| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 101/2018/05152/И |
| Дугаар | 101/ШШ2019/01779 |
| Огноо | 2018-06-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2019/01779
2019 оны 06 сарын 14 өдөр Дугаар 101/ШШ2019/01779 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: С аймаг, сум, 0 дугаар баг, Баянхангайн 0тоотод оршин суух, Н овогт Г.К-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Дуган булан 0 тоотод оршин суух Баянхангай овогт О.Г,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Жанжин 0 дугаар гудамж, 0 тоотод оршин суух, овогт Г.П нарт холбогдох
Худгийн үнэ 12.991.302 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.К, түүний өмгөөлөгч Ц.Ө, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.К шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2018 оны 06 дугаар сарын 3-ны өдөр Г гэдэг хүнээр худаг ухуулсан. Г гэдэг хүн 2 жилийн өмнө Зүүнхараад очиж ээжийндээ худаг ухаж байсан ба намайг дэлгүүрт сууж байхад орж ирээд ах нь худаг ухдаг, худаг ухуулах уу гэж хэлсэн. Тэр үед би одоохондоо худаг ухуулах боломжгүй гэж хэлсэн. 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Г-ийн худ /тэр би Г-ийн худ гэж мэдээгүй/ гэж хүн худаг ухуулах айлуудын судалгаа гаргаж байна. 4-5 айл байвал худаг ухна гээд явж байсан. Би малаа услахад амар гээд худаг ухуулахаар шийдээд өгсөн утас руу нь залгахад Г байсан. Би эхлээд Гэрч:-ийн худаас худаг ухах хүмүүс чинь мэргэжлийн хүмүүс мөн үү, бичиг баримттай юу, стандартын дагуу ухах уу гэхэд манай хүмүүс мэргэжлийн хүмүүс бөгөөд бичиг баримттай, стандартын дагуу худаг ухна гэж хэлсэн учир би худаг ухуулахаар шийдсэн. Би Г-с та стандартын дагуу худаг ухах уу гэхэд мэргэжлийн хүн учир стандартын дагуу ухна гэсэн учир би худгаа ухуулсан. Гэтэл шаардлага хангасан худаг ухаж өгөөгүй. 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр ухаж эхлээд 11-ний өдөр дуусаад явсан. Түүний дараа 3 хоногийн дараа ажиллахаа больсон байсан. Би Г руу ярихад өөрийнхөө төрсөн дүү О-г очоод үз гэж хэлье гэсэн. О ирээд бускатал нь салсан байна гэж хэлсэн. Дараа нь 14 хоногийн дараа дахиад болохгүй байсан гэтэл дахин үзээд өнгөн хөрсийг нь хаагаагүй болохоор доошоо элс шороо ороод байгаа юм байна гээд худгийнхаа насосыг сугалсан. Буцаагаад насосаа хийх гэтэл ухсан нүхэнд нь насос нь орохоо больсон. Өнгөн хөрсөнд нь шар шавар оруулахгүйн тулд турба суулгая 6 м турба авчир гээд 6 м турба биднээр авахуулсан. Гэтэл турба насос нь орохгүй арван хэд хоног ноцолдож байгаад тэрийгээ эд нар булсан. Эхний ухсан газар нь байгаль орчны үнэлгээ хийлгэсэн байсан. Эд нарын сүүлд ухсан газарт үнэлгээ хийгдээгүй байсан. 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ухсан. Тэр үед надад дутуу ухаж өгсөн. Ашигласан турба нь будагтай, зэвтэй байсан. Яагаад ийм хуучин турбагаар хийж байгаа юм бэ гэхэд алмаазан хошуугаа авчихсан чинь шинэ турба авах мөнгө алга гэж хэлсэн. Би тэдэнд шаардлага хангасан худаг ухаарай гэж хэлсэн. Эд нар 100 м турба суулгахаар мөнгө авсан гэтэл 40 м турба суулгасан. Хэдэн метр турба болсон талаар надад албан ёсоор тайлбарлаж өгөөгүй. Худгийг албан ёсоор худгаа хүлээлгэн өгөөгүй. Малаа сааж байх үед болчихлоо гэж хэлсэн. 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр худаг эвдрээд би Гончиг руу ярьсан. Гэтэл одоохондоо очиж чадахгүй гээд төрсөн дүүгээ, нөхөртэй нь хамт явуулсан. Тэд задалж үзээд дотор нь шар шавар элс хайргууд нь орсон байна. Насос нь эвдэрсэн байна гээд угаагаад цэвэрлээд тавихад дахиад ажиллаагүй. Дараа нь шинэ насос авч тавьсан. Түүнээс хойш 10 хоногийн дараа Г гуай ирж үзээд бичлэг хийсэн. Одоо тухайн худаг шаардлага хангахгүй байгаа. Би гаднаас ус зөөж малаа усалж байгаа. Би Г, П нараас худгийн насосны мөнгө 10.120.000 төгрөг, 8 м дутуу ухсаны төлбөрт 880.000 төгрөг, 2 нассоны мөнгө 680.002 төгрөг, 6 м турбаны мөнгө 162.000 төгрөг, 3 м турбаны мөнгө 81.000 төгрөг, дизель түлшний төлбөр 50.000 төгрөг, хоол хүнсний мөнгөний хамт нийт 12.991.300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт заасан худгийг ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба талууд үүнд маргаагүй. Энэ гэрээний дагуу талууд үүргээ гүйцэтгэх ёстой. Хариуцагч Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасны дагуу ямар нэгэн доголдолгүй ажил хүлээлгэн өгөх үүрэгтэй. Ажил гүйцэтгэх гэрээний гол зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг. Хариуцагч нарын хувьд энэ үүргээ биелүүлээгүй, гологдол доголдолтой, стандартын бус, зориулалтын бус турба суулгаснаас болж худаг удаа дараа эвдэрсэн. Энэ худаг нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж эвдрээгүй. Цооног ухах, худгийн ажлыг мэргэжлийн байгууллага гүйцэтгэдэг. Энэ талаар Усны тухай хуульд заасан байгаа. Гэтэл энэ 2 хүн мэргэжлийн бус, мэргэжлийн гэдгээ тэрийгээ нотолж чадаагүй, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн халтуур маягаар энэ ажлаа хийсэн. Энэ нөхдүүдийн энэ үйлдэл нь эрүүгийн гэмт шинж агуулж байгаа. Энэ хүмүүс анхны худгийг хүлээлгэн өгсөн ба нэхэмжлэгч авсан боловч 3 хоногийн дотор эвдэрсэн. Хуульд заасан хугацааны дотор энэ доголдлыг хариуцагч нарт мэдэгдсэн. Хариуцагч нар өөрсдөө ирээгүй өөрсдийнхөө хамаатнуудаа явуулж энэ худгийг үзсэн. Тэр нөхдүүд нь мэргэжлийн бус хүмүүс байсан ба өөрсдөө насосыг сугалан авч үзээд, элс хайрга ороод насос эвдэрсэн байна гэж тогтоож, насосыг шинээр тавьж худгийг ажиллуулсан. Үүний дараагаар худаг дахин эвдэрсэн. Хариуцагч нарт мэдэгдэхэд хариуцагч нар ирээд худгийг засах гэж оролдсон. Хариуцагч нар өөрсдийнхөө буруутай үйл ажиллагааны улмаас худгийг засаж чадаагүй. Өөрсдөө дахин дур мэдэн өөр газар худаг ухсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ 2 худаг гаргаж өгсөн гэж байна. Гэтэл тийм зүйл байхгүй ба хариуцагч нар өөрсдийнхөө гаргасан гологдлыг засах, бүрэн бүтэн болгож өгөх үүргийнхээ дагуу тэр ажлыг хийсэн боловч чанарын шаардлага хангаагүй, доголдолтой ажил хийснээс энэ маргаан үүссэн. Үзлэгээр үзсэн бичлэг дээр худгийг ус хэвийн гарч байна. Энэ нь Г.К 11 дүгээр сарын 04-ний өдөр худаг эвдэрсэн талаар мэдэгдэхэд очиж чадахгүй гэхэд та нар хандах газраа ханд гэсний дагуу мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч дахин шинээр насос авч, мэргэжлийн хүмүүсээр 11 дүгээр сарын 25-ны өдөр тавиулаад худаг 10 хоног хэвийн ажиллаж байх тэр үед хариуцагч очиж бичлэг хийсэн. Энэ нь худгийг хэвийн ажиллаж байгаа тэр процедурыг шууд нотолж байгаа нотолгоо биш. Одоо худаг шаардлага хангахгүй, бетон тавихад 1 цаг гарангийн дараа дүүрч байгаа. Энэ хүмүүс усны хайгуулын ажил хийсэн баримт, худгийн журнал дээр хэдэн метр ухсан талаар бичигдсэн паспортыг өгөөгүй. Иймд энэ хүмүүс мэргэжлийн бус хүмүүс дур мэдэн худаг гаргасан гэж үзэх нэг нотолгоо гэж хэлмээр байна. Стандартын талаар тодорхой зүйл байхгүй юм байна лээ. Монгол улсын стандарт гэсэн нэртэй стандартын дагуу авч үзэхэд анх дуусаад усыг бүрэн гүйцэд шахсаны дараагаар хэвийн ажиллаж байгаа нөхцөл байдлыг тогтоосны дараа худгийг хүлээлгэн өгөх ёстой байтал энэ журмыг зөрчсөн. Мөн зориулалтын өрөмдлөг хийгээгүй, алтны орцыг тогтоож, өнгөн хэсэг дээр өрөмдлөг хийх техник хэрэгслээр худгийн ажлыг хийсэн. Энэ хүмүүс стандартын шаардлага хангахгүй худаг хийж өгсөн нь энэ нөхцөл байдлуудаар тогтоогдож байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч О.Г, Гэрч: нар шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Г.К 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр худаг гаргуулахаар ам хэлцэл хийн 1 метрийг нь 110.000 төгрөгөөр тохирон өрөмдөхөөр болж өрмийн машинаа аваачин тэдний өөрсдийнх нь зааж өгсөн цэгт өрмөө байрлуулсан. Урьдчилгаанд 3.500.000 төгрөг авч турба, түлш, масло, тос зэргийг авсан. Ажил хийлцэх хүмүүстээ урьдчилгаа мөнгө өгөхөөр 2.500.000 төгрөг авсан. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өрөмдлөгийн ажилдаа орж, 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дууссан. Худгаа 5 цаг шавхсан хэмжилт хийсэн ба усны төвшин хэвийн байсан. Ийнхүү худгаа хүлээлгэн өгсөн. Хэд хоногийн дараа худаг болохгүй байна гэсний дагуу очиж үзэхэд турба нь тасарчихсан байсан. Турбагаа сугалан авч, өөрийн зардлаар дахин худаг өрөмдсөн. Энэ худгийг өрөмдөхөд ямар ч ашиг гараагүй. 2018 оны 8 дугаар сарын 29-ны өдөр эхэлж, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр дууссан. Худагт 133-ийн трубо 24 метр дотуур нь 112-ийн турба 13 метрийг суулгасан. Нэхэмжлэгч 7 метр турба суулгасан байна гэж мэргэжлийн хүн хэлсэн гэж худлаа бичсэн байна. Худгийн насос нь 8 метртэй тус 7 метртэй турба дотуур нь орохгүй 100 метр өрөмдөхөд 70-80 метр турба суулгадаг гэсэн стандарт хаана ч байхгүй. Худгийн дээд талын элс хайрга, шаврын давхаргыг хаахын тулд турба суулгадаг. Нурдаг давхаргаас цааш чулуунд өрөмдсөн тул байгалиараа байдаг. Турба нь зөвхөн ханаа нураахгүй ханаа хаагаад байж байгаа. 1 сарын баталгааны хувьд насос зардаг байгууллага насосондоо тэгж баталгаа өгдөг. Би 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр очиж худгийг үзсэн ус хэвийн гарч байсан. Энэ тухай бичлэг хийсэн. Худаг өрөмдүүлж өчнөөн ажил болж хийлгэчхээд мөнгөө буцаан авна гэж байгаад нь гомдолтой байна. Нэхэмжлэгчийн хэлсэн хайгуулын нарийн өрмөөр өрөмдсөн гэж байгаа нь ч худлаа. Өрмийнхөө үзүүрийн багажны хошууг томсгоод солиод өрөмддөг. Хариуцагч О.Г, П- гийн тайлбар хамт байгаа болно гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар 11.000.000 төгрөгийн ажлын хөлс авсан дээр маргахгүй. 2 удаа худаг ухсан дээр маргахгүй, 2 удаагийн ажил хийгдсэн. Эхний худгийн эвдрэлийн хувьд өрөмдсөн худгаас шалтгаалаагүй. Ажлын доголдол байгаагүй. Энэ нь тухайн цооногт эд зүйл унагаснаас болж нуралт үүссэнээс шалтгаалан эвдрэл гарсан. Худгийн усны чанар хэмжээний хувьд шавартай ус гарна уу, зэвтэй ус гарна уу гэдэг өрөмдлөгийн байгууллага хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэс байхгүй. Газар доороос гарсан усны найрлага шинж чанар, хэмжээг өрөмдлөг хийж тогтоож байж мэддэг болохоос биш хараад эндээс тийм хэмжээний ус гарна гэж хэлэх боломжгүй. Усны хайгуул судалгааг өрөмдлөг хийгдэхээс 1 сарын өмнө Г.К хийлгээд бичгээр дүгнэлт гаргуулсан байсан. Тэр дүгнэлтийнх нь дагуу өрөмдлөгийн ажлыг хийсэн. 100 м гаруй өрөмдөөрэй гэж дүгнэлт дээр заасан байсан. Яг түүнийх нь дагуу бүх ажлыг цогцоор нь хийсэн. Тэгээд худгаа хэвийн хүлээлгээд явсан. Хүлээн авсантай энэ хүн маргаагүй байна. Худагт эвдрэл гарсан нь үнэн. Эвдрэл нь гадны нөлөөнөөс болсон. Үүнийг засаад өгөөч, бид нар усгүй хэцүү байна гэсний дагуу 2018 оны 9 дүгээр сард дахин шинэ худаг гаргаад хүлээлгэн өгсөн. Г.К-д 2 гүнийн худаг ухаж өгсөн. 2 худаг гаргачхаад дахин 11.000.000 төгрөг буцаан өгөх боломжгүй. Барилгын норм журмын төсвөөр бодоход 2 худгийг төсөв нь 26.000.000 төгрөг гарна. Манайх нэхэмжлэгчээс 14.000.000 төгрөг нэхэх эрх зүйн үндэстэй. Хоол хүнс, дизель түлшний мөнгө гэрээнд тусгагдаагүй ба амаар тохироогүй. Хоол ундыг мөнгөөр зарж худалдах тохироо байсан бол бид хоол унднаас нь идэж уухгүй байсан. Үүнтэй холбоотой нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Үзлэгээр худгийн ус хэвийн ажиллаж байгаа тогтоогдож байгаа. Г.К шүүхэд худал мэдүүлэг өгч байгаад харамсаж байна. Үүний дагуу эрүүгийн журмаар шалгуулна. Гаднаас ус авч ирээд худагтаа хийж байна гэж худлаа ярьж байна. Бичлэгээр худгаас сав руу ус хийж байсан. Савнаас худаг руу ус хийгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Г.К хашаандаа худаг гаргуулахаар О.Г, Г.П нартай тохирч, 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс худаг гаргасан, улмаар хэд хоногийн дараа худагны насос гацаад ус гарахгүй болсон, дахин худгийг зассан боловч ажиллаагүй тул 2018.08.29-нд шинээр дахин худаг ухаад 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн. 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дахин худаг ажиллахаа больсон тул худаг гаргахад өгсөн 10.120.000 төгрөг, дутуу ухсан 8 метр газрын үнэ 880.000 төгрөг, худагны 2 насосны үнэ 687.002 төгрөг, 6 метр трубаны үнэ 162.000 төгрөг, 3 метр трубаны үнэ 81.000 төгрөг, түлш 50.000 төгрөг, худгийн ажлуудыг хийж гүйцэтгэх хугацаанд тэдний хоол хүнс /ногоо, хонь, ямаа, үхрийн мах, гэдэс/ үнэ 1.011.300 төгрөг, нийт 12.991.302 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилжээ.
Хариуцагч нар худаг гаргахад 11.000.000 төгрөг өгсөн талаар маргаагүй, харин худгийг ухаж гаргаж өгсөн, биднээс хоол хүнсний мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 12.991.302 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
О.Г, Г.П нар нэхэмжлэгч Г.К-гийн хашаанд худаг гаргаж өгөхөөр тохирсон байх бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүсжээ.
Хариуцагч нар нэхэмжлэгчийн хашаанд худаг гаргаж өгсөн тэр нь ажиллахгүй байсан тул тухайн худгийг булж, дахин шинээр худаг гаргаж өгсөн талаар талууд маргаагүй, харин тухайн худаг ажиллахгүй байгаа талаар маргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар /үзлэг хийсэн/ Г.К-гийн хашаанд байгаа худгаас ус гарч байх бөгөөд нэхэмжлэгч тухайн худгийн ажиллаж байгаа эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан, хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд шинжээчийг томилдог бөгөөд Г.К шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй тул худаг ажиллаагүй байгаа тул худаг гаргахад өгсөн 10.120.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд дутуу ухсан 8 метр газрын үнэ 880.000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд газрын үнийг яаж тогтоосон нь ойлгомжгүй, түүний уг шаардлага тодорхойгүй байна.
Худагны 2 насосны үнэ 687.002 төгрөг, 6 метр трубаны үнэ 162.000 төгрөг, 3 метр трубаны үнэ 81.000 төгрөг, түлш 50.000 төгрөг гэж нэхэмжилж байх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар /хх-ийн 17-18, 49-57, 82 дугаар тал/ Г.К өөрийн худагтаа эдгээр насосуудыг авч хэрэглэсэн үйл баримт тогтоогдохгүй байна.
Мөн худгийн ажлуудыг хийж гүйцэтгэх хугацаанд хариуцагч нарт хоол хүнс /ногоо, хонь, ямаа, үхрийн мах, гэдэс/ үнэ 1.011.300 төгрөг /хх-ийн 83-87 дугаар тал/ зарцуулсан гэх боловч О.Г, Г.П нарт зориулж, уг бараа бүтээгдэхүүнүүдийг зарцуулсан гэх баримт тогтоогдохгүй байгаа тул Г.К-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 227 дугаар зүйлийн 227.1.-д зааснаар О.Г, Г.П нараас 12.991.302 төгрөг гаргуулах тухай Г.К-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237.880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО