| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2023/0184/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/206 |
| Огноо | 2023-02-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Оюунбат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/206
2023 02 09 2023/ШЦТ/206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,
улсын яллагч М.Оюунбат,
шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт *******-т яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 05340 0044 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2000 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Батлан хамгаалах их сургуулийн .........-ийн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 3, эцэг эхийн хамт ...................................тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт ******* /РД:........................ /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монелын 34 дүгээр гудамжинд, мөн Монелын 34-11 тоотод иргэн Э.Аын нүүрэн тус газар нь тодорхой шалтгаангүйгээр гараараа цохиж, улмаар биед нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Аын өгсөн: "... ******* нь над руу "хаана байгаа юм. аваад явчих, согтуу байна" гэсэн чат бичсэн. Тэгээд ******* 25 дугаар эмийн сангийн орчимд такси барьж хүрч ирээд хамт харих гээд явсан ба Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 34 дүгээр гудамжны үзүүрт таксинаас буугаад явж байтал ******* нь согтуу явж байснаа гэнэт тодорхой шалтгаангүйгээр толгой руу нэг удаа алгадаад, дараа нь зүүн нүд рүү дахиад алгадсан. Тэгээд би айгаад, гүйгээд Монелын 34-11 тоотод эгчийнд иртэл ******* нь араас орж ирээд над руу дайраад ахиад нэг удаа алгадсан. Тэгээд эгч н.Ариунзаяа дундуур нь орж салгасан, бид хоёр өмнө нь хэд хэдэн удаа бэлгийн харилцаанд орж байсан ба сүүлд орохдоо харилцан тохирч орсон. Бид хоёр бэлгийн харилцаанд орж байсан бөгөөд намайг хүчиндсэн зүйл байхгүй, бид хоёр өмнө нь үерхдэг байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-17 дахь тал/,
Гэрч Э.Ариунзаяагийн өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 04 цагийн үед намайг гэртээ унтаж байтал дүү Э.А утсаар залгаад “гудамжны үзүүрт буучихсан байна *******ийг толгой, дагз руу нь цохиод байна" гэсэн. Тэгээд би өөдөөс нь гарсан ба Э.Аын араас Цэндпүрэв ирж байсан. Би Э.Аыг хувцсаа солиод эртхэн амар гэж хэлээд байж байтал гаднаас ******* орж ирээд сууж байснаа босоод Э.Аын хажууд очоод гараа атгаж байгаад цохисон ба дахиад цохих гэхээр нь би дундуур нь орж салгасан. Тэгээд би хадам ээж рүүгээ залгаад энэ хүүгээ аваач гэхэд Цэндпүрэв нь гараад зугтаачихсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-22 дахь тал/.
Гэрч Э.Алтанцэцэгийн өгсөн: “******* нь манай хамгийн бага хүү юм. Э.А нь бол манай хүү *******эндмягмарын эхнэр Э.Ариунзаяагийн дүү бөгөөд тэднийд хамт амьдардаг юм. Намайг *******эндмягмарын гэрт ороход Э.А нь уйлаад сууж байсан ба нүд нь хавдчихсан бололтой байхаар нь жин тавь гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 24 дэх тал/.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 даргын 2018 оны 10 дугаар дугаар сарын 26-ны өдрийн 14253 дугаартай ....Э.Аын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид еренхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Э.Аын охин хальс цагариг бүтэцтэй, цочролгүй, 6 цагийн түвшинд суурь хүрсэн хуучин цайвар сорвижол бүхий урагдалтай. 9 цагийн түвшинд суурь хүрээгүй төрөлхийн сэтэрхийтэй, хярзанд шүүсэрхэг улаан ягаан өнгийн шархлаатай байна. Э.Аын үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй байна. Э.А нь бактериологийн шинжилгээгээр ДОХ, Тэмбүү, заг хүйтэн, трихомониазын халдваргүй байна.Э.Аын шулуун гэдэсний амсарт гэмтлийн өөрчлөлтгүй байна. Э.А-ын цус нь А2 дугаа бүлгийн харьяалалтай байна.... гэх дүгнэлт /хх-ийн 32-36 дахь тал/.
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 6-9 дэх тал/,
Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монелын 34 дүгээр гудамжинд, мөн монелын 34-11 тоотод иргэн Э.Аын нүүрэн тус газар нь тодорхой шалтгаангүйгээр гараараа цохиж, улмаар биед нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монелын 34 дүгээр гудамжинд, мөн Монелын 34-11 тоотод иргэн Э.А-ын нүүрэн тус газар нь тодорхой шалтгаангүйгээр гараараа цохиж, улмаар биед нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дэх тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-9 дэх тал/, хохирогч Э.Аын мэдүүлэг /13-15, 17дахь тал/, гэрч А.Алтанцэцэг /хх-ийн 24 дэх тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 даргын 2018 оны 10 дугаар дугаар сарын 26-ны өдрийн 14253 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-34 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Э.А нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, БЗД-ийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс буюу түүний гэрээс түүний сургууль болох Батлан хамгаалах сургуулийн маршрутаар тогтоох саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй.” гэв.
Шүүгдэгч *******-т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан ”тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийг 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төрбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт *******-ийг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******-т оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА