| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2023/0080/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/90 |
| Огноо | 2023-01-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/90
2023 01 19 2023/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,
улсын яллагч Б.Эрдэнэбаяр,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан Б овогт *******-т яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2206 02975 3806 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1. .......................тоотод оршин суудаг, Урьд
- Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 374 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж тэнссэн.
- Мөн шүүхийн 1997 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дэх хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хорих ялаар,
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж тэнссэн,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т тус тус зааснаар 1 жилийн хорих ялаар,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 479 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэгдсэн Б овгийн ******* /РД:................. /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Кофелоги" нэртэй кофены газраас хохирогч Б.Бийн Айфоне Экс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 650,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Би тэр өдөр гэрээс гараад Нарантуул зах руу очоод найзуудтайгаа архи дарс уугаад орой болоход гэр лүү гээ харья гэж бодоод гарсан. Тэгээд замдаа дулаацъя гэж бодоод өөрт байсан 4 шоколадаа зарах гээд кофе шоп орсон. Тэгээд буйдан дээр байсан гар утсыг авсан нь үнэн. Би хэнд зарснаа мэдэхгүй байна. Би хохирол 300.000 төгрөг өгсөн. Үлдсэнийг нь 3 хоногийн дараа өгнө.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бийн өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн үед би Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Кофелоги" гэх ажил дээрээ ажиллаж байсан юм. Тухайн үед миний найз Дашмаа ирчихсэн надтай уулзаж байсан бөгөөд бид хоёр кофе захиалж, давхар манай ажлын газрын үйлчилгээний хэсэгт байдаг буйдан дээр суугаад хичээлээ хийгээд байж байсан юм. Би тэр үед буйдангаас босоод, гар утсаа ширээн дээр үлдээгээд касс руу явж байхад манай ажлын газар муухай, бараан хувцастай, эрээн цамц, хар малгайтай, намхан, бор арьстай, нүүр нь хөхөрчихсөн, 40 орчим насны эрэгтэй орж ирээд шоколад авах уу гээд хүмүүсээс асуугаад байсан. Тэгэхээр нь би түүнийг ажлын газраасаа гаргах гээд түүнд хандаж "та гараа, манайд шоколад авах хүн байхгүй" гэж хэлэхэд “за” гээд цаашаа явсан. Би тэр үед касс руу очоод ажиллаж байсан юм. Тэгээд эргээд найз Дашмаагийн сууж байсан буйдан руу очиход миний гар утас алга болсон байсан тул хяналтын камерын бичлэг шүүхэд нөгөө манай ажлын газар орж ирсэн шоколад авах уу гээд байсан эрэгтэй Дашмаатай юм ярьж байгаад түүнийг сатааруулаад миний ширээн дээр байсан гар утсыг аваад гарчихсан нь надад харагдсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 12 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ний 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн "Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 650,000 төгрөгөөр үнэлэгдэв" гэх 1126 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33 ахь тал/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 26-27 дахь тал/, Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-ийн 28-29 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Кофелоги" нэртэй кофены газраас хохирогч Б.Бийн Айфоне Экс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 650,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бийн өгсөн: “ ... Би тэр үед буйдангаас босоод, гар утсаа ширээн дээр үлдээгээд касс руу явж байхад манай ажлын газар муухай, бараан хувцастай, эрээн цамц, хар малгайтай, намхан, бор арьстай, нүүр нь хөхөрчихсөн, 40 орчим насны эрэгтэй орж ирээд шоколад авах уу гээд хүмүүсээс асуугаад байсан. Тэгэхээр нь би түүнийг ажлын газраасаа гаргах гээд түүнд хандаж "та гараа, манайд шоколад авах хүн байхгүй" гэж хэлэхэд “за” гээд цаашаа явсан. Би тэр үед касс руу очоод ажиллаж байсан юм. Тэгээд эргээд найз Дашмаагийн сууж байсан буйдан руу очиход миний гар утас алга болсон байсан тул хяналтын камерын бичлэг шүүхэд нөгөө манай ажлын газар орж ирсэн шоколад авах уу гээд байсан эрэгтэй Дашмаатай юм ярьж байгаад түүнийг сатааруулаад миний ширээн дээр байсан гар утсыг аваад гарчихсан нь надад харагдсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 12 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ний 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн "Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 650,000 төгрөгөөр үнэлэгдэв" гэх 1126 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 26-27 дахь тал/, Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-ийн 28-29 дэх талзэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Кофелоги" нэртэй кофены газраас хохирогч Б.Бийн Айфоне Экс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 650,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч *******т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. Шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас 650,000 төгрөгийн хохирол учирснаас 300,000 төгрөгийг шүүгдэгч төлсөн байх тул үлдэх 350,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бөд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ: “ Өөрийн үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөрөөс 300,000 төгрөг төлсөн үлдсэн 350,000 төгрөгийг ойрын хугацаанд төлөхөө илэрхийлж байгаа юм байна. Урьд 4 удаагийн шийтгэл авч байсан. Гэхдээ 2015 онд суллагдсанаас хойш ямар нэгэн хэрэгт холбогдоогүй. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогчид 650,000 төгрөгийн хохирол учруулсан байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.” гэв.
Шүүх шүүгдэгч *******т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн еорөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдал тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-ийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт *******-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийнтусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-т 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******-т оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-с 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА