Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 212/МА2017/00133

 

 Т.Н-н хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 607 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймагт оршин суух,  Т.Н хүсэлттэй иргэний хэргийг хүсэлт гаргагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.С, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Я.С нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Монгол Ардын Хувьсгалт Намын хороонд 1999 оны 3 дугаар сарын 01-нээс 2011 оны 5 дугаар сарын 11-нийг хүртэл нягтлан бодогч, улс төрийн ажилтан, Улсын Их хурлын гишүүдийн өргөдөл гомдол хариуцсан ажилтнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай. 

 

Хүсэлтийн агуулга: ”Миний бие 1999 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2011 оны 5 дугаар сарын 11-нийг хүртэл Баян-Өлгий аймгийн МАХН-ын хороонд нягтлан бодогч, улс төрийн ажилтан, УИХ-ын гишүүдийн өргөдөл гомдол хариуцсан ажилтнаар тасралтгүй 11 жил, 2 сар, 11 хоног ажилласан. Миний тухайн байгууллагад ажиллаж байсан нь Монголын Ардын намын сан хөмрөгийн газрын албан тоот, Т.Н миний нийгмийн даатгалын дэвтрүүд, тэр үед хамт ажиллаж байсан С.Х, З.Б, Х.Б нарын тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд Т.Н миний 1999 оны 3 дугаар сарын 01-нээс 2011 оны 5 дугаар сарын 11-нийг хүртэл Баян-Өлгий аймгийн МАХН-ын хороонд нягтлан бодогч, улс төрийн ажилтан, УИХ-ын гишүүдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү.” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 607 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч  

Т.Н Баян-Өлгий аймгийн Монгол Ардын Хувьсгалт Намын хороонд 2001 оны 01 дүгээр сарын 01-нээс 2011 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нягтлан бодогч, улс төрийн ажилтан, Улсын Их хурлын гишүүдийн өргөдөл гомдол хариуцсан ажилтнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож, хүсэлтийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 607 тоот шийдвэрийн Тогтоох хэсгийн “Т.Н-ын аймгийн 1999 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний хооронд Баян-Өлгий аймгийн МАХН-ын хороонд нягтлан бодогч, улс төрийн ажилтан, УИХ-ын гишүүдийн өргөдөл гомдол хариуцсан ажилтнаар 1 жил, 9 сар ажилласан тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хүсэлт гаргагч Т.Н нь 1999 оны 03 дугаар сарын 01-нээс 2000 оны 12 дугаар сарын 31-ныг хүртэл 1 жил, 9 сарын хугацаагаар Баян-Өлгий аймгийн МАХН-ын хороонд нягтлан бодогч, улс төрийн ажилтан, УИХ-ын гишүүдийн өргөдөл гомдол хариуцсан ажилтнаар ажиллаж байсан нь Монголын Ардын намын сан хөмрөгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 67 тоот албан бичиг, иргэн Т.Нын №763135 тоот нийгмийн даатгалын дэвтэр, Т.Н-тай тус байгууллагад хамт ажиллаж байсан С.Х, З.Б, Х.Б нарын тайлбарууд, гэрч С.Ш-аас шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа юм. Гэтэл анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ” гэсэн зарчмыг ноцтой зөрчиж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлээгүй явдалд гомдолтой байна. 

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 607 тоот шийдвэрт “Т.Н нь 1999 оны 3 дугаар сарын 01-нээс 2000 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл 1 жил 9 сар Баян-Өлгий аймгийн МАХН-ын хороонд нягтлан бодогч, улс төрийн ажилтан, УИХ-ын гишүүдийн өргөдөл гомдол хариуцсан ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай” гэж өөрчлөлт оруулан өмгөөлөгч Я.С миний давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Т.Н-ын хүсэлттэй иргэний хэргийг давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаас хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3 дахь хэсэгт зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна. 

Хүсэлт гаргагч Т.Н нь Баян-Өлгий аймгийн Монгол Ардын Хувьсгалт Намын хороонд 1999 оны 3 дугаар сарын 01-нээс 2011 оны 5 дугаар сарын 11-нийг хүртэл нягтлан бодогч, улс төрийн ажилтан, Улсын Их хурлын гишүүдийн өргөдөл гомдол хариуцсан ажилтнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүсжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийг хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, хуульд заасан тохиолдолд нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 38 дугаар зүйлийн 38.6, 40 дүгээр зүйлд нийцээгүй байна. 

 

Тухайлбал, Т.Н-ын хүсэлтийн үндэслэл болсон Монгол ардын намын Сан хөрөнгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 67 дугаар тодорхойлолт, нэхэмжлэгчийн №А0013186, №763135 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 268 дугаар албан бичиг зэрэг баримтуудыг үндэслэн даалгавар гүйцэтгүүлэх, нотлох баримт шаардан авах, үзлэг хийх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаа явуулсны үндсэн дээр хэрэгт цугларсан бичмэл баримтуудын эх сурвалжийг магадлах, хүсэлтийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтуудыг тогтоох шаардлагатай байжээ. Түүнчлэн шүүх Т.Н-аас дээрх шаардлага бүхий хүсэлт гаргасан үндэслэл, шалтгааныг тодруулсны эцэст “улсад ажиллаж байсан байдлыг тогтоох”, эсхүл “улс төрийн намын салбар хороонд тодорхой албан тушаал эрхэлж байсныг тогтоох” талаарх нэхэмжлэлийн аль шаардлагыг гаргасныг тодорхойлох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан агуулгад нийцнэ. 

 

Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хуульд зааснаар Т.Н-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, буцаан олгоно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 607 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, нэхэмжлэгч Т.Нд буцаан олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

Д.КӨБЕШ