| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 101/2019/00197/И |
| Дугаар | 101/ШШ2019/01235 |
| Огноо | 2019-04-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2019/01235
2019 оны 04 сарын 29 өдөр Дугаар 101/ШШ2019/01235 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүгч Б.Мандалбаяр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х аймаг, Х сум, дүгээр баг, Сариг дугаар байр, 0 тоотод оршин, суух Б овогт Б-Ж-/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т аймаг, З сум, 0 дугаар баг, 0 дүгээр байр, 0 тоотод оршин суух бүртгэлтэй, Бовогт Д.Б-д холбогдох,
Гэм хорын хохиролд 74.784.358 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б, хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, иргэдийн төлөөлөгч Б.Хандсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2010 онд О.Хөлгөнтэй гэр бүл болж 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр охин Х.С-гаа төрүүлсэн билээ. Миний нөхөр 2014 онд дээд сургуулиа төгсөөд Хэнтий аймгийн “Хэнтий ус” ХХК-д ашиглалтын инженерийн албан тушаалд ажилд орж сарын 557.655 төгрөгийн дундаж цалинтайгаар, би 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдрөөс сарын 400.000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж байсан. Бид. элэг бүтэн аз жаргалтай, амар тайван ажиллаж амьдарч байсан бөгөөд 2016 оны 08 дугаар рын 12-ны өдөр нөхөр маань хотод байдаг өөрийн багын найзуудтайгаа унадаг дугуйн аялалд оролцохоор Өндөрхаанаас Улаанбаатар хотруу явсан. Маргааш нь дугуйтай хотоос Төв аймаг руу явж байна гэж нэг ярьсан бөгөөд түүнийг дугуйтай явж байгаа гэсэн болохоор би араас нь нэг их залгаагүй. Гэтэл 08 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед манай нөхрийн цуг явсан найзынх нь эхнэр над руу залгаад осол болсон талаар мэдэгдсэн. Хариуцагч Д.Б нь 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн гэр хорооллын урд талын “Зуунмод-Налайх” чиглэлийн зам дээр 55-68 ТӨВ улсын дугаартай Тоёото Клугер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа цуваагаар унадаг дугуйтай /цувааны урдаасаа 3-т/ явж байсан миний нөхөр О.Х-г араас мөргөж, амь насыг нъ хохироосон болох нь 3 шатны шүүхийн шийдвэрээр нотлогдон тогтоогдсон билээ. Миний иөхөр 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймаг дахь Хас банкны салбараас 2 сая төгрөгийн цалингийн зээл авч сар бүр 55.556 төгрөгийн зээл төлж байсан бөгөөд нас барсан үед нь зээлийн үлдэгдэл нь 1.550.853 төгрөг байсан. Мөн бид тус банкнаас 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн 50.960.000 төгрөгийн зээл авч сар бүр 430.000-450.000 төгрөгийн зээл төлдөг. 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 49.599.997 төгрөг байсан. Нөхөр маань нас барснаас хойш миний цалин дээрх зээлүүдийг төлөхөд үнэхээр хүрэлцэхгүй хэцүү байсан боловч аав, ээж найз нөхдийнхөө туслалцаатайгаар зээлийг төлж байгаа болно. Хэрэв хариуцагч Д.Б нь миний нөхрийн амь насыг хохироогоогүй байсан бол нөхөр маань дээрх зээлийг ямар ч асуудалгүйгээр төлөөд амьдрах байсан. Үл хөдлөх хөрөнгийн зээлийг бид хамтран зээлсэн тул тухай зээлийн үлдэгдлийн талыг, мөн талийгаачийн маань цалингийн зээлийн үлдэгдлийг бүгдийг хариуцагч Д.Б төлж миний гэм хорын хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байна. Түүнчлэн миний охин Х.С дахин аавтайгаа хэзээ ч хамт байж чадахгүй, харж чадахгүй, ааваараа хайрлуулж, аавдаа эрхэлж чадахгүй нэг насыг туулах эмгэнэлтэй хувь тавилантай болсонд маш их гомдолтой байна. Одоо миний охин 2016 оны 08 дугаар сараас сард 251.000 төгрөгийн, 2018 оны 02 дугаар сараас сард 280.000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байгаа бөгөөд энэ тэтгэмжийг миний охин 2031 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл авахаар тогтоогдсон учир талийгаачийн авч байсан цалин,тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 48.433.507 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн шүүхээс орон сууц цалингийн зээл, тэжээгч алдсаны тэтгэмжийн зөрүүг жич нэхэмжлэх эрхтэй гэж заасан. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 48,4 сая төгрөг, орон сууцны зээлийн үлдэгдэл 24,7 сая төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл 1,5 сая төгрөг ийт 74,700,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Хариуцагч нийт 45 сая төгрөг өгсөн гэж тайлбартаа бичсэн байна. Би одоогоор 15,000,000 төгрөг хүлээн авсан. Энэ хүнийг хүн ёсоор уучлалт гуйгаасай гэж их хүсэж байсан. Мөнгөндөө ч гол нь биш. Би ганцаараа ажиллаж байгаа учраас хүндрэл байгаа. Гэтэл хариуцагч энэ хүний гомдлоос болж 2,5 жилийн ял авсан гэж бичсэнд нь гомдолтой байна. Гэр бүлийн хүнээ алдаад сэтгэл зүйгээр хохирсон байхад энэ хүн янз бүрийн байдлаар зүй бус авирлаж байгаад гомдолтой байна. Тэр хүн ямар ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас хамаараад үр хүүхдийнхээ ам насыг энэ хүнээс нэхэх эрхгүй байна гэдэг нь утгагүй байна. Тайлбар дээрээ гаргасан баримт нь зөрүүтэй, төлж байгаа эсэх нь тодорхойгүй гэх зэргээр бичсэн байна. Гэтэл тэр зээлийг өнөөдөр хэн төлж байгаа билээ. Хэний зээл байсан бэ гэдэг нь чухал. Тус зээлийг хэн төлж байгаа талаарх баримтуудыг гарган өгсөн. Тэр хүний хийж бүтээх байсан, үр хүүхэддээ ямар зүйлийг өгөх байсан зүйлийг өгөх байсныг үнэлвэл тэр бол үнэлж баршгүй хохирол юм. Тэр бүхнийг бодохгүйгээр яагаад ийм сонин ааш авир гаргаад байгааг огт ойлгохгүй байна. Тэр хүний ирээдүйд хийх байсан зүйлийг нэхэмжлэх боломжтой гэж үзэж байна. Ядаж хүн ёсоор уучлалт гуйдаг байгаасай. 2,6 жилийн ялыг би багадсан гэж үзэж байгаа. Иймд хариуцагч Д.Баас нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 48.433.507 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн үлдэгдэл 24.799.998 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл 1.550.853 төгрөг, нийт 74.784.358 төгрөгийг гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач 2,500,000 төгрөгийн цалингийн зээлтэй байсан. Осол 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр нас барсан. Энэ зээлийг нас барсан өдрөөс хойш байгаа дүнгээр нь нэхэмжилж байгаа ба 1,550,853 төгрөг болж байгаа. Үл хөдлөх хөрөнгийн зээлийг нас барсан үеэс хойш бодсон. Хамтран зээлдэгч байсан учир талийгаачийн төлөх байсан хувь болох 24,799,998 төгрөгийг нэхэмжилж байгаа. Бид үүнийг тухайн үеийн байдлаар энэ зээлийн үлдэгдэл хэд байсан бэ гэдгийг банкны тодорхойлолтоор гаргаж ирсэн. Тэжээгчээ тэтгэмжийн зөрүүг бодохдоо талийгаачийн үндсэн цалин 557,655 төгрөгөөс зөрүүг нь бодсон. Эхний ээлжинд 251,000 төгрөгөөр 2018 оны 2 сар хүртэл тооцсон. 2016 оны 9 сараас эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэмж авсан. 9 сард 404,838 төгрөг, 10,11,12 саруудад 251,000 төгрөг, 2017 онд 251,000 төгрөг бүтэн, 2018 оны 1 сард 251,000 төгрөг, 2018 оны 2 дугаар сараас эхлэн 280,000 төгрөг болж өссөн. Зөрүү нь 277,655 төгрөг болж байгаа. 251,000 байхад 306,655 төгрөг байсан. Одо тэтгэмжээ аваад явж байгаа. Зөрүүгээр буюу 277,655 төгрөгөөр энэ хүүхдийг 18 нас хүртэл тэтгэмжийг бодсон. Хүүхэд 2012 оны 4 дугаар сарын 24-ний өдөр төрсөн. Тэтгэмж авдаг дэвтэр дээр нь хэдэн оны хэдэн сар хүртэл хугацааг заасан. Бид энэ хугацааны тэтгэмжийн зөрүүг бодоод нийт 48,433,507 төгрөгөөр бодсон байгаа. Нийт нэхэмжилж байгаа үнийн дүн 74,784,358 төгрөг болсон. Оршуулгын зардал 15,000,000 төгрөг шийтгэх тогтоолоор гарсан. Шийтгэх тогтоолоор орон сууцыг битүүмжилсэн. Энэ орон сууцыг нэхэмжлэгч аваагүй. Шийтгэх тогтоолоор орон сууцыг нь 30,000,000 төгрөгөөр битүүмжилсэн байсан. 45,000,000 төгрөг хохиролд төлсөн зүйл байхгүй. Шийдвэр гүйцэтгэлээр 15,000,000 төгрөгийг өгсөн. Цалингийн зээлийн зөрүү, үл хөдлөх зээлийн 50 хувийг гаргахаар магадлал гарсан байсан боловч УДШ-ийн тогтоолоор зээлийн эргэн төлөлтын баримт дээр талийгаачийн гарын үсэг байхгүй байна гэдэг үндэслэлээр магадлалд өөрчлөлт орсон юм. Үүнийг нэхэмжлэх эрхтэй хангагдаад явж байсан нэхэмжлэлийн шаардлага байгаа гэв.
Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Иргэн Д. Б би одоо 63 настай өрх толгойлсон эмэгтэй өөрийн гэсэн цалин орлогогүй өндөр насны тэтгэвэрт байдаг билээ. Би 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр авто машинтай явж байгаад унадаг дугуйтай хүүхэд мөргөж осол гаргаж, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч би хохирогчийн гомдол тэмцлээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж биеэр эдэлж байна. Миний хүүхдүүд тус бүр амьдралтай боловч ээжийгээ шоронгоос гаргаж авахын тулд шүүхээс тогтоосон гэм хорын хохирол болох оршуулгын зардал 15.000.000 сая төгрөгийг Ж-д бэлнээр төлж барагдуулсан мөн Төв аймгийн давж заалдах шатны шүүхээс миний өмчлөлийн ганц хөрөнгө болох 30.000.000 төгрөгийн үнэ бүхий Т аймгийн З сумын0 дүгээр баг Жаргалан хотхоны 0 тоотод байрлах 41.2мк талбай бүхий 1 өрөө орон сууцыг төлбөрт тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн юм.Үүгээр би гэм хорын төлбөрт нийтдээ 45.000.000 төгрөг төлөөд байна. Жаргалмаа надаас нийтдээ 74.784.358 төгрөг нэхэмжилж байгаа боловч нэхэмжилж байгаа үнийн дүнг өнөөдрийн байдлаар тус бүр нарийвчлан бодитойгоор тооцоогүй ямар баримтыг ямар тооцоог үндэслэж гаргасан болох нь тодорхойгүй ойлгомжгүй байна. Нөгөө талаар Ж иргэний шүүхэд гаргаж өгсөн зээлийн гэрээний нотлох баримтууд нь эрүүгийн шүүхэд гаргаж өгсөн зээлийн гэрээний нотлох баримтуудтай сар өдөр, үнийн дүн, үндсэн зээлийн хугацаа.эргэн төлөлтийн хуваарь зэрэг нь зөрүүтэй байна мөн эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн зарим гэрээнд гарын үсэг зураагүй байхад иргэний хэрэгт гаргаж өгсөн гэрээнд нь гарын үсэг зурсан байна, зурсан гарын үсэг нь зөрүүтэй байна. Нэхэмжлэгч надаас анхнаасаа 118.000.000 төгрөг нэхсэн. Тэр мөнгийг тухайн үед төлсөн бол би шоронд суухгүй байсан байх. Би 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөнд орсон. Энэ хүмүүстэй түүнээс хойш уулзаж, янз бүрийн ааш араншин гаргах боломж нөхцөл байхгүй. Манай хүүхдүүд сандраад оршуулгын зардал өгье гэхэд заавал 118,000,000 төгрөг өгчих тэгвэл бидэнд гомдол байхгүй. Хуралд очих шаардлагагүй гэдэг хариулт өгсөн байсан. Тухайн үе надад 118.000.000 өгөх боломж байгаагүй учир өөрийн биеэр ялаа эдэлж байгаа. Би хурал бүр дээр уучлалт гуйж байсан. Өмгөөлөгч нар маань ч уучлалт гуйж байсан. Хүүхдүүд 15,600,000 төгрөг зээлж аваад төлсөн байгаа. Осол болохоос өмнө миний том хүү 40 хэдэн насандаа гадны нөлөөнөөс нас барсан. Би хань нөхөр, эх үрийн хагацал зовлонг өөрийн биеээр амссан. Тухайн үед миний хүү Хаан банкны зээлтэй байсан тэр төлбөрийг нэхэмжлээд ирсэн энэ шүүх дээр байгаа. Нийт 150,160 сая төгрөг төлнө гэдэг нь миний хувьд маш хэцүү. Би одоо 63 настай. Жаахан залуу байсан бол ажил төрөл хийгээд төлнө. Эрүүгийн хэрэг дээр орон сууцны зээлийн гэрээг канондсан байсан тухайн үедээ талийгаач Хөлгөн гарын үсэг зураагүй байсан. Энэ маргаан дээр Хөлгөний гарын үсэгтэй гэрээ байна. Үүнийг жаахан гайхаж байна. Хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж 18 нас гээд сар бүр 280.000 төгрөг авч байгаа гэсэн тодорхойлолт ирсэн байсан. Түүний зөрүү гэж албан ёсоор надаас яг хэдэн төгрөг нэхээд байгааг нь сайн ойлгохгүй байгаа. Нийгмийн даатгалын дэвтэртэй нь сайн танилцаж амжаагүй. Өмгөөлөгчтэйгөө тухтай суугаад танилцсан зүйл бага байна. Миний бодлоор хүүхдийг 4 настай байхад нь аав нь осолд орсон. Түүнээс хойш 13 жилийн цалингийн зөрүү гараад байх шиг байна. Тэгэхээр цалингийн зөрүү нь хэдэн төгрөг байсныг мэдэхгүй байна. Орон сууцны асуудал дээр би гарын үсэг он сар нь өөр өөр гарч ирдэг. Ж Хас банканд ажилладаг. Би үүнийг үнэн бодит баримт мөн эсэх дээр эргэлзээ төрж байгаа. Энэ хүн өөрөө тэнд ажиллаж байгаа. Даатгалын компани 17.000.000 төгрөг төлсөн байсан. Тэгэхээр надаас байрны зээлийн төлбөр нэхэх шаардлагатай юу үгүй юу гэдэг дээр эргэлзэж байна.
Иймд би нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. Эрүүгийн шүүхэд гаргасан, Иргэний шүүхэд гаргасан баримтууд он сар, эргэн төлөлтийн хуваарь зөрүүтэй, талийгаач гарын үсэг зураагүй баримтууд байсан. Эрүүгийн шүүхэд эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтууд дээр талийгаач гарын үсэг зураагүй байсан. Иргэний шүүх дээр авагдсан баримт дээр гарын үсэг зурагдсан байна. Орон сууцны зээл 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдөр авсан. Зээл хийгдсэн. 50.517.000 төгрөг байгаа. Энэ нь 2025 оны 2 дүгээр сарын 9-ны өдөр дуусахаар байгаа. Шүүхийн архивт талийгаач гарын үсэг зураагүй зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн талаарх баримтыг өгсөн. Одоо энэ шүүхэд өгсөн баримтаар авч үзэхэд эргэн төлөлтийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зээл авсан харагдаж байна. Гэтэл Эрүүгийн хэрэг дээр 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөр авагдсан байна. Иргэний хэрэг дээр орон сууцны зээл 2035 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дуусах зээлийн гэрээ хийгдсэн байна. Эрүүгийн хэрэг дээр 2025 оны 2 дугаар сарын 9-ний өдөр дуусах зээлийн гэрээ хийгдсэн. Ийм зөрүүтэй зээлийн гэрээ хэрэгт авагдсан байна. Эрүүгийн хэрэг дээр өгсөн зээлийн гэрээнд талийгаачийн гарын үсэг зурагдаагүй байна. Харин Иргэний хэрэгт өгсөн зээлийн гэрээнд талийгаач гарын үсэг зурсан байна. Мөн зээл олгосон он сар өдөр зөрүүтэй. 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 50.960.000 төгрөгийн зээл олгогдсон мэтээр иргэний хэрэг дээр хийгдсэн байна. Тэгэхээр эргэн төлөлт нь 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдөр эхний эргэн төлөлтийн зээл олгож, эрүүгийн хэрэг дээр 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр эхний зээл төлөгдөх мэтээр ийм зөрүүтэй баримт авагдсан байна. Алиныг нь үндэстэй гэж үзэж орон сууцны зээлийг гаргах вэ. Гэхдээ би орон сууцны зээл, цалингийн зээлийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хууль болон УДШ-ийн тайлбаруудад гэмт хэргийн улмаас нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрийг гаргуулахаар заасан /Иргэний хуулийн 508/. Гэм хор учруулсны төлбөр гэдэгт нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэв равах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд авахаар Иргэний хуулийн 508.2 дахь хэсэгт заасан. Гэм хор учруулсны төлбөр гэдэгт нас барагчийн сарын цалин, хөлс орлогын дундаж болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр хоёрын зөрүүг хэлнэ гээд заасан. Иргэний хуулийн 508 дах хэсэгт зааснаар нас барснаас учирсан гэм хорыг арилгахаар заасан. Гэтэл Иргэний хуульд цалин, орон сууцны зээл олгохоор заагаагүй. Иргэний хуулийн 150 дахь хэсэгт хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах зохицуулалтад зээлийн эрх зүйн харилцааны хохирлыг заагаагүй. Нэхэмжлэгчийн цалин, орон сууцны зээлтэй холбоотой шаардлагыг 108 дахь хэсэгт зааснаар хангах хууль зүйн үндэслэлгүй. Зээлийн гэрээний харилцаанд Б хамран хариуцагч байгаагүй, мөнгийг авч ашиглаагүй. Хэдийгээр хохирогчийн ам нас хохироход буруутай боловч Иргэний хуульд зааснаар гэм хорын төлбөрт орон сууцны болон цалингийн зээл хамаарахгүй. Хэрэгт авагдсан баримт эрс зөрүүтэй байна. Нотлох баримт хууль ёсны шаардлага хангасан баримт болж чадахгүй байна. Цалингийн зээл дээр эргэн төлөлтийн хуваарь, үнийн дүн эрс зөрүүтэй байна. Эрүүгийн хэрэг дээрх баримтад гарын үсэг зураагүй байсан мөртлөө Иргэний хэрэгт өгсөн баримтад гарын үсэг зурсан байна. Зарим гарын үсгийг дуурайлгасан зүйл байсан. Тиймээс цалингийн болон орон сууцны зээлийг хангах үндэслэлгүй. Иргэний хуулийн 508.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн асрамжид байсан, нас барах үед түүнээс төлбөр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, энэ нь хэрэгт авагдсан баримтаас харахад нийгмийн даатгалын тодорхойлолтоос харахад 2031 он хүртэл олгогдохоор байгаа. Үүнийг тооцон үзэхэд энэ хүн 2031 он хүрэхэд энэ хүүхэд 19 нас хүрсэн байна. Тэгэхээр 1 жил илүү төлөгдөхөөр харагдаж байна. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү Халамжийн хуулиар өөрчлөгдөөд байгаа. 271.000 төгрөг төлж байсан бол 2018 оны 2 сараас эхлээд 280.000 төгрөг авсан баримт харагдаж байгаа. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг төлнө гэх юм бол сар бүр төлүүлэхээр байгаа. Энэ тооцсон үнийн дүн зөрүүтэй, яаж ямар тооцооноос гаргасан нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэргийг анх шийдэж байхдаа тэр үеийн 39.000 төгрөгийг 24-т хуваагаад шийдэж байсан шийтгэл тогтоол байгаа. Түүний дагуу нэхэж байна. Гэтэл өнөөдрийн бодит байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргах ёстой. 24.000.000 төгрөг гаргаад байгаа гэдгээ нарийвчлан тооцох ёстой. 2015 оны 4 сард авсан уу, 10 сард авсан юм уу, түүнээс хойш хэрхэн тооцсоноо нэхэмжлэгч нарийвчлан тооцож гаргаж ирэх ёстой. Цалингийн зээлийн нэхэмжлэлийн шаардлагыг эрүүгийн хэрэгт 888.000 төгрөг гэж гаргаж ирсэн. Тухайн үедээ 888.000 төгрөг олгохоор эрүүгийн хэрэгт заасан. Гэтэл одоо 1.550.000 төгрөг нэхэж байна. Энэ мөнгийг яаж тооцсон юм бэ. Шүүх яаж тооцож 888.000 төгрөг гаргаж ирсэн юм бэ. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ойлгомжгүй байна. Хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг бөөнд нь гаргах боломжгүй. Энэ хүний ганц байгаа үл хөдлөх хөрөнгө нь эрүүгийн хэргээр 30.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Түүнийг нь Цагдаагийн байгууллага битүүмжлээд анхан шатны шүүх чөлөөлсөн. Гэтэл давж заалдах шатны эргээд битүүмжлээд төлбөрт нь шүүхийн шийдвэрт шилжүүлэхээр магадлалд заасан. Тэгэхээр 30.000.000 төгрөгийн орон сууц нь давж заалдах шатны шүүхийн магадлалаар төлбөрт шилжүүлэхээр заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаан дээр 30.000.000 төгрөгийн орон сууц мөн оршуулгын зардал, тэжээгчээ тэтгэмж зэргийг заасан. Цалингийн болон орон сууцны зээлийг заагаагүй. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үнийн дүн зөрүүтэй байна. Иргэний хуулийн 508 дахь хэсэгт зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргана гэж үзвэл сар бүр өгөх ёстой. Учир нь тэжээгчээ алдсаны тэтгэмж өөрчлөгдөж байдаг учир олгох ёстой мөнгийг сар бүр төлүүлэхээр шүүх шийдэх нь зүйтэй. Ажиллаж байвал 16 нас, ажиллаагүй бол 18 нас байх ёстой. Энэ хүн хуульд зааснаар хугацаанаас өмнө тэнсэн суллах магадлангийн шаардлагыг хангаж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас энэ хүнийг магадланд оруулахад Баянзүрх дүүргийн шүүхээс тоот ирсэн. 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл шүүх хурал хойшилсон учир гэм хорын хохирол арилаагүй гэж үзнэ гээд 2 удаа хойшилсон. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй ойлгомжгүй, хэдэн төгрөг яаж тооцсон нь нотлох баримтаар тогтоогдоогүй, нотлох баримт өөр хоорондоо эрс зөрүүтэй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэстэй байна гэж үзэж байна. Цалингийнхаа зээлийг төлөөд 100 хувь хаасан байгаа. Зээлд хамтран зээлдэгч байгаа ба хамтран зээлдэг нь өнөөдрийг хүртэл төлөөд явж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Жнь хариуцагч Д.Б-д холбогдуулан Х.С охины тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 48.433.507 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн үлдэгдэл 24.799.998 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл 1.550.853 төгрөг, нийт 74.784.358 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.Б нь “...оршуулгын зардал 15.000.000 төгрөг Б.Ж-д бэлнээр төлж барагдуулсан, мөн миний өмчлөлийн 30.000.000 төгрөгийн үнэ бүхий Т аймгийн З сумын 0 дүгээр баг 0 хотхоны 0 тоотод байрлах 41.2 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг төлбөрт тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн. Үүгээр би гэм хорын төлбөрт нийтдээ 45.000.000 төгрөг төлсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хариуцагч Д.Б 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас О.Х-ий амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 447 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 26 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 259 дүгээр тогтоол, О.Х-ий нас барсны гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 26-57, 65 дугаар тал/
Уг шийтгэх тогтоолоор Б.Ж нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэсэн ба хариуцагч хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг сар бүр төлнө гэж шүүх хуралдаанд тайлбар гаргасан байна.
Б.Ж нь О.Х-тэй 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр бүртгүүлсэн, тэдний дундаас 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр охин Х.С төрсөн /одоо 7 настай/ болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Х.С-ийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 5, 64 дүгээр тал/
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмжид 2017 онд сар бүр 251.000 төгрөг, 2018 оноос сар бүр 280.000 төгрөг олгогдож байгаа болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 61-62 дугаар/ тал
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2.-т “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй” гэж хуульчилснаар нэхэмжлэгч Б.Ж гэм буруутай этгээдээс гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.3.-т “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж заажээ.
Талийгаач О.Х нас барах үедээ 557.655 төгрөгийн тогтмол цалин хөлстэй байсан ба үүнийг хөдөлмөрийн чадвартай эхнэр, насанд хүрээгүй охин гуравт хуваахад нэг гишүүнд /557.655:3=185.885/, 185.885 төгрөг ногдож байна.
Тодруулбал Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3.-т зааснаар нас барагч болон хөдөлмөрийн чадвартай нэхэмжлэгч Б.Ж-г хасаж, охин Х.С-д 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг олгох нь зүйтэй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл охин Х.С-д олгох сарын нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо /185.885-280.000= -94.115 төгрөг/ 185.885 төгрөгөөс нийгмийн даатгалын сангаас олгох тэжээгчээ алдсаны тэтгэмж нь илүү болон бага байх тохиолдолд зөрүүг нь хариуцагч төлнө.
Нэхэмжлэгч нь О.Х-ийг нас барах үеийн цалингийн зээлийн үлдэгдэл 1.550.853 төгрөгийг хариуцагч Д.Б-аас гаргуулахаар шаардсан.
Талийгаач О.Х 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хас банк ХХК-тай 1040017101 тоот зээлийн гэрээ байгуулж 2.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 21.60 хувийн хүүтэй зээл авч, энэ зээлийн гэрээний үүрэг 2018 оны 12 дугаар сарын04-ний өдөр дуусах байжээ.
Иргэний хуулийн 240 дугаар зүйлийн 240.1.2.-т “үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алба болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан” тохиолдолд үүрэг дуусгавар болохоор хуульчилсан.
Өөрөөр хэлбэл О.Х нас барснаар буюу 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “”Хас банк ХХК, О.Х нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан 1040017101 тоот зээлийн гэрээний үүрэг дуусгавар болжээ.
Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн “...цалингийн зээлийн үлдэгдэл 1.550.853 төгрөг” гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн үлдэгдэл 24.799.998 төгрөг гаргуулах шаардлагын хувьд:
Талийгаач О.Х, нэхэмжлэгч Б.Ж нар 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Хас банк” ХХК-иас 50.960.000 төгрөгийн зээлийг 240 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлж, Х аймаг, Х 4 дүгээр баг, Сариг 0 байр 0 тоот 0 м.кв орон сууцыг худалдан авахаар тохиролцжээ.
Энэ зээлийн үлдэгдэл О.Х-ийг нас барсан өдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 49.599.997 төгрөг байсан ба О.Х-ийг нас барсны дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр талийгаачийн амь насны даатгалд “17.088.559 төгрөг даатгалын компаниас орж ирснийг орон сууцны зээлийн үлдэгдлээс хассан” гэж нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарласан.
Талийгаач О.Х, Б.Ж нарын орон сууцны зээл 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 49.599.997 төгрөгийг үүрэг гүйцэтгэгч О.Х, Б.Ж нарт хуваан тооцоход /49.599.997:2=24.799.998/ нэг хүнд 24.799.998 төгрөг ногдох бөгөөд О.Х-д ногдох 24.799.998 төгрөгөөс амь насны даатгалд 17.088.559 төгрөг төлөгдсөнийг хасаж, үлдэх 7.711.399 төгрөгийг хариуцагч Д.Б-аас гаргуулж, нэхэмжлэгч Б.Ж-д олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1., 497 дугаар зүйлийн 497.1., 508 дугаар зүйлийн 508.1., 508.4.1., 509 дүгээр зүйлийн 509.1.-д зааснаар хариуцагч Д.Б-аас 2012 оны 04 дүгээр сарын 24-ий өдөр төрсөн охин Х.С-г 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл 185.885 төгрөгөөс тухайн үед нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг сар бүр гаргуулж, нэхэмжлэгч Б.Ж-д олгож, хариуцагч Д.Б-аас 7.711.399 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 67.072.559 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч Б.Жнь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Баас 156.402 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120..-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
А.МӨНХЗУЛ