Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/36

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч Б.Ариунтөр,

         хохирогч Б.Ө,

         хохирогчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

         шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар,

         шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Мт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Э.М

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Э.М нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, Найрамдал гудамжны Депо байрны гадна хохирогч Б.Өтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         -Шүүгдэгч Э.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хамарын хийд орохоор гэр бүлийнхэнтэйгээ ирсэн. Тэгтэл О ах цалингийн зээл хийж машин авсан гэж байсан. Тэгээд наймаагаа буцаана гэхээр нь хамт явсан. Тэгээд сольж авсан гэх 2 машиныг нь О ах бид 2 нэг нэгээр нь унаад явсан. Тэгээд энэ айлд очиход энэ хохирогч ах согтуу наймаа буцаахгүй гээд агсраад байсан. Миний хувьд дал хавсраад дараад авсан. Тэгтэл энэ ах нуруу нуруу гээд унаад өгсөн. Миний үйлдлээс нуруу нь гэмтсэн байх. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Харин нуруун дээр өвдөглөж бариагүй. Дал хавсарч тэвэрч авсан нь үнэн. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрнө. Одоогоор хохирол төлөөгүй байгаа. Бодит хохирлыг төлөхөд бэлэн гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч Б.Өын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Дгийн гэрт байж байтал Ооо ирсэн. Тэгээд манай эхнэрийн машиныг унаж үзээд наймаа хийе гээд гуйгаад байсан. Тэгээд Оын машиныг аваад оронд нь 2 машин өгсөн. Мөн рулийн аппаратынх нь мөнгө гэж 100 гаран мянган төгрөг өгсөн байсан. Оын машин манай машинаас он залуу байсан. Тэгж наймаа хийсэн. Ингээд наймаа хийснээс хойш 2 хоногийн дараа М гэдэг залуу Отой хамт ирээд наймааг буцаана гэж ярьсан. Тэгэхээр нь бид хоёрын наймаа чамд ямар хамаатай юм гээд маргалдсан. Тухайн үед би халамцуу байсан. Дгийнд очоод байж байхад миний нүүр рүү цохисон. Тэгээд тэвэрч унагаад нуруун дээр өвдөглөөд дээшээ хүзүүнээс татсан. Тэгээд намайг гэрт хүргэж өгсөн. Тухайн үед миний нуруу, 2 хөл гишгэж болохгүй болсон байсан. Миний хувьд гомдолтой. Намайг эргэж ирээгүй, нэг удаа ч яриагүй. Одоо эмчилгээний зардал 2.000.000 төгрөг, ажлын чадваргүй болсны зардал 8.000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөг нэхэмжилнэ. Би хөөрөг, монгол гутал, гөлөм хийдэг. Дорноговийнхон мэднэ. Болсон үйл явдлыг сайн санаж байгаа. Би нуруундаа гэмтэл аваад эмнэлэгт хэвтээгүй. Гэрээрээ эмчилгээ хийлгээд гэртээ хэвтээд байсан гэсэн мэдүүлэг,

            -Гэрч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Ө ахын гэрт 2022 оны 10 дугаар сарын 22ны едер би цуг ажилладаг найз Мгийн хамт Ө ахтай өөрийнхөө "ХTrail" маркийн хар өнгийн автомашинаар сольж авсан болох "X-Trail" маркийн цагаан өнгийн ..." улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон "Teana" маркийн "..." улсын дугаартай тээврийн хэрэгслийг солихоо болилоо гэж буцааж өгөхөөр очиход, Ө ах гэрийнхээ гадаа халамцуу явж байхаар нь машиндаа суулган хоёулаа наймаагаа буцаая хамаатнууд хүний муу машинаар өөрийнхөө сайн машиныг солилоо гэж хэлж байна гэхэд Ө ах чи өөрөө сольё гэж авчихаад одоо наймаа буцаан гэж юу байдаг юм, анх наймаа хийсэн газраа очъё гэхээр нь Дгийн гэрт очиход, миний сольсон машин байхгүй байсан. Дгийн гэрт ороход Д ганцаараа гэртээ байж байсан. М нь Ө ахын машиныг өг гэхэд, Ө ах бид хоёрын хийсэн наймаа чамд хамаагүй гэхэд, М Ө ахын баруун талын гарыг хөших үед чи яагаад байгаа юм гэхэд, хоёр гараараа Ө ахыг тэвэрч аван газарт доош харуулж унагаан, газраас дээш татан босгосон. Ө ах чи миний нурууг гэмтээчихлээ гэхээр нь би Мг боль яах гээд байгаа юм гэхэд, М надад би ямар энэ ахыг зодож, цохисон зүйл байгаа биш, энэ ах чинь зодлоо цохилоо гээд байна шүү дээ өөрөө хараа биз дээ гэсэн. Д гэрийнхээ хаалгаар шагайн та нар бие муутай хүнийг зодоод байгаа юм уу, наад хүн чинь бие муутай хүн шүү гэж хашхирахаар нь үгүй гэж хариулсан. Намайг өөрийнхөө унаж явсан машиныг унтраачихаад ирэх хооронд ийм зүйл болсон. Ө ахыг би машинд суулган гэрийнх нь гадна очиж гэрт нь оруулчихаад, хоёр машинаа гэрийнх нь гадна үлдээгээд такситай гэртээ харьсан. М оройн Улаанбаатар хот буцсан гэсэн мэдүүлэг /хх 8 ху/,

           -Гэрч Ө.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Аав Ө нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн оройн 16 цагийн үед гэрээс эгчийнхээ гэрт очлоо гэж хэлээд гарч яваад О, М гэх хүмүүстэй хамт гэрт ирэхдээ алхаж чадахгүй болоод ирсэн. Өдөр гэрт ирэх болон гэрээс гарч явахдаа зүгээр алхаж байсан гэсэн мэдүүлэг /хх 13 ху/,

           -Гэрч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Манай гэрээр ороод гарахдаа хүнтэй муудсан талаар огт юм хэлээгүй. Манай гэрээс гарч ирэхдээ биеийн байдал нь зүгээр байсан. Харин сүүлд манай дүү Ө нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр машины наймаа хийсэн хүн нь өөр хүн дагуулж ирэн зодуулсан гэж байсан гэсэн мэдүүлэг /хх 24-26 ху/,

          -Гэрч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Манай гэрт 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үдээс хойш Ө нь О болон миний танихгүй нэг залуугийн хамт ирсэн. Ө ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Манай гэрт Ө ах орж ирэхдээ, миний гарыг Отой цуг явж байгаа залуу нь мушгилаа гэж хэлж байсан. Манай гэрт орж ирчихээд Отой цуг явж байсан залуу нь надад хандан Оын машин нь хаана байгаа юм гэж асуухаар нь би мэдэхгүй гэж хариулсан. Отой цуг явж байсан залуу над руу жоохон уурлангуй ярихад, хажуугаас нь О наадах чинь ямар ч хамаагүй хүн байгаа юм, манай хамаатан гэж хэлж байсан. Тэгээд манай гэрээс тэр гурав гарахаар нь би араас нь дагаас гарсан. Отой цуг яваа залуу нь Оын машин хаана байгаа юм гэж асуухад Ө ах наадуул чинь намайг зодсон шүү машиныг нь өгөхгүй шүү гэж байсан. Намайг буцаад гэртээ ороод байж байхад, гадаа машины хаалга нэлээд чанга дугаран түжигнээд явахаар нь би нь гэрээс гарахад, хашаан дотор цагаан "X-Trail" маркийн машины жолоочийн эсрэг талын хажуу талд газарт Ө ах хажуу талаараа харан ёолоод хэвтэж байхад, О болон цуг яваа залуу нь хажууд зогсож байхаар нь би тэр хоёр хандан наад хүн чинь нурууны хагалгаанд 2-3 удаа орсон хүн шүү нурууг нь гэмтээчхэв гэж хэлэхэд, яагаа ч үгүй өөрөө унасан гэх шиг болсон. Гэртээ буцаж ороод гутал өмсөөд гараад ирэх хооронд нөгөө гурав яваад өгсөн байсан гэсэн мэдүүлэг /хх 58 ху/,

          -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 02/0502 дугаартай дүгнэлтэнд: 

          1.Б.Өын биед бүсэлхийн 2, 3 дугаар нугалмын сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо.

         2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх байх боломжтой.

         3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болно.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

         5.Учирсан гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна гэсэн дүгнэлт /хх 16-17 ху/,

          -Яаралтай тусламжийн хуудас, эмнэлгийн баримтууд /хх 18-23 ху/,

          -Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 33 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 54 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 36-38, 41-42 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Э.М нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, Найрамдал гудамжны Депо байрны гадна хохирогч Б.Өтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний биед халдаж бүсэлхийн 2, 3 дугаар нугалмын сэртэнгийн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Э.Мын...Миний хувьд дал хавсраад дараад авсан. Тэгтэл энэ ах нуруу нуруу гээд унаад өгсөн. Миний үйлдлээс нуруу нь гэмтсэн байх. Үүнийг хүлээн зөвшөөрнөгэсэн, хохирогч Б.Өын “Дгийнд очоод байж байхад миний нүүр рүү цохисон. Тэгээд тэвэрч унагаад нуруун дээр өвдөглөөд дээшээ хүзүүнээс татсан. Тэгээд намайг гэрт хүргэж өгсөн. Тухайн үед миний нуруу, 2 хөл гишгэж болохгүй болсон байсан. Миний хувьд гомдолтойгэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Б.Оын "...М Ө ахын баруун талын гарыг хөших үед чи яагаад байгаа юм гэхэд, хоёр гараараа Ө ахыг тэвэрч аван газарт доош харуулж унагаан, газраас дээш татан босгосон” гэсэн, гэрч Ө.Эгийн “...О, М гэх хүмүүстэй хамт гэрт ирэхдээ аав алхаж чадахгүй болоод ирсэн. Өдөр гэрт ирэх болон гэрээс гарч явахдаа зүгээр алхаж байсан” гэсэн, гэрч Б.Гийн “Манай гэрээс гарч ирэхдээ биеийн байдал нь зүгээр байсан. Харин сүүлд манай дүү Ө нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр машины наймаа хийсэн хүн нь өөр хүн дагуулж ирэн зодуулсан гэж байсан” гэсэн, гэрч Д.Дгийн “Манай гэрт Ө ах орж ирэхдээ, миний гарыг нь Отой цуг явж байгаа залуу нь мушгилаа гэж хэлж байсан. ...Намайг буцаад гэртээ ороод байж байхад гадаа машины хаалга нэлээд чанга дугаран түжигнээд явахаар нь би нь гэрээс гарахад, хашаан дотор цагаан "X-Trail" маркийн машины жолоочийн эсрэг талын хажуу талд газарт Ө ах хажуу талаараа харан харан ёолоод хэвтэж байхад О болон цуг яваа залуу нь хажууд зогсож байхаар нь би тэр хоёр хандан наад хүн чинь нурууны хагалгаанд 2-3 удаа орсон хүн шүү нурууг нь гэмтээчхэв гэж хэлэхэд, яагаа ч үгүй өөрөө унасан гэх шиг болсон” гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед бүсэлхийн 2, 3 дугаар нугалмын сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/0502 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, эмнэлгийн баримтууд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Э.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

         Иймд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирол төлөхөө илэрхийлж байгаа байдал, прокурорын санал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

          Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан хохирол 2.000.000 төгрөг, олох байсан орлого 8.000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөгийг нэхэмжилж, “...Би хөөрөг, монгол гутал, гөлөм хийдэг. Дорноговийнхон мэднэ” гэж тайлбарлан нотлох баримтаар хөдөлмөрийн магадлах комиссийн шийдвэр, мөн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгыг ирүүлсэн байна.

         Шүүх хохирогчоос ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад эмчилгээний зардал 2.000.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ. Харин олох байсан орлого болох 8.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.

         Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Маас 2.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Өт олгохоор шийдвэрлэлээ.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мыг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Маас 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ө-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 8.000.000 /найман сая/ төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

         6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

         7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь олох байсан орлого болох 8.000.000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

          8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА