| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 101/2019/00366/И |
| Дугаар | 101/ШШ2019/01205 |
| Огноо | 2019-04-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2019/01205
2019 оны 04 сарын 25 өдөр Дугаар 101/ШШ2019/01205 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д аймаг, сум, 0 дугаар баг, ялалт 0 дүгээр гудамж 0 тоотод оршин суух, Т овогт Х.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0дугаар хороо, Шинэ зуун хотхон 0 байр, 0 тоотод оршин суух, Ш овогт Б.С-д холбогдох,
24.301.224 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, хариуцагчийн өмгөөлөгч Л.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Х.Б миний бие 2018 оны 1 дүгээр сарын 10-ны 16:00-17:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах циркийн зогсоол дээр авто машин байнга зардаг /машины ченж/ Б.С гэгчээс 0 УБЦ улсын дугаартай Toyota Land cruser-200 маркийн авто машиныг 107.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авах үед уг машин нь гадна болон дотор талаасаа маш цэвэрхэн цэмбэгэр, 57.600 км явсан машин байсан. Уг машины эзэн Б.С нь миний энэ зарж байгаа машин хийх юмгүй, ямар нэгэн асуудалгүй, тэгээд ч 57.600км явсан машинд юу хийхэв дээ гэж бидэнд итгэл үнэмшил төрүүлэхээр ярихад нь итгэж худалдан авсан. Уг авсан машиныг оношилгоонд оруулахаар ярихад Б.С нь ямар ч асуудал байхгүй, одоо оношилгооны газрууд хаачихсан, эвдрэл гэмтэл гарвал би бүрэн хариуцна тэгээд ч би олон машин зарж байна үүнээс ирээд сольж авч болно шүү дээ гэж хэлэхээр нь итгээд авч явсан юм. Маргааш нь уг машиныг унаад Дорнод аймаг руу явах замд маш их /100 км-т 35-40 л/ түлш идэж, моторын маслыг үзэхэд огт маслогүй болсон байсныг нэмж явсан. Хянахын бүх гэрлүүд асаад болохгүй болохоор нь уг машиныг худалдсан Б.С руу залгаж ярихад та нэгэнт тийм хол явчихсан юм чинь засварын газар хүн амьтанд үзүүлээд яаж ийгээд аргалаад аваад ирээ, ирэхээр чинь би учрыг нь олоод өгье гэж хэлсэн. Тэгээд уг машиныг дулаан гражид байлгаж байгаад хэд хоногийн дараа Улаанбаатар руу авч очоод Б.Стой уулзахад би ямарч байсан засаж өгнө гэж хэлчхээд утсаа ч авахгүй алга болсон. Олон хоног хөөцөлдсөний эцэст Б.Стой уулзахад нөгөө хэлж ярьж байснаасаа буцаж уурлаж уцаарлаж, би хариуцахгүй тэр шүүх цагдаадаа өгөөд шийдүүлэхгүй юу гэж хэлчхээд яваад өгсөн. Тэгээд арга буюу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтэст Б.С гэгч нь эвдрэл гэмтэлтэй байсан машины бодит байдлыг нууж залилан мэхэлж, хохироосон гомдлоор өргөдөл өгч шалгуулсан боловч Сүхбаатар дүүргийн прокурор П.Даваасүрэн уг хэргийг хянаад гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хаасан тухай мэдэгдэж 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тогтоолыг надад өгсөн юм.
Иймд хариуцагч Б.Сгоос уг машины запас сэлбэг, засварын ажлын төлбөр 19.297.269 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 615.000 төгрөг, Дорнод аймаг Улаанбаатар хотын хооронд уг асуудлыг шийдвэрлүүлэхээр явсан замын зардал 2.081.955 төгрөг, Улаанбаатар хотод уг асуудлыг шийдвэрлэтэл байлгах газаргүй тул дулаан зогсоол түрээсэлсэн түрээсийн төлбөр 2.310.000 төгрөг нийт 24.301.224 төгрөгийг Б.Сгоос гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Б нь Б.Сгоос 24,301,224 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байгаа. Үүнд авто машин завсар үйлчилгээ оношилгоо, запас сэлбэгт 19,297,269 төгрөг, үнэлгээ хийлгэсэн ажлын хөлсөнд 615,000 төгрөг, дулаан гарааш авто зогсоолын түрээсийн төлбөр 2,121,000 төгрөг, 0 УБЦ Ланд круизер маркийн авто машинаар Улаанбаатараас Дорнод аймаг руу, Дорнод аймгаас Улаанбаатар хотод ирэхэд зарцуулсан түлш 455 литр түлшний литр тутмыг 2,570,000 төгрөгөөр бодоод 1,169,350 төгрөгийн шатахуун, 10 литр супер масло 97,000 төгрөг нийт 1,266,350 төгрөг нийтдээ 24,301,224 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Х.Бын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Б.С миний бие 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Д-тай Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр миний бие Япон Улсаас орж ирсэн 0 УБЦ улсын дугаартай хар саарал өнгийн Toyota Land cruser-200 маркийн автомашиныг худалдан авсан, худалдан авах үед ямар нэг эвдрэл гэмтэл байгаагүй юм. Би автомашины ченжийн ажилтай ба дээрх худалдан авсан автомашинаа удалгүй буюу 10 хоногийн дараа нэхэмжлэгч Х.Бт зарсан бөгөөд худалдах үед автомашинд ямар нэг эвдрэл, гэмтэл доголдол байгаагүй. Түүнд уг автомашиныг худалдсаны маргааш над руу холбогдон автомашины хянахын гэрэл асаад байгаа талаар хэлсэн бөгөөд би холбогдох хүмүүсээс тодруулж аккумулятороо унтраагаад асаахад зүгээр болчихдог юм байна гэж хэлсэн, түүний дараа надтай огт холбогдоогүй. Түүнээс хойш 27 хоногийн дараа надтай холбогдож автомашиныг эвдрэл, гэмтэлтэй байгаа талаар хэлж буцаах хүсэлтэй байгаагаа хэлсэн бөгөөд ийм удаан хугацаан дараа буцаах боломжгүй гэдгээ миний бие тухайн үед тайлбарласан. Гэтэл автомашиныг худалдсанаас хойш нэг жилийн дараа ийнхүү нэхэмжлэл гаргаж надаас сэлбэг, засвар, үнэлгээний зардлыг нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Мөн зардал болон түрээсийн төлбөрийг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд амаар худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээнд доголдлын талаар тусгаагүй учир Иргэний хуулийн 151.2-д зааснаар тухайн авто машиныг зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгө байсан гэж үзэж байгаа. Манайх доголдолгүй гэж байгаа. Энэ машиныг нэхэмжлэгч тал худалдан авахдаа унаж үзээд авсан. Энэ авто машин 2013 онд Монгол Улсад орж ирсэн. Энэ машиныг 5 жил унасан учраас засвар хийгдсэн нь ойлгомжтой. Тэр машиныг зориулалтынх нь дагуу унаад явах боломжгүй гэдэг нотлох баримтыг нэхэмжлэгчээс гарган өгөөгүй. Тухайн авто машиныг унаж яваад Дорнод аймаг руу явсан. Дорнод аймгаас буцаан авчирсан, машинд засвар хийсэн гэж тайлбарлаад байгаа боловч баримтууд нь 2018 оны 7,8 сараас хойших баримтууд байдаг. Эндээс харахад тухайн авто машиныг нэхэмжлэгч тал зориулалтын дагуу ашиглаж байсан гэж үзэж байгаа. Тухайн үед доголдолтой байсан гэдэг нь нотлогдохгүй, эргэлзээтэй байгаа учраас манайх нотлох баримт гарган өгөөгүй. Шинжээчийн дүгнэлтийг тухайн авто машиныг зориулалттай дагуу ашиглах боломжтой юу үгүй юу нотолсон дүгнэлт гэж үзэхгүй байгаа гэв.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Б.Сд холбогдуулан 24.301.224 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч “...худалдах үед автомашинд ямар нэг эвдрэл, гэмтэл доголдол байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Зохигчид 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 0 УБЦ улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг хэлцэл хийж, Х.Б автомашины үнэ 107.000.000 төгрөг шилжүүлж, автомашинаа хүлээн авсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан харилцаа талуудын хооронд үүссэн байна.
0 УБЦ улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн автомашин нь А.Дэлгэрсайханы өмчлөлд байдаг хэдий ч Х.Б эзэмшдэг талаар гэрчээр А.Дэлгэрсайхан мэдүүлэг өгсөн байна. Иймд Х.Б автомашин худалдан авахад доголдолтой байсан тул автомашиныг засуулахад шаардагдсан 24.301.224 төгрөг гаргуулахаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-д зааснаар шаардлага гаргах эрхтэй байна.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт зааснаар гэрээнд заасан зориулалтаар буюу ердийн байдлаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй хөрөнгө гэнэ.
Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Б.Сгийн хэлцлийн дагуу шилжүүлсэн хөрөнгө болох Ланд круйзер 200 маркийн автомашин нь чанарын доголдолтой байсан талаар Б.Сд мэдэгдсэн. Энэ талаар хариуцагч “уг автомашиныг худалдсаны маргааш над руу холбогдон автомашины хянахын гэрэл асаад байгаа талаар хэлсэн бөгөөд би холбогдох хүмүүсээс тодруулж аккумулятороо унтраагаад асаахад зүгээр болчихдог юм байна гэж хэлсэн” гэжээ.
Гэтэл хэлцлийн дагуу шилжүүлсэн Ланд круйзер 200 маркийн автомашин нь өөрийн шинж чанараараа ердийн хэрэглээний шаардлага хангаж буюу зориулалтын дагуу ашиглагдах боломжгүй болсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг гэрч А.Жаргалсайхан нотлон шүүхэд мэдүүлэг өгсөн байна.
Б.С нь Х.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа талаар баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, өөрөөр хэлбэл доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн гэх байдлаа нотолж чадаагүй байна.
Хавтаст хэргийн 38-39, 44-49, 49-52 дугаар талд авагдсан баримтууд нь 0 УБЦ улсын дугаартай автомашинд сэлбэг, засвар хийсэн баримтууд, мөн хэргийн 17 дугаар талд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр авто зогсоол түрээслэх гэрээ зэрэг баримтууд нь 0 УБЦ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашинтай холбоотой, хэрэгт авагдсан бусад баримтууд нь уг автомашинтай холбоогүй байна.
Эдгээр үндэслэлээр 0 УБЦ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашинд зарцуулагдсан 5.466.000 төгрөгийг Б.Сгоос гаргуулж, Х.Бт олгох нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279.456 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Сгоос 102.406 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Бт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 254 дүгээр зүйлийн 254.1.-д зааснаар хариуцагч Б.Сгоос 5.466.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18.835.224 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279.456 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Сгоос 102.406 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Бт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120..-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО