| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00879/И |
| Дугаар | 301 |
| Огноо | 2019-06-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 301
2019 оны 06 сарын 10 өдөр Дугаар 153/ШШ2019/00301 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн Тулгын 2-р 30 айлын орон сууцны 29 тоотод оршин суух, ПЮ85062672 тоот регистрийн дугаартай, Завар овогт Адилбишийн ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдох Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/63 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Дэд бүтэц, байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, үйлдвэрлэл хариуцсан Ховд аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзоригийн нэхэмжлэгч А. т холбогдох Ховд аймгийн засаг дарга Д.Галсандондогийн А. той байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Ховд аймгийн засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/33 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзориг, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/33 дугаартай захирамжаар Дэд бүтэц, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл хариуцсан Ховд аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхөөр томилогдон ажилласан. Миний бие Ховд аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхийн ажлын байранд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилласан, төрийн үйлчилгээний ажилтан юм. Гэтэл Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б/63 дугаартай захирамж гарган А.Пүрэв-Очир намайг ажлаас халсныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагчийн дээрх захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэж, ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах процедурыг зөрчсөн зэргээр эрх зүйн алдаатай болжээ. Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/63 дугаартай захирамжийн удиртгалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримталсан атлаа А.Пүрэв-Очир надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ тусгаагүй нь эрх зүйн зөрчилтэй, хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй талаар мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т тодорхой заажээ.
Гэтэл Ховд аймгийн Засаг даргаас А.Пүрэв-Очир надад хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар мэдэгдээгүй атлаа гэнэтхэн л ажлаас чөлөөлсөн захирамж гаргасан нь мэдэгдэх сонсгох зарчмыг зөрчсөн. Иймд нэхэмжлэгч миний гомдлын шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгч А.Пүрэв-Очирын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Пүрэв-Очир нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/63 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/63 дугаартай захирамжаар нэхэмжлэгч А.Пүрэв-Очирыг Дэд бүтэц, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл хариуцсан Ховд аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхийн ажлаас чөлөөлсөн байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан 3 үндэслэлийн алинаар нь чөлөөлсөн нь тодорхойгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тохиолдолд 30 хоногийн өмнө ажилтанд мэдэгдэх ёстойг хуульчилсан. Энэ зүйл заалтыг мөн зөрчсөн. Иймд тухайн тушаал нь үндэслэлгүй гарсан гэж үзэх шалтгаан байна. Хариуцагчийн хувьд улс төрийн албан тушаалтан гэж байсан боловч тухайн ажлын байр нь хөдөлмөрийн гэрээ байгуулж цалинждаг байнгын ажлын байр юм. Иймд үүнийг улс төрийн албан тушаал гэж үзэх үндэслэл байхгүй байна. Харин төрийн үйлчилгээний албан тушаал гэж үзэх үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 болон 24 дугаар зүйлд заасны дагуу ажил олгогч ажилтан хоёрын хооронд байгуулсан гэрээ нь хавтаст хэрэгт авагдсан байна. Мөн нийгмийн даатгалын дэвтэр дээр нь ажилд томилсон бичилт нь байна. Энэ хэрэг давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн боловч хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргаснаас өөр нэмж баримт өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 6.4-д улс төрийн албан тушаалтан хуульд заасан үндэслэлээр уг албан тушаалаас өөрчлөгдвөл мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14-д заасан улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтан чөлөөлөгдөхөөр заасан.
Улс төрийн албан тушаалтан нь сонгуулийн томилолтын дагуу ажилладаг. Томилолтын дагуу ажиллана, нэг бол үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах үндэслэл байхгүй. Д.Галсандондог гэдэг хүний бүрэн эрхийн хугацаа дууссанаар А.Пүрэв-Очир гэдэг хүний ажиллах хугацаа дуусгавар болохыг хуульд заасан байдаг. Дараагийн Засаг дарга томилогдож бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд надад үйлчлэх Дэд бүтэц, байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, үйлдвэрлэл хариуцсан Ховд аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхийн ажил үүрэг гүйцэтгэх хүн шаардлагагүй гэж үзсэн учраас А.Пүрэв-Очирыг ажлаас нь чөлөөлсөн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар А.Пүрэв-Очирыг томилохдоо Д.Галсандондог дарга томилоод хөдөлмөрийн гэрээг нь Тамгын газар байгуулсан байна. Иймд Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд зааснаар Тамгын газар нь Засаг даргын хэрэгжүүлэгч байгууллага. Тухайн А.Пүрэв-Очирын ажиллаж байсан ажлын байр одоогоор байхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзориг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог нь 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр А.Пүрэв-Очиртой хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Хөдөлмөрийн гэрээний 1.5-д хөдөлмөрийн хөлсний код, сүлжээний түвшин ТҮ-11-4 гэжээ. Харин А.Пүрэв-Очирыг ажилд томилсон 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б\33 дугаартай захирамжуудад үндсэн цалинг ТҮ- 11-1 718.985 төгрөг, ТҮ-8-3 572.230 төгрөг байхаар заасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д үндсэн цалингийн хэмжээг хөдөлмөрийн гэрээгээр тохирлцсон байхаар заасан байна. Дээрх баримтуудаас харахад ажил олгогч болон ажилтан нь үндсэн цалинг тохиролцоогүй болох нь тогтоогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д зааснаар гэрээний гол нөхцлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцдоггүй.
Төрийн албаны тухай \2002 он\ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14-д засаг даргын зөвлөх нь засаг даргын бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх албан тушаалтан байхаар заасан байдаг. Засаг даргын зөвлөхийн ажлын байр нь байнгын ажлын байр биш юм. Гэтэл 2018 онд хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гэрээний 1.7-д байнгын ажлын байранд хугацаагүй гэж заасан байна. Төрийн албаны тухай хууль \2002 он\ болон Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д түр ажилд тухайн ажпын үргэлжлэх хугацаагаар гэж зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах ёстой байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан.
Дээрх үндэслэлүүдээр 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл юм.
Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог нь А.Пүрэв-Очирыг ажилд томилохдоо 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Б\33 дугаартай 2 өөр захирамжийг гаргасан байдаг. Энэ нь утга агуулгын хувьд өөрөөр хэлбэл цалинг өөр өөр шатлалаар олгохоор заасан, захирамжийн удиртгал хэсэгт нэг захирамжид нь Төрийн албаны тухай хуулийн заалт, нэг захирамжид нь Хөдөлмөрийн тухай хуулийн заалт барьсан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт илт хууль бус байхаар заасан байна. Иймд захиргааны дээрх 2 актыг хүчингүй болгох үндэслэлтэй юм.
Нэгэнт нэхэмжлэгч А.Пүрэв-Очир нь Засаг даргын 2018.10.18-ны өдрийн Б\63 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул энэхүү захирамжийн үндэслэлтэй холбоотой дээрх захирамжийг хүчингүй болгуулах, хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасны дагуу ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзоригийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан тайлбартаа: Хууль, Засгийн газрын тогтоол, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын чиглэл зэргээс үзэхэд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, түүний Хууль, эрх зүйн хэлтэст аймгийнхаа Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах, ажил олгогчийнхоо тухайд ажилтантайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардах эрхгүй юм.
Засгийн газрын тогтоолоор Хууль, эрх зүйн хэлтсийг Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд эрх зүйн үйлчилгээ үзүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийн нэгж болгон баталснаас бус Засаг даргынхаа захирамжийг хүчингүй болгуулж, байгуулсан гэрээг нь хүчин төгөлдөр бусад тооцуул гэж батлаагүй болно.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн гэжээ. Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд туслах чиг үүрэг бүхий Тамгын газар, түүний Хууль, эрх зүйн хэлтсээс Засаг даргынхаа гаргасан шийдвэр, үйл ажиллагааг буруушааж, хүчингүй болгуулах, хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардаад байвал Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байх Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар зүйлийн 1, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байх Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтууд зөрчигдөнө.
Мөн түүнчлэн Төрийн албаны тухай хууль/2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх, Төрийн албаны тухай хууль/2017 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т мэргэшсэн, тогтвортой байх тусгай зарчим хэрэгжихгүй.
Энэ мэт зарчимгүй, төрийн байгууламжийн нэгдмэл байдалд харшилсан хууль бус үйл ажиллагаатай эвлэрэхгүй бөгөөд энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх болно.
Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-т Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэжээ.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Ховд аймгийн Засаг даргаас орон тооны зөвлөх А.Пүрэв-Очиртой хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулж, төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлд хамааруулж, ТҮ-8-3 дахь шатлалаар цалинжуулж, ур чадварын нэмэгдлийг 30 хувиар тооцон олгожээ.
Үүнээс үзэхэд Засаг даргын зөвлөхийн ажлын байр нь түр, байнгын ажлын байр биш, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулах ёстой гэх сөрөг нэхэмжлэл эрх зүйн үндэслэлгүй юм. Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Б/05 дугаартай захирамжаар Х.Алтантуяаг 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн Засаг даргын хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөхөөр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахаар шийдвэрлэсэн нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүйг батална.
Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Б/33 дугаартай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24.1 дэх заалтуудыг баримтлан А.Пүрэв-Очирыг орон тооны зөвлөхийн ажилд томилжээ.
Мөн түүнчлэн ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүдийг тодорхойлон тусгаж, гарын үсэг зурж, албажуулснаар мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичиг болжээ. Ийм байхад ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэл эрх зүйн үндэслэлгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1- т үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна гэжээ.
Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийг Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзориг, хариуцагчийг А.Пүрэв-Очир гэж дурдсан нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй байна. Учир нь сөрөг нэхэмжлэлийг хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан гаргахаас бус нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулж гаргадаггүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө нэхэмжлэгч гэж тодорхойлох нь сөрөг нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй. Сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч гэх ойлголт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд огтхон ч байхгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1- т энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн 65.1.5-т нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, 65.1.11-т энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхаар заажээ. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын сөрөг нэхэмжлэлтийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Пүрэв-Очир нь хариуцагч Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/63 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Дэд бүтэц, байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, үйлдвэрлэл хариуцсан Ховд аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзориг нь нэхэмжлэгч А.Пүрэв-Очирт холбогдуулан Ховд аймгийн засаг дарга Д.Галсандондогийн А.Пүрэв-Очиртой байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Ховд аймгийн засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/33 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч А.Пүрэв-Очир нь 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Дэд бүтэц, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл хариуцсан аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхөөр томилогдон ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/33 дугаартай А.Пүрэв-Очирыг ажилд томилох тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/63 дугаартай А.Пүрэв-Очирыг ажлаас чөлөөлөх тухай захирамжийн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын зөвлөхийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа Төрийн албаны тухай хуулийн 6.4-д зааснаар улс төрийн албан тушаалтан хуульд заасан үндэслэлээр уг албан тушаалаас өөрчлөгдвөл энэ хуулийн 6.1.14-д заасан ажилтан чөлөөлөгдөхөөр заасан байдаг тул нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлалаа. Гэтэл ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж захирамж гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримталсан бөгөөд харин тус захирамжид ажилтанг ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ дурдаагүй байна.
Дээрх хуулийн заалтуудыг авч үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл тусгагдсан бөгөөд талууд харилцан тохирсон гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийг заасан бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэж тус тус заажээ.
Ховд аймгийн Засаг дарга нь ажилтан А.Пүрэв-Очирыг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн талаарх шийдвэрийн дээрх үндэслэлийг нотолсон баримтаа ирүүлээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, татгалзсан үндэслэлийн талаарх баримтаа гаргаж өгөөгүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Засаг дарга нь ажилтан А.Пүрэв-Очирыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар ажилтантай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар харилцан тохирсон, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн эсэх талаарх байдлыг баримтаар нотлоогүй байна.
Мөн ажилтан А.Пүрэв-Очирыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр чөлөөлсөн бол мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан заалтыг хэрэгжүүлсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч А.Пүрэв-Очир нь Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/63 дугаартай А.Пүрэв-Очирыг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гардан авсан гэж тайлбарласан бөгөөд захирамж гардан авсан уг хугацаатай холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд ажилтан тус маргааны талаар шүүхэд гомдол гаргасан гэж үзлээ.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийг зөвхөн нэхэмжлэгчид холбогдуулан гаргана. Хариуцагчаас нэхэмжлэгчид тавьсан шаардлага бүхэн сөрөг нэхэмжлэл болохгүй. Хуульд зааснаар зөвхөн хоорондоо тооцогдох боломжтой, харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох зохицуулалтад хамаарах шаардлагыг шүүх сөрөг нэхэмжлэлийн журмаар үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх ёстой. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, хамааралгүй байна. Энэхүү иргэний хэргийн нэхэмжлэгч нь А.Пүрэв-Очир бөгөөд нэхэмжлэгч А.Пүрэв-Очир нь хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох Ховд аймгийн засаг дарга Д.Галсандондогийн А.Пүрэв-Очиртой байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох, Ховд аймгийн засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/33 дугаартай захирамжуудыг хүчингүй болгох этгээд биш юм. Нөгөө талаас тус сөрөг нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт заасан хэргийн харьяалал зөрчсөн үндэслэл тогтоогдсон тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/63 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Пүрэв-Очирыг урьд эрхэлж байсан Дэд бүтэц, байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, үйлдвэрлэл хариуцсан Ховд аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч А.Пүрэв-Очирын ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо хэрэгт авагдсан А.Пүрэв-Очирын нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг үндэслэн тооцсон болно. Ингэхдээ А.Пүрэв-Очирын нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар дээрх 2018 оны 7, 8, 9 дүгээр сарын дундаж цалингаар тооцсон болно.
Ажилтан А.Пүрэв-Очирын нэг сарын дундаж цалинг тооцоход (905,017+911,017+1,580,761):3=1,132,265 төгрөг байна. Нэг өдрийн цалинг тооцоход (1,132,265 : 21,5) = 52,663 төгрөг байна.
А.Пүрэв-Очирын ажилгүй байсан 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацааг тооцоход нийт 7 сар 15 өдөр байх бөгөөд энэ хугацаа дахь олговрыг тооцвол: (1,132,265 х 7) + (52,663 х 15) = 8,715,800 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч А.Пүрэв-Очирт олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчид олгох нөхөх олговрыг Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж байгаа учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-д зааснаар Дэд бүтэц, байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, үйлдвэрлэл хариуцсан Ховд аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхийг Ховд аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж томилох ба түүний ажлын алба нь Тамгын газар байна. Засаг даргын тамгын газар нь мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д зааснаар Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулан ажиллах чиг үүрэгтэй байдаг. Иймд нэхэмжлэгч А.Пүрэв-Очирын ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулсан болно.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас нэхэмжлэгч А.Пүрэв-Очирыг ажилд эгүүлэн тогтоосонтой холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нэхэмжлэгч А.Пүрэв-Очирт олгох нөхөх олговор 8,715,800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 154,403 төгрөг, нийт 224,603 төгрөгийг гаргуулан төрийн сангийн дансанд оруулах нь хуульд нийцнэ.
Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Пүрэв-Очирын ажилгүй байсан 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон түүний Нийгмийн даатгалын дэвтэр болон Эрүүл мэндийн дэвтэрт тус тус бичилт хийхийг Ховд аймгийн Засаг даргын тамгын газарт даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/63 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Пүрэв-Очирыг Дэд бүтэц, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас нэхэмжлэгч А.Пүрэв-Очирын ажилгүй байсан 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх 7 сар 15 өдөрт ногдох олговор 8,715,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Пүрэв-Очирт олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Пүрэв-Очирын ажилгүй байсан 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг Ховд аймгийн Засаг даргын тамгын газарт үүрэг болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзоригийн нэхэмжлэгч А.Пүрэв-Очирт холбогдуулан гаргасан Ховд аймгийн засаг дарга Д.Галсандондогийн А.Пүрэв-Очиртой байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Ховд аймгийн засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/33 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид нийт 224,603 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн дансанд оруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА