Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/37

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч М.Отгонбаатар,

         шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

         шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Эд холбогдох эрүүгийн 2219003960019 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: А.Э

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч А.Э нь Хөнгөн ба Хүнсний үйлдвэрлэлийн Яамны харьяа Дархан хот дахь нэхий эдлэлийн үйлдвэрийн захиргааны 1980 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №213 дугаартай, Хөнгөн үйлдвэрийн Яамны харьяа Дархан хот дахь Нэхий эдлэлийн үйлдвэрийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №321 дугаартай, Нэхий хувьцаат компанийн ерөнхий захирлын 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б-110 дугаартай тушаал зэрэг хуурамч баримт бичгийг ашиглан 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгож, 2020 оны 06 дугаар сар хүртэл Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 14.635.172 төгрөгийн тэтгэвэр авч, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч А.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Тэтгэвэр тогтоолгохдоо Дарханы нэхий эдлэлийн үйлдвэрийн арьс будагч гэдгээр тогтоолгосон. Би энд ажиллаж байгаагүй. Энэ Нэхий үйлдвэрийн албан бичгийг урьд нь хамт амьдарч байсан Мөнх-Эрдэнэ гэдэг хүн авчирч өгсөн. Тэр хүнд тэтгэвэрт гарах талаараа хэлж байсан юм. Би 2015 онд тэтгэврийн насанд хүрээгүй байсан. Хүнд хортой хөдөлмөрөөр тогтоолгосон. Би буруу зүйл хийсэн. Улсаас авсан тэтгэвэр 14.635.172 төгрөгийг буцааж тушаасан. Хэргийн хувьд маргахгүй гэсэн мэдүүлэг,

           -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Амгалангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат Авирмэд овогтой Э 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн тэтгэвэр тогтоолгохдоо БНМАУ-ын Хөнгөн ба Хүнсний үйлдвэрлэлийн Яамны харьяа Дархан хот дахь нэхий эдлэлийн үйлдвэрийн захиргааны 1980 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 213 дугаарт тушаалаар 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс тус байгууллагад үндсэн ажилчнаар ажилд орж БНМАУ-ын Хөнгөн ба хүнсний үйлдвэрлэлийн Яамны харьяа Дархан хот дахь Нэхий эдлэлийн үйлдвэрийн даргын 1988 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 321 дугаар тушаалаар 21 хоногийн ээлжийн амралт эдэлсэн. Энэ тушаалын хавсралтад А.Эгийн нэр засвар орж бичиглэлийн алдаатай байсан. Мөн 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Нэхий хувьцаат компанийн ерөнхий захирал М.Ядамсүрэнгийн гаргасан Б-110 дугаарт тушаалаар 1994 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс А.Э нь ажлаас чөлөөлөгдсөн гэх баримт бичгийг Дархан-Уул аймгийн архивын тасгаас гаргуулж авсан байх ба ажлаас чөлөөлсөн тушаалын хавсралтад дурдагдсан А.Эгийн нэрд мөн засвар орсон байсан. А.Эгийн хувьд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн тэтгэвэр тогтоолгохдоо хөдөлмөрийн хүнд нөхцөлд буюу 1980.06.25-ны өдрөөс 1994.11.08 хүртэлх хугацаанд 14 жил 4 сар Нэхий хувьцаат компанид ажиллаж байсан гэх архивын баримт бичгийг манай хэлтэст ирүүлж 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн тэтгэвэр тогтоолгосон байсан. ...Авирмэд овогтой Этай холбоотой лавлагааг үзэхэд... Дорноговь аймгийн холбооны газрын даргын 1987 оны 10 дугаар сарын 20-ны 150 дугаарт тушаалаар А.Эг хот хоорондын залгагчаар 1987 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс ажилд авсан. Монголын цахилгаан холбоо компанийн Дорноговь аймгийн холбооны газрын даргын 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 139 дугаарт тушаалаар А.Эг үүрэгт ажлаас чөлөөлсөн гэх баримт бичгүүд гарсан ба БНМАУ-ын Хөнгөн ба Хүнсний үйлдвэрлэлийн яамны харьяа Дархан хот дахь Нэхий эдлэлийн үйлдвэр, Нэхий хувьцаат компанид ажиллаж байсан гэх Дархан-Уул аймгийн Архивын тасгаас ирүүлсэн баримт бичигт дурдагдсан цаг хугацаанд А.Э нь Дорноговь аймгийн холбооны газарт ажиллаж байсан нь тогтоогдсон. ...А.Эгийн хувьд хүнд нөхцөлд ажиллаж байсан мэтээр архивын хуурамч баримт бичгийг ашиглаж 51 настайдаа тэтгэвэр тогтоолгож 2016 оны 02 дугаар сараас 2020 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд тэтгэвэр авч тус хэлтэст 14.635.172 төгрөгийн хохирол учруулсан байна. ...цагдаагийн байгууллагад шалгагдсаны дараа А.Э нь 14.635.172 төгрөгийг шилжүүлж манай хэлтэст учруулсан хохирлоо төлсөн гэсэн мэдүүлэг /хх 9, 65 ху/,

          -Гэрч М.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...манай ээжийн хувьд Дархан-Уул аймагт ажиллаж амьдарч байгаагүй ээ. Намайг төрсний дараа 4 настай байхад Дорноговь аймагт ирсэн ба түүнээс хойш өнөөдрийг хүртэл тус аймагт л ажиллаж амьдарч байгаа гэсэн мэдүүлэг /хх 51 ху/,

          -Хөнгөн ба Хүнсний үйлдвэрлэлийн Яамны харьяа Дархан хот дахь нэхий эдлэлийн үйлдвэрийн захиргааны 1980 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 213 дугаартай тушаал /хх 15-16 ху/,

         -Хөнгөн үйлдвэрийн Яамны харьяа Дархан хот дахь Нэхий эдлэлийн үйлдвэрийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 321 дугаартай тушаал /хх 17 ху/,

        -Нэхий хувьцаат компанийн ерөнхий захирлын 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б-110 дугаартай тушаал /хх 18-19 ху/,

         -Хаан банкны 2022 оны 01/5360/670 дугаартай албан бичиг, хавсралт /хх 29-33 ху/,

         -Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 01/1029 дугаартай албан бичиг, хавсралт /хх 40-41 ху/,

          -А.Эгийн Хаан банк дахь 5373059511 дугаартай дансны хуулга /хх 46 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 42 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 55-57, 63 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч А.Э нь Хөнгөн ба Хүнсний үйлдвэрлэлийн Яамны харьяа Дархан хот дахь нэхий эдлэлийн үйлдвэрийн захиргааны 1980 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 213 дугаартай, Хөнгөн үйлдвэрийн Яамны харьяа Дархан хот дахь Нэхий эдлэлийн үйлдвэрийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 321 дугаартай, Нэхий хувьцаат компанийн ерөнхий захирлын 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б-110 дугаартай тушаал зэрэг хуурамч баримт бичгийг хууль бусаар ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгож, 2020 оны 06 дугаар сар хүртэл Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 14.635.172 төгрөгийн тэтгэвэр авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч А.Эгийн...Тэтгэвэр тогтоолгохдоо Дарханы нэхий эдлэлийн үйлдвэрийн арьс будагч гэдгээр тогтоолгосон. Би энд ажиллаж байгаагүй. Энэ Нэхий үйлдвэрийн албан бичгийг урьд нь хамт амьдарч байсан Мөнх-Эрдэнэ гэдэг хүн авчирч өгсөн. Тэр хүнд тэтгэвэрт гарах талаараа хэлж байсан юм. Би 2015 онд тэтгэврийн насанд хүрээгүй байсан. Хүнд хортой хөдөлмөрөөр тогтоолгосон. Би буруу зүйл хийсэн. Улсаас авсан тэтгэвэр 14.635.172 төгрөгийг буцааж тушаасан” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Амгалангийн “...А.Эгийн хувьд хүнд нөхцөлд ажиллаж байсан мэтээр архивын хуурамч баримт бичгийг ашиглаж 51 настайдаа тэтгэвэр тогтоолгож 2016 оны 02 дугаар сараас 2020 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд тэтгэвэр авч тус хэлтэст 14.635.172 төгрөгийн хохирол учруулсангэсэн мэдүүлэг, гэрч М.Түвшинжаргалын “...манай ээжийн хувьд Дархан-Уул аймагт ажиллаж амьдарч байгаагүй” гэсэн мэдүүлгүүд, Хөнгөн ба Хүнсний үйлдвэрлэлийн Яамны харьяа Дархан хот дахь нэхий эдлэлийн үйлдвэрийн захиргааны 1980 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 213 дугаартай тушаал, Хөнгөн үйлдвэрийн Яамны харьяа Дархан хот дахь Нэхий эдлэлийн үйлдвэрийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 321 дугаартай тушаал, Нэхий хувьцаат компанийн ерөнхий захирлын 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б-110 дугаартай тушаал, Хаан банкны 2022 оны 01/5360/670 дугаартай албан бичиг, хавсралт, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 01/1029 дугаартай албан бичиг, хавсралт, А.Эгийн Хаан банк дахь 5373059511 дугаартай дансны хуулга болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч А.Эгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хуурамч бичиг баримт ашиглан хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

           Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч А.Эгийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч бичиг баримт ашиглан хууль бусаар хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлж барагдуулсан” гэсэн тайлбарыг гаргаж, гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч бичиг баримт ашиглан хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Шүүгдэгч А.Э нь хууль бусаар авсан тэтгэвэр болох 14.635.172 төгрөгийг Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд авагдсан Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

         Иймд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирлоо нөхөн төлсөн байдал, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч А.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч А.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч бичиг баримт ашиглан хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4-т зааснаар шүүгдэгч А.Эд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

        4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч А.Эд оногдуулсан албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

         5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА