Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/15

 

2023 оны 01 сарын 10-ны өдөр

 

2023/ШЦТ/15

 

Баруун-Урт сум

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч, хяналтын прокурор Г.Бат-Оргил,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан,

Шүүгдэгч А.Баянмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Баянмөнхөд холбогдох эрүүгийн 2230003240344 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 48б байрны 9 тоот хаягт оршин суух, улсаас, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар КН81062476, Чонос ургийн овогт Аяахүүгийн Баянмөнх

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Баянмөнх нь 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг “Төмстэй Сэрвэн” гэх газарт металл хайгч ашиглан, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч А.Баянмөнх шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Төмстэйн сэрвээ гэх газар луу очиж шороо ухаж байгаад цагдаад баригдсан. Хийсэн хэргээ хүлээж зөвшөөрч байна, миний буруу. Байгаль орчинд учирсан 1,294,905 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 308,470 төгрөгийг нөхөн төлнө. Эд баримтаар хураагдсан осков, металл хайгч миний эзэмшлийнх. Машин нь манай охин Одгэрэлийнх. Манай охин гадаад явах гээд “ Сайн” ломбардад бүтэн жилээр тавьсан. 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дуусна. Газар ухаад ашиг олсон зүйл байхгүй. Дүү болон эхнэртэйгээ хамт оролцоогүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.

Эрүүгийн 2230003240344 дугаартай хэргээс:

  • Яллагдагч А.Баянмөнхийн “...Манай эхнэр урлаад “ийм газар юу олддог юм бэ, буцъя” гээд намайг загнаж эхэлсэн. Би эхнэрт хандан нэгэнт яваад ирснийх хайгчаа тавиад үзье гэж хэлээд Э.Улаанбанди бид 2 тухайн газраар алхаж явж үзээд нэг газар сонгоод “энийг жоохон доошлуулж үзье” гэж шийдээд би шууд ухсан. Доошоо 1 метр орчим ухаад тамхины цаас, гялгар уут гэх зэрэг хог гарч ирсэн. Өмнө нь ухсан байсан нүхийг техникээр булж дарсан шинжтэй газар байсан. Тэгээд гаргасан шороон дээрээ би хайгчаа ажиллуулж үзэхэд дугарсан зүйл байхгүй байсан. Хоосон газар байна гэж бодоод болиод машиндаа орж суугаад хоол идэж байтал гэнэт машинтай цагдаа нар ирсэн. Хүрз, ухагч багаж осков, металл хайгч нар миний эзэмшлийнх юм. Би металл хайгчаа хэдэн жилийн өмнө хүнээс өрөндөө суутгаж авч байсан. Манай эхнэр надтай хамт машиндаа хүүхдээ хараад хамт явж ирсэн. Өөр оролцсон зүйл байхгүй.Уг машин нь манай эхнэрийн охин болох Одгэрэлийн эзэмшлийн машин юм. Одгэрэл 2022 оны 07 дугаар сард Япон улсад ажиллахаар явахдаа барьцаалдан зээлдэх газар “Сайн” ломбардад 5 сая төгрөгөөр тавьж зардлынхаа мөнгийг гаргаж явсан юм. Эхнэр бид 2 сарын төлөлтийг нь төлж явдаг.Би хийсэн хууль бус үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 122-124/,
  • Иргэний нэхэмжлэгч С.Бат-Эрдэнийн “ Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газарт байгаль орчин хариуцсан мэргэжилтэн хийдэг. Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газраас ирүүлсэн тус сумын 6 дугаар багийн нутаг “Төмстэй сэрвэн” гэх газарт иргэд хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Миний хувьд гэм буруутай хүмүүсээс байгаль орчинд учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Учир нь эдгээр хүмүүс нь ашигт малтмал ашиглах эрх олгосон ямар нэгэн баримт бичиггүйгээр гадаргуу болон түүний хэвлийгээс чулуу шороо гарган авах нь ашигт малтмалын тухай хууль зөрчсөн үйлдэл мөн гэж үзэж байна. Миний хувьд байгаль орчинд учруулсан хохирлыг холбогдох эрх бүхий байгууллагаас гаргасан үнэлгээ, экологи эдийн засгийн үнэлгээ зэргийг харгалзан үзэж хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...гэх /хх-19-20/,
  • Гэрч Э.Улаанбандийн “...2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүргэн Баянмөнхийн гэрт Сүхбаатар явах талаараа ярихад манай хүргэн Баянмөнх нагац эгч Баярчимэг нар надад хандаж “бид 2 хүүхэдтэйгээ гурвуулаа Сүхбаатар аймаг явах гэж байна. Чи бензин тос хамжилцаад цуг явбал яв ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зам нийлэх юм байна гэж бодоод хамт тэр оройдоо наашаа гарсан юм. Бид замдаа Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум өнгөрөөд замын хажууд хоноглосон юм. Тэнд хонохдоо би хүргэн ах, эгч хоёроос “та 2 ямар ажилтай Сүхбаатар аймаг руу яваа” талаар нь асуухад Баянмөнх ах “Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт алтны илэрц бүхий газар байдаг гэж хүнээс сонсоод явж байна. Өмнө нь эрт явах байсан болов ч металл хайгч олдохгүй байж байгаад чамтай зам нийлчихлээ” гэж хэлсэн юм. Би тэр асуудлыг нь ямар учиртайг мэдэхгүй, алт олборлох талаар хориотой байдаг талаар ч сайн мэддэггүй учраас “за за тэгвэл буцахад чинь би ажлаа амжуулж хүнтэй уулзах юм байна даа” гэж хэлээд цуг явсаар Сүхбаатар аймагт ирсэн. Хүргэн зам тааралдсан хүмүүстэй бууж уулзаж явсаар байгаад 2022 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 23 цагийн орчимд уулын энгэр газарт ирээд хүргэн Баянмөнх бууж гэрэл тусгаж яваад ирэхдээ “энэ чинь техник орчихсон мөртэй аймаар болгочихсон газар байна. Нэгэнт ирсэн юм чинь ганц нэг хүрз шороо хаяад буцна” гэж хэлсэн юм. Баярчимэг эгч машиндаа ор засаж хүүтэйгээ амрахаар болж Баянаа ах газар ухагч үзүүртэй багаж гаргаж газар ухах тухайгаа хэлж туслах талаар надаас асуухад би “газар ухах, яс хугалахгүй цээртэй байдаг ” хэлэхэд Баянаа ах надад хандаж “тэгвэл чи надад хань болоод сулласан шорооноос ганц нэг хүрз шороо хаялцаад өгөөч” гэхээр нь би хань болж сулласан шороог нь гаргаж өгөөд л зогсож байсан. Надад энийг авч бай гээд жижиг цагаан сав халаасанд хийсэн юм. Баянаа ах ухагдсан талбайн хажууд тойрог хэлбэртэй 1 метр орчим гүнтэй нүх ухаж байгаад хоол идэхээр машиндаа сууж байхад машинтай цагдаа нар ирж бид нарын үйлдлийг дуусгаж, зураг авч, газрын хэмжилт хийгээд дагуулж ирсэн юм.Тухайн нүхийг Баянаа ах л ганцаараа ухсан би сул шороог нь гаргаж өгөхөд нь тусалж байсан. Ухагч үзүүртэй багаж хэрэгслийг ашиглан тойрог хэлбэртэй гүн нь 1 метр орчим ухаад байсан юм. Өөр хүн оролцоогүй юм ” гэх мэдүүлэг /хх-23-25/,
  • Гэрч Б.Баярчимэгийн “...Миний бие нөхөр хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг юм. Бид тодорхой эрхэлсэн ажилгүй, өрхийн орлого байхгүй, хүүхдийн төлбөр мөнгө нэхэгдэж, хамаг эд зүйлээ ломбардад тавьсан байдалтай хэцүү байсан болохоор манай нөхөр Өмнөговь аймгийн найзаасаа Сүхбаатар аймгийн “Төмстэй сэрвэн” гэх газрыг алт гарч байгаа гэсэн сураг сонсоод нэг явж үзэх тухай ярьж байгаад өөрийн гэсэн хайгчгүй байсан болохоор манай нөхөр хүнээс хайгч гуйж аваад л бид нар 5 дахь өдрийн орой хүүхдийн цэцэрлэг тараагаад Сүхбаатар аймаг руу гарсан юм. Сүхбаатар сумын урд талд байдаг уурхайгаас урагш 40 км зайд байдаг тухайн газрыг замын хүнээс асууж байгаад, шөнө 23 цагийн үед уг газарт очиж, би машинаас бууж тухайн газрыг харсан чинь их ухсан байдалтай газар байхаар нь нөхрийгөө зэмлэж, “хаа байсан газраас ийм газарт ирж юу олдог юм бэ” гэж нөхөртөө хэлэхэд “нэгэнт ирсэн юм чинь хайгч тавьж үзчихээд явъя” гэхээр нь би хүүхдээ аваад машиндаа ороод арын суудлыг ор болгоод засаад унтсан юм. Түүнээс хойш манай нөхөр, нагац дүү 2 гадуур байж байгаад машиндаа орж ирээд унтах хэвтэх юм ярьж байтал цагдаа нар ирсэн юм ” гэх мэдүүлэг /хх-28-29/,
  • Хэргийн газрын үзлэг хийсэн “...2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сүхбаатар аймгийн төвөөс ертөнцийн зүгээр зүүн урд зүгт 135 км-т байх ба Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг “Төмстэй Сэрвэн” гэх газарт зүүнээс баруун зүгт сунаж тогтсон уулархаг газрын урд энгэрт газрын хөрсийг ухаж буцаан булсан байдалтай эвдэгдсэн хөрстэй газар байв. Уг эвдэгдсэн талбайн зүүн урд хажуу хэсэгт ухсан нүх байх ба нүхнээс гарсан чулуулаг хэсгийг нүхний хойд талын жалганд хийж мөн нүхнийхээ урд талд ил гаргаж овоолсон байдалтай байв. Тус нүхийг 2 дугаараар тусгаарлав. Уг нүхний чулуулаг давхаргыг хурц ирмэгтэй зүйлээр ухсан шинж тэмдэгтэй байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Тус ухсан нүх нь бөөрөнхий хэлбэртэй тойргийн хэмжээ нь 110 см, гүн нь 110 см хэмжээтэй байв. Уг нүхний урд талд гаргасан шороо нь бараан өнгөтэй шинээр ухагдсан хөрсний шороо болох нь харагдаж байв. ...Ухагдсан нүхнээс баруун урд зүгт баруун тийш харуулан зогсоосон Тоёота приус 30 маркийн 80-96 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байх бөгөөд дотор талд нь урд суудал дээр 2 эрэгтэй хүн, арын суудлыг урагш налуулан ор болгосон байдалтай эмэгтэй хүн, эрэгтэй хүүхдийн хамт хэвтэж байв. Арын тээшинд ухагч багаж осков, металл хайгч байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан. Тухайн ухагдсан нүхийг тээврийн хэрэгсэлд сууж байсан А.Баянмөнх нь ашигт малтмал олборлохоор ухсан гэдгээ хүлээн зөвшөөрч өөрөө зааж өгснийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан ” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг /хх 4-7/
  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “...Үзлэгийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын журмын хашаанд хийв. Тоёота Приус 30 маркийн 80-96 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгслийн кабин хэсэгт хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй тул арын тээшийг А.Баянмөнхөөр онгойлгуулахад цүнх, гудас, хөнжил, саарал тагтай ногоон өнгийн том, жижиг 2 савтай хүнс эд зүйл, металл хайгч, ухагч багаж байв” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг /хх-8-11/,
  • Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн Ш.Нямхүүгийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/06 дугаартай “...1. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар баг “Төмстэй Сэрвэн” гэх газарт 460 29’ 25” N 1140 52’ 0.56” Е солбилцолтой газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй байна. ...Хохирлын хэмжээ нь 431,635 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.5-д заасны дагуу учирсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлэхэд 1,294,905 төгрөг байна. ...Нөхөн сэргээлт хийхэд шаардагдах зардлын хэмжээ нь 308,470 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, хохирол тооцсон тооцоо /хх-42-63/,
  • 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 36 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх 13/,
  • Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 09- ний өдрийн 2202450 дугаартай “Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэл, металл хайгч, ухагч сков, хүрз зэрэг эд зүйлийн зах зээлийн үнэлгээ 9,116,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх 71-84/,
  • Тайгын булаг авто ХХК-ийн 2022.11.09-ний өдрийн 22/2-054 дугаартай “Баярчимэг овогтой Одгэрэлийн зээлийн дүн 5 сая төгрөг, зээлийн үлдэгдэл 326973 төгрөг болно” гэх албан бичиг/хх-89-91/

-80-96 УАЕ тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-94/

-А.Баянмөнхийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-152/

-Тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх- 158/ зэрэг баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Гэм буруугийн талаар:

  1. Шүүгдэгч А.Баянмөнх нь 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг “Төмстэй Сэрвэн” гэх газарт ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь шүүгдэгч А.Баянмөнхийн “...Манай эхнэр урлаад “ийм газар юу олддог юм бэ, буцъя” гээд намайг загнаж эхэлсэн. Би эхнэрт хандан нэгэнт яваад ирснийх хайгчаа тавиад үзье гэж хэлээд Э.Улаанбанди бид 2 тухайн газраар алхаж явж үзээд нэг газар сонгоод “энийг жоохон доошлуулж үзье” гэж шийдээд би шууд ухсан. Доошоо 1 метр орчим ухаад тамхины цаас, гялгар уут гэх зэрэг хог гарч ирсэн. Өмнө нь ухсан байсан нүхийг техникээр булж дарсан шинжтэй газар байсан. Тэгээд гаргасан шороон дээрээ би хайгчаа ажиллуулж үзэхэд дугарсан зүйл байхгүй байсан. Хоосон газар байна гэж бодоод болиод машиндаа орж суугаад хоол идэж байтал гэнэт машинтай цагдаа нар ирсэн. Би хийсэн хууль бус үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна”,

гэрч Э.Улаанбандийн“...Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум өнгөрөөд хоноглохдоо би хүргэн ах Баянмөнх, Баярчимэг эгч хоёроос “та 2 ямар ажилтай Сүхбаатар аймаг руу яваа” талаар асуухад Баянмөнх ах “Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт алтны илэрц бүхий газар байдаг гэж хүнээс сонсоод явж байна. Өмнө нь эрт явах байсан болов ч металл хайгч олдохгүй байж байгаад чамтай зам нийлчихлээ” гэж хэлсэн. 2022 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 23 цагийн орчимд уулын энгэр газарт ирээд хүргэн Баянмөнх бууж гэрэл тусгаж яваад ирэхдээ “энэ чинь техник орчихсон мөртэй аймаар болгочихсон газар байна. Нэгэнт ирсэн юм чинь ганц нэг хүрз шороо хаяад буцна” гэж хэлсэн юм. Баярчимэг эгч машиндаа ор засаж хүүтэйгээ амрахаар болж Баянаа ах газар ухагч үзүүртэй багаж гаргаж газар ухах тухайгаа хэлж туслах талаар надаас асуухад би “газар ухах, яс хугалахгүй цээртэй байдаг ” хэлэхэд Баянаа ах надад хандаж “тэгвэл чи надад хань болоод сулласан шорооноос ганц нэг хүрз шороо хаялцаад өгөөч” гэхээр нь би хань болж сулласан шороог нь гаргаж өгөөд л зогсож байсан. Баянаа ах ухагдсан талбайн хажууд тойрог хэлбэртэй 1 метр орчим гүнтэй нүх ухаж байгаад хоол идэхээр машиндаа сууж байхад машинтай цагдаа нар ирсэн” гэх,

гэрч Б.Баярчимэгийн “Бид тодорхой эрхэлсэн ажилгүй, өрхийн орлого байхгүй, хүүхдийн төлбөр мөнгө нэхэгдэж, хамаг эд зүйлээ ломбардад тавьсан байдалтай хэцүү байсан болохоор манай нөхөр Өмнөговь аймгийн найзаасаа Сүхбаатар аймгийн “Төмстэй сэрвэн” гэх газрыг алт гарч байгаа гэсэн сураг сонсоод нэг явж үзэх тухай ярьж байгаад хүнээс хайгч гуйж аваад Сүхбаатар аймаг руу гарсан юм. Сүхбаатар сумын урд талд байдаг уурхайгаас урагш 40 км зайд байдаг тухайн газрыг замын хүнээс асууж байгаад, шөнө 23 цагийн үед уг газарт очиж, би машинаас бууж тухайн газрыг харсан чинь их ухсан байдалтай газар байхаар нь нөхрийгөө зэмлэж, “хаа байсан газраас ийм газарт ирж юу олдог юм бэ” гэж нөхөртөө хэлэхэд “нэгэнт ирсэн юм чинь хайгч тавьж үзчихээд явъя” гэхээр нь би хүүхдээ аваад машиндаа ороод арын суудлыг ор болгоод засаад унтсан юм. Түүнээс хойш манай нөхөр, нагац дүү 2 гадуур байж байгаад машиндаа орж ирээд унтах хэвтэх юм ярьж байтал цагдаа нар ирсэн юм ” гэх мэдүүлгүүд, /хх-28-29/,

Хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг, мөрдөгчийн “ Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн” 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зураг,

Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн Ш.Нямхүүгийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/06 дугаартай “...1. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар баг “Төмстэй Сэрвэн” гэх газарт 460 29’ 25” N 1140 52’ 0.56” Е солбилцолтой газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй байна. Хохирлын хэмжээ нь 431,635 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.5-д заасны дагуу учирсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлэхэд 1,294,905 төгрөг байна. Нөхөн сэргээлт хийхэд шаардагдах зардлын хэмжээ нь 308,470 төгрөг ” гэх шинжээчийн дүгнэлт,

хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2202450 дугаартай шинжээчийн дүгнэлт ,

80-96 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Баянмөнхийн ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Төмстэй сэрвэн” гэх газрын ерөнхий байдал, солбилцлыг тогтоож хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгасан бөгөөд уг газрын нутаг, засаг захиргааны харьяаллаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй байна.
  2. Хэрэгт авагдсан Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 06б/6851 дугаартай лавлагаа, солбилцлын зураг болон иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Бат-Эрдэнийн мэдүүлэг зэргээр “ Төмстэй сэрвэн ” гэх газарт эрх бүхий байгууллагаас ашигт малтмалын хайгуул хийх, олборлох ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгогдоогүй байна.
  3. Энэ хэрэгт мөрдөгчөөс байгаль орчинд учирсан хохирлыг тогтоолгохоор Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтад нийцсэн хийгээд Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн Ш.Нямхүүгийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/06 дугаартай “...Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар баг “Төмстэй Сэрвэн” гэх газарт 460 29’ 25” N 1140 52’ 0.56” Е солбилцолтой газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй байна. Хохирлын хэмжээ нь 431,635 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.5-д заасны дагуу учирсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлэхэд 1,294,905 төгрөг байна. Нөхөн сэргээлт хийхэд шаардагдах зардлын хэмжээ нь 308,470 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлтийн талаар иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Бат-Эрдэнэ, шүүгдэгч А.Баянмөнх нараас маргаагүй байна.
  4. Газрын хэвлийн тухай хуулийн 3 дугаар зүйл “ Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газрын хэвлий нь төрийн өмч, өөрөөр хэлбэл бүх ард түмний хөрөнгө мөн”, 10 дугаар зүйлийн 2 “ газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна”, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч мөн ”, 5.2. “ Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй”, 7 дугаар зүйлийн 7.3 “ Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно ” гэж тус тус зохицуулжээ.

Ашигт малтмал олборлох гэдэгт тусгай зөвшөөрөлгүй этгээд газрын хэвлийд нэвтрэн малталт хийж ашигт малтмалын төрөл зүйлийг өөрийн эзэмшилд авахыг ойлгох бөгөөд ашигт малтмалд алт, үнэт металл, үнэт чулуу зэрэг хамаарах юм.

Дээр дурдагдсан Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийн агуулгыг үндэслэвэл газрын хэвлий нь төрийн өмч, аливаа этгээд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалтыг хийхэд төрийн эрх бүхий байгууллагаас олгогдсон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулахаар хуульчилсан бөгөөд энэ үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй явуулах нь хууль бусаар ашигт малтмал олборлох үйлдэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болохыг хуульчилжээ.

  1. Прокуророос хэргийн баримтаар тогтоогдож буй шүүгдэгч А.Баянмөнхийн “Тайгын булаг авто” ХХК-ийн эзэмшлийн 80-96 УАЕ улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийг унаж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг “Төмстэй Сэрвэн” гэх газарт ирж т1пө1аЬ 1000 загварын металл хайгч 1 ширхэг, газар ухагч багаж /осков/ 2 ширхэг, хүрз 1 ширхэг зэргийг ашиглан тус газарт ашигт малтмалын олборлолт явуулсан үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч А.Баянмөнхийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Баянмөнхийн зүгээс хэрэгт болон шүүх хуралдаанд тухайн үйл баримтыг хүлээн зөвшөөрч тодорхой мэдүүлсэн, тэрээр болон түүний өмгөөлөгч Г.Амарсайхан нараас хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдъя.

  1. Шүүгдэгч А.Баянмөнхийн хуулиар тогтоосон ашигт малтмалын олборлолт хийх журмыг зөрчин эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон уг үйлдлийн улмаас хүрээлэн байгаа орчинд хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
  2. А.Баянмөнхийг гэм буруугийн “санаатай” хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Учир нь тэрээр нь тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж ашигт малтмалын олборлолт хийхийг хориглосон буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар ашиг олох зорилгоор түүнийг хүсэж үйлдэж байгаль орчинд зориуд хохирол, хор уршиг учруулжээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно гэж тодорхойлжээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч А.Баянмөнхийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох ажиллагаа явуулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч А.Баянмөнхөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Баянмөнхөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Г.Бат-Оргилоос “ Шүүгдэгч А.Баянмөнх нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар”оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Монгол орны байгаль орчинд учирсан 1,603,375 төгрөгийн хохирлыг гаргуулж, улсын орлогод оруулах. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан М1пө1аЬ 1000 загварын металл хайгч 1 ширхэг, газар ухагч багаж /осков/ 2 ширхэг, хүрз 1 ширхэг зэрэг эд зүйлийг улсын орлого болгох. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох 80-96 УАЕ улсын дугаартай Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 8,407,000 төгрөгийг шүүгдэгч А.Баянмөнхөөс гаргуулж улсын орлогод оруулах ” гэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайханаас “ Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Гэм буруугаа ойлгож, байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:

1.2. “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх ” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “ Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх” гэдэгт шүүгдэгчийн өөрийн гэм бурууг ойлгож чин санаанаасаа гэмшиж буй, мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлыг ойлгох бөгөөд “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ...” гэсэн нөхцлийн агуулга нь шүүгдэгчийн уг илэрхийлэл бодит байдалтай хэрхэн нийцэж байгаагаар тодорхойлогдох учиртай.

Шүүгдэгч А.Баянмөнхийн хувьд мөрдөн байцаалтын шатанд анхнаасаа хэргийн үйл баримтын талаар тодорхой мэдүүлж, хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар огт маргаагүй, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлын талаар гарсан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, үүнийг нөхөн төлөхөө мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд тодорхой илэрхийлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь бага хэмжээний хохиролд хамаарах, бодит байдалд биелэгдэх боломжтой зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч А.Баянмөнхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар дээрх тэнссэн хугацаанд “оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Баянмөнх нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 48б байрны 9 тоот хаягт оршин хаягтай тул түүнд авсан дээрх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг оршин суух харьяаллаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтоолоо.

Гэмт хэргийн хохирлын талаар:

Шүүгдэгч А.Баянмөнхийн үйлдлийн улмаас газар ухагдаж байгаль орчинд хохирол учирсан ба хохирлын үнэлгээг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч тогтоол гарган Сүхбаатар аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын шинжээчээр тогтоолгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 “ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно”, 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ” гэж заасан зохицуулалтад нийцэж байна.

Сүхбаатар аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын шинжээчийн 2022/06 дугаартай дүгнэлтээр газарт учруулсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 2010 оны А-156 дугаар тушаалаар баталсан аргачлалын дагуу хохирлыг тооцож 431.635 төгрөгөөр тогтоон, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 5-д заасны дагуу газарт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлнэ гэсний дагуу 1.294.905 төгрөгөөр, мөн нөхөн сэргээлтийн зардлыг 308.470 төгрөгөөр тус тус тогтоосон ба дээрх үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх, хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагад нийцсэн байгааг дурдъя.

Тухайлбал, энэ нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ газарт учруулсан хохирол” нь байгаль орчинд учруулсан хохиролд хамаарах, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 5- д “газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тооцох, 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 7 дахь заалтад заасан хохирлыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тогтоосон хэмжээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно: 2/хөрсөнд учирсан хохирол, байгаль орчныг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр; 49 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн “Хохирол тооцсон ажлын зардлыг нөхөн төлбөрт нэмж тооцно” гэж заасан зохицуулалтуудыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч А.Баянмөнх, иргэний нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ нар нь дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрч маргаагүй ба байгаль экологид учирсан хохирол болон нөхөн сэргээлтийн зардлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хэмжээгээр буюу нийт 1.294.905 төгрөгийг, нөхөн сэргээлтийн зардал 308.470 төгрөг, нийт 1.603.375 төгрөгийг шүүгдэгч А.Баянмөнхөөс гаргуулж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн 100121255408 тоот дансанд оруулахаар шийдвэрлэлээ.

Бусад асуудлаар:

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна ” гэж хуульчилжээ.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч А.Баянмөнх алт ухах санаа зорилгоор тухайн аймаг, суманд 80-96 УАЕ улсын дугаартай Приус 30 загварын тээврийн хэрэгслээр ирж, т1пө1аб 1000 загварын металл хайгч 1 ширхэг, газар ухагч багаж /осков/ 2 ширхэг, хүрз 1 ширхэг зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан хийгээд тээврийн хэрэгсэлгүйгээр тухайн газар, орон нутагт ирэх боломжгүй, зориулалтын багаж, хэрэгсэл, машингүйгээр газар ухах, шороо чулууг тээвэрлэх боломжгүй байсан буюу тухайн автомашин, зориулалтын багаж, хэрэгсэл нь уг гэмт хэргийг үйлдэхэд зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан байна.

А.Баянмөнхийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 80-96 УАЕ улсын дугаартай Приус 30 загварын тээврийн хэрэгсэл нь “ Тайгын булаг авто” ХХК-ийн нэр дээр бүртгэл, эзэмшилтэй буюу иргэн Б.Одгэрэлээс “ Сайн” авто ломбардад зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээл болон фидуцийн гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгө болох нь “ Тайгын булаг авто” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 22/2-054 тоот албан бичиг, “ Сайн” авто ломбардын 03020667 дугаартай Барьцаат зээлийн тооцооны хуудас, 03476315 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Б.Одгэрэлийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр нотлогдох бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уг автомашин нь түүний эзэмшлийн бус, бусдын эзэмшлийн байх тул уг машины үнийг гэмт хэрэг үйлдсэн хүний хувь ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулж улсын орлогод оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн зохицуулалтад нийцэх юм.

Иймд шүүгдэгч А.Баянмөнхийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 80-96 УАЕ улсын дугаартай Приус 30 загварын тээврийн хэрэгсэл үнэд 8.407.000 төгрөгийг гаргуулан, мөн 684.000 төгрөгийн үнэтэй т1пө1аЬ 1000 загварын металл хайгч, 20.000 төгрөгийн үнэ бүхий газар ухагч багаж /осков/ 2 ширхэг, 5000 төгрөгийн үнэ бүхий хүрз 1 ширхэг тус тус улсын орлогод оруулж, үүнээс иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлын 1 .603.375 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоолоо.

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 09- ний өдрийн 2202450 дугаартай дүгнэлтээр “ 80-96 УАЕ улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийг 8.407.000 төгрөг, т1пе1аЬ 1000 загварын металл хайгчыг 684.000 төгрөг, газар ухагч багаж /осков/-ийг 20.000 төгрөг, хүрз 5.000 төгрөг”- өөр тус тус үнэлсэн ба энэ үнэлгээний талаар шүүгдэгч А.Баянмөнх маргаагүй болно.

  1. Шүүгдэгч А.Баянмөнх энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний бичиг баримт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Чонос овогт Аяахүүгийн Баянмөнхийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баянмөнхийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч А.Баянмөнхөд дээрх тэнссэн хугацаанд “оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баянмөнх дээрх тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах зохицуулалттайг тус тус мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баянмөнхөд оногдуулсан “тэнссэн хугацаанд оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүрэг
     
    хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг оршин суух нутаг дэвсгэрийн харьяаллаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Баянмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн 5, 7 дахь хэсэгт зааснаар байгаль экологид учирсан хохирол 1.294.905 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 308470 төгрөг, нийт 1.603.375 төгрөгийг шүүгдэгч А.Баянмөнхөөс гаргуулж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн 100121255408 тоот дансанд оруулсугай.
  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баянмөнхийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 684.000 төгрөгийн үнэтэй т1пө1аб 1000 загварын металл хайгч, 20.000 төгрөгийн үнэ бүхий газар ухагч багаж /осков/ 2 ширхэг, 5000 төгрөгийн үнэ бүхий хүрз 1 ширхгийг, мөн түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 80-96 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэд 8.407.000 төгрөгийг тус тус гаргуулан орлогод оруулж, үүнээс иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газарт учирсан хохирлын 1.603.375 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоосугай.
  9. Шүүгдэгч А.Баянмөнх энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний хувийн бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ

 

С.НАСАНБУЯН