Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2025/0094

 

 

 

 

 

 

 

 

 

“Г-О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                    захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, Б.Х нар

Нэхэмжлэгч: “Г-О” ХХК

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тус газрын тендерийн Үнэлгээний хороо

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ё, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, Б.Х /цахимаар/ нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин

Хэргийн индекс: 119/2024/0041/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Г-О” ХХК-аас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, тус газрын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/2024010**** дугаартай Хатаалганы зуухын сэлбэг нийлүүлэгчийн сонгох тендер шалгаруулалтын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09-112-12/5696 тоот мэдэгдэл буюу захиалагчийн шийдвэр, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, Г о ХХК-ийн тендерийг дахин үнэлж хамгийн сайн тендерийг шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 13 дугаар зүйлийн 13.1, 26 дугаар зүйлийн 26.4.2, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Г-О” ХХК-ийн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазрын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/2024010**** дугаартай Хатаалганы зуухын сэлбэг нийлүүлэгчийн сонгох тендер шалгаруулалтын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09-112-12/5696 тоот мэдэгдэл буюу захиалагчийн шийдвэр, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, Г о ХХК-ийн тендерийг дахин үнэлж хамгийн сайн тендерийг шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, Б.Х нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

3.1. ... “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь хатаалгын зуухны сэлбэг нийлүүлэгчийг сонгон шалгаруулахаар ЭҮТӨҮГ/2024010**** урилгын дугаартай тендерийг нийтэд зарлаж, уг тендерийг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нээсэн. Тус тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн 17.4 "Техникийн тодорхойлолтын 8, 9, 26-40, 48, 50-53 дугаар бараануудыг төлөөлүүлж санал болгож буй бараанаас 1 ширхэг, 5-10 см урттай бэлдэцийг ирүүлнэ. Ирүүлсэн дээжид шалгалт туршилт хийгдэнэ" гэсэн шаардлага тавьсан.

Тус шаардлагын дагуу "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Чанарын хяналтын хэлтсийн металлын итгэмжлэгдсэн лабораторид тендерт оролцогчдоос ирүүлсэн дээжүүдийг шинжлүүлэхэд техникийн тодорхойлолтоор тодорхойлсон үзүүлэлтэд хүрээгүй. Захиалагч болон тус тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороо тендерийн баримт бичигт тавигдсан шаардлагын хүрээнд "Г-О" ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн.

3.2. "Г-О" ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн актын хүрээнд Сангийн яаманд гомдол гаргасан боловч тус яам захиалагчийн гаргасан шийдвэр үндэслэлтэй гэж үзэн "Г-О" ХХК-ийн тендерийн баталгааг улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн.

3.3. Гэтэл Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөөгүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн компани тус тендерийн баримт бичгийг бүрдүүлэх явцдаа нихром утасны найрлагыг "Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ-аар шинжлүүлэхэд найрлага нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаж байсан гэх тайлбарт үндэслэн шинжээч томилон, шинжилгээ хийлгүүлсэн нь захиалагч болон үнэлгээний хорооноос гаргасан шийдвэрийг үгүйсгэхэд хүргэсэн.

3.4. Захиалагч болон үнэлгээний хороо нь дээрх худалдан авалтыг холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт, тендерийн баримт бичгийн хүрээнд итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын үр дүнд үндэслэн тендерийг хянан үзэх, үнэлэх ажлыг гүйцэтгэн зохих шийдвэрүүдийг гаргасан. Тус тендерийг хянан үзэх, үнэлэх үе шатанд хийгдсэн шинжилгээний дээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн шинжилгээний дээжүүд өөр ба шинжилгээ хийсэн байгууллагуудын аль аль нь эрх бүхий байгууллагаас итгэмжлэл авсан, шинжилгээ хийсэн лаборатори нь итгэмжлэгдсэн болно.

Иймд тус шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн тайлбарт буюу хэргийн материалд хавсаргагдаагүй баримтад үндэслэн шинжээч томилон шинжилгээ хийлгүүлсэн, тендерийн баримт бичгийн дагуу тендерийг хянан үзэж, үнэлгээ хийн зохих шийдвэр гаргасан захиалагч болон үнэлгээний хорооны үйл ажиллагааг буруутгаагүй байж "Г-О" ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байх тул Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 119/ШШШ2024/0054 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, “Г-О" ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

                                                              ХЯНАВАЛ:        

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Г-О” ХХК-аас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, тус газрын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/2024010**** дугаартай Хатаалганы зуухын сэлбэг нийлүүлэгчийн сонгох тендер шалгаруулалтын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09-112-12/5696 тоот мэдэгдэл буюу захиалагчийн шийдвэр, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “Г о” ХХК-ийн тендерийг дахин үнэлж хамгийн сайн тендерийг шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.1. Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...захиалагчийн тавьсан шаардлагын техникийн тодорхойлолтын 8, 9, 26-40, 50-53 дугаар бараануудад Найрлага: Х20Н80-Н гэж заасан нь тухайн бараа бүтээгдэхүүний найрлагын хэмжээ биш, Х20Н80-Н найрлагатай загвар нь ямар стандарт, найрлагатай байх талаар тендерийн баримт бичигт тусгаагүй, ...захиалагч компанийн өөрсдийн шинжилгээний лаборатороор хийсэн дүгнэлтийн дагуу техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй, бид тендерт оролцохоос өмнө шинжилгээ хийлгэсэн ба уг шинжилгээгээр материалын найрлага дахь Хромын хэмжээ 20.25 гарсан ба энэ нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан Х80Н20-Н материалын найрлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүн гэдгийг нотолдог, ...хуулийн 26.4 дэх хэсэгт заасан шаардлагыг бүгдийг хангасан байхад хангаагүй гэж үзэж байгаа нь үнэлгээний хорооноос үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна” хэмээн тайлбарлан маргасан.

3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ., 26.4-д Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцсэн эсэхийг дараах байдлаар хянан үзнэ, 26.4.2-т “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх, 26.4.4-д тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.3-т “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж тус тус заажээ.

3.1. Маргаан бүхий 2024 оны 09-р сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 09-112-12/5696 тоотоор “...Захиалагчийн тавьсан шаардлагын Техникийн тодорхойлолтын 8, 9, 26-40, 48, 50-53 дугаар бараануудад Найрлага: Х20Н80-Н гэж заасан, ТШЗ 17.4-т Техникийн тодорхойлолтын 8, 9, 26-40, 48, 50-53 дугаар бараануудыг төлөөлүүлж санал болгож буй бараанаас 1 ширхэг 5-10 см урттай бэлдцийг ирүүлнэ. Шаардлагатай тохиолдолд загвар дээжийг шалгаж туршиж болохоор заасан ба үүний дагуу өөрийн компанийн чанарын хэлтсийн металлын лабораторийн 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн сорилын дүнгээр 8, 9, 26-40, 48, 50-53 дугаар бараануудад төлөөлүүлж ирүүлсэн дээжийн Сг18.48 байгаа нь тус бараануудын найрлага Х20Н80-Н хүрэхгүй байна” гэх үндэслэлээр танай ирүүлсэн тендер шаардлага хангаагүй, Уг тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах болсныг мэдэгдье” гэжээ.

3.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.4-т “Тендер нээх эцсийн хугацаанаас өмнө загвар, дээж ирүүлэх; Загвар, дээж ирүүлэх тоо хэмжээ: Техникийн тодорхойлолтын 8, 9, 26-40, 48, 50-53 дугаар бараануудыг төлөөлүүлж санал болгож буй бараанаас 1 ширхэг, 5-10 см урттай бэлдэцийг ирүүлнэ” шаардлагатай тохиолдолд захиалагч загвар дээжийг шалгаж, туршиж болно, техникийн тодорхойлолтын 8, 9, 26-40, 48, 50-53 дахь бараануудын материалын найрлага: Х20Н80-Н гэж заасан байх бөгөөд

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын чанарын хяналтын хэлтсийн металлын итгэмжлэгдсэн лабораторийн 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 45 дугаартай сорилтын дүнгээр “Г-О” ХХК-аас ирүүлсэн дээжийн нихром утасны Сг 18.48 /хром/ байна гэж, ... “Геологийн судалгаа-Шинжилгээний төв” ТӨҮГ-ын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Шинжилгээний дүнгээр нихром утас Сг 20.25 /хром/ гэж тодорхойлогдсон үйл баримтууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчээс “...тендерийн баримт бичгийг бүрдүүлэх явцдаа тендерт нийлүүлэх нихром утасны найрлагыг шинжлүүлэхэд Сг 20.25 /хром/ гэж шинжилсэн байхад стандартын шаардлага хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй, мөн тухайн материалын үйлдвэрлэгч улсын материалын найрлага дахь Хромын хэмжээ Сг 20.22 гарсан, хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт буюу тогтоосон хэмжих хэрэгсэл нь тогтоосон шаардлагад нийцсэн эсэх талаар мэдээлэл байхгүй, мөн хэмжилт гүйцэтгэх аргачлалыг хэрхэн яаж явуулсан нь тодорхой бус” гэж маргаж буй үндэслэлийг шүүх хүлээн авах үндэслэлтэй.

            3.3. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18-д “техникийн тодорхойлолт гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана”, 12.2-т “Техникийн тодорхойлолтод бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэх түүхий эд, материал болон ажлын хүрээнд нийлүүлэх барааны шалгуур үзүүлэлтийг тодорхойлно”, 13 дугаар зүйлийн 13.1-д “захиалагч оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний тодорхойлолтод нийцэх, эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох, шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, эсхүл холбогдох мэдээлэл ирүүлэхийг шаардаж болно”, 13.2-т “Захиалагч шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 13.1-д заасан шалгалт, туршилтыг өөрөө зохион байгуулж болно”, 13.3-т “Энэ хуулийн 13.2-т заасан шалгалт, туршилтыг хэрхэн зохион байгуулах тухай тендер шалгаруулалтын баримт бичигт зааж, оролцогчийг уг ажиллагаанд оролцох боломжоор хангана”, 13.4-т “Захиалагч хүлээн авсан загвар, дээжийг шалгах, турших үйл явцыг гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулна” гэж тус тус заасан.

            3.4. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, оролцогчдоос ирүүлсэн дээжид шалгалт туршилт хийхдээ тус шалгалт, туршилтыг хэрхэн зохион байгуулах тухай тендер шалгаруулалтын баримт бичигт зааж, оролцогчийг уг ажиллагаанд оролцох боломжоор хангах, шалгах, турших үйл явцыг гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулахаар заасан байх атал хариуцагч нь тендерт оролцогчийг уг ажиллагаанд оролцох боломжоор хангаагүй төдийгүй шалгалт туршилтыг хэрхэн яаж хийсэн талаар баримтжуулах үүргээ хэрэгжүүлээгүй болох нь шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...цаг хугацааны хувьд 2 хоногийн дотор гардаг болохоор тендерт оролцогч нарыг тухайн дээжийн үр дүнг танилцуулахад оролцуулах боломжгүй байсан” гэх тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа энэ тохиолдолд “...Х20Н80-Н гэсэн шаардлагад нийцээгүй” гэж үзсэн захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй.

3.5. Нөгөөтээгүүр, захиалагч нь тендерт оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний тодорхойлолтод нийцэх, эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох, шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, эсхүл холбогдох мэдээлэл ирүүлэхийг шаардах боломжтой атал энэ талаарх баримтыг шаардаагүй атлаа захиалагч компанийн өөрсдийн шинжилгээний лабарториор хийсэн дүгнэлтийг үндэслэн техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн үндэслэлээ нотлох баримт хангалтгүй, мөн “шинжилгээ хийсэн дээж бутлагдаад жижиглэгддэг тул одоо тус дээж байхгүй” гэж тайлбарлан маргаж байх тул шүүхээс хэрэгт авагдсан зөрүүтэй шинжилгээний дүгнэлтүүдийг харьцуулан дүгнэх боломжгүй.

Учир нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн шинжилгээний дээж, тус тендерийг хянан үзэх, үнэлэх үе шатанд хийгдсэн шинжилгээний дээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн шинжилгээний дээжүүд тус бүр өөр болох нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогчдын хэн аль нь уг үйл баримтыг үгүйсгэж маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

3.6. Энэ талаар анхан шатны шүүхээс “...шинжээч нар нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дүгнэлтэндээ Чанарын шинжилгээгээр илэрсэн элементийн ойролцоо агуулгыг хавсралтаар ирүүлсэн ба хавсралтад ... Нихром утас Cu-0.31; Ni-78.69; Fe-0.30;; Mn-0.26; Ti-0.11 гэж нихром утасны найрлагыг тогтоосон байгаа нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ Хатаалгын зуухны сэлбэг нийлүүлэгчийг сонгон шалгаруулахаар ЭҮТӨҮГ/2024010**** дугаартай тендер шалгаруулалтын техникийн тодорхойлолтод заасан нихром утасны материалын найрлага дахь хромын агууламж нь 20-оос дээш байх буюу Cr-20.18 байгаа нь техникийн тодорхойлолтын шаардлага хангасан, Г-О ХХК-ийн тендер Хатаалгын зуухны сэлбэг нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20240202535 дугаар тендерийн шаардлагад нийцсэн бараа нийлүүлэх санал хүргүүлсэн болох нь тогтоогдож байна. ... Г-О ХХК-ийг тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод нийцсэн тендер ирүүлсэн гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь буруу байна.

3.7. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/2024010**** дугаартай Хатаалганы зуухын сэлбэг нийлүүлэгчийн сонгох тендер шалгаруулалтын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09-112-12/5696 тоот мэдэгдэл буюу захиалагчийн шийдвэр, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “Г о” ХХК-ийн тендерийг дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгах” шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

4. Харин нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Г о” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй орхиж шийдвэрлэв.

4.1. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23-д ““худалдан авах ажиллагаа” гэж бараа худалдан авах, түрээслэх, ажил гүйцэтгүүлэх, үйлчилгээ авах ажиллагааг төлөвлөх, тендер шалгаруулалтын аргыг сонгох, үнэлгээний хороо байгуулах, тендер шалгаруулалт зохион байгуулах, тендер шалгаруулалтын үр дүнд байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, мэдээлэх ажиллагааг” ойлгохоор хуульчилсан бөгөөд мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргана”, 24.2-т “Захиалагч энэ хуулийн 35.1-д заасан үндэслэлээр гэрээ байгуулах бол энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын таван өдрийн дотор гаргана”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.2-т “Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ.”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.1.2-т “шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай”, 28.1.3-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах”, 28.2-т “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ” гэж тус тус заажээ.

4.2. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, тендерийн баримт бичгийг хэн, хэрхэн үнэлэх, гэрээ байгуулах зөвлөмжийг хэн нь хэнд өгөх, гэрээг хэн байгуулах, юуг үндэслэж гэрээ байгуулах зэргийг тодорхой журамлан зохицуулсан тул шүүхээс захиргааны байгууллагын сонгох боломжид халдаж тендерт оролцогч нараас ирүүлсэн тендерийн баримт бичгийг үнэлж, нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерийн материалыг шаардлагад нийцсэн болохыг тогтоож, нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 13 дугаар зүйлийн 13.1, 26 дугаар зүйлийн 26.2, 26.4.2, 27 дугаар зүйлийн 27.1-т заасныг тус тус баримтлан Нэхэмжлэгч “Г-О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/2024010**** дугаартай Хатаалганы зуухын сэлбэг нийлүүлэгчийн сонгох тендер шалгаруулалтын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09-112-12/5696 тоот мэдэгдэл буюу захиалагчийн шийдвэр, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах шийдвэрийг тус тус хүчингүй болгож, “Г о” ХХК-ийн тендерийг дахин үнэлэхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох ““Г о” ХХК-ийг хамгийн сайн тендерийг шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ

     ШҮҮГЧ                                                   С.МӨНХЖАРГАЛ

     ШҮҮГЧ                                                    Н.ДОЛГОРСҮРЭН