Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2019/01803

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 17 өдөр         Дугаар 101/ШШ2019/01803            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байр, 0 тоотод оршин суух, С овогт Ч.Ж--ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 хэсэг гудамж, 0 тоотод оршин суух, Д овогт Г.Б-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 565.634.900 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Ж болон түүний өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Бтай "Баянзүрх дүүрэг Гачуурт хар усан тохойд амины орон сууц бариулах гэрээ”-г 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан. Уг гэрээний дагуу гүйцэтгэгч нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Гэрч: хар усан тохойд баригдаж байгаа “Б” хотхонд 189 м2 бүхий амины орон сууцыг гүйцэтгэгчээр бариулж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн. Амины орон сууцыг 2012 оны 12 дугаар сарын 20-ны дотор багтаан барьж гүйцэтгэхээр тохиролцсон. Ч.Ж нь гэрээний дагуу 215.000 ам.доллар төлсөн. Хариуцагч гэрээгээр тохиролцсон хугацаандаа амины орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэж өгөөгүй болно. Хариуцагчтай олон удаа уулзаж ярилцсан боловч одоо байрыг барьж өгнө, дараа жил дуусгана гэх зэргээр хүлээлгэж байсан. Улмаар уулзах, ярилцах боломжгүй болж тэр бүр утсаа авахаа байсан. Нэгэнт Г.Б нь амины орон сууцыг барьж дуусган хүлээлгэх найдвар тасарсан учир шүүхэд хандаж байгаа болно. Иймд хариуцагч Г.Баас гэрээний дагуу төлсөн 215.000 ам.доллар буюу 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Монгол банкны ам.долларын ханш 2.630.86 төгрөгт шилжүүлэн тооцвол 565.634.900 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлтэйгээ холбоотойгоор шүүхийн шийдвэрийн баталгаажуулж, үл хөдлөх хөрөнгө дээр тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглохыг хариуцагчид даалгаж өгнө үү. Энэ үнийн дүн дээр хариуцагч Г.Б аваагүй гэж маргадаггүй. Хэрвээ тооцоо буруу гэж маргасан бол бид баримтуудаа хянаж үзэх байсан. Маргахгүй болохоор ерөнхийдөө зөвшөөрч байна гэдэг үүднээс тайвшраад явж байлаа. Гэрчилгээ гарсан гэдэг боловч бидэнд мэдээлдэггүй. Шийдвэр дээрээ гүйцэтгэлийн зүйлийг тусгаж өгөхгүй бол бид нар юу ч үгүй хоцрох гээд байгааг шүүх анхааран үзээсэй гэж хүсэж байна. Г.Б мөнгөн дүн дээр маргаагүй гэдгийг дахин хэлмээр байна гэв.

 

Хариуцагч Г.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгч Ч.Жы нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Г.Б миний бие нэхэмжлэгч Ч.Жы Амины орон сууц захиалгаар барих гэрээг 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан ба захиалагчийн гэрээгээр тохирч төлсөн зарим төлбөрийг захиалагчийн Амины орон сууцыг барихад зарцуулж одоогоор тус барилга 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Мөн нэхэмжлэгч нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд энэхүү нэхэмжлэлийн үндэслэл болсон Амины орон сууц барих гэрээтэй холбогдуулан “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай" шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, харьяллын дагуу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжин тус шүүхээр шийдвэрлүүлсэн, улмаар нэхэмжлэгч нь Нийслэлийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж маргааныг хянан шийдвэрлүүлсэн ба хариуцагч талаас хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж одоогоор шүүх хуралдааны тов зардагдаагуй байна. Тодруулбал Ч.Жы төлөөлөгч Х.Ц энэхүү нэхэмжлэлийн үндзслэл болсон Амины орон сууц барих гэрээтэй холбогдуулан “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэл бүхий маргаан нь эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагаанд байгааг мэдсээр байж шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зөрчсөн шүүхийн ачааллыг улам нэмэгдүүлсэн асуудал юм. Миний зүгээс сүүлийн 10 жил өвчний улмаас ажил хөдөлмөр эрхэлж орлого олоогүй. Энэ нөхцөл байдал удаан үргэлжилсэн тул арга буюу эмнэлгийн байгууллагаар өвчний оношоо тогтоолгож, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа 59 хувиар алдсан болохыг тогтоож, нийгмийн халамж /групп/ олгохоор тогтоолгосон. Мөн тархины судас бөглөрсөн оноштой бөгөөд хэд хэдэн удаа цус харвасан байдалтай байна Мөн энхүү өвчний улмаас зайлшгүй мэс засал хийлгэх шаардлагатай болоод байгаа бөгөөд энэхүү мэс заслыг Монгол улсад хийх боломжгүй гэсэн хариуг 3 дугаар төв эмнэлгээс гаргасан ба Солонгос улсад эмчилгээ, хагалгаа хийлгэхээр БНСУ-ын холбогдох эмнэлгийн байгууллагаас шийдвэр гарч мэдээлэл ирсэн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 7 дахь хэсэгт “зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа;" шүүгч захирамж гаргаж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана хэмээн заасан байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80.1.5 дахь хэсэгт "зохигч хүнд өвчний учир эмчлүүлж байгаа”, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дараах тохиолдолд шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар түдгэлзүүлнэ” гэж мөн хуулийн 80.1.4 дэх хэсэгт "эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй," хэмээн заасан байх тул нэхэмжлэгч Ч.Жы нэхэмжлэлтэй Г.Бд холбогдох иргэний хэргийг 2018 оны 05 дугаар сарын 14 өдөр үүссэн иргэний хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэтэл түдгэлзүүлж өгнө үү. Мөн миний биеийн байдлыг үндэслэн өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаж, эрүүл болох хүртэл 6 сараар түдгэлзүүлж өгнө үү гэжээ. 

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ч.Ж орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр 215.000 ам доллар буюу 528.050.750 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Г.Баас 565.634.900 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

            Хариуцагч Г.Б нь нэхэмжлэгчээс 215.000 ам доллар авсан талаар маргаагүй боловч уг мөнгийг төсөлд зарцуулсан, төсөл хэрэгжүүлэгч “А” ХХК нь бусдад худалдагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх явцад хариуцагчийн өмгөөлөгч Б.Б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3.-т заасан үндэслэлээр шүүгчээс татгалзсаныг хүлээн авахгүй хууль зүйн үндэслэлгүй болно.

           

            Учир нь хариуцагч Г.Б 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3.-т заасан үндэслэлээр татгалзсаныг мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.6.-д заасан үндэслэлээр тус шүүхийн Ерөнхий шүүгч хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул хариуцагчийн өмгөөлөгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3.-т заасан үндэслэлээр шүүгчийг дахин татгалзаж байгаа хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзэв.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дүгээр зүйлийн 91.1.3.-т заасан үндэслэлээр шүүгчээс татгалзсаныг хүлээн аваагүй үндэслэлээр шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүсэлтээ өгсөн байна.

 

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хариуцагч, түүний өмгөөлөгчийн эзгүйд хэрэгт байгаа баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр амины орон сууц бариулах нэртэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. /хэргийн 7-11 дүгээр тал/

 

            Энэхүү гэрээний 4.1-д зааснаар гүйцэтгэгч буюу хариуцагч Г.Б нь гэрээний зүйл болох амины орон сууцыг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр барьж, хүлээлгэн өгөх үүрэг хүлээжээ.

 

            Ч.Ж нийт 215.000 ам долларыг Г.Бд өгсөн гэх боловч хэрэгт авагдсан баримтаар 2011 оноос 2013 оны хооронд 197.890 ам долларыг хариуцагчид өгсөн, хэргийн 13 дугаар талд 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 988.500 төгрөг, 2013 оны он сар харагдахгүй байгаа баримт дээр 7.000.000 төгрөг, хэргийн 15 дугаар тал 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 9.988.500 төгрөгийг Б.Б-д өгсөн талаарх баримт хэрэгт авагджээ. /хх-ийн 12-15 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч нийт 9.988.500 төгрөгийг Г.Бы хүсэлтээр Б.Б-д шилжүүлсэн гэх боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй, Б.Б-д өгсөн мөнгийг Г.Баас шаардах эрхгүй юм.

 

Хариуцагч нь төсөл хэрэгжүүлж байсан “Алтай таван богд хайрхан” ХХК-ийн хувьцааг бусдад худалдсан гэх үндэслэлээр өр шилжсэн, 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээний дагуу төлбөрийг Ч.Ө, “А” ХХК хариуцах ёстой хэмээн тайлбарлаж байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбар, татгалзлыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч нь энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд өр шилжсэн гэх тайлбараа нотолж чадаагүй.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагчийн тайлбарлаж байгаагаар “А” ХХК-тай гэрээ байгуулаагүй, хариуцагч Г.Бтай гэрээ байгуулж, төлбөр төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

            Нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг удаа дараа шаардсан гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нь 2011 оноос 2013 оны хооронд ам доллар хүлээн авсан талаар баримт үйлдсэн байдлаас үзэхэд нэхэмжлэгч нар нь гэрээний үүргийг шаардаж байсан, хариуцагч нь үүргээ гүйцэтгэхийг зөвшөөрч байсан гэж үзэхээр байна. Гэвч нэхэмжлэгч нар гэрээний үүрэг биелэгдээгүй гэж тайлбарласан бөгөөд хариуцагч үүнийг үгүйсгээгүй байна. 

 

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэмэлт хугацаа тогтоосон боловч хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүссэн байна.

 

            Нэгэнт гэрээний үүрэг биелэгдээгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч нар нь гэрээний гүйцэтгэлийг буцаан шаардах эрхтэй. Иймд гэрээний үүрэгт төлсөн төлбөрийг буцаан нэхэмжилсэн 197.890 ам долларт холбогдох шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

            Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2.-т  “Хуульд өөрөөр заагаагүй бол мөнгөн тэмдэгтийн төрөл өөрчлөгдсөн бол мөнгөн тэмдэгт өөрчлөгдсөн өдөр мөрдөж байсан ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэх хуулийн зохицуулалтын дагуу 197.890 нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн өдөр болох 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханш болох 1 ам доллар 2.630,86 төгрөгт шилжүүлж, /197.890х2.630,86=520.620.885/ 520.620.885 төгрөгийг Г.Баас гаргуулж, Ч.Жд олгох нь зүйтэй гэж шүүх үзэв..

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 225 дугаар зүйлийн 225.1., 218 дугаар зүйлийн 218.2.-т зааснаар хариуцагч Г.Баас 520.620.885 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45.014.015 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураажийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3.144.079 төгрөгөөс илүү төлсөн 157.955 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, Ч.Жд олгож, үлдэх 2.986.124 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Баас 2.761.054 төгрөг гаргуулж Ч.Жд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.СОЛОНГО