байхгүй байна. Хүүхэд хөгжлийн танхимтай бол” гэсэн асуудлыг энд дурдсан. Үүнийг биелүүлэх гэхээр сургуулийн захиргаа мөнгө өгөхгүй, үүнд төсөвлөсөн төсөв байгаагүй учир өөрийнхөө хүчээр бий болгосон. Өөртөө нэг ч төгрөг завшаагүй. Үүнийг албан ёсоор 2018 оны 05 дугаар сарын 9-ний өдөр хүүхдийн чуулган дээр, Нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын газрын төлөөлөгч нарын болон нийт багш нарын чуулган дээр тайлангаа тавьсан. Гэтэл Э захирал надад тайлан өг гэдэг. Сургуулийн захиргаанаас 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулсан спортын тэмцээний үеэр багш, сурагчдын хооронд үл ойлголцол үүсгээд сурагчдын өмнө багштай ёсгүй харьцсан зөрчил гаргасан гэж байна. Хөгжмийн багш Заяабаатар, газарзүйн багш Д, биеийн тамирын багш Т нараас ирсэн гомдлоор энэ нь нотлогдож байна гэсэн. Тийм үйлдлийг гаргаагүй ба энэ 3 багш хүүхэд зодсон. Хүүхдүүд нь гомдлоо гаргасан. Нийгмийн ажилтны хамгийн анхны хийх ёстой ажил нь хүүхэд хамгаалах. Ёс горимынх нь гомдлыг нь аваад бүртгэлээ хөтлөөд, багш, сурагчдыг хооронд нь уулзуулаад багш нарыг хүүхдүүдээсээ уучлалт гуйчих гэхэд уучлалт гуйгаагүй. Уучлалт гуйхгүй болохоор нь өөрөө уучлалт гуйсан. Энэ хүүхдүүдийг зодсон багш нар дээр холбогдох газруудад эцэг эхээс нь гомдол гаргаад эдгээр багш нар дээр сахилгын арга хэмжээ авсан байгаа. Энэ үйл өөрөө тогтоогдоод сахилгын арга хэмжээ авсан. Гэтэл үүнийг оруулаад асуудал тавьж байгааг ойлгохгүй байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байгаа тохиолдолд тухайн сургуулийн нэрийг ашиглаад эд хөрөнгө завшаад байна уу, тухайн сургуулийн нэр төрд халдсан асуудал огт байхгүй. Гэрээгээ хугацаагүй байгуулъя гэвэл байгуулахад татгалзахгүй. Наад тушаалаа надад өгчих наадахыг чинь би шүүхэд өгье гэхээр булаагаад авсан байгаа юм. Тушаалаа өгөөч гэхээр тушаал нь сонин утгатай. тасалбар болон холбогдох тооцоог хийхийг гэж байгаагаас харахад ажлаас халаад байх шиг байгаа юм. Тушаал дээр гарын үсэг зураад өгөөч гэхээр гарын үсэг зурж өгөөгүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйгээрээ ямар нэгэн гэм хор учруулаагүй байхад ийм тушаал шийдвэр гаргаж байгааг нь харахад ажил олгогч гэхэд хэцүү байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгох, нийгмийн ажилтны ажилд эргүүлэн томилогдох, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажлын 107 хоног, үүнийг хариуцагчаас гарган өгсөн цалингийн хүснэгтээс бодсон. 9,10,11 сарын цалинг дунджлан бодсон ба ажлын 54 хоног байгаа ингээд дунджлаад бодоход 2,437,394 төгрөг гарсан ба үүнийг ажлын 54 хоногтоо хуваахад нэг өдрийн цалин 45,136 төгрөг гарсан. Үүнийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл нэг өөр тушаалаар бодсон. Учир нь Засгийн газрын цалин хөлс нэмэх 2019 оны 01 сарын 24 дүгээр тогтоолын 5 дахь хавсралтаар цалин нь өөрчлөгдсөн. Өмнө нь ТҮББ-5 буюу 657,134 төгрөгөөр цалинждаг байсан. Одоо 787.701 төгрөг болсон. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх цалингаа энэ 3 сарын дунджаар бодоход нийтдээ 1.732.352 төгрөг гарсан. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажлын 75 хоног үүнийг тухайн цалин хөлс буюу үндсэн цалингаас тооцоод багш нарт мэргэжлийн зэрэг, улирлын ажлын үр дүнгийн урамшуулал, ур чадварыг, үүнийг дундаж цалин хөлс тодорхойлох журамд цалин хөлс гэдэг үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл шагнал урамшуулал зэрэг орно. Дээр миний дурдсан мэргэжлийн зэрэг, улирлын ажлын үр дүн, ур чадвар нь нэмэгдэлд орно. Энэ журмын 6-д зааснаар бодсон. Нийт 6,128,820 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх хүсэлтэй байна... гэв.

 

Хариуцагч Ерөнхий боловсролын 0 дугаар сургууль шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Тус шүүхэд иргэн С.О-ын нэхэмжлэлтэй БЗД-ийн 0 дугаар сургуульд холбогдох “Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, тушаалыг хүчипгүй болгох, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэгдугээрт: Маргааны бухий уйл баримтын тухайд:

С.Онь тус сургуульд 1996 онд анх Хүмүүнлэгийн эрхлэгчээр ажилд орсон бөгөөд түүнийг ажиллах хугацаанд 0 дугаар сургуульд нийт 4 захирал албан үүргээ гүйцэтгэх байсан байна. Ингэхдээ С.Онь бүх цагийн үеийн захирлуудтай таарамжгүй, байнга муудалцдаг байснаасаа болоод хэнтэй ч Хөдөлмөрийн гэрээ нэг ч удаа бичгээр байгуулалгүй өнөөг хүрчээ. 1996-2008 оны хүртэл Т.А, 2008-2009 оны хүргэл Н. 2009-2017 оны хүртэл Д. /нас барсан/, 2017-2018 оны хүртэл Д.Э гэсэн нийт 4 захирал ажилласан хугацаанд хэнтэй нь ч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх төдийгүй хэнийг ч тайван ажлаа хийх боломж олгоогүй, мөнхийн сөргөлдөөн тэмцэл дунд сургуулийг байлгаж ирсэн. Сургалтын байгууллагын хэвийн үйл ажиллагааг байнга алдагдуулж, удирдлагууд болон багш нарт үндсэн ажлаа хийхэд нь байнга саад учруулж сурагчдын өмнө удирдлагуудыг гутаах, багш нарыг доромжлох ямар ч ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргаж байсан ч түүнд арга хэмжээ авах эрх зүйн баримт бичиг байхгүйгээс болж энэ бүхэн газар авсаар иржээ.

Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй учир ямар нэгэн хариуцлага тооцох эрх зүйн баримт бичиг байхгүй болж үүнийгээ ч өөрөө давуу талаа болгож хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй бол намайг яаж ч чадахгүй юм байна гэсэн бат итгэлтэй болсон. Өнгөрсөн хугацаанд эд хөрөнгийн талаар хариуцлага хүлээдэггүй дур мэдэн хандив цуглуулдаг үүнийгээ хэнд ч тайлагнадаггүй зэрэг нийтийн албанд байж болохгүй ойлгомжгүй байдлыг үүсгэсээр ирсэн байна.

2 дугаарт 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/0 тоот “Ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэх тухай” тушаал хууль ёсны болох нь:

С.О-д Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах тухай хандахад байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулдаг. би хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй гэсэн дэс хөндлөн хариу хэллэг.

Ажил олгогчийн зүгээс хэнтэй ч хугацаатай гэрээ байгуулах гээгүй. бусад ажилтан, албан хаагч нартай ч хугацаагүй гэрээ байгуулсаар ирсэн. Зөвхөн л Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах тухай шаардлага юм. Ингээд С.Оюунбатад хандан Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах тухай амаар олон удаа хандсаны эцэст 2018 оны 5,6 саруудад “мэдэгдэл” бичгээр хүргүүлсэн ба С.Омөн л татгалзсан. Ингээд нэгэнт ажилтантай цааш үргэлжлүүлэн ажиллах эрх зүйн баримт бичиг байхгүй байгаа тул 2018.11.16 өдөр “Ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх тухай” Б/177 тоог тушаал гарсан.

Учир нь Хөлөлмөрийн тухай хуүлийн 5 дугаар зүйл 5.1 дахь хэсэгт Ажил олгогч нь хүуль тогтоомжид нийцүүлэн Хөлөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх. ажилтнаас Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй. Мөн хуулийн 24 дүгээр зүйлд 24.1 дахь хэсэгт Ажил олгогч буюу туүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно, 24.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй хэмээн тус тус зохицуулсан байгаа тул гэрээ байгуулахыг олон удаа сануулсан ч ажилтан өөрөө татгалзаж байгаа тул хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажил үүргийг цааш үргэлжлүүлэх баримт бичиг байхгүй нь улмаас Б/0 тоот тушаал гарсан.

Бичгээр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ байхгүй, ямар эрх эдэлж, үүрэг хүлээх талаар талуудын дунд тохиролцоо огт хийгдээгүй байхад энэ харилцааг цааш үргэлжлүүлсээр байвал ажил олгогч эрх бүхий байгууллагын өмнө санхүүгийн хариуцлага хүлээх, мөн тухайн ажлын байранд эд хөрөнгийн хийгээд бусад эрх, үүрэг, хариуцлага шаардах боломжгүй байдал үүссэн зэргээс болж дээрх тушаалыг гаргасан нь ямар ч хууль зөрчөөгүй.

Хөдөлмөрийн гэрээ нь хоёр талын тэгш эрхийн хүрээнд харилцан тохиролцож, эрх, үүрэг хүлээхээр заасан баримт бичиг. Тухайн тохиолдолд ажилтан гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй бөгөед ийнхүү татгалзаж байхад нь хүч хэрэглэх, хүчээр зуруулах ямар ч боломжгүй. Иймд гэрээ байгуулахаас татгалзсан учир ажил үүрэг цааш үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон.

Гуравдугаарт Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2011 оны Хөдөлмөрийн гэрээний тухайд:

Хэрэгт авагдсан 2011 онд байгуулагдсан гэх Хөдөлмөрийн гэрээ нь Хөделмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн аль нэгэнт тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр бус хэмээн зохицуулсан. Мөн Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 21 дүгээр зүйлийн 21.3,-т заасан “хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол” гэдэг мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д заасан нөхцөлийн аль нэгийн талаар ажил олгогч болон ажилтан амаар тохиролцон ажил үүрэг гүйцэтгэж байсныг хамааруулахгүй хэмээн тус тус зохицуулсан байгаагаас үзэхэд хэрэгт нотлох баримтаар үнэлэх ямар ч боломжгүй юм. Мен 2011 онд 0 дугаар сургуулийн захирал байсан Д.М нь нас барьсан бөгөөд нэхэмжлэгч зориуд нас барьсан хүнтэй байгуулсан мэт Хөдөлмөрийн гэрээ хуурамчаар хийж шүүхэд өгсөн байж болзошгүй байна. Тухайн үед захирлын туслах ажиллаж байсан өнөө ч хэвээр ажиллаж байгаа бөгөөд тэрээр сургуульд захирлын туслахаар 2011 оны 08 дугаар сард анх ажилд орсон байдаг. Тухайн үед цөөн тооны шинэ хүмүүстэй л Хөдөлмөрийн гэрээ байгуулсан, бөгөөд 2012 онд л багш, ажилчидтай хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулсан 2011 онд ажиллаж байгаа хэнтэй ч гэрээ байгуулаагүй байгаа нь дан ганц С.О гуайтай л байгуулсан байх боломжгүй. Үүнийг ч бусад гэрээний хэв загвар онтой харьцуулан үзнэ байх аа

Иймд С.О-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх өгнө үү...гэжээ.

 

 Хариуцагчийн өмгөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн төлөөлөгч 2 асуудал дээр хүлээн зөвшөөрч байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, өөрийнхөө шагналын мөнгө болон эцэг эхчүүдээс хандив авсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Ажил олгогчоос 6 сарын хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулах саналыг тавьсан, мөн багш нар ёс зүйн асуудал гаргаж, түүндээ сахилгын шийтгэл хүлээсэн гэдэг асуудлыг ярьж байгаа нь ямар нотлох баримтгүй байна. 6 сараар хөдөлмөрийн гэрээ байгуулах санал тавьсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч 1996 оноос хойш тус сургуульд ажиллаж байгаа. Энэ хугацаанд 4 захирал солигдсон. Хамгийн сүүлд Э захирал солигдоод одоо А гэж хүн захирлын үүрэг гүйцэтгэж байна. Нийгмийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй. Энэ хүн бүх захирал дээрээ гомдол гаргаж байсан. Хөдөлмөрийн харилцаа таагүй байснаас хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хэсэг явсан. Сүүлдээ үүнийгээ өөртөө давуу тал болгон ашигласан. Талууд эрх үүрэг харилцан хүлээхгүй юм байна. Иймээс ямар нэг зөрчил гарлаа гэхэд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох, хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх зүйн баримт бичиг байхгүй гэдэгтээ өөртөө бүрэн итгэлтэй болсон. Э хөдөлмөрийн гэрээ байгуулаач гэсэн шаардлагыг нэлээд хэдэн удаа тавьсан. С.О хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилтантай цаашид ажил олгогч цаашил үргэлжлүүлэн ажилласаар байвал хариуцлагын тал дээр тодорхойгүй байдал үүснэ. Эдийн засгийн хувьд эрсдэлтэй. 1996 оноос хойш ажиллаж байсан хүнтэй 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулна гэдэг шаардлага тавихгүй. Анхлан ажилд орж байгаа хүнтэй л хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр гарсан тушаал нь ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх тухай гэдэг нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох, хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас халах тухай ойлголт биш учир тушаалын гарчиг нь ч өөр байгаа. Учир нь ажилтныг цааш нь ажил үүргийг гүйцэтгүүлээд явъя гэхээр хөдөлмөрийн гэрээ байхгүй байсан. Тиймээс та хөдөлмөрийн гэрээ байгуулбал цаашид хамтран ажиллах боломжтой гэхэд ажилтан хөдөлмөрийн хандив авсан, зөрчил дутагдал гаргасан зүйлдээ хариуцлага хүлээх эрсдэл үүснэ гэдэг бодлоор хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийг л биелүүлэхийг шаардаж байгаа. Мөн хуулийн 24.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж заасан. Мөн хуулийн 24.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэж заасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 9 дүгээр сард захирал Мөнхбат захирал нас барсан. Нэхэмжлэгч тал М захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг баримтаар гарган өгсөн байна. Энэ гэрээг М захиралтай байгуулаагүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан аль нэгийг тусгаагүй бол хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр бус байна. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн үндсэн албан тушаалын цалин хөлс болон ажлын хөдөлмөрийн нөхцөл, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, хөдөлмөрийн гэрээний хугацааг зайлшгүй заах ёстой. Гэтэл эдгээр зүйлүүдээс 2-ыг нь тусгаагүй. Бусад нөхцөлүүд хоосон байгааг хараад хүчин төгөлдөр биш гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Онь хариуцагч Ерөнхий боловсролын 0 дугаар сургуульд холбогдуулан Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, тушаал хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг ажлаас халагдсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаагаар тооцож гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч С.О-тай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг олон удаа сануулсан боловч ажилтан өөрөө татгалзаж байгаа тул хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажил үүргийг цааш үргэлжлүүлэх баримт бичиг байхгүй учир Б/0 тоот тушаал гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            С.О 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн  0 дугаар бүрэн дунд сургуультай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, тус сургуулийн нийгмийн ажилтнаар ажиллажээ. /хх-ийн 6-9 дүгээр тал/

 

            Нийслэлийн ерөнхий боловсролын 0 дугаар сургуулийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/ дугаар тушаалаар “...Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2., 24 дүгээр зүйлийн 24.1., 24.3. дахь хэсгийн заалтыг удирдлага болгон С.О-ыг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгон сургуулийн нийгмийн ажилтны ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”-аар шийдвэрлэжээ. /хх-ийн 4 дүгээр тал/

 

            Хариуцагч нь уг тушаалын үндэслэлээ хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй болохоор уг тушаалыг гаргасан гэж тайлбарлаж байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тохирохоор заасан байна.

 

            Нийслэлийн ерөнхий боловсролын 0 дугаар сургуулийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1 тоот тушаалд захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Э гарын үсэг зураагүй хүчин төгөлдөр бус эрх зүйн акт байхад түүнийг Б.О-д гардуулжээ. /хх-ийн 4 дүгээр тал/

 

            С.О-ын эрхэлж байсан Нийгмийн ажилтны ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1.-д заасан байнгын буюу хугацаагүй байгуулах гэрээ байна.

           

            Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулах санал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт заасан нөхцөлөөс дордуулахыг хориглодог бөгөөд ерөнхий боловсролын 0 дугаар сургууль С.О-тай уг нөхцөлөөр хөдөлмөрийн гэрээ байгуулахаар байжээ.

 

            Нэгэнт ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэх бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б/0 дугаар тушаалаар С.О-р нийгмийн ажилтны ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

 

            Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан бөгөөд С.О-р нийгмийн ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байх захирлын тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.

 

Иймд С.О-ыг Нийслэлийн ерөнхий боловсролын 0дугаар сургуулийн нийгмийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичил хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт /дундаж цалин хөлс тодорхойлох журам/-д ажлаас буруу халсан үеийн олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж зааснаар С.О-ын 2018 оны 6, 9, 10 дугаар сарын /7, 8 дугаар сард ээлжийн амралттай байсан/ хөлсний дундаж 981.864 төгрөгийг ажилгүй байсан хугацааны 4 сар, ажлын 20 хоногт бодоход 4.886.295 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б овогт С.О-ыг Нийслэлийн ерөнхий боловсролын 0 дугаар сургуулийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Ерөнхий боловсролын 0 дугаар сургуулиас 4.886.295 төгрөг гаргуулж, С.О-д олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар С.О-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч С.Онь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч 0 дугаар сургуулиас 93.130 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120..-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.СОЛОНГО