Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/64

 

 

 

 

 

 

 

 

 

          

                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

-Улсын яллагч Л.Наранхүү,

-шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Бод холбогдох эрүүгийн 2234000000536 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас 2003 онд аймаг, сумын аварга тариаланч, 2006 онд Улсын тэргүүний тариаланч хамт олон, 2007 онд хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтайн шагналтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Ц.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бяцхан булан” гэх газарт 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэн В.Гын хоолойн тус газарт гараараа түлхсэн болгоомжгүй үйлдлийн улмаас В.Гын амь насыг хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ц.Б нь: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Б нь Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бяцхан булан” гэх газарт 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэн В.Гын хоолойн тус газарт гараараа түлхсэн болгоомжгүй үйлдлийн улмаас В.Гын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-8 тал/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11 тал/,

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-16 тал/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Болормаагийн “...Би болсон асуудлын талаар мэдэхгүй байна. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны 18 цагийн үед нөхөртэйгээ Улаанбаатар хот руу ажилтай явчихсан байсан. 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 12 цаг өнгөрч байхад над руу залгаж дүү чинь өнгөрчихлөө шүү гэж хэлсэн. Өөр зүйл мэдэхгүй байна..., ...Миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл алга. Цаад айлын хувьд 3 хүүхдийг хүүхдийг нь 18 нас хүртэл хариуцаж тусална гэдгээ илэрхийлсэн байгаа. Мөн манай зүгээс баримтаар гаргаж өгөх хохирол төлбөр байхгүй. Ц.Бын талаас ажил явдлын зардлыг бүрэн даасан. Эхнэр хүүхдүүд нь хашаа байшингийн асуудал, 2 зоорийн асуудал шийдэж өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 30, 32 тал/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эрдэнэмартын “...Ц.Бын ахын ар гэрийн зүгээс анхнаасаа бид нарт боломжоороо тусалж дэмжээд ирсэн. Ер нь бол төрсөн ахаас өөрцгүй хүмүүс байгаа юм. Ер нь бол энэ асуудал зүгээр л нэг гай таарсан юм болсон. Зүгээр байхад нь Ц.Б ах зодож нүдээд алчихсан зүйл байхгүй. Сүүлд нь нь талийгаачийг болиулах гээд суу гээд л хэлж байгаа нь сонсогдож байсан. Хохирол төлбөрт ажил явдлын зардлыг бүрэн даасан, бид нарыг амьдрах орон байртай болгож, хашаа байшингаа өгсөн, мөн хашаан доторх 2 зоорио өгсөн. Хамгийн гол нь миний гурван хүүхдийг насанд хүртэл нь харж хандаж, боловсролтой болгож өгнө гэсэн байгаа. Иймд миний зүгээс гомдол санал гаргаад байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,

-Гэрч Т.Мөнгөнцэцэгийн “...цай уугаад сууж байх үед В.Г архи уусан байсан тул Ц.Бын өөдөөс би наад үхрийг чинь хийчихнэ гээд агсраад байсан. Ц.Б миний дүү зүгээр унт гэж хэлсэн. Тэгсэн чинь Ц.Бын үгэнд орохгүй би наад үхрийг чинь хийчихнэ гээд орилоод байсан. Тухайн үед Ц.Б идэш авах хүмүүс одоо хотоос гарна, чи унтаж амар гэж хэлсэн. В.Г үгэнд нь орохгүй гэрийн баруун талын орны хөл хэсэгт суугаад агсраад байсан. Тэгтэл Ц.Б уурандаа гэрийн баруун урд хэсэгт зогсож байснаа шууд В.Гын урд очоод толгой хэсэгт нь гараараа цохисон. Гэтэл В.Г саваад гэдэргээ унахдаа ширээ мөргөөд унасан. Тухайн үед В.Г ёоёо гэж хэлээд доошоо эргээд орон дээр хэвтсэн. Ц.Б хүүрийг чинь цагдаад аваачаад өгье л дөө гэж хэлээд хувцсыг нь өмсгөж байтал Ц.Б энэ чинь ухаан алдсан байна шдээ гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг аваад явъя гээд би талийгаачийг дүүтэйгээ өргөөд Ц.Бын саарал өнгийн жижиг суудлын тэрэгний жолоочийн хажуу талын суудалд хэвтүүлсэн. Тэгээд Ц.Б жолоо бариад, түүний хажууд талийгаачийн эхнэр н.Эрдэнэмарт суугаад явсан. Гэрт нь би дүүгийн хамт 2 хүүхдийг нь хараад үлдсэн. Тэгээд Ц.Б 12:20 цагийн үед өөрийн 88119689 дугаарын утсаар миний 88927940 дугаарын утас руу залгаж ярих үед нас барсан байна сэрхээргүй байна гэж мэдэгдсэн. Тэгээд н.Төмөрбаатар бид хоёр 2 хүүхдийг нь аваад гадаа малын баас арилгаж байсан н.Эрдэнэмартын төрсөн дүү болон н.Эрдэнэцогтын машинтай сумын төв рүү орж ирсэн. Ирээд эмнэлэг орох үед нас барсан гээд авгай нь уйлаад байж байсан. Би эмнэлэг дээр эхнэрийг нь хараад өнжсөн. Цагдаагаас ирээд дуудахад бэлэн байгаарай гэж хэлсэн. Тэгээд дуудсаны дагуу сая ирж байгаа юм. Өөр юм болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,

-Гэрч М.Төмөрбаатарын “...бид гурав Ц.Бын мал дээр буюу Төв аймгийн Жаргалант сумын Бяцхан булаг гэх газар очсон. Гэрт нь орох үед талийгаач В.Г гэртээ согтуу, эхнэр нь болох Ч.Эрдэнэмарт бид нар цай аягалаад суусан. Тухайн үед В.Г, Ц.Б руу агсраад байсан. Намайг цай ууж байхад Ц.Б В.Гыг 2 удаа цохиод түлхээд унагаасан. Тэгээд би цайгаа уучхаад мал руугаа гараад явсан. Гадаа тамхи татаад зогсож байхад ухаан орохгүй байна гэж Ц.Б ярьсан. Тэгээд гэр рүү ороод Ц.Б, Т.Мөнгөнцэцэг бид гурав өргөөд Ц.Бын унаж явсан тоёота сай маркийн машины жолоочийн хажуу талын суудал дээр хэвтүүлсэн. Тэгээд Ц.Б машинаа жолоодоод түүний хойд талд Ч.Эрдэнэмарт суугад сумын төв рүү явсан. Тухайн үед Т.Мөнгөнцэцэг эгч бид хоёр ард нь үлдээд талийгаачийн 2 жаахан хүүхдийг хараад үлдсэн. Тэгсэн чинь удалгүй нас барсан гэж хэлсэн. Тэгээд сумын төв рүү ирэхдээ Ч.Эрдэнэмартын төрсөн дүү болох н.Эрдэнэцогтыг гуйгаад машинтай нь Т.Мөнгөнцэцэг бид хэд бөөнөөрөө ирсэн. Т.Мөнгөнцэцэг эгч эмнэлэг рүү явсан. Би хоёр хүүхдийг нь сумын төв рүү оруулаад талийгаачийн эгч болох н.Ээгий гэж хүний гэрт үлдээсэн. Би буцаад мал руу яваад өвсийг нь тавьж өгчөөд тугалыг нь хөхүүлчихээд орой 16 цагийн үед сумын төв дээр ирсэн. Ирээд гэрт ороод 5 минут болж байтал цагдаагаас дуудаад буцаад гараад ирсэн. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,

-Гэрч М.Энхмагнайгийн “...Миний бие 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Эрүүл мэндийн төв дээр хүүхдийн үзлэг хийгээд дуусаж байх үед яг 11:00 цагт гаднаас Ч.Эрдэнэмарт гэх эмэгтэй хүн сэрэхгүй бана гэсээр орилоод ороод ирсэн. Тэгээд би сувилагч н.Болортуяагийн хамт тухайн хүнийг үзэх үед 34 настай, эрэгтэй, В.Г гэх хүн нь царай нь хөхөрсөн, гарын хурууны үзүүрүүд бүгд хүйтэн, амьсгаа байхгүй, зүрх судасны үйл ажиллагаа бүрэн зогссон, нас барсан байсан. Хамт эхнэрээс нь гадна эхнэрийнх нь дүү, өөр нэг залуугийн хамт гурвуулаа авч ирсэн. Авч ирсэн хүмүүсийн яриагаар хэзээ ингэсэн бэ гэхэд 10 гаран минутын өмнө нь ухаангүй байдалтай болсон, дуудаад сэрэхгүй байсан тул массаж хийж үзэхэд нөлөөлөөгүй, тэгээд шууд авч ирлээ гэсэн яриа өгүүлэлтэй байсан. Чухам юунаас болсон талаар асуухад эхнэр нь болох Ч.Эрдэнэмарт архи уусан, шөнө цустай бөөлжсөн, ширээ мөргөж унасан, надад агсан тавьсан гэж хэлсэн. Өөр зүйл огт хэлээгүй, хамт явсан 2 эрэгтэй нь юм яриагүй. Нэгэнт нас барсан байсан тул тэр даруй шууд цагдаад мэдэгдсэн. Сумаас 2 цагдаа ирж асууж тодруулчхаад хамт явсан хүмүүстэй нь уулзаад явсан. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Эрдэнэмартын гэрчээр өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 18-ны орой талийгаач гэртээ байж байгаад үхэр уях уяа байхгүй болоод гэрээсээ 17 цагийн үед сумын төв рүү өөрийнхөө автомашинтай явсан. Сумын төв дээр очоод над руу залгаад сэлбэгийн дэлгүүр хаалттай байна. Н.Цогоогийн автомашин хаалттай, хань нь татаж өгөх гэж байна гэж ярьсан. Түүнээс хойш талийгаач залгахаар утсаа авахгүй байсан. 23 цаг өнгөрч байхад талийгаач өөрөө автомашинаа бариад бэр Замбаг, дүү н.Эрдэнэцогт, н.Баатар, н.Батаа нарын хамт ирсэн. Би тэд нарыг ирэх үед утсаа оролдоод байж байсан. Талийгаач гэртээ ирээд архи ууя гэхээр нь би одоо битгий архи уу гэтэл хүмүүс бид нар ч бас архи уухгүй гэтэл талийгаач тэд нарын араас гарч яваад буцаагаад дагуулж ирээд пизда, гичий минь би өнөөдөржингөө архи ууна гэж байна гээд над руу агсраад байхаар нь би тэгвэл чи өөрөө гаргаад уу гэж хэлтэл талийгаач бурхны доод талын шүүгээнд байсан 0.5 литрийн хараа нэртэй архийг гаргаж ирж задлаад нөгөө хүмүүстээ нэг нэг аягалж өгтөл нөгөө хүмүүс нь явлаа гээд гараад явсан. Үлдсэн эрхийг нь талийгаач ганцаараа уусан. Талийгаач архи уухаараа намайг хэл амаар доромжлоод унтдаггүй юм. Талийгаач намайг хэл амаар доромжилж байгаад 3 цагийн үед газар унтаад өгсөн. Тэгээд 4 цаг өнгөрч байхад бөөлжөөд байх шиг байхаар нь би босож бөөлжсийг нь цэвэрлээд буцаад хэвтэж байтал удалгүй талийгаач ханиа бөөлжлөө гээд шар юмаар бөөлжсөн, 30 минутын дараа талийгаач хүчтэй ханиалгахаар нь харсан чинь цустай юмаар бөөлжхөөр нь би 00-ийн цаасаар арчаад хөгийн саванд хаясан. Би урьд шөнө нойргүй хоноод 7 цаг өнгөрч байхад 2 тугалаа малын саравч руу орж хөхүүлээд бусад үхрээ ялгаад малын баасаа цэвэрлэж байгаад малдаа өвс тавьж өгөөд талийгаачийг 10 цаг болох гэж байхад сэрээсэн чинь талийгаач ханийх нь яг толгой өвдөөд байна гэхээр нь цитрамон гэх толгойны эм халбаган дээр нухаад шингэлж өгсөн. Тэгээд би чи юугаа гайхуулсан юм бас гэтэл талийгаач уурлаад боссон. Босчихоод талийгаач би чамайг ална шүү, гичий, янхан минь гээд орилоод байсан. Тэгээд талийгаач гэрийнхээ баруун талын орон дээр очиж хэвтээд юм нөмөрмөөр банйа гэхээр нь улбар шар өнгийн хүүхдийн өлгийг өгтөл болъё гичий минь гэхээр нь би хүмүүс ирж байна чимээгүй байгаач гээд байж байтал гаднаас Ц.Б ах, н.Эрдэнэцогт, н.Баатараа, н.Мөнгөнөө нар орж ирсэн. Би хүмүүст цай хийж өгөөд тавгийн идээ тавьж өгч байх хооронд талийгаач пизда минь хоолоо хийгээч, ална шүү гичий минь гээд орилоод байсан. Тэгтэл Ц.Б ах талийгаач руу одоо чи болиоч унтаач, яахараа эхнэр рүүгээ агсраад байдаг юм гэж хэлтэл талийгаач босож ирээд над руу Дандарын Эрдэнэмарт гичий минь хоолоо хийгээч гээд орилоод байхаар нь Ц.Б ах цааш нь түлхээд цохиж байх шиг байсан. Би яг хаашаа цохиж байхыг нь хараагүй. Тэгээд Ц.Б ах нөгөө хүмүүс цувраад гарсан. Талийгаач орны хөлд байсан ширээний буланг мөргөөд хөдөлгөөнгүй болчихоор нь би Ц.Б ахыг дуудсан чинь Ц.Б ах орж ирээд ухаан алдчихсан байна шдээ, хувцасыг нь өмөсгө, эмнэлэг явъя гээд Ц.Б ахын автомашинтай эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр очоод эмч үзээд нас барчихсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 тал/,

-Гэрч Д.Эрдэнэцогтын “...Би 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагийн үед хуурай ах н.Алтанцоож, захирал н.Батхишигийн хамт Жаргалант сумын Буурал 1 дүгээр баг 3-13 тоотод гэрийнхээ урд талын хашаанаас төмс ачсан. Тэгээд төмс ачаад дуусч байхад найз н.Баатармөнх над руу залгаад гэрийн чинь үүдэнд ирчихлээ ороод ир гэж хэлсэн. Тэгээд гэрийнхээ хашаанд яваад ороход н.Баатармөнх, н.Баярбат, н.Мөнхөөлөө 3 байж байсан. Тэгээд манай гэрт ороод н.Баатармөнх ганц юм байна уу гэхээр нь би дэлгүүр орж Тайга гэсэн нэртэй 1 шил 750 граммын архи аваад н.Баатармөнх, н.Баярбат, н.Мөнхөөлөө нарын хамт ууж байж манай эхнэр н.Замбага хүрч ирээд удалгүй араас нь В.Г орж ирээд та нар архи ууж байгаа юм уу, надад ганц юм аваад өгөөч гээд н.Мөнхөөлөө машинтайгаа яваа бол би яваад ирье гээд дэлгүүр ороод 1 шил 500 граммын архи авчраад н.Баатармөнх, н.Баярбат, н.Мөнхөөлөө, В.Г бид 5 архиа хувааж уусан. Тэгээд архи дуусаад би авдарнаасаа Шар чингис гэсэн бичигтэй 1 шил 750 граммын архийг хувааж уусан. Тэгээд В.Гыг Жаргалант сумын Бяцхан булаг гэх газар эхнэр н.Замбагийн хамт хүргэж өгсөн. Тэгээд араа нь манай машиныг н.Баатармөнх, н.Баярбат нар унаад хүрч ирсэн. Тэгээд В.Гыг гэрт нь хүргэж өгөөд буцаад н.Баярбат, н.Баатармөнх, би, эхнэр н.Замбагийн хамт гэр рүүгээ явж байтал араас В.Г хүрч ирээд та нар манайд орж аяга цай уугаад яв гэсэн. Тэгээд бид нар буцаад В.Гын гэрт ороод цай уугаад байж байтал В.Г нэг шил архи гаргахаар бид нар уугаагүй гараад явсан. Тэгээд н.Баярбат, н.Баатармөнх, би эхнэр н.Замбагийн хамт гэртээ хариад машинаа хашаандаа оруулаад н.Баярбат, н.Баатармөнх нар гэр рүүгээ харьсан. Тэгээд маргааш буюу 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 10 цагт хуурай ах Ц.Б манайд хүрч ирээд 3 үхэр байна, идэш хийлцээд өг гээд би өөрийнхөө машинтайгаа н.Төмөрбаатарыг суулгаад явсан. Харин Ц.Б ах Т.Мөнгөнцэцэгтэй хамт миний машины урд яваад В.Гынд очсон. Тэгээд Ц.Б ах намайг тугал бярууны баас цэвэрлэ гээд би гараад малын баас цэвэрлэж байсан. Тэгээд гэр дотор В.Г эхнэр рүүгээ орилоод байхаар нь Ц.Б ах В.Гыг яагаад ингээд байгаа юм, болиоч гээд гэр дотор дуу гараад байхаар нь би яваад орсон. Тэгээд Ц.Б ах хаалган дээр зөрөөд надад хэлэхдээ чи В.Гыг хувцасла цагдаад хүргэж өгье гэсэн. Тэгээд В.Гыг хувцаслах гэтэл В.Гын эхнэр манай нөхөр ухаан алдсан байна гэсэн. Тэгээд би ам руу үлээж хиймэл амьсгал хийтэл сэрэхгүй байхаар нь би Ц.Б ах, В.Гын эхнэр Д.Эрдэнэмарттай хамт Жаргалант сумын эрүүл мэндийн төвд очоод хүлээн авах дээр нь эмчид үзүүлтэл өнгөрсөн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “...Талийгаач В.Гын биед тархины аалзан хальсан доторх цус харвалт, гавал ясны хугарал, зүүн 9-р хавирганы хугарал, биед цус харвалт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Талийгаачийн биед үүссэн гэмтэл нь амьд ахуйд үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Талийгаач В.Г нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины аалзан хальсан доорх цус харвалтын улмаас нас баржээ. Талийгаачийн цусанд 2.1 хувийн промилли спирт, ходоодны шингэнд 2.0 хувийн промилли спиртийн агууламж илэрсэн байна. Энэ согтолтын дунд зэрэгт хамаарна. Талийгаач нь /I/-р цустай байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83-86 тал/,

-Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн “...Ц.Б нь ямар нэг өвчин үгүй гэж үзлээ. Ц.Бат-Оршин нь мөрдөн байцаах явцад үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Ц.Б хэрэг хариуцах чадвартай болно...” гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 102-103 тал/,

-Шүүгдэгч Ц.Бын яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 18-ны орой өвлийн идэш хийх зорилготой Улаанбаатар хотоос Төв аймгийн Жаргалант сум руу явсан юм. Тэгээд шөнө 00:00 цаг өнгөрөөд Жаргалант сумын төв рүү орсон. Тэгээд өөрийн малчин болох В.Гын эхнэр Д.Эрдэнэмарт руу залгах үед манай нөхөр архи уугаад агсам согтуу тавиад орилоод байна гэж хэлсэн. Би тэгээд тэгвэл ах нь очих хэрэггүй юм байна, сумын төвд хонолоо, хүүтэйгээ явна, өглөө яваад очъё гэж хэлсэн. Би тухайн үед өөрийн төрсөн хүү 10 настай н.Мөнх-Арвистай хамт явж байсан юм. Тэгээд сумын төвд байрлах гэртээ хоноод өглөө 09 цаг 30 минутын үед идэш хийлгэхээр Т.Мөнгөнцэцэгийн гэрт очиж түүнийг гуйсан. Тэгээд Т.Мөнгөнцэцэг болон түүний дүү н.Төмөрбаатар, хөрш айлын залуу болох н.Эрдэнэцогт гурвыг дагуулаад 10 цаг 20 минутын үед малчин В.Гын гэрт очсон. Тэгээд гэрт орох үед баруун талын орны хажуу талд В.Г согтуу эхнэр рүүгээ орилж, хашгичаад сууж байсан. Би В.Гт хандаж миний дүү архи чинь гардаггүй юм уу яасан юм бэ, нэмээд уусан юм уу гэж хэлсэн. Тухайн үед В.Г надад хандаж ганц удаа уучиж болно биздээ ахаа гэж хэлээ агсамнаад дайраад байсан. Харин эхнэр Д.Эрдэнэмарт бид нарт цай аяглаж өгөнгөө хүн амьтан ирчихсэн байна, чи одоо болиоч гэж хэлсэн. Харин В.Г гичий минь чамд ямар хамаатай юм бэ, пизда минь гэж хэлээд дайраад байсан. Тэгээд би дундуур нь ороод чи болио эхнэрээ яах гэж ингэж байдаг юм бэ гээд болиулах гэж хэлсэн. Тэгтэл В.Г над руу дайрахаар нь хоолойн тус газраас нь барьж аваад түүнийг цааш нь түлхсэн юм. Харин В.Г унахдаа орны доор байсан ширээны өнцөг дагж хэсгээрээ эвгүй мөргөөд уначихсан юм. Тэгээд би шууд гараад н.Эрдэнэцогтын хамт цас арилгаад 5-6 минут зогсож байтал н.Эрдэнэмарт гэр дотроос Ц.Б ахаа В.Г ухаан алдсан юм шиг байна, сэрэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид нар сандралдаад эмнэлгийн тусламж үзүүлэхийг хүссэн. Би талийгаачид 2 минут орчим хиймэл амьгаа хийсэн. Ер нь болохоо байлаа яаралтай эмнэлэг явъя гээд сумын төв рүү шууд явсан. Манай малчны хөдөө гэр нь сумын төвөөс 5 км зайтай Жаргалант сумын Буурал 1 дүгээр баг Бяцхан булаг гэх газар байдаг юм. Талийгаачийг урд талын суудал  дээр хэвтүүлж суулгаад Д.Эрдэнэмарт, н.Эрдэнэцогт бид гурав 10 орчим минутын дотор сумын эмнэлэг орж талийгаачийг үзүүлсэн. Эмч үзээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Тухайн үед миний дотор харанхуйлах шиг болсон. Би юм ярьж чадахгүй шоконд ороод машиндаа ороод жаахан хөдөлж зогсоод машиндаа ганцаараа 20 минут уйлж суусан. Би дээрх явдалд маш их харамссан. Би түүний амь насыг хохироох алах ямар нэгэн санаа зорилго надад огт байгаагүй. Би өөрөө архи уугаагүй эрүүл саруул байсан, эхнэртээ агсам согтуу тавиад миний өөдөөс дайраад байхаар нь би болиулах гээд түүний үйлдлийг таслан зогсоох зорилгоор л түлхсэн юм. Хэсэг хугацааны дараа тайвшраад арай дээр болоод эмнэлэг орох үед Д.Эрдэнэмарт, н.Эрдэнэцогт нарыг цагдаагийн газраас дуудсан гэж байсан. Дараа нь хэсгийн төлөөлөгч н.Бат-Эрдэнэ, н.Ганбат нарын хамтаар н.Эрдэнэцогт, Д.Эрдэнэмарт бид хэд хөдөө гэр рүү явсан. Очоод би болсон зүйлийг шууд үнэн зөвөөр би түлхчихсэн юм гэж хэлсэн. Тэгээд гэрийг цоожлоод аймгаас цагдаа нар ирэхийг хүлээсэн. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 123-124 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Ц.Б нь Төв аймгийн Жарглант сумын Буурал 1 дүгээр багий нутаг дэвсгэр “Бяцхан булан” гэх газарт 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэн В.Гын хоолойн тус газарт гараараа түлхсэн болгоомжгүй үйлдлийн улмаас В.Гын амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

            Шүүгдэгч Ц.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,  шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Ц.Б нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэргийг үйлдсэн.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Ц.Бийн болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон хохиролд болгоомжгүйгээр хандсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцох ба шүүгдэгч Ц.Б нь амь хохирогч В.Гыг хоолойн тус газарт гараараа түлхсний улмаас амь нас нь хохирсон үйл баримтыг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.

 

Тухайлбал, шүүгдэгч Ц.Бын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн аравдугаар бүлэг “Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноороо төгсдөг, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Д.Нэргүйгээс: “Шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэх ялын дүгнэлтийг,

            Хохирол төлсөн байдал, гэм буруугаа хүлээж байгаа байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Быг гэм буруутайд болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийн цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.Б нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Ц.Бын гэм буруутай үйлдлийн улмаас В.Гын амь нас хохирсон байна. 

 

Шүүгдэгч Ц.Б нь 16.487.018 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт төлсөнг, шүүх хуралдааны товыг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Болормаа, Д.Эрдэнэмарт нарт мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Боос гаргуулах хохирол төлбөргүй,

Хохирогч Д.Эрдэнэмарт нь тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Эрүүгийн 2234000000536 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.Быг цагдан хоригдсон 1 /нэг/ хоногтойг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц.Бийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Ц.Бод оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт 16.487.018 төгрөгийг төлсөнг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эрдэнэмарт нь тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн 2234000000536 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ц.Б нь 1 /нэг/ хоног цагдан хоригдсонг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, 4 бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ю.ЭНХМАА