Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2019/01778

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2019/01778

           Улаанбаатар хот

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, Цэргийн 0 дүгээр байр 0 тоотод оршин суух Д овогт Б.Э-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 тоотод оршин суух, С овогт Ч.М-д холбогдох

 

10.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11 дүгээр сард хашаа байшин зарна гэсэн мэдээллийн дагуу иргэн Ч.М-ийн 0 дугаарын утсаар холбогдож хашаа байшингийн үнийг 26.000.000 төгрөгөөр үнэлэн урьдчилгаа болгон 10.000.000 төгрөгийг Хаан банкны 0 дугаарын дансанд шилжүүлэн Худалдах, худалдан авах зээлийн гэрээ байгуулж үлдэгдэл 16.000.000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлж дуусгахаар гэрээндээ тусгасан. Гэрээ байгуулахдаа газрын гэрчилгээг үндэслэсэн. Иргэн Ч.М өөрөө газрын гэрчилгээ гарахгүй удаад байхаар нь мөнгө өгч байж гаргуулж байсан гэж ярьж байсан. Байшингийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрөө гаргаад авна биз асуудалгүй гарна гэж хэлсэн. Энэ үгэнд нь итгэсэн. Би 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс нүүж орон амьдарч байна. Амьдарч байх хугацаанд өндөр хүчдэлийн шугамын анхааруулга ирсний дагуу дүүргийн газрын албанд очиж уулзахад өмчлүүлсэн газраас гадна байшин баригдсан байна. Байшингийн үл хөдлөх гарахад асуудалтай гэж хэлсэн. Энэ байдлаа иргэн Ч.Мд- хэлээд байшингийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаад өгөөч гэж хэлсэн боловч чадахгүй мөнгөө авна гэсэн. Иргэн Ч.М нь байшингийн гэрчилгээ гарах боломжгүйг хэлээгүй хуурч мэхэлсэн. Би гэрчилгээ гаргаж өгөхгүй болох хашаагаа буцаая гэдгээ хэлэхэд үгүй чадахгүй наймаагаа буцаахгүй гээд байна. Тухайн газар нь манайд таарахгүй, хэл амтай, байж болохооргүй байгаа. Худалдаж авсан газраа буцааж өгмөөр байна.

Иймд Ч.М-аас урьдчилгаад өгсөн 10.000.000 төгрөг шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.М би 2018 оны 11 дүгээр сард хашаа байшин зарна гэсэн зарыг зар дээр тавьсан. Б.Э гэгч нь хашаа байшинг хувь лизингээр зарах хүсэлт гаргасны дагуу урьдчилгаа болох 10.000.000 төгрөгийг 0 тоот өөрийн дансанд авсан нь үнэн болно. Байшин дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй гэж хэлсээр байтал зүгээрээ гээд авсан. Биднийг нотариат дээр очиход нотариатч байшингийн гэрчилгээ гараагүй юм байна. Газрыг 26.000.000 төгрөгөөр худалдаж авахыг хүлээн зөвшөөрч байгаа юу гэхэд Б.Э зөвшөөрч байна гэсэн. Би энэ хүмүүсийг ав гэж шахаж шаардах зүйл байхгүй. Өөрсдөө хүсээд авсан. Нэхэмжлэгч Б.Э-ын гаргасан өргөдлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Б.Э Ч.М-д холбогдуулан 10.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Зохигчдын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 0 дугаар  хэсэг 1653Б тоот хаягт байрлах 468 м.кв талбайтай, 0 нэгж талбар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын үл хөдлөх эд хөрөнгийг 26.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч, төлбөрийн урьдчилгаа 10.000.000 төгрөгийг Б.Э Ч.М-д шилжүүлсэн байна.

            Талуудын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдан-худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.

            Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 0 дугаар  хэсэг 0тоот хаягт байрлах 468 м.кв талбайтай, 0 нэгж талбар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, байшингийн хамт 26.000.000 төгрөгт худалдахаар тохирсон талаар маргаагүй бөгөөд тухайн хашаанд баригдсан үл хөдлөх эд хөрөнгө болох байшин өмчлөх эрхтэй газраас илүү гаргаж барьсан тул тухайн байшинд өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломжгүйг сүүлд мэдсэн талаар нэхэмжлэгч тайлбарлаж байна.

            Хариуцагч тухайн байшинд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаагүй, нэхэмжлэгч нь өөрөө гаргаж авна гэж тохирсон, байшингаа өмчилсөн газраас илүү гаргаж барьсан асуудал байхгүй гэжээ.

            Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн баримтаар Ч.М-ийн нэр дээр бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Баатархайрханы 0 дугаар  хэсэг 0 тоот хаягт байрлах 468 м.кв талбайтай газар дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй, кадастрын зурагт ороогүй гэж дурджээ.

            Энэ баримтаас үзвэл Ч.М нь эрхийн доголдолтой эд хөрөнгө Б.Э-тшилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхтэй байна.

            Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй учир Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 0 дугаар хэсэг 0 тоот хаягт байрлах 468 м.кв талбайтай, 0 нэгж талбар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын үл хөдлөх эд хөрөнгө Ч.М-д буцаан өгч, Ч.М-аас 10.000.000 төгрөг гаргуулан Б.Э-т олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар хариуцагч Ч.М-аас 10.000.000 төгрөг гаргуулан Б.Э-т олгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.М-аас 174.950 төгрөг гаргуулан Б.Э-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.СОЛОНГО