| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2018/0329/И |
| Дугаар | 364 |
| Огноо | 2019-05-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 364
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Ж овогт Зийн Ү,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Ж овогт Үий Т нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Сум хөгжүүлэх сангаас авсан зээл, хүүгийн хамт 4283680 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг дарга Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ү.Т, З.Ү 2013 оны 04 дугаар сарын 19-ний өдөр сум хөгжүүлэх сангаас 36 сарын хугацаатай жилийн 3% хүүтэй 4000000 /дөрвөн сая/ төгрөг зээл авсан бөгөөд 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Зээлийн хугацаа 2016 оны 04 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болсон боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн байна. Иймд иргэн Ү.Т, З.Ү нараас үндсэн зээл хүүгийн хамт 4283680 /дөрвөн сая хоёр зуун наян гурван мянга зургаан зуун ная/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Зээлдэгч Ү.Т, З.Ү нар нь Сум хөгжүүлэх сангаас 3 жилийн хугацаатай зээл авсантай холбоотой тус зээл нь хугацаатай хэтрэлттэй байсан тал алданги тооцож 4286200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар зээлийн гэрээ байгуулахдаа 0,25 хувиар хүү тооцохоор заасан. Би шүүхэд нэхэмжлэлдээ гаргахдаа Засгийн газрын 153 дугаар журмын дагуу 0,25 хувиар хүү бодох боломжтой юм байна гээд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нарын тайлбарлаж байгаагаар хоёр жилийн хугацаагаар гэрээ байгуулсан гэж байна. Хэрвээ үнэхээр 2 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан бол алдангийг 3-4 жилээр тооцож авах ёстой юм байна. Хариуцагч З.Үий хувьд алдангийг зөвшөөрөхгүй байна. Нэгэнт хууль журмаараа зохицуулж өгсөн учраас алдангиас чөлөөлөх боломжгүй. Хариуцагч нарын барьцаалсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ манайд байгаа. Өнөөдөр миний хариуцлагагүй байдлаас болж уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авчирч чадсангүй. Төрийг хохиролгүй болох үүднээс хариуцагч нараас 4286200 төгрөг гаргуулах хүсэлттэй байна. Үүний 600000 төгрөг нь алдангийн мөнгө байгаа гэв.
Хариуцагч З.Ү, Ү.Т нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ө сумын 5 дугаар багийн иргэд З.Ү, Ү.Т бид Б аймгийн Ө сумын Засаг даргын танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Бид 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн "Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ"-гээр 4,0 сая төгрөгийг 24 сарын хугацаагаар, жилийн 3, сарын 0,25 хувийн хүүтэйгээр авсан нь үнэн. Нэхэмжлэлд бичсэнчлэн 36 сарын хугацаагаар аваагүй.Энэ нь зээлийн гэрээний хавсралтад байгаа зээлийн эргэн төлөлтийн хуваариар нотлогдоно.Уг хуваарь дээр 24 сараар бичигдсэн байгаа. Бид авсан зээлээс 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 350000 төгрөг, мөн оны 06 дугаар сарын 10-ны өдөр 250000 төгрөг, бүгд 600000 төгрөг төлсөн.Үүнийг үндсэн зээлээс хасаж тооцвол 3400000 төгрөг үлдэх ёстой. Зээлийн хүүд 240000 төгрөг /24 сар х 0,25% =6%, 4000000 х 6 % =240000/ төгрөг төлөх ёстой. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дууссан бөгөөд тэрнээс хойш нэхэмжлэл гаргасан өдрийн /2019.05.01/ байдлаар 4 жил 13 хоног өнгөрсөн байна.Дээрх хугацаанд Ө сумын зүгээс бид нараас ямар нэгэн мөнгө төгрөг нэхээгүй, авсан зээлээ эргэн төлөх талаар нэхэж шаардаж байгаагүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсгийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж зааж өгсөн.Энэ зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байна. Иймд энэ нэхэмжлэлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ү шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай хүү Ү.Т нь 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сум хөгжүүлэх сангаас 4 сая төгрөгийг 2 жилийн хугацаатай гэрээ байгуулж зээлж авсан. Уг зээлийн гэрээнд би хамтран зээлдэгчээр оролцсон. Улмаар 2015 оны 04 дүгээр сарын 07-ны 350000 төгрөг, 06 дугаар сарын 10-ны өдөр 250000, нийт 600000 төгрөгийн үндсэн зээлд төлсөн. Үндсэн зээлээс 3,4 сая төгрөг үлдсэн байсан. Аливаа зүйл гэрээнд захирагдана. Гэрээнд алданги тооцно гэсэн заалт байгаагүй. Бид нар гэрээг хоёр жилээр байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дууссан. Үүнээс хойш 4 жилийн хугацаанд Сум хөгжүүлэх сангаас ямар нэгэн шаардлага хүргүүлж, мөнгө нэхээгүй. Харин энэ оны 04 дүгээр сарын сүүлээр мэргэжилтэн өөрөө надтай утсаар ярьсан. Тэгэхэд би хөдөө явж байсан бөгөөд ирээд уулзъя гэж хэлсэн. Тэгээд 05 дугаар сарын 01-ний өдөр шүүхээс намайг дуудсан. Тэр үед шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдсэн. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар шаардаагүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж зааж өгсөн. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг дарга нь хариуцагч З.Ү, Ү.Т нараас Сум хөгжүүлэх сангаас авсан зээл 4283680 төгрөгийг гаргуулахыг хүсжээ.
Хариуцагч Ү.Т, З.Ү нар нь “... Бид 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээгээр 4,0 сая төгрөгийг 24 сарын хугацаагаар, жилийн 3, сарын 0,25 хувийн хүүтэйгээр авсан нь үнэн. Нэхэмжлэлд бичсэнчлэн 36 сарын хугацаагаар аваагүй, энэ нь зээлийн гэрээний хавсралтад байгаа зээлийн эргэн төлөлтийн хуваариар нотлогдоно. Бид авсан зээлээс 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 350000 төгрөг, мөн оны 06 дугаар сарын 10-ны өдөр 250000 төгрөг, бүгд 600000 төгрөг төлсөн, үүнийг үндсэн зээлээс хасаж тооцвол 3400000 төгрөг үлдэх ёстой. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 04 сарын 19-ний өдөр дууссан бөгөөд тэрнээс хойш нэхэмжлэл гаргасан өдрийн /2019.05.01/ байдлаар 4 жил 13 хоног өнгөрсөн байна. Дээрх хугацаанд Ө сумын зүгээс бид нараас ямар нэгэн мөнгө төгрөг нэхээгүй, авсан зээлээ эргэн төлөх талаар нэхэж шаардаж байгаагүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсгийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж зааж өгсөн, энэ зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байна” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан болно.
Хариуцагч Ү.Т, З.Ү нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй танилцаж, гарын үсэг зурсан боловч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэг талаас зээлдүүлэгч Ө сумын Засаг дарга, Төрийн сангийн төлөөлөгч, Сумын ЖДҮХариуцсан мэргэжилтэн, нөгөө талаас зээлдэгч З.Үсэн, хамтран үүрэг гүйцэтгэгч З.Т нар нь харилцан тохиролцож, 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дугааргүй “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-гээр 4,0 сая төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 3%-ийн хүүтэй зээл авч гэрээ байгуулсан нь зохигч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр нотлогдож байна.
Энэхүү “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-ний 4.1-д “гэрээ нь талууд гарын үсэг зурж, баталсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно” гэснээр хоёр тал харилцан тохиролцож, талууд тамга тэмдгээ дарж, гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.
Хариуцагч Ү.Т, З.Ү нар нь Б аймгийн Ө сумын Сум хөгжүүлэх сангаас зээл болон түүний хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар болон зохигчдын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн тайлбараар тус тус нотлогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигч нарын тайлбараар нэхэмжлэгч Ө сумын Сум хөгжүүлэх сан болон хариуцагч Ү.Т, З.Ү нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3-т зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулсан байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “... мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсан тооцно” гэж зааснаар зээлдэгчийн ХААН банкан дахь 5180403494 дугаартай дансанд мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулсан байна гэж үзлээ.
Хариуцагч Ү.Т, З.Ү нар нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч Ү.Т, З.Ү нар нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх буюу төлөх үүргийг хүлээсэн байх ба энэ үүргийг хариуцагч Ү.Т, З.Ү нар нь зохих ёсоор биелүүлээгүй, зөрчсөн байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү төлөхөөр болж, гэрээний 2.2, 2.3-т зээлийн үндсэн төлбөрийг гэрээний хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж дуусгана, зээлдэгч зээлийн үндсэн хүүг жилийн 3 хувиар тооцож, жил бүрийн 7-р сард багтаан сангийн 021355401 тоот дансанд төлнө гэснийг хариуцагч нар тус тус зөрчсөн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад “... зээлээ хугацаанд нь төлөөгүй учир журамд заасны дагуу алданги тооцож гаргуулахыг хүсэж байна” гэх боловч хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээнд талууд алданги тооцох талаар харилцан тохиролцоогүй байх тул гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэж алданги тооцож гаргуулах боломжгүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тодорхойлсон байдаг.
Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ү нь “... Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн, уг зээлийг төлөх талаар удаа дараа шаардаж байсан учир хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх боломжгүй байна. Мөн хариуцагч нар Б аймгийн Ө сумын Сум хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авч, үүнийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, хариуцагч З.Ү, Ү.Т нарт улсын төсвөөс буюу Б аймгийн Ө сумын Сум хөгжүүлэх сангийн эргэлтийн хөрөнгөнөөс зээл олгосон байх тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг дарга нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзлээ.
Хариуцагч Ү.Т, З.Ү нар үндсэн зээлээс 600000 төгрөгийг төлсөн ба энэ талаар зохигчид маргаагүй болно. Хариуцагч Ү.Т, З.Ү нар нь үндсэн зээл 4,0 сая төгрөг, түүний хүү 240000 төгрөг, бүгд 4240000 төгрөг төлөх ёстойгоос үндсэн зээлд 600000 төгрөг төлсөн байх ба үлдэгдэл үндсэн зээл, хүүгийн хамт 3640000 төгрөг төлөх ёстой гэж үзлээ.
Иймд хариуцагч Ү.Т, З.Ү нараас зээл, зээлийн хүүгийн хамт 3640000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Сум хөгжүүлэх санд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 646200 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг дарга нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллага учраас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол тэр хэмжээгээр хариуцагчаас гаргуулна гэсний дагуу хариуцагч Ү.Т, З.Ү нараас 73190 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ү.Т, З.Ү нараас зээл, зээлийн хүүгийн хамт 3640000 /гурван сая зургаан зуун дөчин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Сум хөгжүүлэх санд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 646200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг дарга нь төсвийн байгууллага учраас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар хариуцагч Ү.Т, З.Ү нараас 73190 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН