Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/15

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн 2324000000001 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхитын 36-494-б тоотод байнга оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 298 тоот шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* регистрийн дугаартай Бааж овогт Бат-Оршихын Загдсүрэн.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Завхан аймгийн Баянхайрхан сумын сумын Наран багийн нутаг дэвсгэрт байрлах ******* гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн ******* нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Завхан аймгийн Баянхайрхан сумын сумын Наран багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч ******* гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн үйл баримт нь:

Хохирогч ******* “...Би 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 14 цаг өнгөрч байх үед банкнаас мөнгө авах гээд ороод дараа нь Мөнхзоригт ахтай банкны гадаа таарсан...Тэгээд би 16 цаг өнгөрч байхад дэлгүүрээс нэг шил 0,5-тай Хараа архи аваад гэр рүүгээ явсан. Тэгээд гэр рүүгээ ороход Загдсүрэн, нар байсан. Би *******тэй архиа хувааж уусан, удаагүй байхад ******* орж ирсэн. Тэгэхээр нь би 20.000 төгрөг өгөөд ахиад нэг шил архи аваад ир гэж ******* болон хоёрыг дэлгүүр рүү явуулсан. Тэр хооронд би ороо засаад хэвтэж байхад Загдсүрэн шууд зодоод нүүр ам руу өшиглөөд байж байхад *******, 2 ирээд салгаад өөр юм болоогүй. ******* намайг зодсон шалтгаан нь ******* дэлгүүр явахаас өмнө наад ******* чамайг хутгалж магадгүй шүү гэж хэлсэн гэсэн тийм болохоор нь намайг зодсон юм шиг байна... ” гэсэн мэдүүлэг /хх 5/,

2. Гэрч ******* “...Тухайн өдөр 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 18 цаг өнгөрч байсан байх орой болсон байсан *******д аккумлятор асуух санаатай орсон. орсон чинь , *******, ******* гурвуулаа сууж байсан. уугаагүй орон дээр утас ухсан байдалтай нөгөө *******, ******* 0.75-тай Хараа архи задалсан уугаад сууж байсан. Тэгээд хоол байхгүй нөгөө хотоос ирсэн 2 залуу өлсөөд байна гэхээр нь гэх залуутай гараад айлд очиж хоол хийлгүүлж авсан. Дараа нь бид хоёр эргээд хүрээд ирсэн чинь зодоон болоод дууссан хоёулаа сууж байсан. ******* нүүр хавьцаа цус гарсан байдалтай байхаар нь шууд цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 13-14/,

3. Гэрч ******* “...2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр *******д байсан. ******* тухайн өдөр гадуур явсан бид хоёр гэртээ байсан. Тэгээд оройхон 17 цагийн үед байх ******* 0.75-тай Хараа архитай орж ирсэн. Тэрийг Загдсүрэн ******* хоёр хувааж уусан би уугаагүй орон дээр нь утсаа оролдоод хэвтэж байсан. Удаагүй байж байхад ******* гээд залуу орж ирсэн чинь хоол унд хэрэгтэй байна өлсөөд байна гээд Загдсүрэн хэлэхээр нь тэгвэл ******* надтай цуг яваад хоол аваад ирье гэж хэлээд бид хоёр айл руу явсан. Тэгээд ирсэн чинь Загдсүрэн ******* хоёр зодолдоод дууссан хоорондоо эвлэрсэн байдалтай сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 17-18/

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 000000006 дугаартай: “...*******ийн биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 4-5 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхи, зүүн духны дээд орой хэсэгт зулгаралт, баруун хөмсгөнд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Учирсан гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн /хх 21 / шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******гийн: “...2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр би найз Баттулгын хамт Завхан аймгийн Баянхайрхан сумын төвд *******д байж байтал 18 цагийн үед ******* нэг шил архи барьчихсан орж ирсэн. Тэр архийг ******* бид хоёр уугаад дуусаж байтал гаднаас ******* хадам дүү ******* гэх хүн орж ирснийг ******* архинд явуулсан. ******* нэг шил архи авчраад тэр архийг нь хувааж ууж байхдаа би ******* руу хандаад чи хаа холоос авчирчхаад хоол унд ч үгүй байлгалаа гэсэн чинь ******* би нэг айлд хоол хийлгээд ирье гээд манай найз Баттулгыг дагуулаад явсан. Гэрээс гарахдаа болгоомжтой байгаарай наадах чинь хутга шөвөг бариад чамайг хутгалчихвий гэж хэлээд явсан. Тэгээд удаа ч үгүй байж байтал ******* босож ирээд би чамайг хутгална, хоолойг чинь гээд над руу дайрахлаар нь би айсандаа түлхэж унагаагаад хоёр гурван удаа цохисон. Түүнийг дарж суугаад тайвшруулаад байж байтал гаднаас буюу Баттулга, ******* нар орж ирсэн....” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлээд хохирогч *******ыг зодсон үйл баримтыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Прокуророос шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч *******гийн хохирогчийн нүүр лүү цохисон үйлдэл хохирогч ******* биед учирсан зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхи, зүүн духны дээд орой хэсэгт зулгаралт, баруун хөмсгөнд шарх гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт  хэрэг  үйлдсэн  гэм  буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь “...Миний бие ******* нь *******д гомдол санал байхгүй, миний хохирол гомдлыг барагдуулсан болно...” гэсэн хүсэлтээр нотлогдож байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрснийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч  нь  цагдан  хоригдсон  хоноггүй,  түүнээс  гаргуулах  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ӨЛЗИЙХИШИГ