Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/74

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

-улсын яллагчаар М.Одгэрэл,

-насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х,

-шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж үйлдэж ирүүлсэн яллагдагч Н.Бт холбогдох эрүүгийн 2234007440010 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт оршин суух хаягтай, урьд

-Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2, 230.1-т зааснаар 2 жил хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнссэн,

-Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 395 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.1-т зааснаар 3 жил 5 сарын хорих ял оногдуулсныг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 596 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял болгож үлдэгдэл 7 сар 15 хоногийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн тэгшитгэлээр хугацааны өмнө тэнсэн суллагдаж ял шийтгэгдэж байсан, Н.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Баянжаргалан сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Уушгийн 7 дугаар гудамжинд Даюун маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 “а” болон “б” заалт буюу “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ бичиг баримттай байна”, 3.5 “а”-р заалт буюу “Зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 1.3-р заалт буюу “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.1-р заалт буюу “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гарган насанд хүрээгүй хохирогч Э.Мг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулах, мөн хэргийн газрыг зориуд орхин зугтааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Н.Б нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х нь мэдүүлэхдээ: “Гэрийнхээ баруун хойд буланд  мөргүүлсэн байсан тухайн үед 2 шүд хугарсан, аарцаг нь гэмтсэн нурууны яс нь гэмтсэн, шүд нь ургах эсэхийн мэдэхгүй байна ерөнхийдөө эмчилгээ хийлгээд хэвийн байгаа” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234007440010 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судлахад

Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Баянжаргалан сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Уушгийн 7 дугаар гудамжинд Даюун маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 “а” болон “б” заалт буюу “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ бичиг баримттай байна”, 3.5 “а”-р заалт буюу “Зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 1.3-р заалт буюу “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.1-р заалт буюу “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гарган насанд хүрээгүй хохирогч Э.Мг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулах, мөн хэргийн газрыг зориуд орхин зугтаасан үйл баримт нь дараах:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-12 тал/,

-Насанд хүрээгүй хохирогч Э.Мгийн “...Би найз болох н.Мөнхсоёл, н.Номио хоёртой гадаа тоглож байсан. Тэгтэл мотоциклтой ах ирээд намайг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,

-Насанд хүрээгүй гэрч Ш.Мөнхсоёлын “...2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 2 найзтайгаа гудамжинд тоглоод найзынх руугаа явж байхад мотоциклтой хүн гараад ирэхээр нь хажуу тал руу зугтаасан чинь тэр мотоциклтой хүн Э.Мг мөргөөд мотоцикл нь Э.Мг дараад уначихсан. Тэгээд мотоциклтой ах шууд хөдлөөд яваад өгсөн. Э.Мгийн амнаас нь цус гарчихсан байсан. Би шууд ээжид Э.М мотоциклд дайруулчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

-Насанд хүрээгүй гэрч У.Номин-Эрдэнийн “...2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 2 найзтайгаа тоглоод найзынх руугаа явж байхад цэнхэр мотоциклтой хүн гараад ирэхээр нь хажуу тал руу зугтаасан чинь тэр мотоциклтой хүн Э.Мг мөргөөд мотоцикл нь Э.Мгийн хөл дээр дараад уначихсан. Тэгээд мотоциклтой ах шууд мотоциклоо унаад зугтаагаад явчихсан. Э.Мгийн амнаас нь шүднээс нь цус гарчихсан байсан. н.Мөнхсоёл бид хоёр н.Цацрал эгчид хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

-Насанд хүрээгүй гэрч Т.Чингүүнийн “...2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 16 цаг өнгөрөөд хичээлээ тараад гэр рүүгээ явж байхад саарал цамцтай хар өмд өмсчихсөн Н.Б ах цэнхэр өнгийн мотоциклтой гудамжинд эмэгтэй хүүхдийг мөргөөд онхолдоод унасан. Тэгээд Н.Б ах тэр хүүхдийг босгочихоод явсан. Би Н.Б ахыг мотоциклтой хүүхэд мөргөхийг ойролцоогоор 200 метрийн зайнаас л харсан. Би Н.Б ахыг өмссөн хувцас мотоциклоор нь таньсан. Н.Б ах манайхаар байнга ирдэг юм. Н.Б ахаас өөр мотоциклтой хүн тэр гудамжаар яваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 138 дугаартай “...Э.Мгийн биед зүүн умдаг ясны дээд салаа, ууцны ясны 1-р нугалмын зүүн латерал талын хугарал, цууралт, зүүн цавь, түнхний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-51 тал/,

-2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10/01 дугаартай “...Улсын дугааргүй Даюун маркийн мотоцизлийн жолооч Н.Б нь МУ-н ЗХД-ийн заалт зөрчсөн байна. Улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийн жолооч Н.Б нь МУ-ын ЗХД-ийн 3.1 “а” болон “б” заалт буюу “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл, ...тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ ...бичиг баримттай байна”, 3.5 “а”-р заалт буюу “Зам тээврийн осолд холбогдогч жолооч... тээврийн хэрэгслээ нэн дариу зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх ... үүргийг хүлээнэ” 1.3-р заалт буюу “Замын хөдөлгөөний оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.1-р заалт буюу “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна...”. Явган зорчиг Э.Мгийн асран хамгаалагч нь МЖ-ын ЗХД-ийн заалт зөрчсөн байна. Явган зорчигч Э.Мгийн асран хамгаалагч нь МУ-ын ЗХД-ийн 27.2-р заалт буюу “Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд ... 10 хүртэл насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх ... зэргийг хүлээнэ” гэснийг зөрчсөн байна. Улсын дугааргүй даюун маркийн мотоциклийн жолооч Н.Б нь МУ-ын КХД-ийн 3.1 “а”, 1.3, 12.1-р заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна. Осол болоход замын нөхцөл байдал, үзэгдэх орчин нөлөөлөөгүй байна. Хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нэмэлт зүйлс илэрсэнгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 66-67 тал/,

-Шүүгдэгч Н.Бын яллагдагчаар өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэр рүүгээ харих гээд өөрийн эзэмшлийн даюун маркийн мотоциклтойгоо явж байтал хашааны буланг тойрсон чинь 3 хүүхэд шороо бөөгнөрүүлээд тоглож байсан. Би тойроод гарах гэтэл 1 эмэгтэй хүүхэд миний мотоциклд мөргүүлээд уначихсан. .Тэгээд би тэр хүүхдийг босгоод амнаас нь цус гараад байхаар нь би зугтаагаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 107 тал/ зэрэг болон шүүгдэгч Н.Бын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой,

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Баянжаргалан сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Уушгийн 7 дугаар гудамжинд Даун маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 “а” болон “б” заалт буюу “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ бичиг баримттай байна”, 3.5 “а”-р заалт буюу “Зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 1.3-р заалт буюу “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.1-р заалт буюу “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гарган насанд хүрээгүй хохирогч Э.Мг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулах, мөн хэргийн газрыг зориуд орхин зугтаасан үйл баримт тогтоогдсон.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Н.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Мгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, хэргийн газрыг зориуд орхин зугтаасан байна.

Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Мгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан  байна.

 

Шүүгдэгч Н.Бын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

 

Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр  илэрдэг болно.

Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.

 

Шүүгдэгч Н.Бын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдэнэ. Тодруулбал: гэмт хэрэг үйлдсэн хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, тухайн үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүй хандсан байна. Харин Н.Бын ослын газрыг орхиж зугтаасан үйлдэл нь дээрх гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Н.Бын үйлдсэн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Баянжаргалан сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Уушгийн 7 дугаар гудамжинд Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодох эрхгүй үедээ зам тээврийн осол гарган насанд хүрээгүй хохирогч Э.Мг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан, мөн зам тээврийн осол гаргасан газрыг орхиж зугтаан явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Быг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

 

Улсын яллагчаас: “Шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 6 сар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаж, 3 сар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх санал гаргаж нийт эдлэх ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаж, 9 сар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх санал гаргаж байна” гэх ялын дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс: Гэм буруугаа хүлээж, улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна.Шүүгдэгч Н.Б нь байнгын  эмчилгээтэй унаж татдаг тул зорчих эрх хязгаарлах ялын хязгаарлалтыг Төв аймгийн нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Н.Бын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял”, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” тус тус оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Бт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагавар болох эмчилгээний зардлыг төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал /байнгын эмчилгээтэй, унаж татдаг/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж улсын яллагчаас гаргасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг үндэслэлтэй байн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож,

Шүүгдэгч Н.Б нь эрүүл мэндийн шалтгааны улмаас Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нөхцөл байдал үүсч болзошгүй тул /хил залгаа сумдаар дамжин өнгөрөх учраас/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Н.Быг Төв аймгийн нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг хориглох, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Быг Төв аймгийн нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу хорих ялаар солихыг анхааруулж, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харъяа дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Болорын ял шийтгэл шалгах хуудсаар 2 удаагийн ял шийтгэлтэй байх ба болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж эрүүл мэндэд шууд учирсан үр дагавар болох хохирол болон эмчилгээний зардлыг төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Н.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Н.Бын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Мгийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байна.

Шүүгдэгч Н.Б нь мөрдөн байцаалтын шатанд 1.000.000 төгрөгийг төлсөнг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 455.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хангаж, шүүгдэгч Н.Боос 455.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Хд олгож, насанд хүрээгүй хохирогч Э.М, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Х нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг,

 

Эрүүгийн 2234007440010 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт авагдсан “1 ширхэг сиди”-г хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хадгалуулахыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Шүүгдэгч Н.Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг,

-мөн шүүгдэгч Н.Быг авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориудаар орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

        1. Шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

-мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

        1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

        1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг шүүхээс тогтоосон Төв аймгийн нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулсугай.

 

        1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Н.Быг Төв аймгийн нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэсүгэй.

 

        1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.

 

        1. Шүүгдэгч Н.Бт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

        1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.Б нь насанд хүрээгүй хохирогч Э.М, түүний хууль ёсны төлөөлөгч нарт 1.000.000 төгрөг төлсөнг, шүүгдэгч Н.Боос 455.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Хд олгож, насанд хүрээгүй хохирогч Э.М, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

        1. Эрүүгийн 2234007440010 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт авагдсан “1 ширхэг сиди”-г хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хадгалуулсугай.
        2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Бын тээврийн хэрэгсэл  жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
        3. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
        4. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
        5. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
        6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ю.ЭНХМАА