Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 298

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 07 өдөр               Дугаар 153/ШШ2019/00298              Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг Андзол ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэл 2,275,312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнх-Амьдрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, гэрч Д.Дэлгэрмаа, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Батчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар нийгмийн даатгалын шимтгэл гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг хэлнэ гэж заажээ.

Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт тусгасан. Гэтэл харилцагч Андзол ХХК нь 2013 оны 1 дүгээр сараас 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлөөгүй 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2,275,312 төгрөгийн өр үүсгэж нийгмийн даатгалын санд учруулсан хохирлоо барагдуулаагүй байна.

Иймд хариуцагч Андзол ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 2,275,312 /хоёр сая хоёр зуун далан таван мянга гурван зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнх-Амьдрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Андзол ХХК-ний захирал И.Сүрэн гэж гаргасан. Учир нь Андзол ХХК-ний захирал нь И.Сүрэн юм. Андзол ХХК нь ажилтны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй учир Андзол ХХК-нийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй этгээд болох И.Сүрэнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Харилцагч Андзол ХХК нь 2013 оны 1 дүгээр сараас 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлөөгүй 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2,275,312 төгрөгийн өр үүсгэж нийгмийн даатгалын санд учруулсан хохирлоо барагдуулаагүй байна. Тус компани нь тайлангаа өгсөн боловч шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй. Ингээд хуульд заасны дагуу шимтгэлээ төлөх талаар удаа дараа мэдэгдсэн мөн компаний дансыг хаасан. Иймд хариуцагч Андзол ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 2,275,312 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү. Энэхүү өр төлбөрт алданги тооцоогүй гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтэс нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй, нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 2,275,312 төгрөгийг Андзол ХХК-д холбогдуулан гаргаад байна уу, иргэн Сүрэнд холбогдуулан гаргаад байгаа нь тодорхойгүй байна. Энэ компаний захирал нь хэн бэ гэдэг нь тодорхойгүй байна. Энэ нь нотлогдохгүй байна. Миний мэдэхийн Анхбаяр гэдэг хүн захирал байх гэж бодож байна гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Андзол ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл 2,275,312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнх-Амьдрал шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...манайх нэхэмжлэл гаргахдаа Андзол ХХК-нийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй этгээд болох И.Сүрэнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Гэхдээ Андзол ХХК-ний 2013 оны 1 дүгээр сараас 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг нэхэмжилж байгаа тул Андзол ХХК-иас нэхэмжилж байгаа гэж тодрууллаа.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Андзол ХХК-ний 2013 оны 1 дүгээр сараас 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн 2,275,312 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн дотор барагдуулахыг шаардсан албан бичиг /хх-6/-ийг 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гаргасан байна. Хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэлийг дээр дурдсан хугацаанд төлөөгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан гэрч Д.Дэлгэрмаагийн мэдүүлэг, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах журамтай. Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардах, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги ногдуулах эртхэй байна. Харин Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хугацаандаа төлөгдөөгүй шимтгэл 2,275,312 төгрөгийг нэхэмжилсэн ба шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцоогүй байна.

Андзол ХХК буюу ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-т зааснаар даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ тогтоосон хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Андзол ХХК-ний захирал нь И.Сүрэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж тайлбарлах боловч түүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон Андзол ХХК-ний захирал гэж гарын үсэг зурж, тамга дарсан албан бичгээс үзэхэд тус компаний захирал нь И.Сүрэн болох нь нотлогдож байна. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, татгалзсан үндэслэлийн талаарх баримтаа гаргаж өгөөгүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд хариуцагч Андзол ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл 2,275,312 төгрөгийг гаргуулан Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жавзмаа, прокурор Т.Өсөхболд нар нь шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч товлосон өдөр ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгч байгууллагын нэг төлөөлөгч А.Мөнх-Амьдралыг байлцуулан хэрэгт цугларсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнх-Амьдрал нь шүүх хуралдаанд шинээр Андзол ХХК-ний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2013 оны 1-6 дугаар сарын тайланг гаргаж өгсөн бөгөөд тус тайлан нь нэхэмжлэгч байгууллагын хуулбар үнэн дардас дарсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд заасны дагуу чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч Андзол ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 51,354 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хариуцагч Андзол ХХК-иас хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 2,275,312 төгрөг гаргуулан Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч төрийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Андзол ХХК-иас 51,354 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.МАРИНА