Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/39

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч Б.Ариунтөр,

         шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Над холбогдох эрүүгийн 6666 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Б.Н

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Н нь 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын .... тоотод хохирогч Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газар нь гараараа цохиж толгойн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Б.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хохирогч нь манай эгчтэй хамт ажилладаг. Манай ах эгч хоёр бууз хийхээр ирсэн. Махаа гаднаас оруулж ирээд паарны хажууд тавьсан чинь гэсээгүй. Тэгтэл Б согтуу “өчигдөр оруулсан юм бол яагаад гэсдэггүй юм” гээд яриад байсан. Би тэр үед гарах гээд машиныхаа түлхүүрийг барьчихсан байсан. Тэгээд түлхүүрээрээ толгой руу нь цохичихсон. Хохирогчид эм тариа авч өгсөн. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Дахиж ийм үйлдэл гаргахгүй, хэргийн хувьд маргахгүй гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагийн үед хамтран амьдрагч Б.Н, түүний төрсөн дүү Б.Н, түүний хүү 14 настай Хнарын хамт Нгийн машинтай Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Сайншанд орохоор явсан юм. Бид хэд Сайншанд суманд 13 цагийн үед ирээд хамтран амьдрагч Б.Нгийн ээж Чын гэрийн гадаа ирээд Б.Н бид хоёр 0.75 литрийн Корн нэртэй архийг хувааж уугаад гэрт ороход Ч, Б.Н нар байсан. Н бид хоёр гэрт нь ороод хайрцагтай хөлдүү махыг салгаж, тарааж тавьсан юм. Тухайн үед Н нь Над хандаж өчигдөр оруулсан мах ийм хөлдүү байдаг юм уу гэхээр нь би хажуугаас нь тийш дээ өчигдөр оруулсан мах ийм хөлдүү байдаг юм уу гэхэд Н над руу хандаж чамд ер нь ямар хамаатай юм бэ пизда минь гэхээр нь би Над хандаж чи энэ махаа хар л даа тас хөлдүү байна гэхэд Н нь намайг хэл амаар доромжлоод манай гэрээс зайл гээд уурлахаар нь ах Н Ныг хориод тэврэхэд Н нь миний толгойн орой хэсэг рүү барьсан зүйлээрээ хэд хэдэн удаа цохихоор нь шууд гэрээс нь гараад явсан. Миний толгойноос цус гарахаар нь би эмнэлэг дуудаад толгойдоо оёдол тавиулсан. ... Миний зүгээс Б.Наас хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 5-8 ху/,

         -Гэрч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Н, Б нар хоорондоо маргалдаад байхаар нь би гал тогооны өрөөнд ороод тэр хоёрыг салгахад Н нь гартаа барьсан түлхүүрээрээ цохисон байж магадгүй. Мөн Н нь Быг шалан дээр түлхээд унагаасан байхаар нь би Быг шалан дээрээс босгоод гаргаад явуулсан гэсэн мэдүүлэг /хх 16-17 ху/,

         -Яллагдагч Б.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Б нь хэл амаар доромжлоод байхаар нь миний маш их уур хүрээд гартаа барьж байсан машины түлхүүрээр Бын толгойны орой хэсэгт хэд хэдэн удаа цохиход Б нь баруун гараараа нэг удаа миний хацарт алгадахаар нь цаашаа түлхэхэд Б нь цаашаа шалан дээр унаад өгсөн. ... Би Б.Баас уучлалт гуйж эм, тариаг нь авч өгсөн гэсэн мэдүүлэг /хх 20-21, 47-48 ху/,

          -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02/052 дугаартай дүгнэлтэнд: 

          1.Б.Бын биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

          2.Учирсан гэмтэл нь мохоо эсвэл ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.

          3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

          5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх 31 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 38-40, 47-48 ху/,

          -Яаралтай тусламжийн хуудас /хх 33 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 49 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Б.Н нь 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын .... тоотод хохирогч Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газар нь гараараа цохиж толгойн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Нын “...Би тэр үед гарах гээд машиныхаа түлхүүрийг барьчихсан байсан. Тэгээд түлхүүрээрээ толгой руу нь цохичихсон. .Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Бын “...Н нь миний толгойн орой хэсэг рүү барьсан зүйлээрээ хэд хэдэн удаа цохихоор нь шууд гэрээс нь гараад явсан. Миний толгойноос цус гарахаар нь би эмнэлэг дуудаад толгойдоо оёдол тавиулсан” гэсэн, гэрч Б.Нгийн “...тэр хоёрыг салгахад Н нь гартаа барьсан түлхүүрээрээ цохисон байж магадгүй. Мөн Н нь Быг шалан дээр түлхээд унагаасан байхаар нь би Быг шалан дээрээс босгоод гаргаад явуулсан” гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед толгойн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учирсныг тогтоосон 02/052 дугаартай шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Б.Нын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлбөргүй байдлаа илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

         Иймд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Над 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж  шийдвэрлэлээ.

          Хохирогч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б. Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА