Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/10

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Хохирогч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2224000000089 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1972 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багт оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ******* регистрийн дугаартай, *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг “Бага жаргалант” гэх газарт байрлах хохирогч *******н гэрт түүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний баруун дунд чөмгөний дотор хэсэгт хутгалж, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг “Бага жаргалант” гэх газарт байрлах хохирогч *******н гэрт түүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний баруун хөлийн дунд чөмгөний дотор хэсэгт хутгалсан гэмт хэргийн үйл баримт нь:

Хохирогч *******н мөрдөн шалган ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Уг хэрэг болдог өдөр би хонио хариулж яваад гэртээ ирээд цай уугаад хоол идээд байж байтал гэрийн гадаа мотоциклтой хүн ирсэн. Тэгтэл манай эхнэр гарч хараад орж ирээд Тайван ах байна гэж хэлсэн. Удалгүй манай хүргэн ах болох Энхтайван эхнэрийнхээ хамт орж ирсэн. Орж ирээд мэнд ус мэдэлцээд сууцгаасан. Би гэрийнхээ баруун хэсэгт ширээний ард сууж байсан Энхтайван ах орж ирээд гэрийн баруун талаар ширээний дээд талд суусан. Эхнэр нь Жамъянсүрэн гэрийн зүүн талын орон дээр суусан. Энэ өдрөөс 6-7 хоногийн өмнө манай эгч Жамъянсүрэн манайд ирээд банкнаас зээл аваад өгөөч гэж гуйж ирэхээр нь би сумын төв ороод Хаан болон Төрийн банкнаас зээл хөөцөлдсөн боловч бүтээгүй. Манайх Төрийн банканд 1,137,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан ба тэр зээлийг төлчих юм бол Хаан банк зээл өгнө гэж байна гэж манай эгч Жамъянсүрэн надад утсаар залгаж хэлсэн. Тэгээд тэр зээлийн үлдэгдлийг манай эгч Жамъянсүрэн хүнээс мөнгө олоод төлсөн. Тэгээд би Хаан банкнаас зээл авах гэсэн боловч надад зээл өгөөгүй. 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр манай хүргэн ах ирээд “чи надад зээл хөөцөлдөж өгсөнгүй” гээд над руу уурлаад эхэлсэн. Тэгээд миний урд сууж байгаад намайг заамдаад бариад авахаар нь би бие хамгаалах гээд Энхтайван ахыг энгэрээс нь татаад гэрийн үүд рүү яваад гэрийн үүдээр гарч байтал Энхтайван ах гараараа хатгах шиг болсон. Тэгтэл миний баруун талын хөлийн зузаан гуяны дотор тал руу хутгаар хатгасан байсан. Манай эгч Жамъянсүрэн дундуур орж ирээд Энхтайван ахыг цааш авсан би гэрийн гадаа гарч ирээд миний өмд зүсэгдсэн байдалтай цус нэвтэрч гарсан байдалтай байсан. Би гэрийн гадаа гарч ирээд байж байтал Энхтайван ах гэр дотроос “би чамайг ална, одоохон гүйцээчий, би чамайг нэг өдөр буудаж ална” гээд орилоод заналхийлээд байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа залгаад наад хүнээ явуулж болохгүй шүү байлгаж байгаарай гэж хэлсэн. Тэгтэл Энхтайван ах мотоциклоо унаад явах гээд байхаар нь цагдаа ирж байгаа, та байж бай гэхэд Энхтайван ах явах гээд байхаар нь яваад очтол намайг цохих гээд чулуу барьсан гараараа далайсан. Тэгэхээр би гарыг нь хаахад гарт нь байсан чулуу газар унасан. Тэгээд би гэрийнхээ хойд талд очоод хөлөө боогоод хэвтэж байтал цагдаа болон эмнэлэг ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх 59-62/,

 Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр би нөхөр *******ы хамт сумын төв орж түүнийг эмнэлэгт үзүүлэхээр гэрээсээ гараад замаараа *******н гэрээр дайрсан. Тэднийд ороход ******* хоол идээд сууж байсан. Бид хоёр төв орох гэж байна. Тайванг эмнэлэгт үзүүлэх гэсэн юм мөнгөний хэрэг гараад байна гэсэн чинь ******* танай зээлийг би дарж чадахгүй. Та нар юу яриад байгаа юм гэж хэлээд босож ирээд л Энхтайванг дээлийнх нь захнаас татаж унагаад дээрээс дэвсээд гэрээсээ гаргах гээд чирэхээр нь би наад хүний чинь бие өвдөөд эмнэлэгт үзүүлэх гэж явна гэсэн чинь алсан ч яадаг юм гээд дэвссэн. Тэгсэн чинь Тайван тогооны саван дээр байсан хутгыг шүүрээд авсан. Тэгэхлээр нь би тэр хоёрын дундуур яваад ортол хүүе наадах чинь шорлочихлоо гэхээр нь би *******ы барьж байсан хутгыг булааж авсан. ******* *******ыг чирээд хаалганы тэнд авааччихсан байхад тогооны саван дээр байсан шар өнгийн хуванцар иштэй хутгыг шүүрээд авсан. ******* Энхтайванг өшиглөж байхдаа л хутгалчихлаа шүү дээ гэхлээр нь би *******ы гарт байсан хутгыг булааж аваад шидсэн...” гэсэн мэдүүлэг /хх 67/,

 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цагийн орчимд манай хадам эгч Жамъянсүрэн, нөхөр *******ы хамт манай гэрт ирсэн. Урьд нь манайхыг банкнаас зээл аваад өгөөч гэж гуйсан. Манай нөхөр бид хоёр 3, 4 хоногийн өмнө сумын төв рүү орж зээл авах гээд банк орсон боловч бүтээгүй. Энхтайван ах манайд ирчхээд өөрсдөө зээл авах гэж байгаа юм шиг хөөцөлдөөд өгсөнгүй пизданууд чинь гээд манай нөхөртэй муудалцаад барьцалдаад авсан, ******* ******* ахыг гаръя гээд чирээд хаалгаар гарах гэж байхад Энхтайван ах манай тогооны саван дээр байсан хутгыг шүүрч аваад *******н гуя руу хутгаар хатгачихсан. Тэгсэн Жамъянсүрэн эгч очоод дундуур нь орж салгасан. Тэгээд Энхтайван ах манай нөхрийг “чамайг ална, хэзээ нэгэн цагт гүйцээнэ дээ, чамайг буудна” гээд заналхийлээд байсан. Жамъянсүрэн эгч Энхтайван ахыг дарж байгаад гарт нь байсан хутгыг булааж авсан. Тэгээд Энхтайван ах, манай нөхөр хоёр гэрээс гарсан. Үүний дараагаар манай нөхөр утсаараа сумын төв рүү залгаж эмнэлэг болон цагдаа дуудуулсан. Манай нөхөр түүнийг гэрээсээ гаргах гэж байх үед л Энхтайван ах манай гэрийн тогооны саван дээрээс хутга шүүрч аваад манай нөхрийн гуяа руу хутгалчихсан...” гэсэн мэдүүлэг /хх 71-72/,

Эмч 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “...******* 28 настай, эр, зовиур: Толгой өвдөнө, шарх чинэрч хорсож өвдөнө. Дотор муухай оргино. 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цагийн орчим хүнтэй хоорондоо муудалцан баруун гуяны дотор талд хутгалуулсан. Тухайн үед цус их гарсан. Түргэн дуудаж эмнэлэгт ирсэн. Үзлэгт: БЕБ дунд орчиндоо харьцаатай арьс салст цайвар цонхигор авиа тод, жигд ривто 2 талд ц/а-тай АД130/90, 120/80 мм муб пүүлс1-74 SpO2-96 хэвлийн зөөлөн салст 2 талд /-/, шээс элбэг биед ил хавангүй, баруун гуяны дээд хэсэгт хутгалуулсан 6 см орчим зүсэгдсэн шархтай тус шархнаас дээш 10 см орчим зайд хутганы үзүүрт хатгагдсан хавсан оромтой тухайн хэсэг хөхөрч хавдан цус гарсан. Уг шарханд 7 оёдол тавьсан. Авсан арга хэмжээ шархыг цэвэрлэж цэгцлэн оёдол тавьж эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээг хийв. DS: баруун гуяны мэсний ил шарх...” гэсэн тодорхойлолт /хх 81/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-17, 38-39/, өвчний түүх /хх 20-34/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******ы: “...******* миний хойноос барьж аваад намайг газар унагаад мөр толгойн хэсэг рүү өшиглөөд үүд рүүгээ намайг чирсэн, би чирэгдээд хаалганд ойрттол миний хажуу талын тогооны саван дээр хутга байхлаар нь би хутгыг барьж авсан. Намайг хутга авмагц манай эхнэр ирээд миний дээрээс дарсан. Харин ******* хаалганыхаа гадна талд гарчхаад намайг өшиглөж байснаа намайг шаачихлаа гэхлээр нь харахад *******гийн баруун гуянаас нь цус шүүрчихсэн байсан. Тэгээд манай эхнэр миний барьж байсан хутгыг аваад шидсэн. Би гэм буруугийн талаар маргахгүй...” гэсэн мэдүүлэг нь хохирогч *******г хутгалсан үйл баримтыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч *******ы хохирогч *******гийн баруун хөлийн дунд чөмгөний дотор хэсэгт хутгалсан үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 0000004528 дугаартай: “...*******гийн биед гэмтэл учирсан байна. Хурц ир ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой  баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. *******гийн биед учирсан баруун дунд чөмгөний дотор дээд хэсгийн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. *******гийн биед шинжилгээ хийхэд асуултад тавигдаагүй нөхцөл байдал тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт /хх 82-83/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0000000542 дугаартай: “...*******гийн биед баруун дунд чөмгөний дотор дээд хэсэгт баруун гуяны дотор дээд хэсэгт шарх, шархны доод хэсэгт цус хуралт, баруун мөрний дээр зулгаралт гэмтлүүд учирсан байна. *******гийн биед учирсан баруун дунд чөмгөний дотор дээд хэсэгт баруун гуяны дотор дээд хэсэгт учирсан шарх нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. *******гийн биед учирсан шарх, цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр үүссэн байх боломжтой. *******гийн гэмтэл учирсан гэмтлүүд нь тухайн үедээ шинэ гэмтэл байсан байна. Хурц ир ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. *******гийн биед учирсан баруун дунд чөмгөний дотор дээд хэсэгт баруун гуяны дотор дээд хэсэгт шарх, шархны доод хэсэгт цус хуралт баруун мөрний дээр зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 000000528 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэсэн /хх 89-90/ дүгнэлтээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Хохирогч *******гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч *******ы хохирогчийн баруун хөлийн дунд чөмгөний дотор хэсэгт хутгалсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна

Иймд шүүгдэгч *******ы хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч *******аас хохирогч ******* нь эмчилгээний зардал 1,000,000 төгрөг, эмчилгээ хийлгэхэд гарсан шатахууны зардал 1,000,000 төгрөг, мал хөлсөөр харуулсны зардал 2,000,000 төгрөг, хөлсөөр мод бэлтгүүлж, тээвэрлэж, гэр нүүлгэхэд гарсан бусад зардал 1,000,000 төгрөг нийт 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Шүүх хохирогч *******н мал хөлсөөр харуулсны зардал 2,000,000 төгрөг, хөлсөөр мод бэлтгүүлж, тээвэрлэж, гэр нүүлгэхэд гарсан бусад зардал 1,000,000 төгрөг нийт 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар холбогдох баримтаа ирүүлээгүй учраас хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******д холбогдуулан нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Эмчилгээний зардал 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хавтаст хэрэгт баримтаар авагдсан эм тариа болон эмчилгээ хийлгэсний зардлын 7 дугаартай 2022 оны 10 дугаар сарын 17-ны 5500 төгрөг, 4 дугаартай 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 60,500 төгрөг, 9 дугаартай 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 25,140 төгрөг, 11 дугаартай 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 541,000 төгрөг, 15 дугаартай 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15,000 төгрөг, 23 дугаартай 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15,000 төгрөг, 38 дугаартай 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 150,000 төгрөг, 39 дугаартай 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 106,000 төгрөг нийт 918,140 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, баримтгүй 81,860 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Эмчилгээ хийлгэхэд гарсан шатахууны зардал 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан гэмт хэрэг гарснаас хойших эмчилгээ хийлгэсэн цаг хугацаатай тохирох шатахууны баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч *******аас энэ шийтгэх тогтоолоор хохирол төлбөрт 1,918,140 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгож, хохирогчийн эмчилгээний зардал 81,860 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мал хөлсөөр харуулсны зардал 2,000,000 төгрөг, хөлсөөр мод бэлтгүүлж, тээвэрлэж, гэр нүүлгэхэд гарсан бусад зардал 1,000,000 төгрөг нийт 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******д холбогдуулан нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Шүүгдэгч нь ходоодны өвчтэй, гэм буруугийн талаар маргаагүй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял  оногдуулах” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд нийгмийн зүй зохист харилцааны талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байдал, хоорондын харилцааны зохисгүй хандлага, ахмад настнаа хүндлэх, өөрөөс дүү хүнд үлгэрлэх нийгэм, гэр бүл, төрөл садны харилцаанд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ алдагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа болон түүний эрүүл мэнд, насны байдлыг харгалзан, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримталж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 139 дугаартай “...******* нь ИЗ72052414 регистрийн дугаартай, 50 настай, ам бүл-8 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг...” гэсэн тодорхойлолтоор шүүгдэгч ******* нь Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багт байнга оршин суудаг болох нь нотлогдож байх тул түүнд оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгав.

Шүүгдэгч  нь  цагдан  хоригдсон  хоноггүй,  түүнээс  гаргуулах  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор шаргал өнгийн хувинцар иштэй хутга 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар саарал өнгийн суудалтай нимгэн даавуун өмд 1 ширхэг, улаан хүрэн өнгийн дотоож 1 ширхгийг устгаж, прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 51 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгчийн хувьд ногдох 3 тооны үхэр болох эд хөрөнгөнөөс хохирол төлбөр төлүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоосугай.

4. Шүүгдэгч *******д оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тоолж, хяналтдаа байлгахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг 1 /нэг/ хоногийн хорих ялаар солихыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч *******гийн 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардал 81,860 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, эмчилгээ, шатахууны зардал 1,918,140 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж хохирогчид олгож, мал хөлсөөр харуулсны зардал 2,000,000 төгрөг, хөлсөөр мод бэлтгүүлж, тээвэрлэж, гэр нүүлгэхэд гарсан бусад зардал 1,000,000 төгрөг нийт 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч *******аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор шаргал өнгийн хувинцар иштэй хутга 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар саарал өнгийн суудалтай нимгэн даавуун өмд 1 ширхэг, улаан хүрэн өнгийн дотоож 1 ширхгийг устгаж, прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 51 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгчийн хувьд ногдох 3 тооны үхэр  болох эд хөрөнгөнөөс хохирол төлбөр төлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.            

10. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ӨЛЗИЙХИШИГ