| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2023/0016/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/16 |
| Огноо | 2023-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2023 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/16
2023 оны 01 сарын 10 өдөр 2023/ШЦТ/16 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2230003380353 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 6 дугаар баг ******* 8-1 тоотод оршин суух хаягтай, Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
******* регистрийн дугаартай, ******* ургийн овогтой, ******* *******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн ******* сумын 6 дугаар багийн ******* 08-01 тоотод цагдаагийн албан хаагч Б., М. нарын албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн хутга хэрэглэн дайрч эсэргүүцсэн, тухайн үед цагдаагийн ахлах ахлагч зүүн гарын ядам хурууг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Согтуу байсан болохоор мэдэхгүй байна. Тухайн үед 5-6 ширхэг пиво уусан. Хохирогч нараас уучлалт гуйсан, нэхэмжилсэн зүйл байхгүй. Би 200 гаруй малтай. Хохирогч ******* гар утас, камерыг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна..гэв.
Эрүүгийн 2230003380353 дугаартай хэргээс:
- Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн:Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байсны улмаас ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Өөрийн буруутай үйлдлийн улмаас төрд учирсан болон цагдаагийн албан хаагчид учруулсан хохирлоо бүрэн төлж, гэмтэл учруулсан цагдаагийн албан хаагчаас уучлалт хүсэж гэм хороо арилгахыг хичээсэн. Би хийсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна..гэх мэдүүлэг /хх-ийн 69-70х/
- Хохирогч : Би тухайн өдөр 14:00 цагаас 19:00 цаг хүртэл цагдаагийн ахлагч ******* хамт ******* сумын нутаг дэвсгэрт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд орой 18:00 цагийн орчим жижүүрийн шуурхай алба 102-оос ******* сумын 6 дугаар баг, ******* 8-1 тоотод нөхөр нь агсам тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна гэх дуудлагыг хүлээн авсан. Ахлагч ******* хамт дуудлага өгсөн хаягийн дагуу түргэн шуурхай очиход хашаан дотор гэр, байшин 2 байсан. Дуудлага өгсөн айлд очоод ахлагч Б. түрүүлээд байшин руу орсон. Би араас нь орохоор явж байхад ахлагч Б. нь ******* гэх хүнд туулгачихсан байшингаас гарч ирсэн. ******* гэх хүн гартаа хутга барьчихсан байсан. Би тэр хоёр руу яаран очиход ******* гэх хүн байшингийн үүдний таамбарын буланд ахлагч Б. руу хутгатай гараа дээрээс нь далайчихсан Б. хутгатай гарыг нь 2 гараараа барьчихсан зогсож байсан. Би шууд ******* гэх хүний араас нь очиж хутгатай гарыг нь татаж салгах үед миний зүүн гарын ядам хуруу хутганд эсгэгдсэн. Тэгээд ахлагч Б., бид хоёр *******ын хутгыг салгаж цагдаагийн алба хаагчийн нэг бүрийн тусгай хэрэгсэл бугуйн гавыг хэрэглэж үйлдлийг нь таслан зогсоож цагдаагийн газарт эрүүлжүүлэх саатуулах байранд түр саатуулсан. ******* ахлагч Б. руу дайрч барьцалдаж байх үед гар утас болон камер нь газар унаж эвдэрсэн... Миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17х/,
-Хохирогч ******* “...Би тухайн өдөр 14:00 цагаас 19:00 цаг хүртэл цагдаагийн ахлагч хамт ******* сумын нутаг дэвсгэрт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд орой 18:00 цагийн орчим жижүүрийн шуурхай алба 102-оос “******* сумын 6 дугаар баг, ******* 8-1 тоотод нөхөр нь агсам тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна” гэх дуудлагыг хүлээн авсан. Ахлагч хамт дуудлага өгсөн хаягийн дагуу түргэн шуурхай очиход хашаан дотор гэр, байшин 2 байсан. Би өөрийн эзэмшлийн гар утсаараа видео бичлэг хийж хашаа руу ороход хойд байшин руу нэг хүн гүйгээд орж байсан. Гэрийн гадаа нэг өвгөн байсан, “хурдлаарай хүн аллаа” гэхээр нь би хойд байшин руу нь гүйж орсон. Ороод очсон чинь ******* гэх залуу гартаа хутга барьчихсан хадам ээжийгээ үсэдчихсэн байдалтай байсан. Ахлагч М. бид хоёр ******* гэх залууд хандан “одоо тайвшир, яаж байгаа юм бэ” гэхэд ******* үг ч солилгүй барьсан хутгатайгаа шууд дайрсан. Би хойшоо ухарч байшингийн хаалгаар гараад хаалгыг нь дарж хаатал ******* цаанаас хүчтэй түлхэж хаалгаар гарсан. Би хаалганы ард үлдэхэд ******* шууд чигээрээ гарч яваад эргэж намайг олж хараад хутгаа дээрээсээ далайж шууд над руу дайрч ирсэн. Би бичлэг хийж байсан утсаа унагааж *******ын хутгатай гарынх нь шуунаас хоёр гараараа барьж хаасан. Энэ үед ахлагч цаанаас гүйж ирээд *******ын гараас хутгыг салгах гэж хамт ноцолдсон. Энэ үед *******ын хадам аав гэх үүдэнд байсан өвгөн ирсэн. Бид хоёр *******ын гараас хутгыг нь салган авч бугуйн гав хэрэглэж *******ын үйлдлийг таслан зогсоосон. ******* байшингийн хаалгыг хүчтэй түлхэн гарч намайг хаалганы ард байхыг олж хараад над руу дээрээс хутга барин цээж хэсэг рүү дайрах үед би *******ын хутгатай гарыг хоёр гараараа хаах үед бичлэг хийж байсан утас болон энгэрт байсан албаны энгэрийн камер хоёр хэсэг болж ажиллахгүй болсон байсан... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13х/,
- Иргэний нэхэмжлэгч “ ******* нь дээрх энгэрийн камерын хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйл, гаргах гомдол санал байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/
- Гэрч : 2022 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 10:00 цагийн орчимд намайг ажил дээрээ байхад манай нөхөр ******* Түмэнцогт сум руу явлаа гээд утсаар ярьсан. ******* Түмэнцогт суманд хадлан дээр ажиллаж байгаад түр хугацаагаар аймагт гэртээ ирсэн байсан юм. Орой 17:00 цагийн орчим намайг цэцэрлэгээс хүүхдээ авч байхад ******* гэнэт залгаад хаана байгаа юм гэж асуусан. Тэгэхээр нь би цэцэрлэгээс хүүхдээ авч байна, одоо гэр рүүгээ явах гэж байна гэж хэлсэн. Гэртээ очоод удаагүй байхад ******* араас ирсэн. Архи уусан согтуу байдалтай орж ирсэн. *******ыг би Түмэнцогт сум руу ажилдаа яваагүй архи уугаад согтуу ороод ирэхээр нь уур хүрээд “ хаагуур, хэнтэй архи ууж явсан юм” гэж асуухад ******* “чамд ямар хамаатай юм бэ” гээд бид хоёр хоорондоо хэрэлдэж, маргалдсан. Намайг юм угаагаад сууж байхад ******* намайг гэнэт алгадсан. Алгадахаар нь би уурлаад хойд байшин руу өөрийнхөө аав, ээжийнх рүү орсон. Тэгсэн араас ******* орж ирээд түрийнээсээ хутга гаргаж ирээд миний өөдөөс дайрсан, яг юу гэж хэлж дайрсныг нь санахгүй байна. Тэр үед манай ээж бид хоёрын дундуур орж ирээд намайг гэрээс гар гэж хэлсэн. Би ээжийн араар тойроод аавынхаас гарч гэртээ ороод хаалгаа түгжээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэх хооронд чимээ чагнахад аав, ээж, ******* тэр 3 гадаа юм яриад байх шиг байсан. Юу ярьсныг нь мэдэхгүй байна. Удалгүй цагдаа орж ирээд намайг хувцсаа өмсөөрэй, хамт цагдаагийн газар явна гэж хэлсэн. Мөн өндөр цагдаа нь танай нөхөр гар эсгэчихлээ, боох давуу байна уу гэж асууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29х/,
- Гэрч ы: 2022 оны 10 сарын 03-ны өдөр 17:00 цагийн орчимд манай охин гэрээсээ манай байшин руу гүйсээр орж ирсэн. Би гайхаад охиноо юу болов оо гэхэд манай охин Бямбаа намайг ална гээд байна гэсэн. Тэгсэн араас нь манай хүргэн ******* гартаа хутга бариад орж ирсэн. ******* манай охин Саранцэцэг рүү чи цагдаагаа дууд л даа гэсэн зүйл хэлж байсан. Тэр үед манай охин миний араар гараад буцаад хаалгаар гарч гүйсэн. Би хүргэндээ хандаж миний хүү ингэж хутга, шөвөг барьж болохгүй гэхэд ******* буцаад гараад явсан. Би араас нь гараагүй 2 хүүхэдтэйгээ гэртээ үлдсэн. Араас нь цонхоор харах үед *******ыг манай өвгөн тэвэрчихсэн, Саранцэцэг аавынхаа ард зогсчихсон байж байсан. Хүүхдүүдээ хараад хэсэг байж байгаад эргээд цонхоор харахад 2 цагдаа ирчихсэн *******ыг гавлаад авч явж байгаа харагдсан. Би 2 жаахан хүүхэдтэй байсан болохоор гэрээсээ гарах боломжгүй байсан юм. Миний бодлоор *******, Саранцэцэг 2 гэртээ хэрэлдэж, маргалдаад муудалцсан байж болзошгүй. Тухайн үед манай хүргэн архи уучихсан согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35х/
- Гэрч ын: Тухайн өдөр би хашаандаа гагнуур хийж байсан юм. Манай хүргэн ******* орой 17:00 цагийн орчим гаднаас архи уусан байдалтай согтуу гэр рүүгээ орж байсан. Тэгсэн удалгүй ******* эхнэрээ буюу манай охин Э.Саранцэцэгийг хөөж туугаад гэрээсээ гарч ирсэн. Охин миний араар орсон, ******* араас хөөгөөд ирэхээр нь би *******ыг барьж авсан. Тухайн үед манай хүргэн ******* гартаа хутга барьчихсан байсан. Би *******ыг хойд байшингийнхаа үүдний дутуу барьчихсан амбаар дотор хорьж зогсож байтал манай хашаа руу цагдаа нар орж ирсэн. Би цагдаа нарыг ирэхээс өмнө *******ын хутгыг гараас нь салгах гээд чадаагүй юм. Цагдаа нар орж ирэхээр нь би *******ыг тавьчихсан юм. Тэгсэн ******* цагдаа нарын өөдөөс хутгатай гараараа дайрсан. Би буцаад *******ыг барьж аваад цагдаа нартай цуг гавлаж гараас нь хутгыг нь салгасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-32х/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн хошууч 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 536 дугаартай “1. биед сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй 5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-ийн 53-54х/
- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-9/
- Эд хариуцагчийн карт /хх-23/
- Хөрөнгийн үнэлгээний Линзийн Өгөөж ХХК-ийн 2022.10.18-ны өдрийн 2202425 дугаартай “Самсунг Эс8 гар утас 153.333 төгрөг, энгэрийн камер 356.250 төгрөг, нийт 509.583.3 төгрөг” гэх дүгнэлт /хх-37-48/
- *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа,үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-76-78/
-*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-71/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 24-ний өдрийн 431 дугаартай шийтгэвэр /хх-81-84/
- Саатуулсан хүнийг сулласан тухай тэмдэглэл, саатуулсан хүнийг сулласан тухай тэмдэглэл, эрүүлжүүлсэн хүний бүртгэл, тэмдэглэл/хх-86-88/
- Хохирогч Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “... овогтой миний бие *******д гаргах санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” /хх-104/
- Хохирогч ******* Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “... овогтой миний бие *******д гаргах санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” /хх-105/
- *******ын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “... овогтой ******* миний бие хийсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” /хх-106/
- Иргэний нэхэмжлэгч *******д холбогдох хэрэгт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” /хх-107/ зэрэг нотлох баримтууд болно.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн,өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай хийгээд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Гэм буруугийн талаар:
1. Хэргийн дээрх баримтаар шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн ******* сумын 6 дугаар багийн ******* 08-01 тоотод цагдаагийн албан хаагч Б., М. нарын албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хутга хэрэглэж хүч хэрэглэн дайрч эсэргүүцсэн, мөн тухайн үед цагдаагийн ахлах ахлагч зүүн гарын ядам хурууг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь “ сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл ” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
2. Дээрх үйл баримтын талаар шүүгдэгч ******* мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлж, гэм буруугийн талаар маргаагүй ба энэ нь хохирогч “ Ахлагч ******* хамт дуудлага өгсөн хаягийн дагуу түргэн шуурхай очиход хашаан дотор гэр, байшин 2 байсан. Ахлагч Б. түрүүлээд байшин руу орсон. Би араас нь орохоор явж байхад ахлагч Б. нь ******* гэх хүнд туулгачихсан байшингаас гарч ирсэн. ******* гэх хүн гартаа хутга барьчихсан байсан. Би тэр хоёр руу яаран очиход ******* гэх хүн байшингийн үүдний таамбарын буланд ахлагч Б. руу хутгатай гараа дээрээс нь далайчихсан Б. хутгатай гарыг нь 2 гараараа барьчихсан зогсож байсан. Би шууд ******* гэх хүний араас нь очиж хутгатай гарыг нь татаж салгах үед миний зүүн гарын ядам хуруу хутганд эсгэгдсэн. Тэгээд ахлагч Б. бид хоёр *******ын хутгыг салгаж цагдаагийн алба хаагчийн нэг бүрийн тусгай хэрэгсэл бугуйн гавыг хэрэглэж үйлдлийг нь таслан зогсоож цагдаагийн газарт эрүүлжүүлэх саатуулах байранд түр саатуулсан. ******* ахлагч Б. руу дайрч барьцалдаж байх үед гар утас болон камер нь газар унаж эвдэрсэн ” гэх,
хохирогч ******* “ . Би өөрийн эзэмшлийн гар утсаараа видео бичлэг хийж хашаа руу ороход хойд байшин руу нэг хүн гүйгээд орж байсан. Гэрийн гадаа нэг өвгөн байсан, “хурдлаарай хүн аллаа” гэхээр нь би хойд байшин руу нь гүйж орсон. Ороод очсон чинь ******* гэх залуу гартаа хутга барьчихсан хадам ээжийгээ үсэдчихсэн байдалтай байсан. Ахлагч М. бид хоёр ******* гэх залууд хандан “одоо тайвшир, яаж байгаа юм бэ” гэхэд ******* үг ч солилгүй барьсан хутгатайгаа шууд дайрсан. Би хойшоо ухарч байшингийн хаалгаар гараад хаалгыг нь дарж хаатал ******* цаанаас хүчтэй түлхэж хаалгаар гарсан. Би хаалганы ард үлдэхэд ******* шууд чигээрээ гарч яваад эргэж намайг олж хараад хутгаа дээрээсээ далайж шууд над руу дайрч ирсэн. Би бичлэг хийж байсан утсаа унагааж *******ын хутгатай гарынх нь шуунаас хоёр гараараа барьж хаасан. Энэ үед ахлагч цаанаас гүйж ирээд *******ын гараас хутгыг салгах гэж хамт ноцолдсон. Бид хоёр *******ын гараас хутгыг нь салган авч бугуйн гав хэрэглэж *******ын үйлдлийг таслан зогсоосон. ******* байшингийн хаалгыг хүчтэй түлхэн гарч намайг хаалганы ард байхыг олж хараад над руу дээрээс хутга барин цээж хэсэг рүү дайрах үед би *******ын хутгатай гарыг хоёр гараараа хаах үед бичлэг хийж байсан утас болон энгэрт байсан албаны энгэрийн камер хоёр хэсэг болж ажиллахгүй болсон байсан ” гэх,
гэрч “ Гэртээ очоод удаагүй байхад ******* араас ирсэн. Архи уусан согтуу байдалтай орж ирсэн. *******ыг би Түмэнцогт сум руу ажилдаа яваагүй архи уугаад согтуу ороод ирэхээр нь уур хүрээд хаагуур, хэнтэй архи ууж явсан юм гэж асуухад ******* чамд ямар хамаатай юм бэ гээд бид хоёр хоорондоо хэрэлдэж, маргалдсан. Намайг юм угаагаад сууж байхад ******* намайг гэнэт алгадсан. Алгадахаар нь би уурлаад хойд байшин руу өөрийнхөө аав, ээжийнх рүү орсон. ******* араас орж ирээд түрийнээсээ хутга гаргаж ирээд миний өөдөөс дайрсан яг юу гэж хэлж дайрсныг нь санахгүй байна. Тэр үед манай ээж бид хоёрын дундуур орж ирээд намайг гэрээс гар гэж хэлсэн. Би ээжийн араар тойроод аавынхаас гарч гэртээ ороод хаалгаа түгжээд цагдаад дуудлага өгсөн.Удалгүй цагдаа орж ирээд намайг хувцсаа өмсөөрэй, хамт цагдаагийн газар явна гэж хэлсэн. Мөн өндөр цагдаа нь танай нөхөр гар эсгэчихлээ, боох давуу байна уу гэж асууж байсан...” гэх,
гэрч ы: “...2022 оны 10 сарын 03-ны өдөр 17:00 цагийн орчим манай охин Э.Саранцэцэг гэрээсээ манай байшин руу гүйсээр орж ирсэн. Манай охин “ Бямбаа намайг ална гээд байна” гэсэн. Тэгсэн араас нь манай хүргэн ******* гартаа хутга бариад орж ирсэн. ******* охин Саранцэцэгрүү чи цагдаагаа дууд л даа гэсэн зүйл хэлж байсан. Тэр үед манай охин миний араар гараад буцаад хаалгаар гарч гүйсэн. Би хүргэндээ хандаж миний хүү ингэж хутга, шөвөг барьж болохгүй гэхэд ******* буцаад гараад явсан. Араас нь цонхоор харах үед *******ыг манай өвгөн тэвэрчихсэн, Саранцэцэг аавынхаа ард зогсчихсон байж байсан. Хүүхдүүдээ хараад хэсэг байж байгаад эргээд цонхоор харахад 2 цагдаа ирчихсэн *******ыг гавлаад авч явж байгаа харагдсан. Миний бодлоор *******, Саранцэцэг 2 гэртээ хэрэлдэж, маргалдаад муудалцсан байж болзошгүй. Тухайн үед манай хүргэн архи уучихсан согтуу байсан...” гэх,
гэрч ын “ Манай хүргэн ******* орой 17:00 цагийн орчим гаднаас архи уусан байдалтай согтуу гэр рүүгээ орж байсан. Удалгүй ******* эхнэрээ буюу манай охин Э.Саранцэцэгийг хөөж туугаад гэрээсээ гарч ирсэн. Охин миний араар орсон, ******* араас хөөгөөд ирэхээр нь би *******ыг барьж авсан. Тухайн үед манай хүргэн ******* гартаа хутга барьчихсан байсан. Би *******ыг хойд байшингийнхаа үүдний дутуу барьчихсан амбаар дотор хорьж зогсож байтал манай хашаа руу цагдаа нар орж ирсэн. Би цагдаа нарыг ирэхээс өмнө *******ын хутгыг гараас нь салгах гээд чадаагүй юм. Тэгээд цагдаа нар орж ирэхээр нь би *******ыг тавьчихсан юм. Тэгсэн ******* цагдаа нарын өөдөөс хутгатай гараараа дайрсан ” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 536 дугаартай “ 1. биед сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ” гэх дүгнэлт,
хөрөнгийн үнэлгээний Линзийн Өгөөж ХХК-ийн 2022.10.18-ны өдрийн 2202425 дугаартай “Самсунг эс8 гар утас 153.333 төгрөг, энгэрийн камер 356250 төгрөг, нийт 509.583.3 төгрөг ” гэх дүгнэлт /хх-37-48/ зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ.
3. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч эрүүл мэндэд учирсан хохирол, хохирогч Б. болон иргэний нэхэмжлэгч Б.Бэхбат нарт учирсан эдийн хохирлыг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь хуульд нийцсэн хийгээд шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байна.
Хөрөнгийн үнэлгээний Линзийн Өгөөж ХХК-ийн 2022.10.18-ны өдрийн 2202425 дугаартай дүгнэлтээр хохирогч ******* Самсунг эс 8 гар утсыг 153.333 төгрөг, иргэний нэхэмжлэгчийн энгэрийн камерыг 356.250 төгрөгөөр үнэлж тогтоосон ба энэ эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.
4. Прокуророос шүүгдэгч *******ын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн ******* сумын 6 дугаар баг, ******* 08-01 тоотод цагдаагийн албан хаагч Б., М. нарын тавьсан хууль ёсны шаардлагыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хутгыг зэвсгийн чанартай ашиглан, хүч хэрэглэн дайрч эсэргүүцсэн уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, цагдаагийн ахлах ахлагч зүүн гарын ядам хурууг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь “сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн үндсэн шинж нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд энэ гэмт хэргийг үйлдэхдээ галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга, байгууламжинд халдаж үйлдэхэд мөн зүйлийн 2.2-т зааснаар тус тус хүндрүүлэн зүйлчлэхээр хууль тогтоогчоос тогтоожээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт “-Энэ хуульд заасан "хууль сахиулагч" гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно ” заасан ба энэ хэргийн хохирогч болох М., Б. нар тухайн цаг хугацаанд Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт цагдаагаар ажиллаж байсан, эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцдаа цагдаагийн жижүүрийн шуурхайн албанаас өгсөн үүргийн дагуу хэрэг болсон гэх Сүхбаатар аймгийн ******* сумын 6 дугаар багийн ******* 08-01 тоотод очсон болох нь тэдгээрийн мэдүүлэг, биеийн байцаалт, гэрч Э.Саранцэцэг, , нарын мэдүүлгүүдээр нотлогдоно.
Хүч хэрэглэн эсэргүүцсэн гэдэг нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний тавьсан шаардлагын эсрэг үл тоож, цохих, зодох, боох гэх мэт хууль сахиулагч руу чиглэсэн санаа зорилго, идэвхтэй үйлдлээр илрэх ба шүүгдэгч *******ын хувьд дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч М., Б. нарын эсрэг хутга хэрэглэж, зориуд, санаатай хүч хэрэглэсэн үйлдлээр эсэргүүцсэн нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. "Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж тодорхойлжээ.
Шүүгдэгч ******* нь дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч М., Б. нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хутга хэрэглэж хүч хэрэглэн эсэргүүцсэн хийгээд уг хутга нь иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай хүйтэн зэвсэгт хамаарах юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйл буюу Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн объект нь хууль сахиулах албаны хэвийн үйл ажиллагааг хангах талаар тогтоосон журам, нэмэгдэл объектод хууль сахиулагчийн халдашгүй байдал, эрүүл мэнд хамаарах бөгөөд хууль сахиулагчийг эсэргүүцэх явцдаа түүний эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулан эрүүл мэндэд нь хохирол учруулсан бол хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн аль тохирох зүйл хэсгээр давхар зүйлчилдэг болно.
Шүүгдэгч ******* нь цагдаагийн албан хаагч Б.ыг эсэргүүцэх явцдаа түүнд албаны үүрэг гүйцэтгэхэд зориулж олгосон энгэрийн камерыг газарт унагаж эвдэлсэн ба энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.2-т заасан “хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга, байгууламжинд халдаж үйлдэх ” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Учир нь шүүгдэгч *******аас тухайн эд зүйлийг санаатай эвдээгүй буюу тухайн эд зүйлд санаатай халдаж, булаан авч, эвдэж устгаагүй бөгөөд энэ тохиолдолд дээрх хүндрүүлэх шинж үгүйсгэгдэх юм.
6. Шүүгдэгч *******ын дээрх хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хутга хэрэглэж, хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжтэй, уг гэмт хэргийг үйлдэх явцдаа цагдаагийн албан хаагч гарыг хутгаар зүсэж хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжийг тус тус бүрэн агуулсан хийгээд прокуророос дээрх зүйл, хэсгээр яллах дүгнэлт үйлдэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, хэрэгт бүрэн дүүрэн, хангалттай нотлогдсон байх тул түүний дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
*******ын зүгээс мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд тухайн үйл баримтыг хүлээн зөвшөөрч тодорхой мэдүүлсэн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдъя.
7. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******ын, цагдаагийн албан хаагч М.ыг эсэргүүцэж гарыг нь хутгаар зүссэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
8. Шүүгдэгч *******ыг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Тэрээр албан үүргээ гүйцэтгэж байгаа хууль сахиулагчийн үйл ажиллагаанд саад учруулж, эсэргүүцэх нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ хохирогч М., Б. нарын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хутгаар биед нь халдаж зориуд хохирол учруулсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ” гэж зааснаар тодорхойлогдоно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ”, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулахаар хуульчилжээ.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Д.Сүрэнхорлоогоос “ Шүүгдэгч ******* нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргав.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт шийтгүүлж байгаа, мөрдөн шалгах ажиллагаанаас гэм буруугаа ухамсарлаж хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Б., иргэний нэхэмжлэгч нарт учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч М. нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн зэрэг нөхцөл байдлыг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “ Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно ” гэж заасны дагуу шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5.850.000 төгрөгөөр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж тус тус зохицуулжээ.
Шүүгдэгч *******ын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй хийгээд түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 5.850.000 төгрөгийн торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Хохирлын талаар:
Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* Самсунг эс 8 загварын гар утас эвдэрч 153.333 төгрөгийн хохирол, мөн түүнд албаны үүрэг гүйцэтгэхэд зориулж олгосон энгэрийн камер газарт унаж эвдэрч иргэний нэхэмжлэгчид 356.250 төгрөгийн хохирол, мөн хохирогч эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байна.
Хөрөнгийн үнэлгээний Линзийн Өгөөж ХХК-ийн 2022.10.18-ны өдрийн 2202425 дугаартай дүгнэлтээр хохирогч ******* “ Самсунг эс 8 гар утсыг 153.333 төгрөгөөр, иргэний нэхэмжлэгчийн энгэрийн камерыг 356.250 төгрөгөөр тус тус үнэлжээ.
Шүүгдэгчийн зүгээс ******* гар утас, иргэний нэхэмжлэгчийн энгэрийн камерын хохирлыг тус тус нөхөн төлсөн болох нь хохирогч ******* “******* миний хохирлыг барагдуулж, өөрийнхөө буруутай үйлдлийг ойлгож надаас уучлалт гуйсан. Надад, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч “ ******* нь энгэрийн камерын хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйлгүй” гэх, хохирогч “******* сүүлд нь эрүүл болоод өөрийнхөө буруутай үйлдлийг ойлгож надаас уучлалт гуйсан. Миний зүгээс гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” мэдүүлгүүдээр тогтоогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол тул уг гэмтэлтэй холбоотойгоор өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй , эсхүл гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан боловч иргэний нэхэмжлэл гараагүй тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалт юм.
Бусад:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ажлын хэсгийн урт 14 см, нэг талдаа хурц ир бүхий саарал өнгийн бариултай, бариулын урт нь 12см, нийт урт нь 26см урттай” хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисс”-т даалгана.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зэвсэг хэрэглэж хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5.850.000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 5.850.000 төгрөгийн торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож тус тус хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж баримтаар ажлын хэсгийн урт 14 см, нэг талдаа хурц ир бүхий саарал өнгийн бариултай, бариулын урт нь 12 см, нийт урт нь 26 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисс”-т даалгасугай.
8. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч М., Б., иргэний нэхэмжлэгч Б.Бэхбат нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М. нь өөрт учирсан гэмтэлтэй холбоотойгоор гарсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН