Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/121

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтлөн

улсын яллагч М.Энхжаргал

шүүгдэгч П.*******

насанд хүрээгүй хохирогч Ж.*******ын хууль ёсны төлөөлөгч /эцэг/ Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000015 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1966 оны ******* дугаар сарын 06-нд Архангай аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, группэд байдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* гудамжны ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:УУ66*******0619/, ******* овогт *******ийн *******.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч П.******* 2022 оны ******* дугаар сарын 03-ны өдрийн 18 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хар хорин” худалдааны төвийн автомашины зогсоол дээр насанд хүрээгүй хохирогч Ж.*******ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч П.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.******* “Манай хүү Хархорин зах дотор ажилладаг юм. 2022 оны ******* дугаар сарын 03-ны орой 18 цагийн орчим би хүүгээ хүлээгээд Хархорин захын хашаан дотор зогсоол дээр машин барьж чадахгүй учраас машинаа асаагаад халаагаад сууж байсан. Тэгтэл нэг авгай ирээд намайг “машинаа холдуулчих” гэхээр нь би “холдуулах шаардлага байхгүй, тойроод гарчих” гэж хэлсэн. Тэгээд би машинаа хальт хөдөлгөөд буцаагаад байранд нь тавьсан. Тэгтэл нөгөө авгай намайг “машинаа гарга хувиа хичээсэн пизда” гэж хэлсэн. Тэгээд байхаар нь би дотор талаас нь машинаа түгжчихсэн чинь гаднаас машин цохиод өшиглөөд байхаар нь би гараад “болиоч” гэхэд миний баруун чих рүү гараараа шууд цохисон. Би шатны урд тал руу зугтаасан. Намайг хараагаад дайраад байхаар нь би түлхсэн. Би тэр хүүхдийн хоолойг ороолтоор боосон гэж бодохгүй байна. Харин нааш цааш түлхэлдэж байхад гар хуруу нь шалбарсан байж болно.  Тэгээд л бөөн бужигнаан болж байхад манай хүү гарч ирээд салгахад манай хүү рүү дайрсан. Тэр авгай манай хүү рүү “намайг зод чи гээд дайрахад манай хүү надад тийм ухамсар байхгүй” гэж хэлсэн. Тэгээд баруун талын хойд талын хаалга руу өшиглөсөн. Миний нүүрнээс цус их гарсан байсан. Манай хүү ус авчраад угаалгасан. Би хүүхэд, эмэгтэй хүн хоёртой заргалдаад яахав дээ гэж бодоод орхисон. Манай хүү гарч ирээгүй байсан бол яах байсан талаар мэдэхгүй байна. Харанхуй байсан болохоор танай хүүхдийг сайн хараагүй эрэгтэй хүүхэд байна гэж бодсон. Эрэгтэй хүүхэд байна гэж бодсон, намайг уучлаарай. Би элэг солиулах хагалгаанд ороход  эмчилгээний зардалд 250.000.000 төгрөг шаардлагатай байгаа. Тэгээд хандивын аян өрнүүлж байгаа. Иймд би хохирол төлбөр төлж чадахгүй. Дариймааг энэ хэрэгт яллагдагчаар татуулмаар байна. ” гэсэн мэдүүлэг.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.******* “Манай хүүхэд надад хэлэхдээ ээжийн толгой руу нэг хүн цохиод байхаар нь би очиход тэр хүн миний нүд рүү цохиод, өвдөг рүү нь цохисон, миний ороолтоор хоолой боосон гэж хэлсэн. Манай  хүүхэд том биерхүү,  хүнд зодуулчихаар хүн биш. Хөгшин хүн байсан учир эсрэг хөдөлгөөн хийгээгүй гэсэн. Энэ шүүгдэгч би группэд байдаг хүн гээд цэнхэр үнэмлэх гаргаж ирээд яасан ч чадна шүү гэж хэлж байсан гэсэн. Хүүхэд нь гарч ирээд манай аав нэг орилчихоороо ингээд байдаг юм гэж хэлсэн гэсэн. Би эмчилгээ хийлгэсэн зардлаа нэхэмжилж байгаа. Охин руу маань нэг ч удаа ярьж уучлалт гуйгаагүй. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг.

 

Гурав: Эрүүгийн 2305000000015  дугаартай хэргээс:

1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Ж.*******ын өгсөн: “2022 оны ******* дугаар сарын 03-ны өдөр өглөө гэрээсээ 08 цагийн үед  гараад бөхийн бэлтгэл рүүгээ явчхаад өдөр 15 цагийн үед Хархорин зах руу явсан. Манай ээж лангуу ажиллуулдаг юм. Ээжтэй хамт лангууг нь хаагаад 18 цагийн үед Хархорин худалдааны төвөөс гараад машин руугаа явах гээд Хархорин худалдааны төвийн баруун талын хаалганы урд талд ирэхэд шар өнгийн жижигхэн машин манай машиныг таглаад тавьчихсан байсан. Ээж тухайн машины эзэн нь гэмээр жижигхэн, намхан ах дээр очоод “та энэ машины жолооч мөн үү манай машиныг таглачихсан байна. та бид хоёрыг гарахаар буцаад машинаа оруулчих” гэж хэлсэн. Тухайн ах машин руугаа ороод машинаа хөдөлгөөд гаргах гэж оролдсоноо буцаж машинаа ухраагаад байрандаа зогсчихсон. Машинаасаа бууж ирээд би бараа оруулах гэж байгаа юм чадахгүй гэж хэлсэн. Удалгүй манай ээжтэй тухайн танихгүй ах маргалдаж байснаа ээжийн толгой руу цохиж байгаа харагдахаар нь би тухайн ахын куртикнээс нь барьж авахад миний хүзүүнд байсан ороолтоор хоолойг маань боогоод зүүн хөл рүү хөлөөрөө өшиглөөд чи одоо яах гээд байгаа новш вэ гэж хэлээд миний зүүн нүд рүү цохисон. Удалгүй нөгөө ахын хүү нь гэмээр нэг ах гарч ирж салгасан. Тэгээд бид хоёртой маргалдсан ах ээж, бид хоёрыг харааж орилж дайраад машинаасаа бичиг баримт гаргаж ирснээ би группийн хүн та нар намайг бүлэглэж зодлоо гэж уурлаад байсан. Тэгээд би цагдаа дуудна гэхэд миний утсыг гараас булааж авснаа утсыг чинь хагалчихна шүү, хурууг чинь хугалчих нь шүү гээд миний эрхий хурууг мушгиад байсан. Орой нь гэртээ харихад толгой өвдөөд, бөөлжөөд шөнөжин унтаж чадаагүй...Тухайн ах намайг зодох гээд байхаар нь би куртикнээс нь заамдсан. Би өмнө нь тухайн ахыг огт харж байгаагүй. Ээжтэй маргалдаж байхад УБЕ улсын дугаартай жижигхэн, шар өнгийн машин байсан. Одоо харвал таних байхаа. Одоо миний зүүн нүд хавдаад улайгаад тагларсан, зүүн өвдөг өвдөж байгаа. Нүүр рүү цохисноос болоод шөнөжин толгой өвдөж бөөлжөөд өнөөдөр аавтайгаа хамт хөл, толгойгоо бариулсан. Шүүх эмнэлэгт үзүүлнэ.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дахь тал),

                                     

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Дариймаагийн гэрчээр өгсөн: “Би Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хархорин  төвд бараа зардаг ажил хийдэг юм аа. 2022 оны ******* дугаар сарын 03-ны өглөө 10 цагийн үед өөрийн ажил дээрээ ирсэн юм. Орой 18 цагийн үед ажлаа тараад гадаа байх автомашины зогсоол дээр ирсэн чинь миний машиныг урд нэг машин тавьсан байсан. Тухайн автомашины эзэн рүү залгах гээд утсаа гаргаж ирсэн чинь цэнэг дуусаад утас унтарсан байсан. Тэгээд би харсан чинь миний машины урд тавьсан машины хойд талд нь зогсож байсан УБЕ улсын дугаартай машиныг хөдөлгөх юм бол миний машин гарахаар харагдаж байсан. Би тухайн машин дээр очих үед жолооч нь дотор талдаа сууж байсан би машины жолооч үл таних эрэгтэй /П.*******/-д хандаж “таны машины урд зогсож байгаа машин миний машиныг хаасан байна жолооч нь дотор талдаа алга та машинаа холдуулах юм бол би гарах боломжтой юм шиг харагдаж байна” гэж хэлсэн чинь УБЕ улсын дугаартай машины жолооч машинаа асаагаад хөдөлгөж үзсэн ээ “багтахгүй юм байна” гэж хэлээд машинаа холдуулаагүй. Би УБЕ дугаартай машин жолоочид хандаж багтана та машинаа холдуулаад өгөөч гэсэн боловч тэр хүн зөвшөөрөөгүй. Тэгээд би машиных хаалгыг нь савж хүчтэй хаасан чинь машины жолооч бууж ирээд намайг барьж авах үед нь түүнийг хариу барьж аваад бид хоёр зууралдсан. Тэр эрэгтэй намайг цохих гээд байхаар нь машинд сууж байсан охин Ж.******* машинаас бууж ирээд үл таних хүнийг барьж авсан тэр хүн манай охины нүүр, нүд хэсэг рүү нь гараараа цохиж, хөл рүү нь өшиглөж, гарыг нь мушгихаар нь би охиноо хамгаалж үл таних хүнийг цохиж байсан санагдаж байна хаана нь хэдэн удаа цохисон талаараа санахгүй байна. Тэгээд тэнд явж байсан үл таних хүмүүс хүрч ирээд салгасан. Дараа нь харсан чинь манай охины нүд нь хавдсан байсан тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.ын гэрчээр өгсөн: “Би 2022 оны ******* дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо Хар хорин худалдааны төвд байх өөрийн ажил дээрээ ирсэн. Орой 18 цагийн үед аавын машинаар бараа авчраад барааг зөөгөөд дотор явж байсан чинь тэнд бараа зардаг хүн надад хандаж аавыг чинь гадаа зодож байна гэж хэлсэн. Тэгээд би гараад очсон чинь том биетэй хоёр эмэгтэй  хүн аавыг 2 талаас нь барьсан байдалтай байсан. Аавын уруул хэсгээс нь цус гарчихсан байсан. Би очиж салгаад тэр хоёр хүнд хандаж боль гэсэн чинь дайраад байсан. Тэгээд би аавыг машинд нь суулгах үед хөгшин эмэгтэй аавын машины хойд хаалгыг цөм өшиглөсөн. Аав уурлаад машинаас буух үед хүүхэд нь аав руу дайраад байсан. Би тэр хүүхдэд хандаж энэ хүн өвчтэй хүн шүү гэж хэлсэн чинь яваад өгсөн. Аавтай барилцаад авсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны ******* дугаар сарын 08-ны өдрийн 16458 дугаартай Ж.*******ын зүүн дээд, доод зовхинд цус хуралт, баруун сарвуун эрхий хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

 

5. Хохиролтой холбоотойгоор Med Trauma эмнэлгийн өвдөгний үе болон толгой тархины дүрс оношилгооны баримтууд, Б.Жавзанпагмын тодорхойлолт (хавтаст хэргийн 57-58 дахь тал)

 

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн ******* дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 32 дахь тал), хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт (хавтаст хэргийн 49 дэх тал)  зэргийг шинжлэн судлав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч П.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлтийг гаргалаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Б.Дариймаа нь 2022 оны ******* дугаар сарын 03-ны өдрийн 18 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хар хорин” худалдааны төвийн автомашины зогсоол дээр П.*******ыг “автомашинаа холдуулчих” гэснээс маргалдан, улмаар П.******* нь Б.Дариймаагийн насанд хүрээгүй 15 настай охин Ж.*******ыг хүзүүний ороолтоор боож, хөл рүү нь өшиглөж, нүүр рүү нь гараараа цохиж, баруун гарын эрхий хурууг мушгиж эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхинд цус хуралт, баруун сарвуун эрхий хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт авагджээ.

 

П.******* нь насанд хүрээгүй хохирогч Ж.*******ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Ж.*******ын насанд хүрээгүй хохирогчоор өгсөн: “...би тухайн ахын куртикнээс нь барьж авахад миний хүзүүнд байсан ороолтоор хоолойг маань боогоод зүүн хөл рүү хөлөөрөө өшиглөөд чи одоо яах гээд байгаа новш вэ гэж хэлээд миний зүүн нүд рүү цохисон. Удалгүй нөгөө ахын хүү нь гэмээр нэг ах гарч ирж салгасан...Тэгээд би цагдаа дуудна гэхэд миний утсыг гараас булааж авснаа утсыг чинь хагалчихна шүү, хурууг чинь хугалчих нь шүү гээд миний эрхий хурууг мушгиад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дахь тал), Б.Дариймаагийн гэрчээр өгсөн: “...Тэгээд би машиных хаалгыг нь савж хүчтэй хаасан чинь машины жолооч бууж ирээд намайг барьж авах үед нь түүнийг хариу барьж аваад бид хоёр зууралдсан. Тэр эрэгтэй намайг цохих гээд байхаар нь машинд сууж байсан охин Ж.******* машинаас бууж ирээд үл таних хүнийг барьж авсан тэр хүн манай охины нүүр, нүд хэсэг рүү нь гараараа цохиж, хөл рүү нь өшиглөж, гарыг нь мушгихаар нь би охиноо хамгаалж үл таних хүнийг цохиж байсан санагдаж байна хаана нь хэдэн удаа цохисон талаараа санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны ******* дугаар сарын 08-ны өдрийн 16458 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал), хохирлын баримтууд (хавтаст хэргийн 57-58 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

 

Насанд хүрээгүй хохирогч Ж.*******ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч П.******* нь хохирогчийн баруун гарын эрхий хурууг мушгиж, нүүр хэсэгт гараараа цохисон шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд хамт байсан гэрч Б.Дариймаа нь болсон үйл явдал, хэрэг маргаан болсон газар, цаг хугацаанд хамт байсан тул гэмт хэрэг гарах болсон шалтгаан, эхлэл, өрнөлийн талаар шууд гэрчлэхдээ зөрүүгүй мэдүүлсэн буюу “...Тэгээд би машиных хаалгыг нь савж хүчтэй хаасан чинь машины жолооч бууж ирээд намайг барьж авах үед нь түүнийг хариу барьж аваад бид хоёр зууралдсан. Тэр эрэгтэй намайг цохих гээд байхаар нь машинд сууж байсан охин Ж.******* машинаас бууж ирээд үл таних хүнийг барьж авсан тэр хүн манай охины нүүр, нүд хэсэг рүү нь гараараа цохиж, хөл рүү нь өшиглөж, гарыг нь мушгихаар нь би охиноо хамгаалж үл таних хүнийг цохиж байсан санагдаж байна хаана нь хэдэн удаа цохисон талаараа санахгүй байна...” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Ж.*******ын “Удалгүй манай ээжтэй тухайн танихгүй ах маргалдаж байснаа ээжийн толгой руу цохиж байгаа харагдахаар нь би тухайн ахын куртикнээс нь барьж авахад миний хүзүүнд байсан ороолтоор хоолойг маань боогоод зүүн хөл рүү хөлөөрөө өшиглөөд чи одоо яах гээд байгаа новш вэ гэж хэлээд миний зүүн нүд рүү цохисон. Удалгүй нөгөө ахын хүү нь гэмээр нэг ах гарч ирж салгасан...би цагдаа дуудна гэхэд миний утсыг гараас булааж авснаа утсыг чинь хагалчихна шүү, хурууг чинь хугалчих нь шүү гээд миний эрхий хурууг мушгиад байсан” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч П.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд няцаагдах үндэслэл болно.

 

Хэргийн шүүгдэгч П.******* нь  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэргийг би үйлдээгүй, харин би зодуулсан” гэж мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй бөгөөд түүний мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иймд хяналтын прокуророос П.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч П.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч П.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал дүгнэлт гаргалаа.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.*******д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд хамаарах хөдөлмөрийн чадвар 90 хувь алдалттай буюу С22 элэг ба элэг дэх цөсний сувгийн өвчтэй, Турк улс руу явж элэг солиулах мэс засалд орох гэж байгаа байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч П.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэрэг үйлдэгдэхэд гэрч Б.Дариймаагийн зүй бус харьцаа хандлага нөлөөлсөн байх ба, П.*******ы хууль бус үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд хамаарах  эрүүл мэндийн байдал буюу хөдөлмөрийн чадвар алдалт 90 хувь зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч П.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож тухайн гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдалд хамаарах хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан, гадаад улс руу явж элэг солиулах мэс засалд орох гэж байгаа гэх зэргийг шүүх харгалзаж нийтэд тустай ажил хийлгэх ял болон зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулаагүй болно.

 

 

Зургаа: Бусад асуудлын талаар. 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хэргийн насанд хүрээгүй хохирогч Ж.*******ын биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

Хохиролтой холбогдуулан “Med Trauma” эмнэлгийн өвдөгний үеийн дүрс оношилгооны 130.000 төгрөгийн баримт, толгой тархины дүрс оношилгооны 130.000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 57-58 дахь тал), 6 хоногийн хугацаатай өдрийн 15.000 төгрөгийн бариа хийлгэсэн нийт 90.000 төгрөг гэсэн Б.Жавзанпагмын тодорхойлолт (хавтаст хэргийн 59 дэх тал), эмчилгээ бариа хийлгэхээр тээврийн хэрэгслээр зөөвөрлөсөн шатахууны зардал нийт *******0.503 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 58 дахь тал)-д авагджээ. Дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай гэж үзэхээр байна.  Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******аас нийт 470.503 төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.*******д олгохоор шүүх шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

 

2. Шүүгдэгч П.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс нийт 470.503 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.*******д олгосугай.

 

6. Хэрэгт П.******* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ