Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2025/0095

 

 

 

 

 

 

 

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн, 

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч

Нэхэмжлэгч: “К” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 224 дүгээр шийдвэрийн “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0767 дугаартай шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2023/1079/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                               

1. Нэхэмжлэгч “К” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “тус даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 224 дүгээр шийдвэрийн “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0767 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалтын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 244 дүгээр шийдвэрийн “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга М.Э-аас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. ..."К" ХХК нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь "Ш у" нэртэй газарт 2008 оноос эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаад НМ-025948 дугаартай өргөдөл гарган ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасныг төрийн захиргааны байгууллага хянан үзээд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар шийдвэрээр тус компанид 2826,39 гектар талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д "тусгай зөвшөөрлийн төлбөр" гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг", 34.2-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө" гэж хуульд заасан хугацаанд "К" ХХК нь 2023 оны ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 244 дүгээр шийдвэрээр тус компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын МВ-0221** дугаар бүхий тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

3.2. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т "Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана" гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 10/2916 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн албан ёсны бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн боловч шуудангийн буцалтаар ирсэн байна.

3.3. "К" ХХК нь төрийн захиргааны байгууллагад албан ёсны бүртгэлтэй хаягаа Баянгол дүүрэг 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны Өргөн чөлөө **-** TOOT, хувь нийлүүлэгчид: Ж.Ч -70%, Х Ц  -30%, Гүйцэтгэх захирал Ц.О гар утас ********, цахим шуудангийн хаяг *******@gmail.com" гэж бүртгүүлсэн байна.

Харин цуцалсан тухай мэдэгдлийг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 11/3596 дугаартай "мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр хүргүүлэхэд шуудангийн буцалтаар ирээгүй байна.

3.4. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ", Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д "Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно" гэж тус тус заасан байна.

3.5. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д "Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна" гэж заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын МВ-0221** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай Ашигт малтмал, газрын тосны газрын mrpam.gov.mn сайтад 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 148 дугаарт, мөн сайтын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2 дугаарт, Өнөөдөр сонины 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №142/7701/ дугаарт тус тус нийтэлж, 880982** дугаарын утсаар холбогдож мэдэгдсэн зэргээр захиргааны байгууллага нь хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлсний үндсэн дээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

3.6. Нэхэмжлэгч компани дээрх тусгай зөвшөөрлийг 2008 оноос эхлэн эзэмшиж байсан бөгөөд тухайн цаг мөчөөс жил бүр тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2022 он хүртэл тасралтгүй 15 жилийн турш төлсөөр ирсэн ба энэ нь тухайн компанийн хувьд мэдэх боломжгүй цоо шинэ зүйл биш бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь захиргааны байгууллагатай харилцаж байх үедээ тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа болж байгааг мэдэж байсан, энэ талаар холбогдох мэргэжилтэн түүнд урьдчилан сануулж анхааруулж байсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө", 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө" гэж заасан хугацаанд буюу 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө ээлжит 2 дахь жилийн төлбөрөө төлөөгүй, 34.6-д "хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилийн төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги ногдуулна", 34.7- д заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл буюу алдангийн хамт төлөх боломжит хугацаа 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөөгүй байдаг.

3.7. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу Тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалахын тулд мөн хуулийн 31.1-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална." гэж заасан ба "К" ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор тусгай зөвшөөрлийн ээлжит 2 дахь жилийн төлбөрөө төлөх үүрэгтэй байсан байна.

3.8. Нэхэмжлэгчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх боловч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргээс чөлөөлөх, хугацаа хойшлуулах үндэслэл болохгүй. Учир нь: Дээр дурдсан хуулийн заалтаар тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг хадгалахын тулд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүрэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т "Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно" гэж зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай байлаа ч хуульд заасан хугацаандаа төлж, баримтаа ирүүлэх бүрэн боломжтой байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн ба тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухай нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад өнөөдрийг хүртэлх хугацаанд ирүүлээгүй байна.

3.9. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд цуцална" гэж заасан хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн "Тусгай зөвшөөрөл цуцлах тухай" 244 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МВ-0221** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байсан.

3.10. Дээр дурдсанчлан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх, цуцлах харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулсан. Нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул захиргааны байгууллага хуульд заасны дагуу тухайн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, мэдэгдлийг хүлээн аваагүй гэх шалтгаанаар маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч "К" ХХК-ийн нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүчингүй болгож шийдвэрлэх байтал 2024 оны дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2024/0767 дугаар шийдвэр гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх", 106.4-т "шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна." гэх шаардлагыг тус тус хангахгүй байх бөгөөд анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2024/0767 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, дараах байдлаар нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “К” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “тус даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 224 дүгээр шийдвэрийн “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.1. Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 244 дүгээр шийдвэрээр “...хуульд заасан хугацаанд "К" ХХК нь 2023 оны ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй” үндэслэлээр тус компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын МВ-0221** дугаар бүхий тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

2.2. Нэхэмжлэгчээс “...компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндсөн захиргааны актыг бидэнд албан ёсоор мэдэгдээгүй, ...2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 10/2916 тоот мэдэгдлийг урьд тус компанийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаар 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн өмчлөлийн хувьцааг Х.Ц шилжүүлэн өгсөн Ж.Ч хүргүүлсэн байж болзошгүй, ...өнөөдрийг хүртэл манай компанид албан ёсоор мэдэгдээгүй тул энэ захиргааны акт хүчин төгөлдөр болоогүй” гэж, хариуцагчаас “...тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй, ...ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргахдаа К-04 маягтад бөглөсөн хаягаар тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг хүргүүлсэн, ...хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.

3. Нэхэмжлэгч компанид Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар шийдвэрээр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Ш у нэртэй 2826,39 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгожээ.

4. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө", 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө" гэж заасан хугацаанд буюу 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө ээлжит 2 дахь жилийн төлбөрөө төлөөгүй, 34.6-д "хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилийн төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги ногдуулна", 34.7- д заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл буюу алдангийн хамт 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх боломжтой боловч төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчээс уг үйл баримттай маргадаггүй.

4.1. Хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 10/2916 дугаар албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг болон Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан алдангийг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд төлөх боломжтой талаарх мэдэгдлийг тус компанийн албан ёсны бүртгэлтэй /Баянгол дүүрэг 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны Өргөн чөлөө 41-** тоот /880982**/ хаягт/ хүргүүлсэн боловч “Ийм газар байхгүй” гэсэн шалтгаанаар буцаагдсан байна.

4.2. Хэдийгээр нэхэмжлэгчээс “...уг компанийн албан ёсны бүртгэлтэй хаяг Хан-уул дүүрэг, 3-р хороо, 44в байрны 2** тоот хаяг болох өөрийн хаягаараа харилцаад явж байсан, ...гэтэл цуцлах үндэслэл бүрдсэн мэдэгдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын цахим сайтад бүртгэгдсэн Баянгол дүүргийн хаягаар хаягаар явуулсан гэж тайлбарлах боломжгүй” гэж маргах  боловч Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх” үүргээ биелүүлээгүй тохиолдолд “мэдэгдэл гардаж аваагүй” гэж маргаж буй үндэслэлийг нь зөвтгөх, “мэдэгдэл хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

4.3. Нөгөөтээгүүр, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагчийн мэдэгдлийг хүлээн авснаар нэхэмжлэгчид төлбөр төлөх үүргээ биелүүлэх үндэслэл үүсэхгүй, харин төлбөрөө Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7-д заасны дагуу төлсөн талаар нотлох, хариуцагч уг нотлох баримтыг хянаж, мэдэгдлийг хүчингүй болгох, эсхүл тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг гаргахаар байна.

4.4. Тодруулбал, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацааны дотор төлөх үүрэгтэй, уг үүргийг зөрчсөн нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болох талаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т тухайлан заасан байх тул тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг нэхэмжлэгч мэдээгүй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлахгүй байх үндэслэл болохгүй.

5. Гэтэл анхан шатны шүүх холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж “...хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахтай холбоотой мэдэгдлийг нэхэмжлэгчтэй өмнө нь харилцаж байсан хаягаар хүргүүлэлгүйгээр нэхэмжлэгчийн байдаггүй хаягаар хүргүүлэн, мэдэгдэл буцаж ирсэн байхад мэдэгдлийг хууль журмын дагуу хүргүүлсэн гэж үзэх үндэслэлгүй” хэмээн дүгнэж, маргаан бүхий шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Иймд эдгээр хууль зүйн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “К” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0767 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-ийн гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 224 дүгээр шийдвэрийн “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахшаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

     ШҮҮГЧ                                                      Н.ХОНИНХҮҮ

        ШҮҮГЧ                                                     С.МӨНХЖАРГАЛ

        ШҮҮГЧ                                                   Н.ДОЛГОРСҮРЭН