Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2019/00045/И |
Дугаар | 289 |
Огноо | 2019-06-06 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 289
2019 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 153/ШШ2019/00289 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 3-6 тоотод оршин суух, ПП68060508 тоот регистрийн дугаартай, Яргайт овогт Баярлахын Оюунцэцэгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Оюунцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1968 оны 6 дугаар сарын 5-ны өдөр төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өсөн хүмүүжиж байгаад 8 настайдаа Ховд аймгийн Мянгад сумын 8 жилий сургуульд 1976 онд орж суралцаж байгаад 6 дугаар ангиасаа сургуулиас гарсан. Эцэг эхийн хамт Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригад буюу Агваш багт мал маллаж байгаад 1989 онд хүнтэй суусан. Миний хөдөлмөрийн дэвтэрт ажиллаж байсан байдлыг 1985 оноос эхэлж бичсэн болохоор би ажиллаж байсан байдлаа тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Ховд аймгийн ЗДТГ-ын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд миний хөдөлмөр хөлс 1983 онд бичилттэй мөртлөө 1984 оноос 1985 оны 70 дугаар данс дээр нэр гарч ирэхгүй байгаа юм. Тухайн үед нэг жил ажиллаад нэг жил ажиллахгүй байна гэсэн ойлголт байдаггүй байсан. Ажил хийдэггүй хүн тэр үеийн нийгэмд байгаагүй. Тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн хөлс бичдэг албан тушаалтнуудын буруугаас л болж хөдөлмөр хөлсийг алдаг оног бичсэн байсан байх гэж ойлгож байна.
Иймд намайг 1983 оноос 1989 оны 12 дугаар сарын 2-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Б.Оюунцэцэг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би эцгийн хамт тэмээ малладаг байсан. Би 1989 онд гэр бүл болсон. Тэгээд 1989 оны 09 дүгээр сард хуримаа хийгээд Эрдэнэбүрэн суманд очсон. Манай нөхөр тухайн үед Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан. Би болохоор ажилгүй, гэртээ байдаг байсан учир нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 1989 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Оюунцэцэг нь 1983 оноос 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2240 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Ховд аймгийн Дөргөн сумын Агваш бригадын 1983-1985,1988 онуудын Баярлахын нэр дээрх 70 дугаар дансны хуулбарууд”,
-Б.Оюунцэцэгийн нэр дээрх 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Б.Оюунцэцэгийн 0700568 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Б.Оюунцэцэгийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
-Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 21 дугаартай “Илгээлтийн эздийг ажил үйлдвэрлэлд хуваарилж томилох тухай” тушаалын хуулбар,
-2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл,
-Гэрч Д.Пүрэвийн шүүхэд өгсөн “...Би 1968-1970 онд Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд явсан. 1973 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдлийн Цагаанбулан бригадад малчнаар 1980 он хүртэл ажилласан. 1979 онд Ховд аймгийн Мянгад сумаас Ховд аймгийн Дөргөн сум салаад Дөргөн сум Сүхбаатарын зам нэгдэл болж, Мянгад сум Давшилт нэгдэл болсон юм. Түүнээс хойш Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригдад малчнаар 1990 он хүртэл ажилласан. Б.Оюунцэцэг нь бага анги л дүүргэсэн санагдаж байна. Эцэг, эхийн хамт Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад үхэр маллаж байсан. Б.Оюунцэцэг нь хөдөлмөрийн насанд хүрээд л Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш буюу 1 дүгээр бригадад саальчнаар ажиллаж эхэлсэн. Нэгдэл тарах хүртэл тасралтгүй саальчнаар ажилласан. Тэр үед нэг хүн нормын 15 үхэр сааж байсан. Б.Оюунцэцэгийн аавынх нь нэрийг Ламбын Баярлах гэдэг. Ээжийнх нь нэрийг Цэвэгмид гэдэг байсан. Б.Оюунцэцэгийн эгч, дүү нарынх нь нэрийг Наранцэцэг, Цэвээнноров, Дамдинжав гэдэг байсан...” гэх мэдүүлэг,
-Гэрч Ц.Цагааны шүүхэд өгсөн “...Би 1971-1979 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад саальчин, малчнаар ажиллаж байсан. 1979-1990 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд саальчин, малчнаар мөн ажиллаж байсан. Б.Оюунцэцэгийн аав манай хоёрынх олон жил айл саахалт явсан. Б.Оюунцэцэг нь 4 дүгээр ангиас гараад эцэг, эхийн хамт мал маллаж, сааль саадаг байсан. Тэр үед нэг хүн нормын 15 үхэр сааж байсан. Б.Оюунцэцэгийн аавынх нь нэрийг Ламбын Баярлах гэдэг. Ээжийнх нь нэрийг Цэвэгмид гэдэг байсан. Б.Оюунцэцэгийн эгч, дүү нарынх нь нэрийг Наранцэцэг, Алтанцэцэг, Цэвээнноров, Дамдинжав, Амраа гэдэг байсан. Одоо заримынх нь нэрийг мартсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Б.Оюунцэцэг нь 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад саальчин, малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдож байна.
Харин түүний 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1989 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдохгүй байна. Хэрэгт авагдсан Ховд аймгийн Дөргөн сумын Агваш бригадын 1983 оны Баярлахын нэр дээрх 70-р дансны хуулбарт “Б.Оюунцэцэг” гэх нэр бичигдсэн боловч хүсэлт гаргагч Б.Оюунцэцэг нь 1983-1985 онд Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн сургуульд сурч 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төгссөн болох нь хэрэгт авагдсан Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 21 дугаартай “Илгээлтийн эздийг ажил үйлдвэрлэлд хуваарилж томилох тухай” тушаалын хуулбар, тус тушаалын 6-д Баярлахын Оюунцэцэг нь тэмээчнээр томилогдсон тухай бичигдсэн, мөн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогдож байна. Шүүхээс 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Дөргөн сумын ерөнхий боловсролын сургуулийн 1983-1985 оны 7-8 дугаар ангийн журналд үзлэг хийхэд Баярлахын Оюунцэцэг нь 7-8 дугаар ангид биечлэн, бүрэн сууж, төгссөн болох нотлогдож байна.
Харин хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Нямдорж нь шүүх хуралдаанд “...Б.Оюунцэцэгийн аав нь таньдаг хүмүүст хэлээд Б.Оюунцэцэгийн нэрийг оруулаад 8-р ангийг төгссөнөөр бүртгүүлсэн” гэж тайлбарлах боловч үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд түүний ерөнхий боловсролын сургуульд сурч байсан 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал хугацааг улсад ажиллаж байсан байдлаар тогтоох боломжгүй юм.
Мөн хүсэлт гаргагч Б.Оюунцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан ....Би 1989 оны 09 дүгээр сард хуримаа хийгээд Эрдэнэбүрэн суманд очсон. Манай нөхөр тухайн үед Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан. Би болохоор ажилгүй байдаг байсан.... гэх тайлбар, 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нээсэн 1989 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 22 тоот тушаалаар амьдралын шаардлагаас Эрдэнэбүрэн сумын услалтын системд шилжүүлэв гэх бичилттэй хүсэлт гаргагчийн нэртэй хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Л.Батмягмар, Б.Оюунцэцэг нар нь 1989 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болсон тухай бичилттэй 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 36/000465 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1989 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал нь үгүйсгэгдэж байна.
Иймд Б.Оюунцэцэгийн 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1989 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад малчнаар ажиллаж байсан байдлын талаарх баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд хандах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хавтаст хэргийн 13, 15 дугаар хуудсанд авагдсан иргэн Д.Пүрэв, А.Цагаан нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Хүсэлт гаргагч Б.Оюунцэцэг нь өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэх хүсэлтийг шүүх хуралдаанд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д заасны дагуу түүний өмгөөлөгчийг байлцуулан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПП68060508 тоот регистрийн дугаартай, Яргайт овогт Баярлахын Оюунцэцэгийн 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Хүсэлт гаргагч Б.Оюунцэцэг нь 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1989 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад малчнаар ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА