Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/40

 

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч Б.Ариунтөр,

         шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мд холбогдох эрүүгийн 2319000000024 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: М.М

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч М.М нь 2022 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 02 цагийн үед Дорноговь аймгийн Айраг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Улаантөмөр замын харьяа Замын 4 дүгээр ангийн Улхын-Овоо зөрлөгийн техникийн кабинетад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Мтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр, цээжин тус газар нь шилээр зүсэж эрүүл мэндэд зүүн хөмсөг, цээжинд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 24-ний орой шинэ жилээ тэмдэглээд шөнө нь 33 дугаар зөрлөг дээр очоод үргэлжлүүлэн архи уусан. Ажлынхаа хүнтэй байж байтал М орж ирээд маргалдсан. Ер нь болсон асуудлаа сайн санахгүй байгаа. Хэргийн хувьд маргахгүй. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Хохирогчид 300.000 төгрөг өгсөн. Миний буруу, би болчимгүй зүйл хийсэн. Ер нь архи уучихаараа хүнтэй маргалдаад байдаг юм. Тийм болохоор нэг их архи уудаггүй. Энэ хутганууд манай гэрт байдаг байсан. Манай эгч гадаа гаргачихсан байсан гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч Э.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар төмөр замын 4 дүгээр ангийн 33 дугаар хэсгийн хамт олонтойгоо шинэ жилийн баяр тэмдэглэсэн юм. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 23 цаг өнгөрч байх үед 33 дугаар зөрлөг буюу Улхын-Овоо зөрлөгт очсон юм. Тэгээд бид нар зөрлөгийн улаан буландаа орж үргэлжлүүлэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээсэн. Тэгтэл замчин М нь согтчихоод замчин Очгэрэлтэй маргалдаад байсан. Тэгэхээр нь би очиж Мөнх-Эрдэнийг загнаж ийм ааш авир гаргуулахыг нь болиулах санаатай очсон чинь миний шаардлагыг хүлээж авахгүй хэрүүл маргаан үүсгээд байсан. Тэгээд би тухайн үедээ бас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан болохоор Мтэй маргалдаж байхад М нь ямар нэг зүйлээр миний зүүн хөмсөгний орчимд зүсчихсэн, мөн цээжний зүүн хэсэгт зүсчихсэн байсан. ...Миний зүүн хөмсөгний дээд хэсэгт 2 оёдол, цээжний зүүн хэсэгт оёдол тус тус тавиулсан. Эмчилгээний зардал 300.000 төгрөгийг төлж барагдуулсан тул гомдол саналгүй гэсэн мэдүүлэг /хх 11, 44 ху/,

         -Яллагдагч М.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын газрын хүн болох Мтой маргалдаж хагархай толины хэсгээр цээжний хэсэгт зүссэн нь үнэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Мын биед хөнгөн хохирол учруулсан нь миний буруу. Миний зүгээс Мын биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Мт эмчилгээний зардал, хохирол төлбөрт 300.000 төгрөг төлж барагдуулсан гэсэн мэдүүлэг /хх 15, 42-43 ху/,

          -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02/018 дугаартай дүгнэлтэнд: 

          1.Э.Мын биед зүүн хөмсөг, цээжинд шарх гэмтлүүд тогтоогдлоо.

          2.Учирсан гэмтлүүд нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.

         3.Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

          5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна гэсэн дүгнэлт /хх 27 ху/,

          -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 03-08 ху/,

          -Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 20 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 35-36, 42-43 ху/,

          -Яаралтай тусламжийн хуудас /хх 28 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 56 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч М.М нь 2022 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 02 цагийн үед Дорноговь аймгийн Айраг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Улаантөмөр замын харьяа Замын 4 дүгээр ангийн Улхын-Овоо зөрлөгийн техникийн кабинетад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Мтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний биед зүүн хөмсөг, цээжинд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн “Хэргийн хувьд маргахгүй. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Хохирогчид 300.000 төгрөг өгсөн. Миний буруу, би болчимгүй зүйл хийсэн” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Э.Мын “...Мтэй маргалдаж байхад М нь ямар нэг зүйлээр миний зүүн хөмсөгний орчимд зүсчихсэн, мөн цээжний зүүн хэсэгт зүсчихсэн байсан. Миний зүүн хөмсөгний дээд хэсэгт 2 оёдол, цээжний зүүн хэсэгт оёдол тус тус тавиулсан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед зүүн хөмсөг, цээжинд шарх бүхий хөнгөн хохирол учирсныг тогтоосон 02/018 дугаартай шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм хорын хохирлыг төлж барагдуулан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

         Иймд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирол төлбөргүй байдал, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж  шийдвэрлэлээ.   

          Хохирлын хувьд хохирогчийн биед зүүн хөмсөг, цээжинд шарх бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 300.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч М.М төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн бариултай заазуур 1 ширхэг, ногоон өнгийн бариултай заазуур 1 ширхэг, ягаан өнгийн бариултай хутга 1 ширхэг, шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, улбар шар өнгийн бариултай хайч 1 ширхэг зэргийг тус тус устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн бариултай заазуур 1 ширхэг, ногоон өнгийн бариултай заазуур 1 ширхэг, ягаан өнгийн бариултай хутга 1 ширхэг, шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, улбар шар өнгийн бариултай хайч 1 ширхэг зэргийг тус тус устгасугай.

         6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА