| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2017/0611/И |
| Дугаар | 302 |
| Огноо | 2019-05-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 302
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймгийн Ц сумын 2 дугаар багт оршин суух, Б овогт Хы Аийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ц сумын 2 дугаар багт оршин суух, С овогт Мын Өд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З, хариуцагч М.Ө, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.З, хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Б, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Хувийн өмч болох М гэх газарт байгаа 5x5 м2 хэмжээтэй 2500000 төгрөгийн үнэтэй модон байшин, 3x5 м2 хэмжээтэй модон амбаар буюу үнэ 800000 төгрөг, "З" гэх газарт байгаа 5x5 м2 хэмжээтэй модон байшин 4x4 м2 хэмжээтэй 2 амбаарын хамт 2500000 төгрөг, Зил-130 маркийн 6 БӨТ улсын дугаартай ачааны машин буюу 5000000 төгрөг, 2 машин аргалын үнэ 160000 төгрөг, 2 машин өвсний үнэ 600000 төгрөг, иргэний цахим үнэмлэхийн үнэ 18800 төгрөг, нийт 11578800 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие эцгээр овоглож яваа М гэдэг хүний дагавар хүүхэд нь байсан. Намайг 4 настай байхад миний төрүүлсэн эх А нь хойд эцэг Мтай гэр бүл болсон. Аав маань намайг хайрлан, хамгаалан өсгөж 6-р анги хүртэл сургуульд суралцуулснаар дунд боловсролтой болсон ба 2003 онд миний эгч болох З нөхөрт гарсан учраас мөн оноос мал хариулах болон хар бор ажилд туслах зорилгоор намайг сургуулиас гаргаж авсан. Би 2006 онд 16 нас хүрч иргэний цахим үнэмлэх авах үед аав намайг Н гэсэн нэрээр гэрчлэн бичүүлж цахим үнэмлэх авч өгсөн ба тухайн үед ямар зорилгоор миний нэрийг өөрчлөн өгснийг би мэдэхгүй юм. Түүнээс хойш одоо хүртэл албаны болон албан бус бичиг баримтуудад миний нэр Н гэсэн нэрээр бүртгэгдэж байгаа. Миний нэрийг өөрчлөх явдалтай шууд холбоотой ба би өөрийн хүсэлтээр болон санаагаар, ямар нэгэн зорилгоор нэрээ өөрчлөөгүй. Хойд эцэг М нь амьд сэрүүн байхад намайг өөрийн хүүхдүүдийн адил хайр халамжаа хүртээж, намайг гэр бүлтэй болоход тусдаа гаргаж, үл хөдлөх хөрөнгө болон мал тасалж өгсөн юм. Миний хувьд дүү Өтай болон эгч Зтэй ямар нэгэн өс хонзон санасан зүйлгүй хүндэтгэж явдаг ба аавын нас барсан байдлыг ашиглан эгчтэй хамтарч миний дүү болох М.Ө маргаан үүсгэж, хэл ам гаргаж байгаа миний хувийн өмч болох М гэх газарт байгаа 5x5 м2 хэмжээтэй 2500000 төгрөгийн үнэтэй модон байшин, 3x5 м2 хэмжээтэй модон амбаар буюу үнэ 800000 төгрөг, "З" гэх газарт байгаа 5x5 м2 хэмжээтэй модон байшин 4x4 м2 хэмжээтэй 2 амбаарын хамт 2500000 төгрөг, Зил-130 маркийн 6 БӨТ улсын дугаартай ачааны машин буюу 5000000 төгрөг, 2 машин бэлэн буулгасан аргал үнэ 160000 төгрөг, 2 машин өвсний үнэ 600000 төгрөг, 18800 төгрөгийн үнэтэй иргэний цахим үнэмлэхийн хамт нийт 11578800 төгрөгийн эд хөрөнгийг булаан авч, намайг хөөж явуулан, миний өмчлөх эрхэд халдаж байна. ЗИЛ 130 машиныг 2014 оны 6-р сарын 5-ний өдөр миний ээж Н.А цалингийн зээлээр аваад тухайн үед аавын нэр дээр бүртгүүлсэн байсан ба 2016 оноос аавыг амьд сэрүүн байх үед олж миний нэр дээр бүртгүүлсэн байсан.Энэ машиныг авсан өдрөөс эхлэн би хариуцаж ашиглаж байсан ба миний дүү Өд ямар ч холбоогүй. Миний нэр дээр бүртгүүлснээс хойш машинтай холбоотой татвар, даатгал зэрэг төлбөрийг өөрийн биеэр одоо хүртэл төлж байгаа. Иймд миний эдгээр эд хөрөнгийг М.Өаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие нэхэмжлэгч М.Ныг төлөөлж, түүний эд хөрөнгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Би М.Ө 2 настай байхад, 4 настай хүүхдийг дагуулж М.Өы аав А.Мтай гэр бүл болж, 23 жил хамт амьдарсан. Тухайн үед хамгийн том нь М.З 13 настай, М.Ө 2 настай байсан. Миний дагавар хүүхэд А 4 настай бүгдээрээ миний хүүхдүүд байсан. М.Ө М.Нын эд хөрөнгөнд маргах ямар ч үндэслэл байхгүй. М.Н гэдэг нэрийн тухай шүүхээр маргалдаж байгаад тогтоосон. М.Н 2012 онд гэр бүл болж, 2014 онд тусдаа гарсан. Тэр үед З дахь өвлийн байшин, М дахь өвлийн байшинг өгсөн. 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр тухайн үед би ажил хийдэг байсан. Би 6000000 төгрөг цалингийн зээл авч А гэдэг хүнээс Зил-130 машин худалдаж авч өгсөн. Машиныг авсан өдрөөс М.Н өөрөө жолоодож, засварлаж байсан. М.Ө тэр машиныг би барьдаг байсан гэж худлаа хэлж байна. Өөрт нь 469 маркийн машин байгаа. Тэр машин аавынх нь нэр дээр байсан. Би аав нь нас барсны дараа “чи аваарай” гэж нэр дээр нь буулгаж өгсөн. М.Ө Зил-130 машиныг булааж аваад, өөрөө барьж чадахгүй, янз бүрийн хүмүүстэй бариулж, элэгдэж дуусгасан. М.Зийн З дахь байшинг аав надад өгсөн гэдэг нь худлаа. М.З хэнд ч хэлэлгүйгээр 6x6 харьцаатай амбаарыг шөнө дунд ирээд ачиж явсан. Тухайн үед бид нар тэрэнд юм яриагүй. Одоо бүх хагарлыг хийж байгаа хүн бол М.З. М.Нд “чи удам угсаагаа олж ав” гэж хэлээд, дүүтэйгээ хамт ирээд Зил-130 машиныг булааж авсан. 2016 онд Татварын хэлтсээс хүн очиход би татварыг төлж өгсөн. Өнгөрсөн жилийн шүүх хуралдаанд бид нар машин худалдаж авсан А гэдэг хүн гэрчээр оролцсон. Тухайн үед бид нар Ааас 6000000 төгрөгөөр худалдаж авахад худалдах худалдан авах гэрээнд А гарын үсэг зураагүй байсан. Би эд нарыг багаасаа харж өсгөсөн боловч аав нь нас барсны дараа ийм маргаан гаргаж байна. М.Өы оймсыг хүртэл угааж өгдөг байсан. М.Ныг хөөж туусан болохоор байшингаас гарч эсгий гэрт амьдарч байгаа. М.З өнгөрсөн жил олон хүмүүсээс “Н.А бид нарын эд хөрөнгийг булааж авсан” гэж гарын баримт авч, зарим хүмүүс учраа мэдэхгүй баримт бичиж өгсөн байна. Өнгөрсөн жил өвс бэлэн байгаа гэсэн гэхдээ өвсийг авч чадаагүй. Тэрнээс болж энэ өвөл 4-5 сая төгрөгт пресс авч, өрөнд орсон. М.Нд өвөлжих байшин байхгүй. Миний гэрт хүүхдүүдтэйгээ ирж өвөлжсөн. Одоо 3x3 харьцаатай хүний амбаарт амьдарч байна. Өөрийнхөө эд хөрөнгийг өөрөө авч чадаагүй учраас хэцүү амьдралтай байгаа. Шүүх хуралдаанд өөрөө ирэх гэсэн боловч ямар ч боломжгүй учраас ирж чадаагүй. Эд нар өнгөрсөн жил анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа давж заалдаж, дараа нь хяналтын шатны шүүхэд хүртэл маргасан. Би 6000000 төгрөгийн цалингийн зээл авч машины үнийг төлсөн талаарх нотлох баримт хавтас хэрэгт авагдсан. Үнэ тогтоох комиссоос машиныг 5000000 төгрөг гэж үнэлсэн. Гэхдээ бид нар 6000000 төгрөгөөр худалдаж авч байсан. М.З анх хадамд гарснаас хойш очсон өдрөөсөө хадмуудтайгаа таарч тохироогүй. Бид нарыг дахин дахин дуудаж, нөхөртэйгөө хамт хэд хэдэн удаа очиж уулзаж байсан. Тэр үед би та нартай хамт явна, энд амьдарч чадахгүй гэхэд нь бид нар хадмуудад нь тусалж, бид нарын хажууд амьдруулъя гэж ятгаж хажуудаа авч байсан. Хүүхдүүдийн хүртэл би өөрөө харж сургаж, өгч байсан. Би 6 хүүхдийг өсгөхдөө нэгийн ч гадуурхаж байгаагүй. Худлаа гэвэл өөрсдөө сууж байна хэлэх байх. М.Ө согтуу ирээд орондоо бөөлжихөд нь тэрийг нь угааж халамжилдаг байсан. М.Зийн ятгалгаар М.Ныг зодож, толгойноос нь цусыг гоожуулж машиныг булааж авсан үед би шүүх, цагдаад хэлэлгүйгээр багийн Засаг даргад “миний хөвгүүдийг эвлэрүүлж өгөөч” гэж хэлж байсан. Би ямар ч үндэслэлгүйгээр маргаж байгаа юм биш. Хүүхдийнхээ эд хөрөнгийг авах гэж нэхэмжилж байгаа. М.Ө маргах ямар ч үндэслэлгүй өөрөө эсгий гэр, 469 машин, мал хөрөнгөтэй. Надад мал хөрөнгийг хувааж өгөхдөө дандаа туранхай мал өгч, зарим нь өвөл зудаар эндсэн. Хэрэв анх М.Ныг зодож, цусыг гоожуулж явуулсан үед нь би цагдаад хандсан бол аль хэдийн арга хэмжээ авахуулах байсан. Би 23 жил хамт амьдарсан учраас М.Ө эд хөрөнгөнд булаацалдаж байгаа нь маш буруу. Тийм учраас би М.Нын өөрийнх нь хөрөнгө учраас маргаж байгаа. Зил-130 машин ерөөсөө аавынх нь нэр дээр байгаагүй. Тэрийг өөрөө өвчтэй байхад нь Монгол даатгалын төлөөлөгч А гэдэг хүнтэй уулзаж, миний хажууд М.Нын нэр дээр буулгаж өгөөрэй гэж байсан. Тэр талаар А ч мэдүүлэг өгч байсан. Тийм учраас М.Нын өөрт нь ногдох эд хөрөнгийг гаргаж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч М.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний аав Аын М нь ээж Байдолдагийн Мтай 1978 онд гэр бүл болж З, Р, Б, М, Н, Ө гэх 6 хүүхэдтэй болсон. Ээж Б.М нь 1993 онд намайг 1 настай байхад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Улмаар аав маань Н.Атэй 1993 оны 3 сард гэр бүл болсон. Миний аав 2016 оны 7 дугаар сард өвчний улмаас нас барсан. Би айлын отгон хүү учраас казах түмний заншил ёсоор айлын гал голомтыг сахих хүн нь юм. Н.А нь /Нын ээж нь/ миний аавтай гэрлэх үед А гэх нэртэй хүүхдээ дагуулж ирсэн юм. Үүнийг манай хамаатан садангууд бүгд мэддэг. 2013 онд А гэр бүл болоход аав маань мал, байшин, хөрөнгө тасалж өгч тусад нь гаргасан. Түүнд өөрийнхөө төрсөн хүүгээс өөрцгүй ханддаг байсан. Харин яаж яваад А нэртэй хүү миний нас барсан ах Нын нэр, регистрийн дугаарыг эзэмшиж нас барсан хүний нэрээр нэрлэгдэн, овоглогдож явааг би ойлгохгүй байна. Надад Н гэдэг ах маань байсан нь үнэн. 1989 онд төрж 1995 онд 6 настайд нас барсан. Үүнийг А өөрөө ч мэдэж байгаа. Ах Ныг Ц сумын Мод оршуулсан шарил нь тэнд байдаг. Эцэг, эх нь өөр мөртлөө миний аав М, ээж М нарын төрсөн хүү мэт бүртгэгдэж явж байгааг би ойлгохгүй байна. Үүнийг холбогдох хууль, хяналтын байгууллагуудад хандаж шалгуулах болно. Н.А нь миний хойд ээж учраас аав нас барангуут элдэв шалтаг тоон тусдаа гарахыг санаархаж, "намайг гэрээс минь хөөсөн" хэмээн тус шүүхэд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Ер нь Н.А хүү А хоёр нийлээд өнчин хоцорсон намайг дарамтлан миний аавын хүч хөдөлмөрөөрөө олсон хөрөнгийг өөрийн болгох санаатай тал талаас нь над руу дайрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа гэж би ойлгож байгаа. Түүнээс биш А нь гэр бүл болоход авах зүйлээ авч тусдаа гарсан хүн. Иймд түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
1. Түүний нэхэмжилж байгаа ЗИЛ-130 маркийн машиныг аав нас барахаас өмнө 2013 онд хөдөө, гадаа нүүхэд шаардлагатай байсан тул хэрэглэх гэж худалдаж авсан юм. Энэ машиныг эхэндээ би барьж гэрээ нүүлгэдэг байснаа сүүлд шаардлагатай үед А бид хоёр ээлжилж жолооддог байсан. Машин нь манай аавын нэр дээр бүртгэлтэй байснаа аав нас барангуут 2016 оны 12 дугаар сард Н буюу Аийн нэрд шилжсэн байсныг олж мэдсэн. Би энэ тухай мэдээгүй байсан. Аавын минь хөрөнгийг нас барангуут шунахай сэтгэл гаргаж өөрийнхөө нэрд шилжүүлж авсан Аийн үйлдлийн би зөвтгөхгүй. Энэ машин бол манай гэрийн хөрөнгө болохоос Аийн хувийн машин биш юм. Хэрэв тэрээр ах дүүгийн хувьд учраа хэлж энэ машиныг би авъя гэх юм бол би зөвшөөрөх байсан. Түүнтэй аавын маань хэдэн хөрөнгийг булаацалдах сонирхол эхэндээ надад байгаагүй. Гэтэл надад хэлэлгүй өөрийнхөө нэр дээр шилжүүлж авчхаад одоо машин минийх гэж маргаж, надад дайрч байгаа нь ёс бус зүйл.
2. Н буюу А тусдаа гарахдаа түүнийг суулгах манай өвөлжөөний хажууд байшин байгаагүй тул Мын хаваржаанд байрлах 5x5 харьцаатай модон байшинд суулгасан юм. 2013 оноос хойш Н буюу А нь тэнд амьдарч байгаа. Мод байрлах хаваржааг байшингийн хамт 2004 онд хүнээс аав маань худалдаж авч, эхэндээ хүргэн ах Е суудаг байснаа сүүлд 2009 оноос хойш ах Б хаварждаг болж 2013 оноос илүү байшинд А суудаг болсон. Түүнээс биш нэхэмжлэлдээ бичсэнчлэн Аийн хувийн өмч биш юм. Харин ч ах Бд аав маань өгсөн хаваржаа юм. Нэгэнт аав маань амьд ахуйдаа Мын хаваржаа дахь байшинд Аийг суулгасан тул тухайн байшинг Ат өгөхөд татгалзах зүйлгүй. Харин байшингаа өнөөдөр нүүлгэж авна гэвэл дуртайяа зөвшөөрнө. Түүн шиг хорон санаатай хүнтэй цаашид хамт байх хүсэл надад алга.
3.Н буюу Аийн нэхэмжилж байгаа З дахь өвөлжөөнд байрлах 5x5 харьцаатай байшин, амбаар нь түүний өмч биш юм. 2003 онд миний эгч З нь Етай сайн дурын үндсэн дээр гэр бүл бодоход аав маань хүргэн ах, эгч хоёрт дүү Бд мал маллахад нь тус дэм болоорой гэж Зт байрлах өвөлжөөндөө байсан маргаж байгаа 5x5 харьцаатай амбаар бүхий өвлийн байшинг өгсөн юм. Манайх 2003 он хүртэл Зт байрлах байшиндаа /маргаж байгаа/ өөрсдөө өвөлждөг байсан ба 2004 оноос багийн төвөөс шинээр байшин худалдаж авсан тул тийшээгээ нүүхэд сул байшинг хүргэн ах, эгчид өгч тэд 2004 оноос тасралтгүй 2014 он хүртэл амьдарсан. Хүргэн ах, эгч маань 2014 оны 9 дүгээр сард хүүхдүүдээ суралцуулахаар сумын төвд өвөлжиж зуунд манайхтай цуг зусдаг болсон. 2009 онд ах Б гэрлэхэд З дахь өвөлжөөнд байсан сул байшинг түүнд өгснөөр тэрээр хүргэн ах Еыхантай цуг өвөлждөг болсон. Өөрөөр хэлбэл З дахь өвөлжөөнд 2 байшин байгаа бөгөөд нэг нь Бых, нөгөө нь /маргаан байгаа байшин/ хүргэн ах Е, эгч Зий байшин юм. 2014-2015 онд А буюу Н нь өвөлжих байшин байгаагүй тул миний ах эгчээс зөвшөөрөл авч тэд нарын эзгүйд 2 жил өвөлжсөн болохоос түүний хувийн өмч биш юм. Хэрэв хүргэн ах Е, эгч З нар сумын төвд өвөлжөөгүй бол тухайн байшинд одоо хүртэл өөрсдөө суух байсан. 2 жил гуйж суучхаад аав нас барангуут түүнийг ашиглан хөрөнгөнд санаархаж байгааг би зөвшөөрөхгүй. Харин өвс болон түлээ нь өвөлжөөний тэнд байгаа. Авна гэвэл түүнд хэн ч саад болохгүй. Элдэв зүйлийг шалтгаалан шүүхэд худал нэхэмжлэл гаргаснаас надтай ирж уулзсан бол би хүн юм хойно түүнийг ойлгох байсан. Багасаа хамт өссөн ах дүү мөртлөө надад учраа хэлж Мод байрлах байшин болон машиныг би авъя гэх юм бол би зөвшөөрөх байсан. Гэтэл ээжтэйгээ нийлж ганц бие намайг дарамталж өөрийн нэр дээр машиныг бүртгүүлж хорон санаа гаргаж хөрөнгө салгаж авах хүсэлтэй бол би хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагч М.Ө шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Аийг М.Н гэж байна. Энэ миний нас барсан ахын нэрээр явж байна. Нүглийг нь өөрсдөө наманчлах байх. Би эд хөрөнгөнд маргая гэж маргаагүй. Эд хөрөнгө байтугай А.М хүртэл нас барсан. М.Ныг хүний амбаарт амьдарч байна гэсэн. Би сумын төвд 7 өрөөтэй байшин, бог мал, 5 адуу, 5 үхэр хуваарилж өгсөн. Тийм эд хөрөнгөтэй байж амьдарч чадахгүй бол өөрийнх нь хогчин. 2017 онд сумын аварга малчин болж байсан хүн. Энэ хүнд ч мал хөрөнгө хувааж өгсөн. Тэр нь одоо хүрэхгүй байгаа юм уу? Зээлтэй гэж байна одоо үед зээлгүй хүмүүс байгаа юм уу? Хүн тусдаа гарахад хүн болгон мал эд хөрөнгө хуваарилж өгөхгүй шүү дээ. З дахь байшин манай эгчийн байшин тэнд 10 жил өөрөө сууж, бүх малыг хариулж байсан. Н.А 6 хүүхдийг харж хамгаалж, өсгөсөн гэж байна. Үнэндээ бид нар энэ тэнд хамаатан айлуудад явдаг байсан. Мөн бид нарыг асарсан хүн бол миний эгч М.З. Үүнийг хэлэхээс айхгүй хэлж чадна. Машиныг би өөрийнхөө цалингийн зээлээр Ат авч өгсөн гэж байна. Гэтэл А.Мд ямар ч хөрөнгө байхгүй юм уу? Аав маань нас барсны дараа би ажилтай байхад А ирж, Зил-130 машиныг хэлэлгүйгээр аваад явсан. Намайг Аийг цусыг гоожуулж зодоод явуулсан гэсэн. Тэр нь худлаа хэрэв би тэгж зодож явуулсан бол одоо ингэж суухгүй байсан. Өөрөө сумын төвд амьдарна гэхээр нь сумын төв дэх байшинг өгч байсан. Ат чамтай таарч тохирч хамт амьдарч чадахгүй юм байна. Чи Мод байгаа байшин мөн сумын төв дэх байшинг аваарай гэж хэлсэн. Тэр үед юу ч хэлээгүй байсан. Одоо бүх зүйлийг эхэлсэн хүн бол энэ хүн байгаа. Сумын төвд эмчилгээ хийлгэнэ гэж яваад, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ааас машин худалдаж авахад би, аав, энэ хүн бид гурав очиж авч байсан. А гэдэг хүн Аийн хадам аавын талын хамаатан хүн байсан. Тухайн үед худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зураагүй гэдгээ өөрөө хэлсэн. 2015-2016 онд машины татварыг миний аав А.М төлж байсан. А гэдэг хүний гарын баримтыг хэлж байгаа. Тэр ганц хуудас баримтыг хэнээс ч авч болно. А очиход аав маань машиныг М.Нын нэр дээр буулгаж өг гэж хэлсэн гэсэн. Тэр үед аав маань маш их өвчтэй хэвтрийн хүн байсан. 2017 оны 12 дугаар сард нэр дээр буулгасан. Бүгд бид нарын эд хөрөнгөнд шунаж байна. Эхлээд Замзагүл, дараа нь А одоо Х гэдэг хүн бас маргаж байгаа. Бид нарыг харж хандаж байсан гэж байна. Бид нарт сайн ч явсан, муу ч явсан үе байгаа. Миний ах Б биеийн байдал нь тааруухан хүүхдүүд нь сургуульд сурах болсон учраас сумын төв дэх байшинг М.Зд өгсөн. Амбаарыг хэлэхгүй аваад явсан гэж байна. Тэрийг А, ах бид гурав ачиж өгсөн. Машин манай аавын гэрийн гадаа байдаг. Бид нар хэрэгтэй үед нь ээлжлээд унаад явдаг байсан. Өвсний тухайд би өвсийг аваарай гэж хэлэхэд өөрсдөө авч чадаагүй. Өнгөрсөн жил эд хөрөнгийг хувааж өгсний дараа өөрөө 10 ямаа, 10 хоньтой үлдсэн. Энэ жил мөнгө шаардлагатай байсан учраас М дахь байшингаа худалдсан. М.Зийг хүмүүсээс худлаа уйлж унжаад гарын баримт бичүүлж авсан гэсэн. Хүмүүс тийм тэнэг биш хүн болгонд худлаа баримт бичээд өгөхгүй. Аийг шүүх хуралдаанд ирж чадахгүй боломжгүй гэж байна. Тэр тийм боломжгүй хүн биш тэр хүний оронд өөрөө маргаж явж байгаа. Энэ маргаанд М.Н ямар ч хамаагүй бүх маргааныг гаргаж байгаа хүн бол энэ хүн. Би эд хөрөнгөнд маргахгүй байж болно. Эд хөрөнгө хэнд ч олдоно. Гэхдээ миний аавын хөдөлмөр шингэсэн эд хөрөнгө учраас маргаж байгаа. Одоо хоёр жил болж байна. Хэзээ дуусахын бүү мэд. Аргалыг ч аваарай гэж хэлсэн, өөрсдөө аваагүй. М дахь байшинг аваагүй болохоор зарсан. З дахь байшин М.Зийн байшин. Машины татварыг 2017 оноос өмнө хэн төлж байсныг анхаарч үзэхийг хүсэж байна. Бид нарт хол газраас дахин дахин ирэхэд хэцүү байгаа. Тийм учраас зөв шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.З шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ц сумын 2 дугаар багт оршин суудаг. 2003 оны 8 дугаар сард нөхөр Етай сайн дурын үндсэн дээр гэр бүл болсон. 2003 оны 11 дүгээр сард аав М нь Зын багийн төвд нүүхээр болсон тул өөрийнхөө байшинг бидэнд /маргаан бүхий байшин/ өгч дүү Б мал хариулахад тус дэм болоорой хэмээн суулгасан юм. Тухайн үед хадам аав, ээжийн хажууд байсан ба аавынхаа хүсэлтийн дагуу З дахь өвөлжөөнд нь ирж аавын маань хэлсний дагуу мал маллахад тусалсаар ирсэн. Биднийг анх Зт нүүж ирэхэд аав Мын өгсөн өвлийн байшин нь амбаар бүхий 3 тасалгаатай байсан ба нөхөр бид хоёр 2003 оны 11 дүгээр сараас эхлэн дүү Бы гэрийн хажууд түүнд туслан аавынхаа өвөлжөөнд өвөлждөг болсон.Би өвөл зуунгүй аавынхаа гэрийн хажууд суудаг болж улмаар 2009 онд дүү Б гэрлэхэд аав маань тусад нь гаргаж Зын өвөлжөөнд байсан сул байшинг түүнд өгснөөр тэрээр манайхтай цуг өвөлждөг болсон. 2014 оны намар хүүхдүүдээ сургуульд суралцуулахаар Ц сумын төвд өвөлжих болсон тул болсон тул өвөлжөөнөөс нүүсэн юм. 2017 оны 3 дугаар сард Засагт нуур дахь өвлийн байшины хажууд байсан амбаараа нурааж сумын төвд авчирсан. Бид З дахь өвөлжөөнд 2003 оноос 2014 он хүртэл тасралтгүй суусан юм. 2013 онд Н гэр бул болж өвөлжих байшин байхгүй учраас 2014 оны намар би зөвшөөрч өөрийнхөө байшинд суулгасан юм. Н нь бидний зөвшөөрлөөр 2 жил өвөлжчихөөд одоо байшинг авах гэж маргаж байгаа бөгөөд түүнийг гэрлэхэд аав маань тусад нь гаргаж хөрөнгө тастаж өгсөн түүнд огт хамаагүй юм. Иймээс Н бидний байшинг булаацалдах учиргүй юм. Иймд Зын өвөлжөөнд байрлах амбаар бүхий өвлийн байшинг М нь нөхөр Е бид хоёрт өгсөн байшин бөгөөд уг байшингийн хууль ёсны өмчлөгч учир нэхэмжлэгч Нын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.З шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Намайг хадмуудтайгаа таарч тохироогүй гэдэг нь худлаа. Манай хадмууд 6 хүү, 6 бэр, 2 охинтой, нийт 8 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн 70 нас хүрсэн хүмүүс. Энэ хүн анх манай аавтай суухад би 14 настай байсан. Би бүх дүү нараа өөрөө өсгөж, бүх ажлыг би хийдэг байсан. Энэ хүн бэлэн хоолыг идэж, мөнгийг зарцуулдаг хүн байсан. Дагаж ирсэн дагавар хүүхэд Аийг хүртэл би асарсан, 8 жил манайд амьдарсан. Тэр хурим хийхэд нь манай зарим найзууд “та нарын хүүхэд чинь гэрлэж байгаа биз дээ. Яагаад урилга өгөөгүй” гэж гомдож, манай хүүхэд гэж боддог байсан. Мал төллөх үед дүү нараа авч нүүгээд явдаг байсан. Малаа төлүүлж, ноолуурыг самнаж шуудайгаар нь аваад ирдэг. Тэр бэлэн зүйлийг захиран зарцуулдаг энэ хүн байсан. Би бүх ажлыг хийдэг байсан ч бид нар хоол ундаас гачигдаж байгаагүй. Манайд хоол унд элбэг хөрөнгөтэй айл байсан. Би бүх ажлыг хийдэг гэдгийг энэ хүн өөрөө ч зөвшөөрдөг. Би нөхөрт гарсны нэг жилийн дараа аав очиж “чи бидэнд туслахгүй бол болохгүй юм байна” гэж намайг авчирч, Зын сургуульд ойрхон гэж Б гэдэг хүнээс тэр байшинг худалдаж авч өгсөн. Надад инч болгож З дахь байшин, 1 морь өгч байсан. Тэр газарт би 10 жил малаа харж, дүү нараа асарч амьдарсан. Дараа нь өөрийн хүүхдүүд сургуульд сурахаар болсон учраас сумын төвд нүүж ирсэн. Бид нар нүүж явсны дараа тэр байшин эзгүй байхад М.Н 2 жил тэнд амьдарсан. Одоо тэр байшинг минийх гэж маргаж байна. Тийм учраас миний өөрийн байшинг өөрт авч өгөхийг хүсэж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч М.Н /Х.А/ нь хариуцагч М.Өаас хувийн өмч болох 5х5 м2 хэмжээтэй модон байшин үнэ 2500000 төгрөг, 3х5 м2 хэмжээтэй модон амбаар буюу үнэ 800000 төгрөг, Засагт нуурт байгаа 5х5 м2 хэмжээтэй модон байшин 4х4 м2 хэмжээтэй хоёр амбаарын хамт үнэ 2500000 төгрөг, Зил-130 маркийн 6 БӨТ улсын дугаартай ачааны машин буюу үнэ 5000000 төгрөг, 2 машин аргалын үнэ 160000 төгрөг, 2 машин өвс 600000 төгрөг, иргэний цахим үнэмлэхийн хамт бүгд 11578800 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулахыг хүсжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нь хариуцагч М.Өаас иргэний цахим үнэмлэх гаргуулах буюу иргэний цахим үнэмлэхийн үнэ 18800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Мын Н гэсэн овог нэрээр нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэгч РД:Б Х.Аийн “Төрсний бүртгэлийн лавлагаа” болон Төрсний гэрчилгээ, шинэчилсэн бүртгэлийн баталгаажилтын хуудас, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр олгосон РД:Б Х.Аийн Монгол Улсын иргэний цахим үнэмлэх зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн овог нэр нь Хы А байжээ.
Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтаар Хы А нь овог нэрээ Мын Н болгон өөрчлөх хүсэлт гаргаснаар 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 000597 дугаартай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч нь “Зөрчил арилгах, бүртгэл хүчингүй болгох, нөхөн бүртгэл хийх тухай” дүгнэлт гаргаж, Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2018/00084 дугаартай шийдвэр, мөн Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 06-ны өдрийн 110/ШШ2019/0016 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, өөрийн нэр нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр олгосон “... 1989 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, РД:Б С повогт Мын Н” гэж бичигдсэн эрх бүхий байгууллагаас олгосон Монгол Улсын иргэний үнэмлэх зэрэг нотлох баримтуудаар Мын Н болох нь тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан РД:БЛ57030412 Сповогт Аийн М нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нас барсан болох нь Б аймгийн Ц сумын Улсын бүртгэлийн ажилтны олгосон №0000158572 Г-38 дугаартай “Нас барсны гэрчилгээ”-гээр нотлогдож байна.
1. Нэхэмжлэгч М.Н нь ЗИЛ-130 маркийн машины өмчлөгч мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
- 01331636 дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд: 6БӨТ улсын дугаартай, ZIL 130, ачааны зориулалттай, машины өмчлөгч Мын Н, хаяг Б, Ц сум, З гэсэн ба 2016 оны 6 дугаар сарын 23, 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр техникийн хяналтын үзлэгийн тэмдэглэл хийгдэж тэмдэг дарагдсан байдал,
- Мөн “Монгол Даатгал” ХХК-ийн “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт”-д М.Н, мөн РД:БЛ73090504 Р.Аийн “Миний бие Монгол Даатгалын Ц сум дахь төлөөлөгчөөр ажилладаг. Энэ үед 2-р багийн иргэн А.Мын 2 машиныг жил бүр даатгаж байгаа нь үнэн болно. 2016 оны 5 дугаар сарын 28-нд авто тээврийн үзлэгээр явж байх үед А.М өөрийн биеэр надаас Б.Ааас худалдаж авсан Зил-130 маркийн 6 БӨТ номертой машиныг хүү болох М.Нын нэр дээр шилжүүлж өгч туслахыг хүссэн юм. Гэтэл миний бие бичиг баримтыг нь бүрдүүлж байх үед нэлээд хугацаа өнгөрч 2016 оны 12 сарын 16-өдөр М.Нын нэр дээр шилжүүлж өгсөн нь үнэн” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтоор,
- Б аймгийн Авто тээврийн төвийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 112 дугаартай “6 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь анх З аймгийн Ц сумын иргэн Ц овогтой Бгийн нэр дээр 6109 ЗАА улсын дугаартай бүртгэлтэй байсан. 2013 оны 11 дүгээр сарын 25-нд Ц сумын иргэн Бын Аын нэр дээр 6 БӨТ улсын дугаараар бүртгэгдсэн ба 2016 оны 12 дугаар сарын 16-нд Б.Ааас автомашин худалдах худалдан авах гэрээгээр М.Нын нэр дээр бүртгэгдсэн байна. Арлын дугаар солигдоогүй, өмнөх эзэмшигчийн гэрчилгээ болон гэрээний хуулбарыг хавсаргав” гэх албан бичгээр,
-Б аймгийн Авто тээврийн үндэсний бүртгэлийн мэргэжилтний 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “6 БӨТ улсын дугаартай ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгсэл нь М овогтой Нын нэр дээр 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бүртгэгдсэн нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолтоор,
-Гэрч Б.Аын “Миний бие 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн 6 БӨТ улсын дугаартай Зил-130 маркийн машиныг бэлэн мөнгө 6000000 төгрөгөөр Нд худалдсан. Н, М, А гурав мөнгийг бэлэн авч ирж өгөөд, Н өөрийн биеэр машиныг жолоодож явсан. Бичиг баримтаа өөрсдөө бүрдүүлэн нэр дээрээ буулгаж аваарай гэж миний бие иргэний үнэмлэхийн хуулбарыг өгөөд явуулсан” гэх гэрчийн мэдүүлэг болон нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтоор,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нь 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Хаан банкны Ц сумын тооцооны төвөөс 6000000 төгрөгийн цалингийн зээл авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Хаан банкны Ц тооцооны төвийн Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус нотлогдож байна гэж үзлээ.
Хариуцагч М.Ө нь “... Зил-130 маркийн машины бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж нэхэмжлэгч өөрийн нэр дээр шилжүүлсэн авсан” гэж маргасан боловч хариуцагч энэ үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гарган өгч нотолж чадаагүй болно.
Хариуцагч М.Ө нь “... Зил-130 маркийн машин нь миний эцэг А.Мын машин, М.Нд миний эцэг А.М нь худалдаж авч өгсөн, М.Н бид хоёр аль аль нь ч гэсэн уг машиныг унадаг байсан, түүний өмч хөрөнгө биш, миний аавын машин учир би авсан” гэж шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тайлбарлаж байгаа боловч энэ нь хариуцагчийн гаргаж өгсөн Ц сумын 2-р багийн 2015, 2016 оны АТБӨЯХ-ийн татварын ногдлын жагсаалт нь огноогүй, тамга тэмдэггүй, хэн хэзээ үйлдсэн нь тодорхойгүй ба хариуцагчийн эцэг А.М нь Зил-130 маркийн 6 БӨТ улсын дугаартай, мөн Уаз маркийн 4 БӨА улсын дугаартай машины татварыг төлсөн гэж бичигдсэн болохоос биш татвар төлсөн нь эргэлзээтэй учир уг машины өмчлөгч А.М мөн гэдэг нь нотлогдохгүй байна гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч М.Н /Х.А/ өөрийн өмчлөлийн гэх Ц сумын 2-р баг “М” гэх газарт байгаа 5x5 м2 хэмжээтэй модон байшин, 3x5 м2 хэмжээтэй модон амбаарт үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй боловч тухайн газар нь байгалийн цогцолборт онцгой бүсэд хамаардаг тул газрын гэрчилгээ болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ тэнд амьдардаг бусад бүх хүмүүст олгогдож байгаагүй гэдгийг талууд маргаагүй хүлээн зөвшөөрч байна. Мөн Ц сумын 2-р баг “М” гэх газарт байгаа 5x5 м2 хэмжээтэй модон байшин, 3x5 м2 хэмжээтэй модон амбаарын эзэмшигч нь нэхэмжлэгч М.Н /Х.А/ биш гэдгийг хариуцагч тал нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй, тэнд М.Н /Х.А/ амьдарч байсан нь зохигчдын тайлбар болон хариуцагч М.Өы өөрийнх нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбарласан тайлбараар нотлогдож байна. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагч М.Ө нь “... М гэх газарт байгаа 5x5 м2 хэмжээтэй модон байшин, 3x5 м2 хэмжээтэй модон амбаарын хамт аваарай, өгье гэж нэхэмжлэл гаргах үед хүлээн зөвшөөрсөн боловч уг байшинг М.Н нь очиж аваагүй учир хүнд худалдсан” гэж тайлбарлаж байгаа боловч М.Ө нь тухайн үед байсан байдлаар буюу үнийг төлөх үүрэгтэй гэж үзлээ.
3. “... 2 машин аргал байгаа нь үнэн нэхэмжлэгч авч болно” гэж хариуцагч М.Ө хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбарласнаар нэхэмжлэгчийн М.Нын /Х.А/-ийн энэ нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдож байгаа учир аргалын үнийг, мөн хариуцагч М.Ө нь “... нэг машин өвсийг би авсан, нэг машин өвсийг М.Н /Х.А/ авсан, нэг машин өвсийг өгөхөөс татгалзахгүй” гэж тайлбарласан учир нэг машин өвсний үнийг тус тус М.Өаас гаргуулан нэхэмжлэгч М.Нд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин нэхэмжлэгч Х.Аийн нэхэмжлэлийн шаардлагаас Ц сумын "З" гэх газарт байгаа 5x5 м2 хэмжээтэй модон байшин 4x4 м2 хэмжээтэй 2 амбаарыг хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар болон шүүх хуралдаанд гэрчээр оролцсон М.Аийн мэдүүлгээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.З нь 2003 онд Етай гэр бүл болсны дараа талийгаач Мын хүсэлтээр түүний малыг маллахад нь тус дэм болохоор нүүж ирээд 2004 оноос 2014 оны 9 дүгээр сар хүртэл 10 гаруй жилийн хугацаанд Зт байрлах өвөлжөөний 5х5 харьцаатай байшин, амбаарын хамт эзэмшиж байсан, одоо хүртэл зуны цагаар ирж эзэмшиж байгаа болох нь нотлогдож байна. Үүнд:
-Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд РД:Б Мын З нь РД:Б А.Етай хууль ёсны эхнэр нөхөр мөн болох нь 2003 оны 10 дугаар сарын 13-ны өдөр олгосон ПА№34 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдож байна.
-РД:СА61032809 К.Кийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: “... 2004 онд М ах Зын төвд М.Бын байшинг худалдаж аваад өөрийн хуучин байшингаа А.Ед өгсөн. 10 жил малаа маллуулсан нь үнэн. Байшин А.Еы эзэмшилд байгаа нь үнэн” гэсэн байна.
-РД:БЛ75111712 М.Ны нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: “... А.Е Зт 2004 онд шүүж ирээд хадам аав Мын малыг маллаж тэнд 10 жил суусан. М өөрийн байшингаа Ед өгөөд Базах Казахстан Улс нүүхэд байшинг худалдаж авсан. Байшин Еых байсан. 2017 оны 3 сарын 15 өдөр амбаараа ачиж явсан. Бид байнгын харилцаатай байдаг” гэсэн байна.
-РД:БЛ81032074 А.Таукегийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: “... А.Е Зт 2004 онд нүүж ирээд хадам аав Мын малыг маллаж тэнд 10 жил суусан. М өөрийн байшингаа Ед өгөөд, өөрөө Б Казахстан Улс нүүхэд байшинг худалдаж авсан. Байшин Еых байсан. 2017 оны 3 сарын 18 өдөр амбаараа ачиж явсан. Бид байнгын харилцаатай байдаг” гэсэн байна.
РД:Б Х.ХМйн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: “... 2004 онд М нэгдлийн төвөөс байшинг худалдаж аваад өөрийн байшингаа А.Ед өгснийг би мэднэ. Би Етай хамт нэг хотонд олон жил хөрш суусан гэсэн байна.
- Б аймгийн Ц сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн гарын баримтад: “... 2004 онд А.Е Зт нүүж ирээд хадам аав Мын малыг маллаж тэнд 10 жил суусан нь үнэн. Хашаа хороо А.Еых гэдэг нь үнэн” гэсэн байна.
- Б аймгийн Ц сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 11 сарын 28-ны өдрийн баримтад: “... 2004 онд А.Е 2-р багт нүүж ирээд Мын малыг 10 жил хариулсан. М өөрөө 2-р багийн төвд Баас хашаа байшинг худалдан аваад өөрийн эзэмшиж байсан гэрийг А.Ед өгсөн нь үнэн” гэсэн байна.
-РД:Б М.Кийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: “... 2004 онд Е нүүж ирсэн. М өөрийн байшингаа өгөөд 10 жил малаа маллуулсан. Зт өөрөө багийн төвөөс М.Б байшинг худалдаж авсан. 2017 оны 3 сарын 18 өдөр амбаарын байраа ачиж аваад явсан. Нөгөө байшин одоо байгаа. Уг байшинг Ед өгсөн нь үнэн. Бид гэрчилж байна” гэсэн байна.
-РД:Б М.Ан нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: “... 2014 онд Зын төвөөс М.Бын байшинг худалдаж аваад өөрийн хашаа хороогоо Ед өгсөн. Уг хашаа хороонд 10 жил малаа өвөлжүүлээд сууж байгаа нь үнэн. Өвөлжиж байгаа өвлийн сууц нь Еых. Тэнд байсан амбаарын байраа 2017 оны 3 сард ачиж аваад явсан. Өвлийн байшинг нь одоо хүртэл тэнд байна. Тэр хавийн урианхай, казах бүгд мэднэ” гэсэн байна.
-РД:Б З.Нын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: “... Е 2014 онд Зт нүүж ирээд хүүхдүүдийн хамт хадам аавынхаа малыг маллаж маш их тус хүргэсэн. Тэр үед М нэгдлийн төвөөс Бын байшинг худалдаж аваад З дахь байшингаа Зд инж болгон өгсөн. Е 2017 оны 3 сард амбаарын байшингаа л ачиж аваад явсан” гэсэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Ц сумын “М” гэх газарт байрлах А.Х гэгчийн байшин хашаа хороонд М.Б /хариуцагч М.Өы ах/ сууж байсан ба энэ хашаа хороо байшин нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “М” гэх газарт байгаа 5x5 м2 хэмжээтэй модон байшин, 3x5 м2 хэмжээтэй модон амбаараас өөр хашаа хороо байшин гэдэг нь гэрч Ш.Зийн мэдүүлэг /Хы эхнэр/, зохигчдын харилцан зөвшөөрсөн тайлбараар тус тус нотлогдож байна. Иймд А.Х гэгчийн хашаа хороо байшинтай холбоотой РД:Б И.Д, РД:Б К.А нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт нь энэ хэрэгт хамааралгүй болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Ц сумын үнэ тогтоох комиссын тодорхойлолтыг үндэслэн Ц сумын “М” гэх газарт байгаа 5x5 м2 хэмжээтэй 2500000 төгрөгийн үнэтэй модон байшин, 3x5 м2 хэмжээтэй модон амбаар буюу үнэ 800000 төгрөг, Зил-130 маркийн 6 БӨТ улсын дугаартай ачааны машин буюу 5000000 төгрөг, 2 машин аргалын үнэ 160000 төгрөг, нэг машин өвсний үнэ 300000 төгрөг бүгд 8760000 төгрөгийн эд хөрөнгийг хариуцагч М.Өаас гаргуулан нэхэмжлэгч М.Н /Х.А/-д олгож, нэхэмжлэлийн бусад шаардлага болох "З" гэх газарт байгаа 5x5 м2 хэмжээтэй модон байшин 4x4 м2 хэмжээтэй 2 амбаарын хамт 2500000 төгрөг, мөн нэг машин өвсний үнэ 300000 төгрөг, бүгд 2800000 төгрөгийн эд хөрөнгийг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200211 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.Өаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 155110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Н /Х.А/-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч С овогт Мын Өаас Ц сумын 2-р баг М гэх газарт байгаа 5x5 м2 хэмжээтэй модон байшин нэг буюу 2500000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг, 3x5 м2 хэмжээтэй модон амбаар нэг буюу 800000 /найман зуун мянга/ төгрөг, Зил-130 маркийн 6 БӨТ улсын дугаартай ачааны машин буюу 5000000 /таван сая/ төгрөг, 2 машин аргал буюу 160000 /нэг зуун жаран мянган/ төгрөг, 1 машин өвс буюу 300000 /гурван зуун мянган/ төгрөг, бүгд 8760000 /найман сая долоон зуун жаран мянган/ төгрөгийн эд хөрөнгийг гаргуулан нэхэмжлэгч Мын Нд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2800000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нь хариуцагч М.Өаас иргэний цахим үнэмлэх буюу иргэний цахим үнэмлэхийн үнэ 18800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200211 /хоёр зуун мянга хоёр зуун арван нэгэн/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.Өаас 155110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Н /Х.А/-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН