Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2021/01179

 

 

Б.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/01863 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2132 дугаар магадлалтай,

 

Б.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй

Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдох

 

Гэрээг хугацаанаас өмнө хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр цуцалснаас учирсан хохиролд 20,072,727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Баттулгын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтангэрэл, хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Баттулга, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017.05.04-ний өдрийн А/130 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсаны дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2018.04.23-ны өдрийн 182/ШШ2018/00769 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018.06.29-ний өдрийн 1523 дугаар магадлалаар талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэн, гэрээний хугацаа 2016.12.31-ний өдрийг дуустал үргэлжлэх талаар гэрээний 3.1 дэх хэсэгт заасан ба гэрээний хугацаа дууссан боловч нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэж байсныг ажиллуулагч эсэргүүцээгүй тул Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1 дэх хэсэгт зааснаар гэрээ тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн. Мөн Улсын Дээд шүүх нь хариуцагч 2016 оны ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр муу буюу F үнэлгээ авсан тул ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд энэ талаар заагаагүй байхаас гадна хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийн үнэлгээгээр F үнэлгээ авсан нь гэрээ дуусгавар болох үндэслэл болох талаар гэрээний 8 дугаар зүйлд тухайлан тохиролцоогүй хэмээн хариуцагчийн ажлаас халсан тушаал нь хууль бус байсан талаар дүгнэсэн. Иймээс Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны А/130 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй тул учирсан хохирлоо Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.6 дахь хэсэгт гэрээг цуцалснаас үүсэх хохирлыг мөн хуулийн 227 дугаар зүйлд зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн гэж үзэн учирсан хохирлоо хариуцагчаас шаардаж байгаа болно. Б.Оюунчимэг миний бие 2017.05.04-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдөж, хариуцагчтай байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ 7 сар 18 хоногийн өмнө хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр цуцлагдсан тул учирсан хохирлыг нэг сарын хөлсний хэмжээгээр тооцож, 20,072,727 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байгаа болно. Иймд гэрээг хугацаанаас өмнө хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр цуцлагдсанаас учирсан 20,072,727 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Оюунчимэг нь 2014.11.10-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл дээр худалдан авалтын мэргэжилтний албан тушаалд ажиллахдаа Сангийн сайдын 2015.07.10-ны өдрийн 196 тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах эдгээр хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын дагуу хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилласан. Хөлсөөр ажиллах гэрээний үндэслэх хэсэгт Иргэний хууль, Сангийн сайдын батлагдсан дээрх журмыг үндэслэл болгож, гэрээнд заасан эрх, үүрэг, нөхцөлийг харилцан тохиролцож байгуулсан байдаг. Гэрээний 8.1.2-т зааснаар захиалагч гэрээг цуцлах шийдвэр гаргасан, 8.21 дэх хэсэгт ажилтан гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй, шалтгааныг захиалагч хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд гэрээг захиалагчийн санаачилгаар цуцлах болохыг Б.Оюунчимэгтэй харилцан тохиролцож гэрээг байгуулсан байна. Тухайн жилийн ажлын үнэлгээгээр Б.Оюунчимэг нь 59 хувийн үнэлгээтэй буюу муу үнэлгээ авсан нь журмын 16.11 дэх хэсэгт заасны дагуу гэрээг дуусгавар болгох үндэслэл болох ба тухайн ажлын байранд цаашид ажиллуулах шаардлагагүй гэж үзэн Нийслэлийн Засаг даргаас 2017 оны 02-01/424 дугаартай албан бичгээр ажлаас чөлөөлүүлэх хүсэлт ирүүлсний дагуу холбогдох материалыг судлан үзэж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад олгогдсон эрх хэмжээний дагуу 2017.05.04-ний өдрийн А130 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Дээрх тушаал нь бүрэн эрхийн хүрээнд хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хэрэгжүүлэгч байгууллагаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ажилладаг болно. Төслийн хувьд Монгол Улсын Сангийн яамны сайдын 2015.07.10-ны өдрийн 196 дугаар тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг болно. Уг журмын 10 дугаар зүйлд төсөл хэрэгжүүлэгч байгууллагын чиг үүргийг тодорхойлж, 10.1.21-д төслийн зохицуулагч, санхүүгийн мэргэжилтэн, худалдан авах ажиллагааны мэргэжилтний хөлсөөр ажиллах гэрээг сунгах, цуцлахдаа Сангийн яамнаас зөвшөөрөл авсны үндсэн дээр шийдвэрлэх гэж заасан бөгөөд худалдан авалтын ажилтныг чөлөөлөх хүсэлтийг 2017.02.01-ний өдөр 02-01/424 тоот албан бичгээр Сангийн яаманд хүргүүлсэн болно. Санхүүгийн болон худалдан авалт хариуцсан ажилтнуудыг Сангийн яам томилж, чөлөөлдөг байхаар журмын 9.1.7-д зохицуулсан байдаг. Уг журмын 16 дугаар зүйлийн 16.6-т заасны дагуу тус төслийн бүх ажилтнуудын хөлсөөр ажиллах гэрээг гурвалсан хэлбэрээр байгуулж, ажилладаг бөгөөд журмын 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсэгт заасны дагуу гэрээг 1 жилээс илүүгүй хугацаагаар байгуулдаг болно. Аливаа гэрээ нь тухайн хуанлийн жилийн эцсээр дуусгавар болохоор журмын 16.7 дахь хэсэгт заасан. Иймд хөлсөөр ажиллах гэрээний хугацаа нь дууссан Б.Оюунчимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтээ Сангийн яаманд хүргүүлж шийдвэрлүүлсэн болно. Хөлсөөр ажиллах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа 2016.12.31-ний өдрөөр дууссан тул иргэн Б.Оюунчимэгийг худалдан авалтын мэргэжилтний ажлаас чөлөөлж, гэрээ дуусгавар болсон. Хөлсөөр ажиллах гэрээ нь гэрээний хугацаа дууссанаар дуусгавар болдог гэрээ болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заажээ. Б.Оюунчимэгтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээтэй холбоотой шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байгаа болно. Иймд иргэн Б.Оюунчимэгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч ямар бодит хохирол учирсан талаар баримт ирүүлээгүй байна. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт хөлсөөр ажиллагч гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ мөн хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл хөлсөөр ажиллагч тохиролцсон ажил үйлчилгээ хийж гүйцэтгэснийхээ төлөө хөлс авах бөгөөд нэхэмжлэгчид уг хөлсийг ажиллуулагч төлсөн. Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1 дэх хэсэгт зааснаар Гэрээний хугацаа дууссаныг ажиллагч тал нь нөгөө талдаа мэдэгдэн гэрээг үргэлжлүүлэхийг хүссэнийг ажиллуулагч эсэргүүцээгүй тохиолдолд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заажээ. Гэрээний хугацаа дууссаны дараа нэхэмжлэгчийн зүгээс гэрээ сунгах талаар ямар нэгэн хүсэлт бичгээр болон амаар гаргаж байгаагүй. Б.Оюунчимэгтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан тул иргэн Б.Оюунчимэгт төслийн зохицуулагчийн 131 тоот мэдэгдэл хүргүүлж, түүнтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болсон. Хөлсөөр ажиллах гэрээ нь гэрээний хугацаа дууссанаар дуусгавар болдог гэрээ болно. Иймд Б.Оюунчимэгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/01863 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 221.6, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Нийслэлийн засаг даргын тамгын газраас 20,072,727 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Оюунчимэгт олгож, хариуцагч Сангийн яаманд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Б.Оюунчимэгээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 259,000 төгрөгнөөс төлбөл зохих 258,314 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 686 төгрөгийг буцааж, хариуцагч Нийслэлийн засаг даргын тамгын газраас 258,314 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Оюунчимэгт тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2132 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/01863 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Баттулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 221.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн гэж дүгнэсэн байдаг. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Гэтэл Б.Оюунчимэгтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан байхад гэрээний нэг тал үүргээ зөрчсөн, түүнээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно, Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1 дэх хэсэгт гэрээний хугацаа дууссаныг ажиллагч нь нөгөө талдаа мэдэгдэн гэрээг үргэлжлүүлэхийг хүссэнийг ажиллуулагч эсэргүүцээгүй тохиолдолд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно гэж тус тус заасан. Гэтэл ажиллагч буюу Б.Оюунчимэгийн зүгээс гэрээний хугацаа дууссаныг мэдсэн боловч гэрээг үргэлжлүүлэх хүсэлтийг ажиллуулагч тал буюу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, төсөл хэрэгжүүлэх нэгжид мэдэгдээгүй байдаг. Мөн Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт хөлсөөр ажиллагч гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Нэхэмжлэгч Б.Оюунчимэгийн зүгээс тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгээгүй байхад түүнд хөлс төлөхөөр шүүхээс шийдвэрлэж байгаа нь огт үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Б.Оюунчимэг нь Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүйгээр цуцалснаас учирсан хохиролд 20,072,727 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 20,072,727 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Сангийн яаманд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Оюунчимэг нь Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгжийн худалдан авалтын менежерээр ажиллаж байгаад 2017.05.04-ний өдрөөр ажлаас чөлөөлөгдсөн ба энэхүү үйл явдалтай холбоотой зохигчийн хооронд үүссэн маргааныг өмнө Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.23-ны өдрийн 182/ШШ2018/00769 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.06.29-ний өдрийн 1523 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.12.14-ний өдрийн 001/ХТ2018/01853 дугаар тогтоолоор хянан шийдвэрлэжээ.

 

Хуулийн хүчин төгөлдөр болсон дээрх шийдвэрээр зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан бөгөөд хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр гэрээг 7 сар 18 хоногийн өмнө цуцалсан нь хуульд нийцээгүй гэж дүгнэсэн байна. Нэгэнт тогтоогдсон энэ үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж шүүх үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасантай нийцжээ.

 

Түүнээс гадна дээр дурдсан зохигчийн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээс үзэхэд нэхэмжлэгч анх нэхэмжлэлээ ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 6,900,000 төгрөг гаргуулах гэж тодорхойлж байсан, анхан шатны шүүх хуралдаанд олговрын хэмжээг шүүхийн шийдвэр гарах хүртэл 41,660,160 төгрөг гэж тооцоолсон, анхан шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас маргаан үүссэн гэж үзсэн, /нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон/ давж заалдах шатны шүүх эрх зүйн харилцааг өөрөөр буюу хөлсөөр ажиллах гэрээ, гэрээг үндэслэлгүйгээр хугацаанаас нь өмнө цуцалсан гэж дүгнээд 7 сар 18 хоногийн хохирлыг, нэхэмжлэгчийн авч байсан нэг сарын цалин 3,450,000 төгрөгөөр тооцож 26,972,727 төгрөгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргуулсан, хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэж 6,900,000 төгрөгийг гаргуулж, 20,072,727 төгрөгийн шаардлагыг гаргаагүй гэж үзсэн, эдгээр байдал тогтоогджээ.

 

Өмнө тогтоосон дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүх Б.Оюунчимэг нь дахин нэхэмжлэл гарган 20,072,727 төгрөгийн хохирлыг шаардах эрхтэй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.6, 227 дугаар зүйлийн 227.1-д заасан гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэснийг зөрчихгүй байна.

 

Иймд ...гэрээний хугацаа дууссан, ...гэрээгээр тохирсон ажил үйлчилгээ гүйцэтгээгүй байхад хөлс төлөхөөр шийдвэрлэсэн гэх хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/01863 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2132 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Г.ЦАГААНЦООЖ

 

Д.ЦОЛМОН