Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/01094

 

  

 

Д.Цогзолмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/01837 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2137 дугаар магадлалтай,

 

Д.Цогзолмаагийн нэхэмжлэлтэй,

Тэргүүн чансаа ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэг болон хохиролд 11,255,160 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Доголдлыг арилгахад гарсан зардалд 6,943,027 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Ундрахбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дашдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Цогзолмаа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дашдаваа нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Цогзолмаа нь хариуцагч Тэргүүн чансаа ХХК-тай Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан Nomun village төслийн С блокны 1-р орцны 9, 10-р давхрын дотор заслын ажлыг гүйцэтгэх зорилгоор 2017.12.26-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ, мөн С блокны 1-р орцны 2-р давхрын 2, 4-р айл, 4-р давхрын 2, 4-р айл, 6-р давхрын 3-р айлуудын дотор заслын ажлыг нэмэлтээр гүйцэтгэх зорилгоор 2018.01.06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг гус тус байгуулсан байдаг. Гэрээнд заасны дагуу дээрх барилгын дотор заслын ажлыг гүйцэтгэгч тал болох нэхэмжлэгч Д.Цогзолмаа нь үе шаттайгаар, бүрэн хийж дуусган Тэргүүн чансаа ХХК-д ямар нэгэн доголдолгүйгээр хүлээлгэн өгсөн, Тэргүүн чансаа ХХК нь ажлын гүйцэтгэлийн хөлсийг гэрээнд заасны дагуу ажилбар тус бүрийг дуусгаж хүлээлгэн өгсөн. Тухай бүрт нь ажлын гүйцэтгэлийг баталгаажуулж, гүйцэтгэлийн акт үйлдсэн байгаа. Энэ актан дээр тухайн үед Тэргүүн чансаа ХХК-ийн барилгын инженер Билгүүнболд гарын үсэг зурсан, энэ хүн барилгыг хариуцан ажиллаж байсан. Үүний дараа Мөнхбат гэж хүн Д.Цогзолмаагийн хийсэн ажлыг бүхэлд нь хэмжсэн. Билгүүнболдын хэмжсэнээс илүү гарсан, гэхдээ бид Мөнхбатын хэмжилтийг зөвшөөрч байгаа. Харин хариуцагч Тэргүүн чансаа ХХК нь ажлыг хүлээн авсны дараа тухай бүр хөлс олгох байтал зарим төлбөр тооцоог хагас дутуу төлж, үлдэгдэл ажлын хөлсийг төлөхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний 4.2.1-т гэрээт ажлын хөлсийг гүйцэтгэлээр тооцож олгох бөгөөд ажлын гүйцэтгэлийг тооцохдоо ажилбар тус бүрийг дууссаны дараа ажилбар тус бүрээр тооцож хөлсийг олгоно гэж заасны дагуу хамгийн сүүлийн ажил хүлээлцсэн өдөр болох 2018.02.11-ний өдрийн байдлаар ажлын гүйцэтгэлийн хөлсөнд нийт 13,918,946 төгрөг төлөх үүрэгтэй байсан. Ер нь гэрээний хугацаа дуусахаас өмнө хариуцагч Тэргүүн чансаа ХХК нь нэхэмжлэгч Д.Цогзолмаа, түүний бригадыг ажлын байранд нэвтрүүлээгүй, ажиллуулаагүй. Тэгж явсаар гэрээний хугацаа дууссан. 2017.12.26-ны өдрийн гэрээний дагуу хийсэн ажлын гүйцэтгэл нь баримтаар 10,077,428 төгрөг болсон, үүнээс 4,999,174 төгрөгийг хүлээн авч, үлдэгдэл 5,078,254 төгрөгийг аваагүй байгаа. Энэ гэрээний дагуу Д.Цогзолмаа нь 2018.02.24-ний өдөр хүртэл ажилласан. Гэрээ цуцлах талаар ямар нэгэн мэдэгдэл өгсөн зүйл байхгүй. 2018.01.06-ны өдрийн гэрээний дагуу хийсэн ажлын гүйцэтгэл нь баримтаар 4,041,890 төгрөг болсон, үүнээс 2,188,910 төгрөгийг хүлээн авч, 1,852,980 төгрөгийг аваагүй байна. Энэ гэрээний дагуу 2018.02.24-ний өдрийг хүртэл ажилласан. Ингээд хоёр гэрээний дагуу нийт 7,188,084 төгрөгийг хариуцагчаас авсан, үлдэх 6,931,234 төгрөгийг өнөөдрийг хүртэл аваагүй, нэхээд очихоор өнөөдөр, маргааш өгнө гэдэг боловч өгсөнгүй. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнүүдийн 6.2-т Захиалагч тал ...төлбөр тооцоог хугацаанд нь барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд биелэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэхүйц алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж заасны дагуу алданги тооцох эрхтэй гэж үзэж байна. Тийм учраас ажлын нийт 13,918,946 төгрөгийн ажил гүйцэтгэснээс авсан хөлс болох 7,188,084 төгрөгийг хасаад үлдэх 4,864,816 төгрөгөөс алдангийг тооцоход 442 хоног болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 50 хувь болох 2,432,408 төгрөгийн алданги шаардах үндэслэлтэй. Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхийн өмнөх шатанд тухайн маргааныг талуудын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ'-ний 8.1-т заасны дагуу эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэж, удаа дараа очиж үлдэгдэл төлбөрөө шаардсан боловч хариуцагч нь тухай бүрт түүнийг хэл амаар доромжлон, төлбөр төлөх үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, саад учруулан түүний эрх зүйн байдлыг дордуулаад байсан. Цаашид нэхэмжлэгч нь өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хуулийн хүрээнд бүрэн дүүрэн хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хохирлоо барагдуулах үүднээс хууль, эрх зүйн туслалцаа авсан. Үүнд 700,000 төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл, Ашид адвокаци нөхөрлөлийн өмгөөлөгч Ш.Цолмон гэж хүн байгаа, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр байгууллагын ажилтан итгэмжлэлээр төлөөлнө гэсэн, тэгээд намайг байгууллагаас нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр итгэмжлэлээр ажиллуулж байна. Иймд уг 700,000 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилж байгаа. Мөн талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ тус бүрийн 4.3-т Захиалагч нь гүйцэтгэлийн баталгаа болгож гэрээний үнийн дүнгиaн 10 хувийг авч үлдэнэ гэж заасны дагуу захиалагч талын инженер тухайн ажлыг хүлээн авахдаа анх санал болгосон гүйцэтгэлийн нэгж үнийг 10 хувиар бууруулан гүйцэтгэлийн хуудаст бичиж, барьцаагаа баталгаажуулдаг байна. Үүнээс гадна ажлын гүйцэтгэлийн хуудас /ажил хүлээлцсэн акт/-д нийт үнийн дүн гэсэн хэсэгт нийт үнийн дүнг, мөн барьцаа 10% гэсэн хэсэгт тухайн нийт үнийн дүнгийн 10 хувийн үнийн дүнг, нийт олгох дүн гэсэн хэсэгт дээрх нийт үнийн дүнгээс барьцаа болох 10 хувийг хасч олгох дүнг бичиж, гүйцэтгэл тус бүрийг хүлээн авдаг. Өөрөөр хэлбэл, 13,918,946 төгрөгийг хариуцагч байгууллагын нягтлан бодогч тооцоолохдоо дээрх жишгийн дагуу 10 хувийн барьцааг суутгасан байдаг. Угтаа бол нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд нийт 15,310,836 төгрөг авах эрхтэй байсан боловч хариуцагч нь гэрээний дээрх заалтын дагуу түүний 10 хувь болох 1,391,890 төгрөгийг барьцаа болгон авч үлдсэн учир уг мөнгөө буцаан шаардаж байгаа. Түүнчлэн хариуцагч тал дээрх 10 хувийг суутгасан мөнгөн дүн болох 13,918,946 төгрөгөөс үндэслэлгүйгээр 1,866,046 /ажлын хөлс-1,543,046 төгрөг, материал-323,000 төгрөг гэх/ төгрөгийг хасч тооцсон байна. Иймд хариуцагчаас хоёр гэрээний дагуу төлөх ёстой үлдэгдэл төлбөр 4,864,816 төгрөг, алданги 2,432,408 төгрөг, эрх зүйн туслалцаа үзүүлсний төлбөр 700,000 төгрөг, ажлын нийт хөлснөөс барьцаа болгон авч үлдсэн 10 хувь болох 1 391,890 төгрөг, актаар тогтоогдсон гэх байдлаар үндэслэлгүйгээр ажлын хөлснөөс суутгаж авсан 1,866,046 төгрөг, нийт 3,257,936 төгрөг, бүгд 11,255,160 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Булган шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тэргүүн чансаа ХХК нь Эм Эс Пи Ди ХХК-ийн захиалгаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн аманд баригдсан Номун виллаж цогцолборын 100/7 байр буюу С блокын зарим орон сууцыг захиалагч нарт хүлээлгэн өгөхөөр дотор заслын ажлыг зарим иргэн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлсэн бөгөөд тэдгээр туслан гүйцэтгэгчдийн нэг нь иргэн Д.Цогзолмаа байсан. Бид Д.Цогзолмаатай гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй байгаа. Учир нь ажил гүйцэтгэх гэрээнд компанийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, компанийн тэмдэг дарагдаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ юм. Өөрөөр хэлбэл, тухайн үед туслан гүйцэтгэгч нартай байгуулж байсан гэрээний төслийн загварыг ашиглан нөхөж бичсэн байж болзошгүй. Бид Д.Цогзолмааг Билгүүнболдтой хуйвалдсан гэж үзсэн. Тийм учраас ажлын нарядаар хүлээн авсан ажлыг дахин Мөнхбатаар гүйцэтгүүлсэн. Уг нь Мөнхбат, Цогзолмаа хоёр хоёулаа гарын үсэг зурсан баримт нь байх ёстой боловч бид хайгаад олохгүй, дан Мөнхбатын гарын үсэгтэй хэрэгт баримтаар өгсөн байгаа. Тэрээр тус С блокын 1 дүгээр орцны 2 дугаар давхрын 2, 4 дүгээр айл, 4 дүгээр давхрын 2, 5 дугаар айл, 6 дугаар давхрын 3 дугаар айл, 9-10 дугаар давхрын 1-4 дүгээр айлын дотор заслыг хийхээр тохиролцож ажил гүйцэтгэсэн боловч гүйцэтгэлээ чанаргүй, дутуу хийсний улмаас манай компани уг ажлыг Аараг таван хайрхан ХХК, Цэлгэр хан хөхий ХХК-иар тус тус нөхөн гүйцэтгүүлсэн. Д.Цогзолмаагийн гүйцэтгэсэн гэх заслын ажлуудын дутуу болон чанарын шаардлага хангаагүй гүйцэтгэлийг бусдаар гүйцэтгүүлэхэд 6,943,027 төгрөгийн нэмэлт зардал гарсан тул нэхэмжлэгчийн 7,997,224 төгрөгийг Тэргүүн чансаа ХХК төлөх үндэслэлгүй байна. Бид нэгэнт гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй байгаа учраас алданги төлөх, барьцаанд суутгасан мөнгийг өгөх боломжгүй. Сүүлд баримтаар өгсөн Хөдөлмөр хамгааллын дэвтэр дээрхийг нэхэмжлэгч тал зөвшөөрөхгүй байна гээд байгаа мөртлөө дэвтэрт байх зарим нэрсийг зөвшөөрөхгүй, зарим нэрсийг нь зөвшөөрөөд байна. Мөн нэхэмжлэлд хавсаргасан ажлын гүйцэтгэлд байх Д.Цогзолмаагийн гарын үсэг хөдөлмөр хамгааллын зааварчилгаа авсан Д.Цогзолмаагийн гарын үсэг таараад байхад нэгийг нь зөвшөөрөөд, нөгөөг нь зөвшөөрөхгүй байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтын хувьд эргэлзээтэй байна. Тэгээд ч өмгөөлөгч авч зардал гаргаж, хохирсон гэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Ундрахбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тэргүүн чансаа ХХК нь Эм Эс Пи Ди ХХК-ийн захиалгаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн аманд баригдсан Номун виллаж цогцолборын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэлийг хийж зарим иргэн, хуулийн этгээдтэй барилгын ажлыг туслан гүйцэтгүүлэх гэрээ байгуулан барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Гэхдээ 2017-2018 онд уг цогцолборын 100/7 байр буюу С блокын зарим орон сууцыг захиалагч нарт хүлээлгэн өгөхөөр дотор заслын ажлыг мөн зарим иргэн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлсэн бөгөөд тэдгээр туслан гүйцэтгэгчдийн нэг нь иргэн Д.Цогзолмаа байсан. Тэрээр тус С блокын 1 дүгээр орцны 2 дугаар давхрын 2, 4 дүгээр айл, 4 дүгээр давхрын 2, 5 дугаар айл, 6 дугаар давхрын 3 дугаар айл, 9-10 дугаар давхрын 1-4 дүгээр айлын дотор заслыг хийхээр тохиролцож ажил гүйцэтгэсэн боловч гүйцэтгэлээ чанаргүй, дутуу хийсний улмаас манай компани уг ажлыг Аараг таван хайрхан ХХК-иар бүрэн гүйцэтгүүлэн айлд нь хүлээлгэж өгсөн. Д.Цогзолмаагийн гүйцэтгэсэн гэх заслын ажлуудын дутуу болон чанарын шаардлага хангаагүй гүйцэтгэлийг Аараг таван хайрхан ХХК-иар нөхөж гүйцэтгүүлэхэд дараах нэмэлт зардал гарсан болно. Үүнд: 2 дугаар давхрын 2 дугаар айлд-522,218 төгрөг, 2 дугаар давхрын 4 дүгээр айлд-371,865 төгрөг, 4 дүгээр давхрын 2 дугаар айлд-643,162 төгрөг, 4 дүгээр давхрын 5 дугаар айлд 877,118 төгрөг, 6 дугаар давхрын 3 дугаар айлд 561,180 төгрөг, 9-10 дугаар давхрын 2 дугаар айлд 757,475 төгрөг, 9-10 дугаар давхрын 3 дугаар айлд 910,730 төгрөг, 9-10 дугаар давхрын 4 дүгээр айлд 1,181,210 төгрөг, нийт 5,824,958 төгрөг болсон. Мөн тус орон сууцны 9-10 дугаар давхрын 1 дүгээр айлд дутуу гүйцэтгэсэн ажлыг нь Цэлгэр хан хөхий ХХК-иар гүйцээн хийлгэж 2018.12.18-ны өдөр 1,118,069 төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэгч Д.Цогзолмаагийн дутуу, чанаргүй хийсэн ажлыг бусдаар гүйцэтгүүлж байгууллагаас гаргасан зардалд 6,943,027 төгрөгийг нэхэмжлэгч Д.Цогзолмаагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Цогзолмаа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дашдаваа нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Цогзолмаа нь гэрээний дагуу тохиролцсон ажлуудыг ямар нэгэн доголдолгүй гүйцэтгэж, хариуцагчийн хяналтын инженер Б.Билгүүнболдод хүлээлгэн өгсөн ба түүний дараагаар захиалагч талын томилсон Мөнхбат дахин хэмжилт хийж, бидний хийсэн ажлын гүйцэтгэлийг бууруулан хүлээн авсан. Учир нь Б.Ундрахбаяр захирал нь Б.Билгүүнболдын хэмжилт буруу байна, дахин хэмжилт хийх шаардлагатай, үгүй бол хийсэн ажлын хөлсийг өгөхгүй хэмээн үндэслэлгүйгээр шахалт үзүүлж, ажлын хөлсийг бүрэн өгөхгүй байсан тул бид арга буюу түүний томилсон Мөнхбат гэж хүнтэй хамт явж, хэмжилтийг дахин хийж, ажлыг хүлээлгэн өгсөн. Түүнчлэн бид гэрээнд заасны дагуу ажлаа зохих ёсоор гүйцэтгэж байсан ба захиалагч талаас шалтгаалж зарим тохиолдолд ажил удааширч байсныг үгүйсгэхгүй, учир нь гэрээнд заасны дагуу захиалагч тал бараа материалаар хангах ёстой байтал цаг тухайд нь хангалгүй, тасалдуулж байсан. Түүгээр ч барахгүй 2018.02.24-ний өдөр бид ажиллахаар ирэхэд ажлын байранд нэвтрүүлээгүй, бид удаа дараа ажлаа хэвийн үргэлжлүүлэх хүсэлт тавьсан хэдий ч ажлын талбай буюу барилгаа цоожлон биднийг оруулаагүй, ингээд бид 2018.02.27-ны өдөр ... цаашид ажлаа хэвийн гүйцэтгэх боломжтой, ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн... бичгээр хандсан боловч үр дүнд хүрээгүй юм. Гэрээгээр харилцан тохирсон ажлыг ямар, ямар ажилбар, дэс дарааллын дагуу хэрхэн гүйцэтгэх талаар гэрээнд нарийвчлан тусгаагүй ба гэрээнд заасны дагуу биднийг ажлын зураг, төслөөр хангаагүй, зөвлөөгүй болно. Хэрэв бид ажлаа аливаа гэмтэл согог, доголдолтой гүйцэтгэсэн тохиолдолд тэргүүн ээлжинд өөрсдөө тухайн доголдлыг өөрсдийн зардлаар арилгаж, хэвийн байдалд оруулах үүрэгтэй ба доголдлын талаар захиалагч тал бидэнд мөн мэдэгдэх үүрэгтэй байтал энэ талаар аливаа хэлбэрээр огт мэдэгдээгүй. Мөн гэрээнд зааснаар бид хийж гүйцэтгэсэн ажлаа захиалагч талд хүлээлгэн өгснөөс хойш 12 сарын дотор чанаргүй гүйцэтгэсэн тохиолдолд доголдлыг арилгах талаар харилцан тохиролцсон ба ашиглалтын буруугаас үүдэлтэй механик гэмтэл, хэрэглэгчийн буруугаас үүдэлтэй аливаа гэмтэл доголдол зэргийг хариуцахгүй байхаар харилцан тохиролцож, талууд баталгаа болгож гэрээндээ тусгасан байх тул бид хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн бусад байгууллагаар хийлгэсэн гэх баримтуудыг нэхэмжлэгч өөрөө нөхөн хийх боломжтой, эргэлзээтэй гэж үзэж байгаа. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/01837 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан Тэргүүн чансаа ХХК-иас 7,692,986 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Цогзолмаад олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,562,174 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Цогзолмаад холбогдох доголдлыг арилгахад гарсан зардалд 6,943,027 төгрөг гаргуулах тухай хариуцагч Тэргүүн чансаа ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Цогзолмаагаас тэмдэгтийн хураамжид төлсөн 209,990 /142,910+67,080/ төгрөг, хариуцагч Тэргүүн чансаа ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 126,150 /108,150+18,000/ төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Тэргүүн чансаа ХХК-иас 138,038 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Цогзолмаад олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2137 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/01837 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 65,500 төгрөг, хариуцагчийн төлөөлөгчийн 127,000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Ундрахбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус хэргийг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.24-ний өдрийн 182/ШШ2019/01837 дугаар шүүхийн шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.18-ны өдрийн 2137 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийн бодит байдал, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнэлгүй хэт нэг талыг баримтлан нэхэмжлэгч талд ашигтайгаар энэ хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлд хавсаргаж өгсөн гүйцэтгэлийн акт болон хариуцагч талаас гаргаж өгсөн буюу Я.Мөнхбатын гаргасан гүйцэтгэлийн тооцоон дахь ажлын тоо хэмжээ зөрүүтэй байсан тул ИХШХШХТХуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасанчлан Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудал үүссэн тул шинжээч томилуулан ажлын тоо хэмжээг эцэслэн тогтоолгохыг хүссэн боловч шүүх хүсэлтийг хангаагүй. Нэхэмжлэгч талаас Я.Мөнхбатын гаргасан тооцоог хариуцагч өөрөө дураараа зохиож хийсэн баримт мэтээр тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч талын гаргасан нотлох баримтууд дээрх ажлын тоо хэмжээтэй зөрүүтэй байхад тусгай мэдлэг бүхий мэргэжлийн шинжээчийг томилолгүйгээр шүүх шийдвэр гаргасан нь ИХШХШХТХуулийн 40.1 болон 40.2-т заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт буюу гэрчээр асуугдсан Б.Билгүүнболдтой байгуулсан 2017.07.20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтод инженер Б.Билгүүнболд нь гүйцэтгэгч иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулах эрх олгогдсон талаар баримт байхгүй. Гэтэл шүүх Б.Билгүүнболдыг гэрээ байгуулах эрхтэй этгээд байсан мэтээр ойлгож улмаар нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2017.12.26-ны өдөр болон 2018.01.06-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээнүүдийг талууд бичгээр байгуулсан байна гэж дүгнэсэн. Хэрэв гэрээ бичгээр байгуулагдсан бол уг гэрээнүүдэд Тэргүүн чансаа ХХК-ийн тамга дарагдсан, эрх бүхий этгээд буюу Гүйцэтгэх захирал юм уу итгэмжлэлгүйгээр төлөөлөх бусад эрх бүхий этгээдийн гарын үсэг зурагдсан байх ёстой. Гэрч Б.Билгүүнболдын мэдүүлснээр ....би гэрээнд Гүйцэтгэх захирал Б.Ундрахбаяраар гарын үсэг зуруулахаар оффис руу хүргүүлсэн... гэх бөгөөд хэрэв гэрээнд гарын үсэг зуруулахаар компанийн оффист хүргэсэн бол яагаад нэхэмжлэгч Д.Цогзолмаад тухайн гэрээнүүдийн эх гэх хувь нь компанийн тамгагүй, захирлын гарын үсэггүй хадгалагдаж байгаад шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Энэ нь Д.Цогзолмаа болон гэрч Б.Билгүүнболд нар тухай үед хуйвалдан, баталгаажаагүй гэрээг үйлдсэн байх магадлалтай гэж үзэж байгаа учраас нэхэмжилж байгаа буюу зөвхөн Б.Билгүүнболд болон Д.Цогзолмаа хоёрын хооронд үйлдэгдсэн гэрээ, ажлын гүйцэтгэлийн хуудсыг үндэслэн зөвхөн нэхэмжлэгчийн талд шийдвэрийг шүүх гаргасан нь үндэслэлгүй юм.

Манай компанийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хувьд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5-д Үүрэг гүйцэтгэгч тодорхой ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгээгүй, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй гэж заасны дагуу сөрөг нэхэмжлэл гаргаж зардлыг нэхэмжилсэн. Гэтэл нэгэнт ажлаа чанаргүй, доголдолтой гүйцэтгэж байсан Д.Цогзолмаагийн ажлын доголдлыг нөхөж гүйцэтгэсэн Аараг таван хайрхан ХХК-д төлсөн 5,824,958 төгрөг болон Цэлгэр хан хөхий ХХК-д төлсөн 1,118,069 төгрөг буюу нийт 6,943,027 төгрөгийг Д.Цогзолмаагаас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан тул гомдлын шаардлагыг заавал гэрээ буюу Иргэний хуульд заасан журмаар гаргасан байх ёстой гэсэн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Иймд манай компани анхан болон давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан буюу шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байгаа учраас шийдвэр, магадлалыг хэрэгсэхгүй болгон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Цогзолмаа Тэргүүн чансаа ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэг болон хохиролд 11,255,160 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, доголдлыг арилгахад гарсан зардал 6,943,027 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 7,692,986 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

 

1.   Зохигч 2017.12.26-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч Д.Цогзолмаа ХУД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Номун виллаж төслийн С блокны 1-р орцын 9, 10-р давхрын дотор заслыг, 2018.01.06-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээгээр тус төслийн С блокны 1-р орцны 2-р давхрын 2, 4-р айл, 4-р давхрын 2, 4-р айл, 6-р давхрын 3-р айлуудын дотор заслыг тус тус захиалагчийн өгсөн техникийн нөхцөл, ажлын зургийн дагуу хийж гүйцэтгэн захиалагчид 2018.03.01-ний дотор хүлээлгэн өгөх, захиалагч гэрээт ажлын хөлсийг гүйцэтгэлээр, ажилбар тус бүрээр тооцож хөлсийг олгохоор харилцан тохиролцож, ажлын гүйцэтгэлийг тухай бүр тооцож, акт үйлдэж байсан үйл баримт тогтоогджээ.

 

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д нийцсэн, ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлсийг шаардах эрхтэй байна.

 

Талуудын тооцоо нийлсэн актаар нийт 15,465,496 төгрөгийн ажил хийсэн, ХХОАТ-ыг хасаад 13,918,946 төгрөгөөс 7,188,984 төгрөгийг өгч, үлдэгдэл 6,730,862 төгрөг, үүнээс ажлын хөлс, материалын зардлыг /1,543,046+323,000/ хасч, 4,864,816 төгрөгийн үлдэгдэлтэй гэжээ.

 

2.   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр 4,864,816 төгрөг, гэрээний 6.2.-т заасны дагуу алдангийг 50%-иар тооцоход 2,432,408 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан 700,000 төгрөг, барьцаанд суутгасан 10% болох 1,391,890 төгрөг, үндэслэлгүйгээр суутган авсан 1,866,046 төгрөг, нийт 11,255,160 төгрөгийг Тэргүүн чансаа ХХК-иас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: ...бид Д.Цогзолмаатай гэрээ байгуулаагүй, гэрээнд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй, компанийн тэмдэг дарагдаагүй тул хүчин төгөлдөр бус гэрээ, Д.Цогзолмаагийн гүйцэтгэсэн гэх заслын ажлууд дутуу, гүйцэтгэлээ чанаргүй, дутуу хийснээс манай компани уг ажлыг Аараг таван хайрхан ХХК, Цэлгэр хан хөхий ХХК-иар тус тус нөхөн гүйцэтгүүлсэн тул доголдлыг арилгаж, бусдаар гүйцэтгүүлсэн зардал 6,943,027 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч: ...хэрэв бид ажлаа доголдолтой гүйцэтгэсэн тохиолдолд тэргүүн ээлжинд өөрсдөө тухайн доголдлыг өөрсдийн зардлаар арилгаж, хэвийн байдалд оруулах үүрэгтэй ба доголдлын талаар захиалагч бидэнд мэдэгдэх үүрэгтэй байтал энэ талаар аливаа хэлбэрээр мэдэгдээгүй... гэж маргажээ.

 

Талууд 2017.12.26, 2018.01.06-ны өдрүүдэд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба тус гэрээнд захиалагчийг төлөөлж Тэргүүн чансаа ХХК-ийн барилгын инженер Б.Билгүүнболд гарын үсэг зурсан, гэрээний дагуу гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн ажлыг гүйцэтгэж, захиалагч хөлсийг төлж, бодит байдалд гэрээ хэрэгжиж байсан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1.-д зааснаар зохигчийн хооронд хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

 

Ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулж болох тул гэрээнд захиалагч Тэргүүн чансаа ХХК-ийн захирал гарын үсэг зураагүй, компанийн тамга дарагдаагүй нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.

 

3.   Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчоос гаргасан, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл, гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, захиалагчид хүлээлгэн өгсөн, гүйцэтгэсэн ажлын хөлсийг бүрэн олгоогүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1.-д ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж, 352 дугаар зүйлийн 352.2.1., 352.2.2.-т гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар, түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэг арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж зохицуулсан.

 

Хэрэгт захиалагч нь ажлыг хүлээн авсны дараа доголдлын талаар гүйцэтгэгчид мэдэгдсэн болон түүнд доголдлыг өөрийн зардлаар арилгах, эсхүл шинээр гүйцэтгэх боломж олгосон эсэх талаар баримтгүй байна.

 

Иймд захиалагчаас ажлын доголдлын талаар гомдлын шаардлага гаргаж байгаагүй, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1., 352 дугаар зүйлийн 352.2.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас алданги, өмгөөллийн хөлс, үндэслэлгүй суутгасан төлбөрийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

 

4.   Дээр дурдсан үндэслэлээр ...шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлээгүй, ...гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, ...хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй... гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/01837 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2137 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Б.Ундрахбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Тэргүүн чансаа ХХК-иас 2020.01.17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

 

Б.УНДРАХ

 

Х.ЭРДЭНЭСУВД